| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2023/00489/И |
| Дугаар | 210/МА2023/01439 |
| Огноо | 2023-07-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2023/01439
2023 07 21 210/МА2023/01439
М ХЗХ-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/01427 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХЗХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Э.М холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 21,791,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус хоршооны гишүүн Э.М 2017 оны 02 сарын 17-ны өдөр М ХЗХ-той зээлийн гэрээ байгуулж, 14,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлж авсан. Э.М зээл авснаас хойш 2017 оны 03 сарын 21-ний өдөр 420,000 төгрөгийн хүү, 2022 оны 06 сарын 17-ны өдөр 14,000,000 төгрөгийн хүү төлсөн болно. Хувь нийлүүлсэн хөрөнгө 50,000 төгрөг байгаа. Э.М одоо үндсэн зээл 14,000,000 төгрөг, зээлийн хүү 15,582,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,000,400 төгрөг, нийт 35,582,400 төгрөгийг төлөөгүй. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 35,582,400 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,846,592 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 38,437,492 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй ч нэхэмжлэлийн шаардлагаа 16,646,492 төгрөгөөр багасгаж, нийт 21,791,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт Тухайн хадгаламж, зээлийн хоршоо гишүүнээр элсүүлэх асуудлыг дүрэмд өөрөөр заагаагүй бол тэргүүлэгчдийн хурлаар 30 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад тухайн зээлийн гэрээ 2017 оны 02 сарын 17-ны өдөр байгуулагдсан. Зээл олгох хүсэлт, гишүүнээр элсүүлэх анкет 2017 оны 02 сарын 17-ны өдөр байгаа. Тухайн гишүүнийг 30 хоногийн дотор хэлэлцээд гишүүнээр бүртгэсэн нотлох баримт байхгүй байна. Мөн зээлийн гэрээнд зээлийн зориулалт, зээлийн дансны дугаар, мөнгөн тэмдэгтийн төрөл, зээл олгох хэлбэр гэх хуульд заасан шаардлага тусгагдаагүй тул хүчин төгөлдөр бус гэрээ. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу зээл олголт хийгдээгүй. 2014 онд Э.М-ын эцэг Н.Э тухайн хоршоонд 10,000,000 төгрөгийн зээлтэй байсан бөгөөд 3 жил хүүг нь төлөөд явж байсан. М ХЗХ-ны зүгээс Н.Э-ыг тэтгэвэрт гарахад цалингийн орлогогүй боллоо гэж үзээд 10,000,000 төгрөгийн зээлийг 14,000,000 төгрөг болгож хүүхдийнх нь нэр дээр шилжүүлсэн. Зээлийг зээлээр санхүүжүүлэх нь хуулиар хориглосон зүйл. Э.М 2017 оны 02 сарын 17-ны өдөр мөнгө хүлээж аваагүй. 2017 оны 02 сарын 17-ны өдрөөс хойш 1 сарын буюу нэг удаа зээл төлөх үйлдэл хийсэн. Үүнээс хойш 2022 оны 05 сар хүртэл зээлийн төлөлт хийгдээгүй бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч талаас хариуцагчтай холбогдож, мэдэгдэж байсан баримт хэрэгт байхгүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Э.М-оос зээлийн гэрээний үүрэгт 21,791,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХЗХ-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХЗХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350,137 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.М-оос 266,905 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХЗХ-нд олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
4.1.Хадгаламж, Зээлийн хоршооны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь заалтыг үндэслэн хоршоонд шинээр гишүүн элсүүлэх асуудлыг тэргүүлэгчдийн хурлаар 30 хоногийн дотор шийдвэрлэхээр тусгасан боловч хариуцагч Э.М-ыг 2017 оны 02 сарын 17-ны өдрөөр гишүүний анкет бөглүүлснээр гишүүн гэж үзэн тухайн өдрөөр зээлийн гэрээ байгуулсан нь тухайн гишүүн биш этгээдэд зээл олгосон гэж үзэж байна.
4.2.Хариуцагч тал нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтыг үндэслэн тус үүргийг биелүүлэхээс татгалзах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүлээн аваагүй.
4.3.Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байна. 2022 оны 06 сарын 17-ны өдөр төлсөн 14,000,000 төгрөгийн төлбөрийн хувьд нэхэмжлэгч талаас зээлийн гэрээнд тусгасан 14,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тохиолдолд тухайн зээлийн гэрээний үүргийг бүрэн дуусгавар болгох аман санал гаргасан бөгөөд тухайн саналыг хүлээн авч төлсөн төлбөр юм. Энэ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасны дагуу хэлцлийг бодитоор хийсэн тул одоо хариуцагч төлөх төлбөр байхгүй гэж үзэж байна.
4.4.Нэхэмжлэгч 2017 оны 02 сарын 17 өдрийн зээлийн гэрээгээр бодитоор зээл олгоогүй, хариуцагчийн хамаарал бүхий этгээдийн зээлд хүүг нэмэгдүүлэн шилжүүлэх үйлдэл хийсэн, тухайн үйлдэлдээ кассаар мөнгө олгосон гэх хуурамч баримт үйлдэн хариуцагчийн гарын үсгийг хуурамчаар зурсан. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхэд тухайн баримтыг хуулийн хүрээнд нотлох баримтын шаардлага хангахгүйг тодорхойлон эх баримтыг гаргуулахаар хүсэлт гаргасан, эх баримт ирсэн тохиолдолд шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүйд гомдолтой байна.
4.5.Мөн нэхэмжлэгч тал нь зээлийн хүүгийн тооцоолол гаргаагүй, хэрхэн 21,582,400 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа нь нотлогдохгүй байна. Мөн 2017 оны 02 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээнд хүү тусгасан хэсэг нь тодорхойлох боломжгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан 3 хувиар хүү тооцоолон олгодог гэх үндэслэлээр 21,582,400 төгрөгийн хүү нэмэгдүүлсэн хүү тооцоолсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Хоршооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7-д тус тус заасан хувь нийлүүлсэн хөрөнгөө оруулаагүй тохиолдолд гишүүний эрх, үүрэг үүсдэггүй. Харин хувь нийлүүлсэн хөрөнгөө дүрэмд заасан хязгаар дотор төлсөн тохиолдолд эрх, үүрэг үүсдэг. Э.М ...байр авах болсон, мөнгөний хэрэг байна, би хувь нийлүүлсэн мөнгөө оруулаад зээл авъя... гэдэг асуудлыг хэлсэн. Зээл авах болохоор гишүүний эрх, үүргийг хэрэгжүүлнэ, зээлээ төлөх болохоор гишүүн биш гэдэг явдал хууль зөрчсөн, иргэний ёс зүйд байж боломжгүй асуудал юм.
Төлбөрөө хүлээн зөвшөөрч, төлж байснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Анхан шатны шүүх зөв дүгнэлт өгч, бодит шийдвэр гаргасан. Хавтаст хэргийн 30 дугаар талд кассын зарлагын ордер гэсэн баримтаар гомдлын 3 дахь хэсэг үгүйсгэгдэнэ. Зээлийн гэрээнд оролцогчдын эрх, үүргийг тодорхой заасан. Гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.
Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч М ХЗХ нь хариуцагч Э.М холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 21,791,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Талууд 2017 оны 02 сарын 17-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр М ХЗХ нь 14,000,000 төгрөгийг 8 сарын хугацаатай зээлдүүлэх, Э.М нь гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 5/
Дээрх зээлийн гэрээний зээлийн хүү гэсэн хэсэг уншигдахгүй, зээлийн зориулалт гэсэн хэсэг бөглөгдөөгүй байхаас гадна гэрээний 1.3-т ...зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарь (Хавсралт...)-т заасан хэмжээгээр төлнө гэж тусгасан боловч хэрэгт зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэх баримт авагдаагүй байна.
Иймд хариуцагч талын гаргасан ...зээлийн гэрээнд хүү тусгасан хэсэг нь тодорхойлох боломжгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан 3 хувиар хүү тооцсон гэсэн тайлбарт үндэслэн хүү тооцоолсныг зөвшөөрөхгүй... гэсэн татгалзал, давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзнэ.
4. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т гишүүн бус этгээдэд зээл олгох...-ыг хориглоно гэж, 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт Тухайн хадгаламж, зээлийн хоршоо гишүүнээр элсүүлэх асуудлыг дүрэмд өөрөөр заагаагүй бол тэргүүлэгчдийн хурлаар 30 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж тус тус зохицуулжээ.
Хариуцагч Э.М-ыг гишүүнээр элсүүлэх асуудлыг М ХЗХ-ны тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул тэдгээрийн хооронд 2017 оны 02 сарын 17-ны өдөр байгуулагдсан гэх Зээлийн гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д тус тус зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн 2017 оны 02 сарын 17-ны өдрийн Зээл хүссэн өргөдөл, мөн өдрийн Хоршооны гишүүний анкет зэрэг баримтууд нь хариуцагч Э.М-ыг тус хадгаламж зээлийн хоршооны гишүүн болохыг нотлохгүй юм.
5. Иймд нэхэмжлэгч М ХЗХ нь хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн хариуцагч Э.М-оос зээлийн гэрээний үүрэг шаардах боломжгүй, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох эрхгүй.
Харин хариуцагч Э.М бусдын хөрөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжиж болохгүй тул зээлийн мөнгөн хөрөнгө болох 14,000,000 төгрөгийг нэхэмжлэгч М ХЗХ-нд буцаан төлөх үүргийг хүлээнэ.
6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...Э.М зээл авснаас хойш 2017 оны 03 сарын 21-ний өдөр 420,000 төгрөгийн хүү, 2022 оны 06 сарын 17-ны өдөр 14,000,000 төгрөгийн хүү төлсөн... гэж дурджээ.
Иймд үндэслэлгүй хөрөнгөжсөн 14,000,000 төгрөгийг хариуцагч Э.М нэхэмжлэгч М ХЗХ-нд буцаан төлсөн гэж үзэх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/01427 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Э.М холбогдох, 21,791,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М ХЗХ-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.М-оос давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2023 оны 06 сарын 14-ний өдөр урьдчилан төлсөн 266,905 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.НЯМБАЗАР