| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2023/00877/И |
| Дугаар | 210/МА2023/01440 |
| Огноо | 2023-07-21 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2023/01440
2023 07 21 210/МА2023/01440
Л.У-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/01499 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.У-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т-т холбогдох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2018 оны 01 сарын 02-ны өдрөөс эхлэн 15 жил тухайн байгууллагад ажилласан. 2021 оны 12 сард өндөр насны тэтгэврээ тогтоолгоод, гэрээтээр үргэлжлүүлж ажиллах санал тавьсан. Үүний дагуу 2022 оны 01 сар, 2022 оны 07 сард тус тус хөлсөөр ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулан, өмнө нь эрхэлж байсан архивын мэргэжилтний ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. 2022 оны 12 сарын 27-ны өдөр байгууллагын удирдлагаас хөлсөөр ажиллах гэрээний хугацааг 12 сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлнө гэж мэдэгдсэн. Үүнээс хойш 2023 оны 01 сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гардуулж өгсөн. Тушаал гарснаас хойших 2023 оны 01 сарын 05-ны өдөр хүртэл ажилласан хугацааны цалин хөлсийг бодож олгоогүй. Миний ажиллаж байсан Захиргааны хэлтсийн Архивын мэргэжилтэн ажлын байр үндсэн орон тоонд багтдаг, Төрийн үйлчилгээний *** шатлалаар цалинждаг, улсын төсвөөс цалин хөлсийг баталдаг байнгын ажлын байр юм. Байгууллагын удирдлагын зүгээс байнгын ажлын байранд Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин Иргэний хуулийн дагуу хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно гэсний дагуу *** тоот хөлсөөр ажиллах гэрээ хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тус гэрээг үндэслэж гарсан Т-ын 2022 оны 12 сарын 30-ны *** тоот тушаалыг хүчингүйд тооцуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Л.У тус байгууллагад 2008 оноос хойш нийт 15 жил ажилласан. Архивын мэргэжилтний албан тушаалд ажиллаж байх хугацаанд буюу 2021 оны 02 сарын 02-ны өдөр 55 нас хүрч, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу түүний гаргасан 2021 оны 12 сарын 02-ны өдрийн өргөдлийг харгалзан 2021 оны 12 сарын 13-ны өдрийн *** дугаар тушаалаар түүнд 17,464,057 төгрөгийн тэтгэмжийг олгож, 2021 оны 12 сарын 22-ны өдрийн *** дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Л.У үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн хэдий ч 2021 оны 12 сарын 02-ны өдөр тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтийг хүлээн авч үргэлжлүүлэн ажиллах нөхцөлийг ханган шийдвэрлэсэн. 2021 оны 06 сард өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу дахин *** тоот хөлсөөр ажиллах гэрээг 2022 оны 07 сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагаар, мөн дээрх хөлсийг сар бүр олгохоор харилцан тохиролцож байгуулсан. Иймд Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар Л.У-тай хөлсөөр ажиллах гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Хөлсөөр ажиллах гэрээний хугацаа 2022 оны 12 сарын 30-ны өдрөөр Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар 2022 оны 12 сарын 30-ны өдрийн *** тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.У Т архивын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т-аас нэхэмжлэгч Л.У-ийн ажилгүй байсан хугацааны цалин 4,744,186 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Л.У-ийн нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагч Т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 90,856 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Шүүх хуралдаан даргалагч хэргийн оролцогчид асуулт тавих боломжийг олгох үүрэгтэй. Анхан шатны шүүх хуралдааны 2023 оны 05 сарын 16-ны өдрийн 181/ТМ2023/02571 дугаартай тэмдэглэлээс үзэхэд шүүх хуралдааны оролцогч болох хариуцагчийн төлөөлөгч Т.У миний гомдлын үндэслэлд дурдагдаад байгаа хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн болох нь тогтоогдох болно.
4.2. Шүүх шийдвэрээ бичгээр гаргахдаа уншиж танилцуулснаас өөр байдлаар буюу шийдвэрээ өөрчлөх, шийдвэрлэсэн асуудлыг шийдвэрт тусгахгүй орхигдуулсан байна. Тухайлбал, шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг уншиж танилцуулахдаа ...Т-ын даргын 2022 оны *** дугаартай тушаалыг хүчингүй болгож,... гэсэн бол бичгээр гарсан шийдвэрийн тогтоох хэсэгт ...2022 оны 12 сарын 30-ны өдрийн *** тоот тушаалыг хүчингүй болгож,... гэж өөрчилсөн байна. Өөрөөр хэлбэл, ямар эрх бүхий этгээдийн тушаалыг хүчингүй болгож буй нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна.
4.3. Шүүх хуралдаан даргалагч нэхэмжлэгчийн шүүхэд гаргаагүй нэхэмжлэлийн шаардлага, шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсээгүй нэхэмжлэлд шүүхийн шийдвэр гаргасан. Тодруулбал, шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг уншиж танилцуулахдаа ...нэхэмжлэгчийн ... эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв, шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй... гэсэн байдаг. Тэгвэл бичгээр гарсан шийдвэрийн тогтоох хэсэгт уг нэхэмжлэлийг хангасан асуудлыг шийдвэрт тусгахгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг үүсгэсэн байна.
4.4. Шүүх хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан зарим төрлийн бичмэл нотлох баримтыг хэргийн үйл баримтад бүрэн дүүрэн нийцүүлж үнэн зөв дүгнэлт хийгээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйд нөлөөлсөн болно. Нэхэмжлэгч Л.У хариуцагч байгууллагад архивын мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа 2021 оны 12 сарын 02-ны өдөр ажил олгогч талдаа бичгээр өргөдөл гаргасан байдаг. Өргөдлийн агуулгад ...миний бие тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул 2021 оны 12 сарын 31-ний өдрөөс тасалбар болгон ажлаас чөлөөлж цаашид гэрээгээр ажиллах хүсэлтэй байх тул хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэсэн байдаг. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.У-ийн гаргасан энэхүү өргөдлийн хүсэл зоригийн илэрхийллийн утга агуулгад бүрэн дүүрэн дүгнэлт өгөөгүй. Харин талуудын хооронд 2022 оны 01 сарын 03-ны өдрийн *** дугаартай хөлсөөр ажиллах гэрээ, 2022 оны 07 сарын 01-ний өдрийн *** дугаартай хөлсөөр ажиллах гэрээ бичгээр байгуулагдсан эсэхээс үл хамаарч уг эрх зүйн харилцааны суурь харилцаа болох нь хэлцэл, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хэзээ үүссэн маргалдагч талуудын эрх зүйн маргаанд нэн чухал хамааралтай байсан юм. Үүнийг анхан шатны шүүх тодруулахгүйгээр субьектив шинжээр хөлсөөр ажиллах гэрээнүүдэд шууд эрх зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Талуудын суурь эрх зүйн харилцаа болох анхны хэлцэл нь Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн дагаж мөрдөх өдрийн өмнө үүссэн эрх зүйн харилцаа болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн мэтгэлцэх зарчмыг хангаж, асуулт хариултын үе шат явагдсан. Хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч асуулт асуугаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч асуулт асуух эрхийг зөрчсөн гэж тайлбар гаргаагүй. Мөн шүүх бүрэлдэхүүн шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж сонсгосноос өөрөөр боловсруулж бичгээр албажуулж гаргасан гэдэг нь үндэслэлгүй. Шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бичигдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул хариуцагч талын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч Л.У нь хариуцагч Т-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 2-30/
Нэхэмжлэгчийн тодорхойлсон Т-ын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн *** тоот тушаалыг хүчингүй болгогуулах гэх шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байна.
3. Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Хариуцагч байгууллагын Даргын 2021 оны 12 сарын 22-ны өдрийн *** дугаар тушаалаар ...өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн... үндэслэлээр Захиргааны хэлтсийн Архивын мэргэжилтэн Л.У- 2021 оны 12 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон; /хх 36/
3.2. Үүнтэй холбогдуулан хариуцагч байгууллагаас Л.У-д 17,464,057 төгрөгийн нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгосон; /хх 37/
3.3. Хариуцагч байгууллага Л.У-ийн бичгээр гаргасан хүсэлтийг хүлээн авч, түүнтэй 2022 оны 01 сарын 03-ны өдөр 22/02 тоот Хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, Л.У нэг сарын 1,000,000 төгрөгийн хөлстэйгөөр 2022 оны 07 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллуулахаар тохиролцож, уг хугацааг 2022 оны 07 сарын 01-ний өдрийн *** тоот Хөлсөөр ажиллах гэрээ-гээр 2022 оны 12 сарын 30-ны өдөр болгон сунгасан; /хх 55-56, 57-58/
3.4. Улмаар, хариуцагч байгууллагын Даргын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн *** дугаар тушаалаар ...архивын мэргэжилтэн Л.У-тай байгуулсан *** тоот хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан... үндэслэлээр Л.У-тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний харилцааг дуусгавар болгон шийдвэрлэсэн; /хх 5/
4. Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарт үндэслэн зөв тогтоосон боловч ...хариуцагч байгууллага Л.У-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан нь үндэслэлгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байсан... гэсэн агуулгатай дүгнэлт хийн, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 41дүгээр зүйлд Хөдөлмөрийн болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасны дагуу иргэнтэй байгуулсан гэрээгээр ажиллагч уг гэрээгээ дуусгавар болгосон нөхцөлд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь хэрэгжинэ гэж заасантай нийцэхгүй байна.
5. Тодруулбал, нэхэмжлэгч Л.У-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсноор Л.У хуульд заасны дагуу өндөр насны тэтгэврээ тогтоох эрх нь үүссэн, үүний дагуу Л.У ажил олгогч байгууллагаас нэг удаагийн мөнгөн тэтгэмж авч, өндөр насны тэтгэврээ тогтоолгосон байх тул хариуцагч Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар нь Л.У-тай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг хүлээхгүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь ахмад настан, тэтгэвэр авагч нь хөдөлмөр эрхэлж болно гэсэн агуулгатай болохоос ахмад настан, тэтгэвэр авагчтай заавал хөдөлмөрийн гэрээ байгуулна гэсэн үүрэгжүүлсэн зохицуулалт биш юм.
6. Иймд ахмад настан, тэтгэвэр авагч Л.У-ийн нөхцөл байдлыг харгалзан, түүний хүсэлтээр ажил олгогч байгууллага Л.У-тай хөлсөөр ажиллах гэрээг хугацаатай байгуулж, улмаар сунгасан хугацаа дуусгавар болоход цаашид сунгахгүй гэсэн хүсэл зоригоо илэрхийлж, тушаал гаргасан явдал нь Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсгийн зохицуулалт нийцсэн гэж үзнэ.
7. Ахмад настан, тэтгэвэр авагчийг үргэлжлүүлэн ажиллуулах эсэх нь захиргааны санаачилгаар шийдвэрлэгдэх асуудалд хамаарч байна.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/01499 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т холбогдох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэгч Л.У-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.НЯМБАЗАР