| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Болормаа |
| Хэргийн индекс | 157/2016/00107/И |
| Дугаар | 146 |
| Огноо | 2016-05-03 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 146
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би А.Шаравнямбуугийн нэхэмжлэлтэй Батжин-Уул ХХК-д холбогдох 867200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 04-р сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч А.Шаравнямбуу шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2015-09-01-ний өдрөөс Батжин-Уул ХХК-ийн Хос илд гэрээт харуул хамгаалалтын албанд ажиллаж байгаа бөгөөд 2016 оноос өдий хүртлэх цалингаа аваагүй байгаа тул миний 2016 оны 1,2,3-р сарын цалин 867200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.Шаравнямбуу шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Батжин-Уул ХХК-иас 867200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Батжин-Уул ХХК-ийн захирал Р.Алтанхуяг бид хоёр 700000 төгрөгөнд тохиролцож 2016-06-02-ны өдөр 700000 төгрөгийг хүлээн авсан. Гомдол санал байхгүй гэв.
Хариуцагч: 1973-04-26-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 1 дүгээр баг 38-35а тоотод оршин суух, Батжин Уул ХХК-ийн захирал ажилтай, одоогоор Улаанбаатар хот 2 дугаар хороо 111-14 тоотод түр оршин суух, РД: СЩ73042617, Боржигин овогт Рагчаагийн Алтанхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: Р.Алтанхуяг миний бие нэхэмжлэгч А.Шаравнямбуугийн нэхэмжилсэн 867200 төгрөгнөөс 700000 төгрөг дээр эвлэрэн 2016-06-02-ны өдөр шүүхийн 211 тоот өрөөнд 700000 төгрөгийг А.Шаравнямбууд хүлээлгэн өгч төлж барагдуулсан гэв.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч А.Шаравнямбуу нь хариуцагч Батжин-Уул ХХК-аас 867200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч А.Шаравнямбуу нь 867200 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 167200 төгрөгөөс татгалзаж, үлдэх 700000 төгрөгийг хариуцагч Батжин-Уул ХХК нь төлж барагдуулан, зохигчид нь 700000 төгрөг дээр эвлэрэн хэлэлцэж байгаа нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч А.Шаранямбуу нь нэхэмжлэлийн шаардлага 867200 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 25363 төгрөгний тал хувь 12682 төгрөгийг төрийн сангийн данснаас, 700000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 21350 төгрөгний тал хувь 10675 төгрөгийг хариуцагч Батжин-Уул ХХК-аас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2; 74.4; 75 дугаар зүйл; 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
З А Х И Р А М Ж Л А Х нь:
1. Нэхэмжлэгч А.Шаравнямбуу нь 867200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 167200 төгрөгөөр багасгаж, 700000 төгрөг болгосныг хариуцагч Батжин-Уул ХХК нь төлж барагдуулж эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 867200 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 25363 төгрөгний тал хувь 12682 төгрөгийг төрийн сангийн данснаас, 700000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 21350 төгрөгний тал хувь 10675 төгрөгийг хариуцагч Батжин-Уул ХХК-иас тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Шаравнямбууд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА