Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/01458

 

2023 07 24 210/МА2023/01458

 

Ө СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

***дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны *** сарын 27-ны өдрийн 184/ШШ2023/01747 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ө СӨХ-ны хариуцагч Н.Л-д холбогдуулан гаргасан,

2,160,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

4,248,400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Н.Л нь Ө СӨХ-ны дундын өмчлөлийн ***дүүргийн ***хороо, *** хороолол, *** байрны *** орцны подвалын өрөөг оёдлын чиглэлээр ашиглана хэмээн 1 сарын түрээсийг 120,000 төгрөгөөр тохиролцож 1 жилийн хугацаатай Орон сууцны зориулалтын бус байр түрээслэх *** тоот гэрээг 2019 оны 11 сарын 01-ний өдөр байгуулсан. Улмаар 2020 оны 11 сарын 01-ний өдөр 1 жилээр сунгаж *** тоот, дахин сунгаж 2021 оны 11 сарын 01-ний өдөр *** тоот гэрээнүүдийг байгуулан ашиглаж байгаад чөлөөлж өгсөн. Н.Л нь 2020 оны *** тоот гэрээний дагуу төлөх түрээсийн төлбөрийн үлдэгдэл 5-12 сарыг дуустал 960,000 төгрөг, 2021 оны *** тоот түрээсийн төлбөр 1-10 сарын төлбөр 1,200,000 төгрөгийг төлөөгүй тул 2,160,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Анх *** байрны *** орцны подвалыг 2017 онд түрээслэхэд жоом, цагаан эрвээхэй, хулгана үүрлэсэн агааржуулалтгүй, өмхий үнэртсэн, хог шороогоор дүүрсэн, трубанаас нь ус гоождог үйл ажиллагаа явуулахад боломжгүй подвал байсан. Иймд уг подвалыг бүрэн цэвэрлэж, бүрэн засвар хийсэн. Энэ бүгдийг хийхэд материалын зардал 2,678,400 төгрөг, тээврийн зардал 220,000 төгрөг, ажлын хөлс 1,350,000 төгрөг, нийт 4,248,400 төгрөгийн зардал гаргаж, ажлын байр бий болгосон. 2019 онд Б.Н нь СӨХ-ны захирал болж, түрээслэгч нартай зөвшилцөхгүй өөрөө дур мэдэн 60,000 төгрөгийн түрээсийг 120,000 төгрөг болгож 2 дахин нэмсэн. 2020, 2021 онд СӨХ-ны захирал Б.Н намайг Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан түрээсийн төлбөрийг чөлөөлөх, хөнгөлөх бүрэн боломжтой гэж 2 удаа надаар өргөдөл бичүүлсэн боловч төлбөрөө чөлөөлөөгүй, энэ амлалтаа биелүүлээгүй. Ковид-19 гарснаас хойш орлогогүй болж бүрэн дампуурсан. 2022 оны 09 сард гэрээнд гарын үсэг зуруулахдаа хууран мэхэлж, хүчээр тулган гарын үсэг зуруулсан. Миний бие 2021 онд 1,600,000 төгрөг, 2022 онд 350,000 төгрөгийг тус тус төлсөн. Иймд материалын зардал 2,678,400 төгрөг, тээврийн зардал 220,000 төгрөг, ажлын хөлс 1,350,000 төгрөг, нийт 4,248,400 төгрөгийг нэхэмжлэчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.   Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2020 оны 11 сарын 01-ний өдөр орон сууцны зориулалтын бус байр түрээслэх *** тоот гэрээг *** Ө СӨХ, Н.Л нар байгуулсан. Тус гэрээний 5.5-д түрээслэгч нь засвар хийсэн тохиолдолд зардлыг СӨХ хариуцахгүй, түрээсийн төлбөрт тооцохгүй гэж талууд тохиролцсон тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

 

4.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дугаар зүйлийн 289.1.2-т зааснаар хариуцагч Н.Л-гээс 2,160,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө СӨХ-д олгож, Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.8 дахь хэсэгт зааснаар ***дүүргийн ***хороо, *** байрны *** орцны подвалын өрөөг түрээслэн үйл ажиллагаа явуулахад зориулан засвар хийсний зардалд 4,248,400 төгрөг гаргуулах хариуцагч Н.Л-гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 49,550 төгрөг, хариуцагчаас төлсөн 87,000 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Л-гээс улсын тэмдэгтийн хураамжид 49,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө СӨХ-д олгож шийдвэрлэжээ.

 

5.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

5.1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шүүх шийдвэртээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасныг баримталсан. Гэвч мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тодорхой байхад шүүгч нэг талыг барьж шийдвэр гаргасан.

5.2. Шүүх Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэгт заасныг баримталсан. Гэтэл шүүх шийдвэртээ Ө СӨХ-ны дүрмийн хэдэд заасныг дурдаагүй байх бөгөөд нэхэмжлэгч тал СӨХ-ны дүрмийг нотлох баримтаар хэрэгт гаргаж өгөөгүй. Шүүх хариуцагчийг *** байрны сууц өмчлөгч мөн эсэхийг тогтоогоогүй атлаа дээрх хуулийн заалтыг баримталсан нь буруу гэж үзэж байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 16.4.2-т зааснаар дундын өмчлөл болох сууцны бус зориулалттай талбайг ашиглах, эзэмших эрхтэй гэж үзэж байна.

5.3. Шүүх шийдвэртээ Орон сууцны зориулалтын бус байр түрээслэх тухай, эд хөрөнгө хөлслөх гэрээнүүд байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх үзлээ гэжээ. Гэтэл санаатайгаар үгүйсгэсэн заалттай, ойлгомжгүй, түрээсийн гэрээ, эсвэл эд хөрөнгө хөлслөх гэрээний аль нь болохыг тодорхой заагаагүй.

5.4. Шүүх СӨХ нь компани, хуулийн этгээд биш тул Төлөөлөн удирдах зөвлөл нь Б.Н-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь буруу бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд Удирдах зөвлөл гэсэн нэр томьёотой болохыг тодорхойлсон байх бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөл гэсэн нэр томьёо байхгүй. Мөн Ө СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүнээр 7 хүн сонгогдсон бөгөөд 2021 оны 01 сарын 21-ний өдрийн*** тоот тогтоолд дээрх гишүүдийн 3 нь гарын үсэг зурж, 4 гишүүн гарын үсэг зураагүйгээс үзэхэд уг тогтоолыг хүчинтэй гэж үзэж, Б.Н-тай гэрээг сунгасан гэж үзэх үндэслэлгүй нь илт тодорхой байхад шүүх Б.Н-ыг нэхэмжлэл гаргах эрхтэй, хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь буруу, илт нэг талыг барьсан шийдвэр болсон. Иргэний хуулийн 369 дүгээр зүйлд иргэн нь иргэн болон хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж болно гэж заасан. Үүнээс үзэхэд СӨХ нь хуулийн этгээд биш тул хөдөлмөрийн гэрээ байгуулах ёсгүй гэж үзэж байна.

5.5. Шүүх шийдвэртээ 2021 оны 01 сарын 21-ний өдрийн *** тоот тогтоол гэж буруу бичсэн. Энэ нь 2021 оны 12 сарын 21-ний өдрийн *** тоот тогтоол байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасныг тус тогтоолд баримталсан. Гэтэл дээрх заалт нь ажил хаялтыг түр зогсоох, сэргээх, ажил хаялт дуусгавар болох талаар заасан байхад буруу гаргасан тогтоолоор хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд Ө СӨХ-ны захирал Б.Н-ын гаргасан нэхэмжлэл хууль, тогтоол, шийдвэр зөрчсөн тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

6.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Түрээсийн төлбөрийг дансаар төлсөн саруудыг тооцож, бусад сарын төлбөрийг төлөөгүй болохыг тогтоосон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь гэрээний чөлөөт байдлын үндсэн дээр байгуулагдсан. Ө СӨХ нь өөрт олгогдсон эрхийн хүрээнд 00 өрөө, подвал зэргийг Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 10 дугаар зүйлийн 10.8.3-т зааснаар түрээсэлснийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй. Мөн Н.Л-г *** байранд амьдардаг гэдгийг нотолж чадаагүй гэж үзсэн байдаг. Гэтэл хэн, хаана амьдрахаас үл шалтгаалан түрээсийн талбайг ашиглах эрхтэй. Гүйцэтгэх захирал нь гэрээ байгуулах эрхгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж тайлбарладаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар байнгын ажлын байранд хугацаагүй томилогддог. Анх хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан боловч хугацааг сунгаагүй тохиолдолд мөн хугацаагаар сунгагдсанд тооцдог. Гэрээг хугацаагүй байгуулсан талаар маргах эрхтэй субъект нь Н.Л-г биш гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Ө СӨХ нь хариуцагч Н.Л-д холбогдуулан түрээсийн төлбөр 2,160,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, засварын зардал 4,248,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ. /1хх 1, 36-37,***-49, 59, 2хх***-49/

 

3.   Талууд 2020 оны 11 сарын 01-ний өдрийн *** тоот Орон сууцны зориулалтын бус байр түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Ө СӨХ нь ***дүүргийн ***хороо, *** байрны *** орцны подвалын өрөөг 2021 оны 11 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд оёдлын газрын зориулалтаар түрээслүүлэх, Н.Л нь сар бүр 120,000 төгрөг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /1хх 13-14/

Улмаар талууд 2021 оны 11 сарын 01-ний өдөр *** тоот гэрээ байгуулж, дээрх гэрээний хугацааг 2022 оны 11 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаагаар сунгасан байна. /1хх 15-16/

Хэрэгт авагдсан Ө СӨХ-ны гэрчилгээнд Б.Н нь гүйцэтгэх захирлаар шинэчлэн бүртгүүлсэн тухай тэмдэглэгээ байх тул Б.Н-ыг тус СӨХ-г төлөөлж бусадтай гэрээ байгуулах эрхтэй этгээд гэж үзнэ. /1хх 4-арын нүүр/

 

4.   Дээрх гэрээнүүдийг хариуцагчийг ...хууран мэхэлж, хүч хэрэглэх замаар гарын үсэг зуруулсан... гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Түүнчлэн, ...түрээслэгч нартай зөвшилцөхгүй өөрөө дур мэдэн 60,000 төгрөгийн түрээсийг 120,000 төгрөг болгож 2 дахин нэмсэн... гэх хариуцагчийн тайлбар хэргийн 39-р талд авагдсан Төрийн банкны Орлогын мэдүүлэг гэх баримтуудаар няцаагдаж байна.

Тодруулбал, хариуцагч нь ...подвал 11 сар түрээс, ...подвал 2020 оны 1*** сарын түрээс ...подвал 2021 оны *** сарын түрээс зэрэг гүйлгээний утгатайгаар тус бүр 120,000 төгрөгийг Ө СӨХ-нд шилжүүлж байсан буюу өөрөө 120,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж байсан байна.

 

5.   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа гэж тодорхойлсон нь буруу. Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

Нэхэмжлэгч нь өмнө дурдсан подвалын өрөөг аж ахуйн буюу оёдлын газрын үйл ажиллагаа явуулахад нь зориулж хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

***дүүргийн ***хороо, *** байрны *** орцны подвалын өрөө нь сууц өмчлөгчдийн дундын эд хөрөнгө болохын хувьд бие даасан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлага буюу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлага тавигдахгүй.

Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан Орон сууцны зориулалтын бус байр түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй.

 

6.   Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө СӨХ нь подвалын түрээсийн үлдэгдэл төлбөрийг хариуцагч Н.Л-гээс шаардах эрхтэй.

Тус СӨХ-ны захирал Б.Н нь Ковид-19 цар тахлын үед түрээслэгч Н.Л-г түрээсийн гэрээний төлбөрөөс чөлөөлсөн, чөлөөлөхөөр амласан болох нь хэргийн баримтаар нотлогдоогүй.

Иймд хариуцагч Н.Л-гээс түрээсийн гэрээний үүрэгт 2021 оны 05-12 сарын түрээсийн төлбөр 960,000 төгрөг, 2022 оны 01-10 сарын түрээсийн төлбөр 1,200,000 төгрөг, нийт 2,160,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө СӨХ-нд олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ. Энэ талаарх анхан шатны шүүхийн шийдэл зөв. /1хх 75/

 

7.   Түүнчлэн, нэхэмжлэгч Ө СӨХ-ноос засварын зардал 4,248,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Н.Л-гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Учир нь, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт ...түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3-т хөлслөгч нь хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл, түрээслэгч Н.Л- нь түрээсийн зүйл буюу подвалд засвар хийхийн тул түрээслэгч Ө СӨХ-ноос урьдчилан зөвшөөрөл авсан байх учиртай.

Хэрэгт түрээслэгч Н.Л нь түрээслүүлэгч Ө СӨХ-ноос ийнхүү зөвшөөрөл авсан талаар баримт авагдаагүй, мөн Н.Л-гээс гарсан засварын зардлыг хожим түрээсийн төлбөрөөс суутган тооцохоор талууд харилцан тохиролцсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   ***дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны *** сарын 27-ны өдрийн 184/ШШ2023/01747 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...287 дугаар зүйлийн 287.1, 289 дугаар зүйлийн 289.1.2 дах хэсэгт заасныг баримтлан... гэснийг ...318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар... гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...290 дүгээр зүйлийн 290.8 дах хэсэгт заасныг баримтлан... гэснийг ...289 дүгээр зүйлийн 289.1.3-т зааснаар... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Л-гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 Д.НЯМБАЗАР