Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01464

 

 2023 07 26 210/МА2023/01464

 

Т.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 17-ны өдрийн 182/ШШ2023/01513 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Э нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Б-т холбогдох, 112,603,865 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие хариуцагч Ч.Б 2018 оны 04 сарын 23-ны өдөр үл хөдлөх хөрөнгө арилжааны гэрээ байгуулж *** дүүргийн *** хороо, *** хороолол, *** байрны *** тоотод байрлах 78 м.кв талбайтай 170,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг 200,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий хөөсөнцөрийн үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжөөр арилжсан. Үл хөдлөх эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг харилцан шилжүүлж авсан. Улмаар талууд гэрээний зүйлийг харилцан буцаахаар тохиролцсон. Т.Э-ын өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгө Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 30,958,865 төгрөгийн төлбөрт битүүмжлэгдсэн байсан тул харилцан тохиролцож Т.Э нь 2020 оны 04 сарын 29-ний өдөр 30,958,865 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлж, мөн өдөр Д.Б-ын К банк дахь зээл болох 93,645,000 төгрөг, нийт 124,603,865 төгрөгийг тус тус төлж, уг үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж Т.О-д зарсан. Т.Э нь 12,000,000 төгрөгийг буцаан төлсөн. Одоо 112,603,865 төгрөгийг Ч.Б-аас гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбар гаргаагүй.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Б-аас 112,603,865 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Э-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 720,969 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-аас 720,969 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Э-д олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Т.Э-ын зүгээс өөрөө эхлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд өөрийнх нь хариуцлагагүй байдлаас болж энэхүү асуудал үүссэн. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

4.2. Мөн шүүх хуралдааны товыг надад огт мэдэгдээгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон боловч тус төлөөлөгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрийг төлөөгүйн улмаас шүүх хуралдаанд оролцохоос татгалзаж гэрээгээ цуцалсан болно. Анхан шатны шүүхээс энэ бүхнийг анхааралгүй, хэрэгт бодит дүгнэлт хийлгүйгээр хийсвэр хандаж, гэрээнд үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч Ч.Б холбогдуулан 112,603,865 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх 1-2/

 

3.   Хариуцагч тал 2023 оны 03 сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, эрх, үүрэгтэйгээ танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. /хх 17, 18/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Б-ыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.

 

4.   Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

4.1. Талууд 2018 оны 04 сарын 23-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Т.Э нь *** дүүрэг, *** хороо, ***хороолол, *** байрны *** тоот хаягт байршилтай 78 м.кв талбайтай 170,000,000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө орон сууцыг Ч.Б-ын өмчлөлд, Ч.Б- нь 200,000,000 төгрөгийн үнэ бүхий хөөсөнцөрийн үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжийг Т.Э-ын өмчлөлд харилцан шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн; /хх 10/

4.2. Улмаар талууд дээр дурдсан арилжааны гэрээнээс татгалзаж, 2022 оны 04 сарын 28-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, тооцоо нийлж, Т.Э-ын өмнө Ч.Б-ын хүлээх мөнгөн төлбөрийн үүргийг 112,603,865 төгрөг гэж тодорхойлсон; /хх 4-5/

Иймд хариуцагчийн гаргасан ...шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй... гэх давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

5.   Магадлалын хянавал хэсгийн 4.2-т дурдагдсан Төлбөр барагдуулах гэрээ-гээр Ч.Б- нь 112,603,865 төгрөгийг Т.Э-ад төлөх үүрэг хүлээсэн буюу Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу мөнгөн төлбөрийн үүрэг үүссэн байна.

Хариуцагч Ч.Б-аас 112,603,865 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Э-ад олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв боловч шүүх маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг оновчтой баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

6.   ...Шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй... гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Хариуцагч Ч.Б- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг Ч.А итгэмжлэлээр олгосон, уг итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, анхан шатны шүүх үүний дагуу шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-д мэдэгдсэн, Ч.А нь шүүх хуралдааныг түүний эзгүйд хийж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан байх тул хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ. /хх 16, 23, 33/

Түүнчлэн, хариуцагч Ч.Б- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт зааснаар өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзаж байгаа тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

7.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 17-ны өдрийн 182/ШШ2023/01513 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...274 дүгээр зүйлийн 274.1, 227 дугаар зүйлийн 227.4... гэснийг ...186 дугаар зүйлийн 186.1... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Б-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 06 сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 720,969 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 Д.НЯМБАЗАР