Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01466

 

 2023 07 26 210/МА2023/01466

 

 

Н.А, О.Г нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/01743 дугаар шийдвэртэй, Н.А, О.Г нарын нэхэмжлэлтэй, З.М-т холбогдох, ***дүүргийн ***-р хороо, ***төвийн бүс /***/, ***гудамж, ***-р байрны *** тоот хаягт байршилтай, 65,83 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, хариуцагч З.М-, түүний өмгөөлөгч Л.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: 2021 оны 12 сарын 15-ны өдөр Х ХХК-тай орон сууц худалдах гэрээ байгуулж, ***дүүрэг, ***гудамж, ***-р байрны *** тоот хаягт байрлах 65,83 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан. Орон сууцыг худалдаж авч байх үед Х ХХК нь ***тоот хаягт оршин суух хариуцагч З.М-тэй гэрээгээ цуцалсан бөгөөд 2022 оны 04 сарын 01-ний өдөр орон сууцыг чөлөөлж өгнө гэсэн боловч одоог хүртэл чөлөөлж өгөөгүй. Иймд миний хууль ёсны өмчлөлийн орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие Х ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу маргаан бүхийн орон сууцыг эзэмшиж байгаа бөгөөд гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж байна. Маргаан бүхий орон сууцанд нэхэмжлэгч нар амьдардаггүй, худалдан аваагүй атлаа Х ХХК, тус компанийн менежер Ж.О нартай хамтран залилан мэхлэх замаар орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан. Тус орон сууцны үнийг нэхэмжлэгч төлсөн гэх боловч төлбөрийн баримтуудад *** тоот байрны үнэ гэж бичсэн байна. Энэ нь Х ХХК-ийн менежер Ж.О-гийн байр байна. Иймд нэхэмжлэгч нарыг маргаан бүхий орон сууцны үнийг төлсөн гэж үзэхэд эргэлзээтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК хариу тайлбартаа: 2017 оны 01 сарын 21-ний өдөр З.М-тэй №*** дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулж, маргаан бүхий орон сууцны төлбөрийг 2018 оны 09 сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон. Дээрх тохиролцооны дагуу З.М нь хугацаандаа төлбөрийг бүрэн барагдуулаагүй тул гэрээг цуцалж, төлсөн төлбөрийг орон сууцны түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцохоор тохирч, 2022 оны 03 сарын 22-ны өдөр тооцоо нийлж баримт үйлдсэн. Энэхүү тохиролцоогоор хариуцагч нь орон сууцыг 2023 оны 11 сарын 22-ны өдөр хүртэл түрээслэхээр болсон. Маргаж буй орон сууцыг нэхэмжлэгч нар худалдан авахаар болж, гэрээ байгуулан төлбөрийг бүрэн төлсөн тул улсын бүртгэлийн газар хүсэлт гаргаж өмчлөх эрхийг бүртгүүлсэн гэжээ.

 

4.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.А, О.Г нарын өмчлөлийн ***дүүрэг 3-р хороо, ***төвийн бүс /***/, ***гудамж, ***-р байрны *** тоот хаягт байршилтай 65,83 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг хариуцагч З.М-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч З.М-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.А, О.Г нарт олгож шийдвэрлэжээ.

 

5.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

5.1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасан. З.М- нь Х ХХК-тай 2017 оны 01 сарын 21-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулснаар тухайн орон сууцыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр биелэгдэж байсан бөгөөд хариуцагчийн зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн, талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа дуусгавар болоогүй байсан. Тиймээс гэрээний дагуу тухайн орон сууцыг барьж ашиглалтад оруулсан этгээдээс тус орон сууцыг өөрийн эзэмшил, ашиглалтад авсан шударга эзэмшигчийг хууль бус эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй юм.

5.2. Хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Түдгэлзүүлэх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзсан байдаг. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөгч нь хөрөнгөө хэзээ, хэрхэн захиран зарцуулах эрхтэй боловч тус хуулийн зохицуулалтаас үзвэл бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр гэх тодорхой хязгаарлалт тогтоож өгсөн байдаг. Х ХХК нь орон сууц захиалгын гэрээний дагуу тухайн орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн байтал давхар худалдан борлуулж, бусад этгээдийн өмчлөлд шилжүүлсэн хэдий ч орон сууцны төлбөр авч байсан зэрэг үйл баримт нь Залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байтал, анхан шатны шүүхээс хариуцагч талын түдгэлзүүлэх хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж байсан.

5.3. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын хувьд Х ХХК-тай 2021 оны 12 сарын 15-ны өдрийн орон сууц худалдах гэрээ байгуулсан бөгөөд цаг хугацааны хувьд түрүүлж гэрээ байгуулсан нь З.М байх тул дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэн тэргүүн ээлжид өмчлөлдөө шилжүүлэн авах эрхтэй байна. Хэдий Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд үндэслэгддэг боловч дээрх маргааны хувьд орон сууцны өмчлөлийг худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлж дууссанаар шилжүүлэхээр тохирсон байдаг. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан. З.М болон Х ХХК-ийн хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээгээр талууд гэрээ байгуулагдмагц хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр тохиролцоогүй бөгөөд тогтоосон хугацааны турш хэсэгчлэн төлж барагдуулснаар буюу дээрх хуульд заасны дагуу өмчлөх эрх шилжүүлэхээр тохиролцсон байна. Тиймээс хариуцагчийн зүгээс өөрийн санаачилгаар буюу дур мэдэн тухайн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах ямар ч боломжгүй нөхцөл байдалд байхаас гадна нэхэмжлэгч нарыг Х ХХК-тай 2021 оны 12 сарын 15-ны өдрийн орон сууц худалдах гэрээ байгуулан, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан талаар мэдэх боломжгүй юм. Учир нь нэхэмжлэгч нарыг 2021 оны 12 сарын 15-ны өдрийн орон сууц худалдах гэрээг байгуулж байх цаг хугацаанд З.М-ийн Х ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний харилцаа дуусгавар болоогүй, гэрээний үүргээ биелүүлж байсан. Тиймээс З.М нь тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байсан гэх бодит нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд, хууль, хүчин төгөлдөр гэрээний дагуу тухайн орон сууцыг өмчлөх эрх бүхий этгээд юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

6.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.А, О.Г нар хууль ёсны дагуу тухайн орон сууцыг худалдаж авсан. З.М 2017 оны 01 сарын 21-ний өдрөөс 2018 оны 09 сар хүртэлх хугацаанд уг орон сууцыг худалдаж авахаар гэрээ байгуулсан байдаг. Уг хугацаанд гэрээнийхээ төлбөрийг бүрэн гүйцэд төлөөгүй. Тухайн асуудалтай холбогдуулан Х ХХК-аас гэрээний харилцааг дуусгавар болгох, цуцлах тухай мэдэгдлүүдийг хэд хэдэн удаа явуулсан. Уг нөхцөл байдалтай холбогдуулан гэрээний харилцааг дуусгавар болгож, тооцоо нийлсэн акт үйлдсэн. Тухайн гэрээний харилцааг дуусгавар болгосныг хариуцагч нь өөрөө хүлээн зөвшөөрсөн. Харин З.М нь ***тоот гэж мөнгө шилжүүлж байсан бөгөөд хариуцагч гэрээний харилцаа дуусгавар болсон боловч дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас хариуцагчийг орон сууцнаас гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн орон сууцны төлбөрөө бүрэн гүйцэт төлсөн баримт хэрэгт авагдсан. Хариуцагч талаас Х ХХК болон нэхэмжлэгч О.Г, Н.А нарыг Цагдаагийн байгууллагад өгсөн гэж удаа дараа тайлбарладаг. Харин Х ХХК-ийн зүгээс цагдаагийн газар очиход гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүн байхгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Нэхэмжлэгч нарын зүгээс ***дүүргийн прокурорын газраас очиж асуухад хэрэг үүсээгүй гэж хэлдэг. Уг нөхцөл байдлыг харахад нэхэмжлэгч нар хууль ёсны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан. Орон сууцыг чөлөөлж өгөх хугацаа тогтоосон боловч уг хугацаанд чөлөөлөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7.   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллага анх З.М-тэй 2017 оны 01 сарын 21-ний өдрөөс 2018 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл 20 сарын хугацаатай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тус гэрээгээр 2018 оны 09 сарын 01-ний өдөр дуусах ёстой байсан боловч уг хугацаа өнгөрсөн. Мөн 2020 он хүртэл төлбөрөө барагдуулаагүй учраас 6 удаа очиж уулзан, бичгээр 3 удаа мэдэгдэл өгсөн. 2020 оны 05 сараас эхэлж, орон сууц захиалгын гэрээг цуцлах тухай мэдэгдлийг өгсөн. Уг хугацаанаас хойш төлбөр тооцоо төлөгдөж дуусахгүй байсан учраас нэхэмжлэгч орон сууцыг худалдахаар гэрээ байгуулсан. Учир нь төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулахгүй байсан З.М-тэй төлбөр тооцоо нийлсэн акт үйлдсэн. Мөн *** тоотын төлбөрийг төлж буй З.М-ийн мөнгөн төлбөр нь манай байгууллагын дансанд *** тоот гэх гүйлгээний утгатай орж байсан. Манай байгууллагын дансанд орлого хийхэд нээлттэй, зарлага гаргахдаа данс эзэмшигчийн эрхээр гаргадаг. Мөн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлбөр тооцоогоо 2018 онд дуусгах ёстой байсан боловч гэрээний дагуу төлж дуусаагүй тохиолдол түрээсийн төлбөрт тооцогдох заалтыг тусгасан. Уг заалтыг баримтлан төлбөр нийлсэн актад хамаарч байгаа учраас нээлттэй орж ирсэн мөнгө байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Н.А, О.Г нар хариуцагч З.М-т холбогдуулан ***дүүргийн ***-р хороо, ***төвийн бүс /***/, ***гудамж, ***-р байрны ***тоот хаягт байршилтай, 65,83 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 148-153/

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нарын байр суурийг дэмжиж оролцжээ. /хх 75/

 

3.   Талууд 2021 оны 12 сарын 15-ны өдөр ***тоот Орон сууц худалдах гэрээ байгуулж, уг гэрээгээр Х ХХК нь ***дүүргийн ***-р хороо, ***гудамжны ***-р байрны ***тоот хаягт байршилтай, 65,83 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Н.А-гийн өмчлөлд шилжүүлэн өгөх, Н.А нь орон сууцны үнэ 131,660,000 төгрөгийг 2022 оны 08 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /хх 7-10/

Улмаар, Х ХХК-аас ***дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт ...Н.А нь байрны төлбөрөө төлж дууссан тул уг байрны үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг Н.А-гийн нэр дээр гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй... гэсэн агуулгатай албан бичгийг хүргүүлсний дагуу ***дүүргийн ***-р хороо, ***төвийн бүс /***/, ***гудамж, ***-р байрны ***тоот хаягт байршилтай, 65,83 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Н.А, О.Г нарыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгожээ. /хх 41, 5/

Иймд өмчлөгч Н.А, О.Г нар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

4.   Хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдлын тухайд:

4.1. Хариуцагч нь ...гэрээний дагуу орон сууцыг эзэмшилдээ шилжүүлэн авсан тул хууль ёсны эзэмшигч гэж үзнэ... гэж маргаж байна.

Талууд 2017 оны 01 сарын 21-ний өдөр ***тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Х ХХК нь ***дүүргийн ***-р хороо, ***гудамж, ***-р байрны ***тоот хаягт байршилтай, 65,83 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, З.М нь орон сууцны үнэ 82,328,000 төгрөгийг 2018 оны 09 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. /хх 57-58/

Х ХХК нь 2017 оны 02 сард орон сууцыг З.М-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол З.М нь 2017 оны 01 сарын 21-ний өдрөөс 2022 оны 03 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 49,993,000 төгрөгийг Х ХХК-д төлсөн буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. /хх 76/

Иймд Х ХХК нь талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 01 сарын 21-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ-ний үүргээ биелүүлэх тухай хугацаатай мэдэгдэл хүргүүлж, улмаар уг гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцжээ. /хх 77, 78, 79/

Иймд хариуцагч З.М-ийг хууль ёсоор орон сууцыг эзэмшилдээ байлгаж байгаа гэж үзэхгүй, ...гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн... гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдоогүй.

Түүнчлэн, Х ХХК-ийн нягтлан бодогч Ч.Т болон хариуцагч З.М нар 2022 оны 03 сарын 22-ны өдөр ***тоот Тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн баримт үйлдэж, уг баримтаар З.М-ийн төлсөн 37,993,000 төгрөгийг 2017 оны 01 сараас 2022 оны 03 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт тооцох, 12,000,000 төгрөгийг 2022 оны 03 сарын 23-ны өдрөөс 2023 оны 11 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт тооцох нөхцөлийг харилцан тохиролцож, тамга дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан байгааг дурдах нь зүйтэй.

4.2. Хариуцагч нь ...Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан тул давуу эрхтэй... гэж маргаж байна.

Хуулийн дээрх зохицуулалт нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн худалдан авагчид хамаарах зохицуулалт тул маргаан бүхий орон сууцыг түрүүнд эзэмшилдээ авсан гэх нөхцөл байдал нь хариуцагчид давуу эрх олгохгүй.

4.3. Хариуцагч нь ...нэхэмжлэгч тал орон сууцны үнийг бүрэн төлөөгүй... гэж маргаж байна.

Орон сууцны үнэ төлөгдсөн эсэхийг гэрээний талууд тодорхойлох бөгөөд орон сууцыг худалдсан Х ХХК нь нэхэмжлэгч Н.А-г орон сууцны үнийг бүрэн төлсөн гэж тайлбарлаж байх тул хариуцагчийн уг тайлбар ач холбогдолгүй.

Худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээний үнийг хэрхэн төлөх арга, хэрэгслийг чөлөөтэй тохиролцох эрхтэй.

4.4. Хариуцагч нь ...анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр хэргийг түдгэлзүүлэх ёстой байсан... гэж маргаж байна.

***дүүрэг дэх Цагдаагийн газрын ***хэлтсээс ...Х ХХК нь орон сууцыг өөр хүнд давхар зарсан... гэх З.М-ийн гомдлоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэх нөхцөл байдал нь Н.А, О.Г нарын нэхэмжлэлтэй, З.М-т холбогдох, орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хариуцагчийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. /хх 117-118/

 

5.   Дээрхийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Н.А, О.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

6.   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК нь 108 тоот Тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн баримтад тусгагдсан 2023 оны 11 сарын 22-ны өдрөөс өмнөх цаг хугацаанд маргааныг шүүх шийдвэрлэсэнтэй холбоотойгоор 12,000,000 төгрөгийг хариуцагч З.М-т буцаан олгоход татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасныг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/01743 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.М-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 06 сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 Д.НЯМБАЗАР