Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 5

 

                                         

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, Ерөнхий шүүгч С.Отгонцэцэг, шүүгч З.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн *******д холбогдох “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9/9 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын “Тоосгоны шавар”-ын үнэлгээ тогтоосон хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, иргэдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гарьдхүү нар оролцов.

 

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших MV-6709 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшин, ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ... *******гоос хилийн боомт хүртэлх замыг байгуулах явцад гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын карьеруудын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулсан.

Ийнхүү хяналт шалгалт явуулсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч нар манай компанийг “Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших 6709А тусгай зөвшөөрлийн талбай дахь ил уурхайн олборлолтоос гарсан 5.762.127 тн буюу 2.743.870 м/куб улаан шаврыг баяжуулах үйлдвэрийн хаягдлын

 

C:\Users\garidaa\Documents\Received Files\oyu tolgoi last.docx

 

далангийн улны ус үл нэвтрүүлэгч давхраасыг хийхэд ашигласан бөгөөд уг улаан шаврыг ашиглахдаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөөгүй байна” гэсэн үндэслэлээр 3.429.837.500 /гурван тэрбум дөрвөн зуун хорин есөн сая найман зуун гучин долоон мянга таван зуун/ төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон. Улсын байцаагч 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №08/063/21 дүгээр актад дээрх “улаан шавар”-ын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг тогтоохдоо Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9/9 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан “тоосгоны шавар”-ын үнэлгээг баримтлан тогтоосон юм.

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9/9 дүгээр тогтоолд: “Үйлдвэрлэл, уул уурхай, зам тээврийн зориулалтаар түгээмэл тархацтай болон ердийн ашигт малтмал ашигласны төлбөрийн хэмжээг” тогтоосон байх бөгөөд уг тогтоолын хоёрдугаар хавсралтын 1 дэх хэсэгт нэг м/куб “тоосгоны шавар”-ын төлбөрийг 1250 төгрөг байхаар тогтоосон байдаг.

...тогтоол нь: “нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй захиргааны хэм хэмжээний акт” болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр 14.5-д захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхаар зохицуулсан бөгөөд дээрх тогтоол нь илт хууль бус байгаа төдийгүй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд хохирол учруулсан үр дагаврыг үүсгэж байгаа тул хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

...Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 9/9 дүгээр тогтоол нь дээрх тодорхойлолт бүрэн хамаарах захиргааны хэм хэмжээний акт байх бөгөөд тогтоолыг хууль бус гэж үзэх дараах үндэслэл байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дээрх тогтоолыг гаргахдаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “д”, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 112 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн байсан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Татварын ерөнхий хуулийг баримталсан заалтууд нь ерөнхий эрх хэмжээний зохицуулалт бөгөөд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тогтоохтой холбоотой бусад хууль тогтоомжийн нарийвчилсан зохицуулалтыг баримтлах ёстой.

Тухайлбал: Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1-д “дотоодод борлуулж байгаа нүүрсний нөөц ашигласны төлбөр тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү байна”, хэмээн заасан бол Түгээмэл тархацтай ашиг малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү байна" хэмээн маш тодорхой зохицуулсан.

Дээрх хуулиудын нарийвчилсан зохицуулалт буюу “ашигласан, борлуулсан бүтээгдэхүүний үнэлгээний 2.5 хувиар тогтоодог зарчим"-ыг баримтлах ёстой байтал уг хувь хэмжээг огт харгалзан үзэлгүйгээр м/куб “улаан шавар”-ын төлбөрийн хэмжээг 1250 төгрөг хэмээн шууд тогтоосон байна.

Энэхүү хууль бус шийдвэрийн улмаас манай компани 3.429.837.500 /гурван тэрбум дөрвөн зуун хорин есөн сая найман зуун гучин долоон мянга таван зуун/ төгрөг нөхөн төлөхөөр болсон нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчсөн үйлдэл болоод байна.

Иймд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9/9 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын “Тоосгоны шавар”-ын үнэлгээг тогтоосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Сугир шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  ...Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаанд 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 онь 03 дугаар сарын 10-ны өдрүүдэд шалгалт хийж, Улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №08/063/21 дүгээр актыг тавьсан байна. Акт нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9/9 дүгээр тогтоолын хавсралтыг үндэслэсэн байна. Уг тогтоол нь 2014 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр батлагдсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль гарахаас өмнө аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас үйлдвэрлэл, уул уурхай, зам тээврийн зориулалтаар түгээмэл тархацтай болон ердийн ашигт малтмал ашигласны төлбөрийн хэмжээг баталсан тогтоол байсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нөөц ашигласны төлбөрийг борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байхаар тогтоосон байна.

 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан байна. Тиймээс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд нийцүүлэн 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9/9 дүгээр тогтоолын хавсралтыг өөрчлөх шаардлага гарсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амарбаясгалан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнөговь       аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9/9 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын “Тоосгоны шавар"-ын үнэлгээ тогтоосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох ... тухайн тогтоолыг гаргах болсон хууль зүйн үндэслэлүүдээ зааж өгсөн хэдий ч эдгээр хууль зүйн үндэслэлүүдийн аль нь ч *******д түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох эрхийг олгоогүй бөгөөд тус тогтоолыг гаргах үндэслэл болж чадахгүй байна. Учир нь түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн (тухайн үед энэхүү тогтоолыг гаргах хүчин төгөлдөр байсан) 47.3.1-д “дотоодод борлуулж байгаа нүүрс болон түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү байна” гэж маш тодорхой заасан. Энэ нь Улсын Их Хурал (өөрөө, Засгийн газар эсхүл аймаг, нийслэлийн *******д эрх олголгүйгээр) Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоосныг харуулж байна. Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Татварын хувь хэмжээг Улсын Их Хурал, түүний эрх олгосноор Засгийн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ******* хууль тогтоомжийн дагуу тус тус тогтооно” гэж заасан. Цаашлаад, тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д Засгийн газрын, 8.5-д аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувь хэмжээг нь тогтоох татварын төрлүүдийг нэг бүрчлэн дурьдаж заасан. 8 дугаар зүйлийн (тухайн үед энэхүү тогтоолыг гаргах хүчин төгөлдөр байсан) 8.5-д түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг оруулж заагаагүй. Тиймээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хувь хэмжээг нь тогтоох татварын төрөлд хамаарахгүй байгаа буюу Улсын Их Хурал аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд эрх олгоогүй байна. Түүнчлэн Засгийн газарт энэ төлбөрийн хувь хэмжээг тогтоох эрхийг олгоогүй учир тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д заасны дагуу Улсын Их Хуралд өөрт нь тус төлбөрийн хувь хэмжээг нь тогтоох эрх нь байна.

Үүний дагуу, Улсын Их Хурал Ашигт малтмалын тухай хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хувь хэмжээг маш тодорхой тогтоож өгсөн байна. Үүнээс үзэхэд, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь өөрт эрх олгогдоогүй буюу өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар 2011 оны 9/9 дүгээр тогтоолыг гаргасан байна. Иймд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9/9 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын “Тоосгоны шавар”-ын үнэлгээ тогтоосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор өөрчилж байгаа болно...гээд шүүх хуралдаанд энэ хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэж тодруулж байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн тайлбарт ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9/9 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын “Тоосгоны шавар”-ын үнэлгээ тогтоосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцав. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол болон түүний хавсралтад холбогдох хэсэг нь илт хууль бус захиргааны акт бус тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмнөговь аймгийн ******* энэ тогтоолыг гаргах эрхгүй байсан.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилсөн[1] “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9/9 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын “Тоосгоны шавар”-ын үнэлгээ тогтоосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын төрлөө шүүх хуралдаанд “хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” гэж тодруулсан[2] тул энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэлээ.  

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9/9 дугаар “Төлбөрийн хэмжээ тогтоох тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар “Үйлдвэрлэл, уул уурхай, зам тээврийн зориулалтаар Түгээмэл тархацтай болон ердийн ашигт малтмал ашигласны төлбөр”-ийн хэмжээг батлахдаа “Тоосгоны шавар”-ын төлбөрийг м/куб тутамд 1250 төгрөг” гэж тогтоосон, үүнийг нэхэмжлэгчээс “... аймгийн ******* нь өөрт эрх олгогдоогүй буюу чиг үүрэгт үл хамаарах асуудлаар хэм хэмжээ тогтоосон актыг гаргаж, хууль, журам зөрчсөн” гэж, хариуцагч “... Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар аймгийн *******д татвар, төлбөр, хураамжийн хэмжээ тогтоох эрх олгогдсон тул хууль зөрчөөгүй, энэ тогтоол нь захиргааны хэм хэмжээний акт биш” гэж маргажээ.

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9/9 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар “Тоосгоны шавар”-ын төлбөрийн үнэлгээг тогтоосон нь хэм хэмжээ тогтоосон шийдвэр бөгөөд баталсан этгээд нь ийм шийдвэр гаргах “эрхтэй эсэх” талаарх маргааны хүрээнд “хууль тогтоомжид нийцээгүй байна” гэж шүүхээс үзлээ.

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9/9 дүгээр тогтоол нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 ”д” “хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох;”, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 “Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хувь хэмжээг нь тогтоож орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, эсхүл тухайн нутаг дэвсгэрт үйлчлэх дараах татвар орон нутгийн татварт хамаарна:” дэх заалтуудыг үндэслэн гарсан байх бөгөөд дээрх зүйл, заалтуудын аль нь ч аймгийн *******д түгээмэл тархацтай болон ердийн ашигт малтмал ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох, нийтээр заавал дагаж мөрдүүлэх хэм хэмжээний акт гаргах эрхийг тусгайлан олгосон хэм хэмжээ биш байна.

Аймгийн ******* нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох хувьдаа Үндсэн хууль, бусад хуулиар олгосон эрхийн хүрээнд, орон нутгийн хэмжээнд нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй хэм хэмжээ бүхий шийдвэр гаргах эрхтэй.  Маргаан бүхий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 9/9 дүгээр тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д тодорхойлсон эдгээр шинжийг агуулж буйгаараа захиргааны хэм хэмжээний акт мөн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “9/9 дүгээр тогтоол бол захиргааны хэм хэмжээний акт биш” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Харин аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 9/9 дүгээр тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй болох нь Хууль зүй, дотоод хэргийн яамны 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 3-2/21 тоот лавлагаагаар[3] тогтоогдох ба энэ нь Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”[4]-ын 2.5.2, 6.2, 6.5, 6.6 болон Захиргааны ерөнхий хуулийн 67.2-т заасанд нийцэхгүй тул хүчин төгөлдөр бус гэж дүгнэхээр байна.     

 Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 ”д”-д зааснаар “хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох;” эрхтэй, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр нь орон нутгийн төсөвт хамаарах хэдий ч энэ зохицуулалт нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өөр эрх бүхий байгууллага, эрх зүйн өөр акт гаргах замаар хуульд тухайлан зааснаас бусад тохиолдолд үйлчилнэ.

Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.9-д заасан “түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр;”-ийг хуулиар эрх олгосон этгээдээс хувь хэмжээг нь тогтоож, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “энэ хуулийн 8.4-8.6-д зааснаас бусад татварын хувь, хэмжээг Улсын Их Хурал тогтооно.” гэж зааснаас үзвэл “ашигт малтмал ашигласны төлбөрийн хувь, хэмжээг” тогтоох хууль зүйн үндэслэл нь Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиудад нарийвчлан зохицуулсны дагуу Улсын Их Хурлаас хуульчлан тогтоохоор байна.

Иймд аймгийн ******* өөрт тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргаж, хэм хэмжээ тогтоосон нь уг шийдвэрийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох үндэслэл болох бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “аймгийн *******д хуулиар эрх олгосон” гэх тайлбар үгүйсгэгдэнэ.

Мөн маргаан бүхий Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9/9 дүгээр тогтоол нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан “Түгээмэл тархацтай болон ердийн ашигт малтмал ашиглах, төлбөр ногдуулах журам”-ыг үндэслэсэн байх ба уг журамд “...түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтооно.” гэж заасан нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй буюу хэргийн оролцогчид маргаагүй тул шүүх үнэлээгүй болно.

Нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 08/063/21 тоот актад “...”*******” ХХК ... ашигласан 5.762.127 тн буюу 2.743870 м/куб улаан шаврын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болох ... 3429837500 төгрөгийг “*******” ХХК-иар нөхөн төлүүлэх. /Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9/9 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан ... төлбөрийн хэмжээг м/куб улаан шаврыг 1250 төгрөгөөр тооцсон./” гэж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн нөхөн төлүүлэхээр тогтоосон байх ба нэхэмжлэгчийн “хууль бус шийдвэрийн улмаас манай эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна,  уг тогтоол хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдвол түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг хуульд заасан хувь хэмжээгээр төлөх нөхцөл бүрдэнэ” гэх тайлбар үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл, Улсын Их Хурлаас баталсан хуулиар зохицуулах “түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хэмжээ тогтоох” харилцааг Өмнөговь аймгийн ******* нь тогтоол гаргаж зохицуулсан, уг тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасан “хууль бус захиргааны хэм хэмжээний акт” гэдэгт хамаарч байх тул Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9/9 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тоосгоны шавар”-ын үнэлгээ тогтоосон нь хууль бус гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны үйл ажиллагааны өөр хэлбэрүүд болохын хувьд захиргааны хэм хэмжээний акт хууль бус эсэхийг шалган тогтооход Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тодорхойлсон захиргааны акт илт хууль бус болох нөхцөлүүд хамаарахгүй тул “уг тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан үндэслэлд хамаарах тул хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлтэй” гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн аваагүй болохыг дурдав.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.9, 8 дугаар зүйлийн 8.2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 ”д”, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 9/9 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тоосгоны шавар”-ын үнэлгээ тогтоосон хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.БАЯРМАА

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                С.ОТГОНЦЭЦЭГ

                                                       ШҮҮГЧ                                 З.ГАНЗОРИГ

 

 

 

 

 


[1] Хэргийн 29-31 дэх талд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар авагдсан.

[2] Хэргийн 87 дахь тал дахь шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ий тайлбар авагдсан болно.

[3] Хэргийн 56 дахь талд авагдсан.

[4] Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 86 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.