Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2019/0358

 

А.Э-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхцэцэг, гуравдагч этгээд Х.О, гуравдагч Г.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0156 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, А.Э-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0156 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Э-ын гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 204 дүгээр захирамжийн Г.Г-ын 219 м.кв, 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 296 дугаар захирамжийн Х.Оийн 244 м.кв талбай А.Э-ын газартай давхцалтай тул хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.2.4, 20 дугаар зүйлийн 20.3, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь хэргийн нөхцөл байдал, холбогдох нотлох баримтуудад үндэслэн дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 570 дугаар захирамжийн А.Э-т холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт халдаж, 570 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас иргэн хүний эрх ашиг хөндөгдөж, хохирох ёсгүй. Нэг талыг барьж, үндэслэлгүй гарсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 17/348 дугаар албан бичгээр “Г.Г-ын газрын хувийн хэрэг манай архивт хадгалагдаагүй байна” гэх баримт ирсээр байтал анхан шатны шүүх энэ нь захиргааны байгууллагын буруутай үйл ажилллагаа гэж дүгнээд Г.Г-ыг газраа эзэмшиж байгаа гэж үзэх нь зүйтэй гэсэн атлаа А.Э-ын өмчлөлийн захирамжийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй.

Х.О-ийн газрын тухайд 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/296 дугаар захирамжаар газрыг эзэмшүүлэхээр болсон байдаг хэдий ч 2012 онд ийм захирамж гарч ирдэггүй. Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хариуцагчийн 2011 оных байсан гэж гаргаж өгсөн баримтыг шүүх хүлээн авч үнэлж, хариуцагчийн хэлсэнээр шийдвэрлэсэн.

Буруу, зөрүү бичигдсэн, бүрдэл дутуу асуудлыг гаргаж тавьсаар байтал гуравдагч этгээд нарын гаргасан бие даасан шаардлагыг хангаж, тэдний эзэмшлийн захирамжид ямар ч өөрчлөлт хийлгүй үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Нэхэмжлэгч А.Э шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 27 дугаар гудамж, 1 тоот хаягт байрлах газарт 1999 оноос амьдарч эхэлсэн. 2004 онд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авч, хашаа барин амьдарч байгаад 2006 онд өмчлөх эрхийн гэрчилгээ авсан.

Тус өмчлөлийн газар дээр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Хангайн 27 дугаар гудамж, 8 тоот хаягтай Г.Г, 11 тоотод Х.О нар хууль бусаар нэвтэрч, хашаа барьсан. Хууль ёсоор өмчлөгчөөс тэднийг нүүж, газрыг чөлөөлөхийг байнга шаардаж байсан.

Гэтэл анхан шатны шүүх миний өмчлөлийн газарт халдаж, 570 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас иргэн хүний эрх ашиг хөндөгдөж, хохирох ёсгүй. Өмчлөлийн захирамжийн түдгэлзүүлэх шаардлага байхгүй байсан тул нэг талыг барьж, үндэслэлгүй гарсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хариуцагч Нийслэлийн Засаг даргыг хэргийн нөхцөл байдал, холбогдох нотлох баримтуудад үндэслэн дахин шинэ акт гаргах шаардлагатай гэж үзэж, маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А.Э нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 204 дүгээр захирамжийн Г.Г-ын 219 м.кв, 2011 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 296 дугаар захирамжийн Х.О-ийн 244 м.кв талбай А.Э-ын газартай давхцалтай тул тус тус хүчингүй болгуулах шаардлага, гуравдагч этгээд Г.Г, Х.О нар нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 296 дугаар захирамжийн А.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлага тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон газар дээр хэмжилт хийлгүй зөрүүтэй кадастрын зургийн дагуу өмчлүүлсэн буруутай үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хариуцагч өөрөө шийдвэрлэх боломжтой гэж үзсэнийг харгалзан маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын захирамжийг бүхэлд нь хүчингүй болголгүйгээр захиргааны байгууллагад нөхцөл байдлыг шалгаж, тухайн актыг залруулж, зөвтгөх боломжийг олгож, дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1-д “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх”, 19 дүгээр зүйлийн 19.2.4-д “газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх” 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж тус тус хуульчилжээ.

“Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны 570 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутагт дэвсгэрт нэхэмжлэгч А.Эт өмчлүүлсэн 617 м.кв газар болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 204, 2011 оны 296 дугаар захирамжаар гуравдагч этгээд Г.Г-, Х.О нарын эзэмшиж байгаа газар нь зарим хэсгээрээ давхцалтай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, давхцалын тухайд хэргийн оролцогчид маргаагүй байна.

Нэхэмжлэгч А.Э-т Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 238 дугаар захирамжаар 704 м.кв[1] газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 583 м.кв[2] газар эзэмших эрхийг нь баталгаажуулсан, А.Э нь бодит байдалд 584 м.кв[3] газрыг хашаалан эзэмшиж байхад Нийслэлийн Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 570 дугаар захирамжаар 617 м.кв[4] газрыг өмчлүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий газрын хэмжээг тодорхойлж, хэмжилт хийгээгүй, хорооны Засаг даргаас тодорхойлолт гаргуулж, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн аль нь эзэмших, өмчлөх эрхтэй болох, бодит байдалд эзэмшиж буй газрын хэмжээ нь хэдэн м.кв болохыг шалгаж, нягтлан хяналгүй, А.Эт 617 м.кв газрыг өмчлүүлсэн байх тул дахин шинэ акт гаргаж, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр анх уг хашааг эзэмшиж байсан иргэдийн хашааны газрын хэмжээгээр газрын хил зааг, байршлыг өөрчлөлгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй юм.

Шүүхийн шийдвэрийг үндэслэн маргаан бүхий нөхцөл байдлыг нягтлан шалгаж, Газрын тухай хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргах нь хэргийн оролцогчдын хооронд газар эзэмшил, өмчлөлийн асуудлаар үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Нэгэнт гуравдагч этгээд Г.Г, Х.О нарын газар эзэмших эрх иргэний газар эзэмших гэрчилгээний үндсэн дээр үүссэн байх тул гуравдагч этгээд Г.-, Х.О нарыг газар эзэмших эрхгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд шүүхийг хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2019/0156 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

                            ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

                            ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

 

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 52 дугаар тал

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр тал

[3] 2 дугаар хавтаст хэргийн 152-158 дугаар

[4] 2 дугаар хавтаст хэргийн 103, 105 дугаар тал