Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01570

 

 2023 08 09 210/МА2023/01570

 

М ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 12-ны өдрийн 102/ШШ2023/02297 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У ХНН-т холбогдох, 1,146,843,884 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Манай компани Д аймгийн З сум дахь М" ТӨХК-ийн эзэмшлийн "Ш-1" түүний бүрэлдэхүүн хэсэгт орсон техник, тоног төхөөрөмжийг *** дугаартай Т түрээсийн гэрээ-гээр 2020 оны 11 сарын 01-ний өдрөөс 4 жилийн хугацаанд У ХНН-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн. Т түрээсийн гэрээний зүйлийн бүрэлдэхүүн хэсэгт орсон D маркийн чингэлэг өргөгч 2022 оны 04 сарын 07-ны өдөр У ХНН-ийн эзэмшилд ашиглагдаж байхдаа шатаж, цаашид ашиглах боломжгүй /устсан/ болсон. У ХНН нь түрээсийн гэрээний 8.1, 2.6-д тус тус заасан гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас төрийн өмч хөрөнгө устаж, гэрээний дагуу олох ёстой байсан орлого тасарч, "М" ТӨХК-д хохирол учраад байна. 2016 онд гэрээ байгуулаад 4 жилийн хугацаанд уг гэрээ хэрэгжээд дууссан. Бидний хувьд 2020 онд байгуулсан түрээсийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж байгаа. Иймд түрээсийн гэрээний 9.1-д заасны дагуу "М" ТӨХК-д учирсан хохирол болох гэрээний дагуу олох ёстой байсан орлого болох 130,131,68.75 төгрөг, чингэлэг өргөгчийн үнэ 1,016,712,196.45 төгрөг, нийт 1,146,843,884.20 төгрөгийг хариуцагчаас гаруулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Сангийн яамны Төрийн өмчийн удирдлага, бүртгэл, тооллого, хяналтын газар, "М" ТӨХК, У ХНН-ийн хооронд 2016 оны 03 сарын 10-ны өдөр байгуулсан ***, №***, №*** дугаартай гурван талт "Т түрээсийн гэрээ"-ний дагуу У ХНН маргаан бүхий Калмарыг 2016 оны 04 сараас ашиглаж эхэлсэн. Үүнээс өмнө тус Калмар нь З сумд шилжүүлэн ачих ангийн гадна талбайд ашиглалтгүй 2011-2015 он хүртэл зогссон. Энэ нөхцөл байдал нь тухайн Калмарын цахилгааны монтаж, бүрээс утас элэгдэх, үүний улмаас гал гарахад хүргэсэн болох нь Д аймгийн Онцгой байдлын газрын шинжээчийн 2022 оны 05 сарын 09-ний өдрийн 01 дүгээр дүгнэлт, 2022 оны 04 сарын 08-ны өдрийн Үзлэгийн комиссын ... Калмар маркийн №6 дугаартай чингэлэг ачигч шатсан талаарх акт"-аар тус тус тогтоогддог. Тус актад дүгнэснээр түрээслэгч У ХНН хохирлыг хариуцах үндэслэлгүй. Д аймгийн Онцгой байдлын газрын шинжээчийн 2022 оны 05 сарын 09-ний өдрийн *** дүгээр дүгнэлт, акт, гэрчүүдээс авсан тайлбар зэргээс үзэхэд 2011-2015 он хүртэл Шилжүүлэн ачих ангийн ***-р талбайд хөдөлгөөнгүй зогссон нь цахилгааны монтаж, бүрээс утсанд элэгдэл үүссэн байх магадлалтай гэж тусгай мэдлэг бүхий мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул маргаан бүхий Калмар чингэлэг өргөгч шатахад түрээслэгч У ХНН буруугүй болохыг, мөн түрээслэгчээс шалтгаалаагүй болох нь тогтоогдсон. Түрээслэгч У ХНН нь түрээсийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж түрээсийн гэрээний 8.2-т заасны дагуу түрээсийн эд зүйлийг үйлдвэрлэгчийн ашиглалтын заавар, журмын дагуу ашиглаж, засвар, үйлчилгээний хуваарь гарган, хуваарийн дагуу тогтоосон хугацаанд засвар үйлчилгээ, урсгал засварыг тогтмол гүйцэтгэж, зориулалтын дагуу ашиглаж ирсэн. Түрээсийн гэрээний хугацаанд У ХНН нь түрээсийн зүйл болох маргаан бүхий Калмар чингэлэг өргөгчид нийт 57 удаагийн 182 төрлийн сэлбэг материал, 16 ширхэг шинэ дугуй авч, нийт 365,808,407 төгрөгийн сэлбэг материал авч, тогтмол хугацаанд засвар үйлчилгээг хийсэн. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч чингэлэг ачигчийг зориулалтын дагуу ашиглах явцад элэгдлийн улмаас эвдэрсэн тул хариуцах хууль зүйн үндэслэлгүй. "М" ТӨХК-тай байгуулсан 2020 оны 11 сарын 01-ний өдрийн ***, *** дугаартай "Т түрээсийн гэрээ"-ний 2.4-т "Түрээсийн эд хөрөнгө тус бүр өөрийн үнэлгээтэй байна" гэж, түрээсийн гэрээний 1 дүгээр хавсралтын 2.6 дахь мөрөнд "чингэлэг ачигч ашиглалтад орсон Огноо-2012/01/01, тоо ширхэг-2, анхны өртөг 1,016,712,196.45 төгрөг, одоогийн өртөг 448,934,234.24 төгрөг, нийт өртөг 897,868,468.50 төгрөг гэж гэрээний талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. 2020 оны 11 сард гэрээ байгуулах үед 448,934,234.25 төгрөгийн өртөгтэй байсан Калмар чингэлэг өргөгчийг 1,016,712,196.45 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн нь баримтгүй, үндэслэлгүй байна. Түрээсийн гэрээгээр ашиглаж байсан Калмар нь гэмтэлтэй байна, зайлшгүй их засвар хийх шаардлагатай байна гэж 2021 оноос М ТӨХК-д хүргүүлсэн 2021 оны 04 сарын 21-ний өдрийн албан бичгээр тодорхой дурдсан. Гэвч М ТӨХК засвар хийх боломжгүй гэсэн байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У ХНН-ээс 448,934,234.25 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч М ТӨХК-д олгож, үлдэх 679,909,649.95 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,892,169.42 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У ХНН-ээс улсын тэмдэгтийн хураамжид 2,402,621 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ТӨХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

4.1. Шүүх хэргийг хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дахь хэсэгт дүгнэсэн асуудлаар талууд мэтгэлцээгүй, ямар нэгэн байдлаар маргаагүй бөгөөд №*** дугаартай чингэлэг шилжүүлэн ачигч Калмарыг 2011-2016 оны 4 cap хүртэлх хугацаанд хадгалалтын горим зөрчин эрс тэс уур амьсгалтай бүсэд ил задгай талбайд ашиглалтгүй орхисны улмаас хөдөлгүүрийн тэжээлийн далд сүлжээний утсанд богино холболт үүсэж гал гарсан гэсэн Д аймгийн Онцгой байдлын газрын шинжээчийн 2022 оны 05 сарын 09-ний өдрийн 01 дугаартай дүгнэлттэй нэхэмжлэгч маргаагүй, хүлээн зөвшөөрч байхад шүүх дээрх байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

4.2. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 дэх хэсэгт дурдсан үйл баримт ба шинжлэн судалсан нотлох баримтыг хэрхэн яаж үгүйсгэсэн талаар ямар ч дүгнэлт хийгээгүй атлаа үндэслэх хэсгийн 8 болон 10 дахь хэсэгт хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь ойлгомжгүй.

4.3. Мөн талуудын хооронд маргасан зүйлийн талаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 болон 6 дахь хэсэгт зөв тодорхойлон атлаа шийдвэртээ хэний буруу, ямар шалтгаанаас болж шатсан талаар дүгнэлт хийгээгүй тул шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

4.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д хариуцагчийг талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.6-д заасан үүргээ зөрчсөн гэж үзнэ гэсэн дүгнэлт хийжээ. Шүүгч ямар онцлогтой байгууллагуудын маргааныг шийдвэрлэж байгаагаа анхааран үзээгүй нь дээрх үндэслэлгүй, алдаатай дүгнэлт хийх үндэс болсон.

4.5. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 2.6-д ил доголдол, гэмтлийн талаар зохицуулсан бөгөөд талуудын маргааны зүйл нь далд гэмтлээс болж шатсан болохыг шүүх анхаарсангүй. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 4-т дурдсан нотлох баримтаар хариуцагч буруугүй болохоо бүрэн нотолсон байгааг шүүгч анхаараагүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй.

4.6. Мөн хариуцагч тал урсгал засварын хүрээнд D №*** маркийн чингэлэг өргөгчид 57 удаа, 182 нэр төрлийн сэлбэг материал, 16 ширхэг дугуй тавьж, 365,000,000 төгрөгийн засвар хийсэн байхад энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй. Энэ баримт нь тухайн Калмарын урсгал засварыг хийснийг батлах бөгөөд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.1-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн байгааг шүүгч анхаараагүй.

4.7. Мөн нэхэмжлэгч талыг 2016 онд түрээсийн гэрээ байгуулснаас хойш техникийн байдалд үзлэг хийх, засвар хийсэн байдал болон ашиглалтын талаар ямар ч үзлэг шалгалт хийдэггүй талаарх мэтгэлцээний талаар ямар ч дүгнэлт хийгээгүй байна.

4.8. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 дахь хэсгийн дүгнэлт нь Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.4-т заасан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Мөн 2016 онд уг шатсан Калмар нь 1,016,712,196.45 төгрөг байсан бол 2020 онд 448,934,234.25 төгрөг болж байгаа нь тухайн техник 7 жил ашиглагдаад өртөг үнэгүй болох бөгөөд их засвар хийж байж тэр хэмжээгээр ашиглах хугацаа сунгагдах болохыг огт анхаараагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал шатсан техникт их засвар хийгээгүй тул ашиглалтын хугацаа дууссан өдрөөс хойш 7 хоног өнгөрсөн буюу 2022 оны 04 сарын 07-ны өдөр шатсаныг огт анхаараагүй байна.

4.9. Шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг баримталсан байх бөгөөд гэрээний зүйл устсаныг гэрээнээс татгалзсан гэж үзэх үү, эрх зүйн харилцаа дуусгавар болж буй үйл явдал уу гэдэгт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, М ТӨХК-тийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Түрээсийн гэрээний хавсралтаар Калмар бүхий эд хөрөнгүүдийг түрээсэлж өгсөн. Түрээсийн гэрээний 2.6 болон 8-д түрээсийн гэрээнд заагдсан эд хөрөнгүүдийг түрээслэгч, түрээслүүлэгчийн эрх, үүргийн талаар тохиролцсон. Хариуцагч талаас бидний буруутай үйл ажиллагааны улмаас Калмар шатаагүй гэж тайлбарладаг. Тухайн шатсан Калмар нь 2020 оны 01 сараас 2020 оны 04 сарын 07-ны өдөр хүртэл ямар байдалтай үйл ажиллагаа нь явагдаж байсан талаар ашиглалтын дэвтэр, паспортод тусгагдсан. Өөрөөр хэлбэл, чингэлэг тогтмол тосол нь гоождог байсан, тосол байнга нэмдэг. Тосол гоожихдоо эд ангиуд дээр гоождог. Үүний улмаас гал гарсан. Хариуцагч тал түрээсийн эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ хэрэгжүүлээгүй. Гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүйн улмаас үүссэн хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч М ТӨХК нь хариуцагч У ХНН-т холбогдуулан чингэлэг өргөгч /Калмар/-ийн үнэ 1,016,712,196 төгрөг, олох ёстой байсан орлого 130,131,688 төгрөг, нийт 1,146,843,884 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 44-47/

 

3.   Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1.Талууд 2020 оны 12 сарын 16-ны өдөр Т түрээсийн гэрээ-г 4 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр М ТӨХК нь Д аймгийн З сум дахь Шилжүүлэн ачих цогцолбор-1, түүний бүрэлдэхүүн хэсэгт орсон байгууламжийг төмөр замын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар цогцоор нь түрээслүүлэх, У ХНН нь түрээсийн төлбөрт нэг сард 60,000,000 төгрөг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон; /хх 6-10/

3.2.Талууд дээрх гэрээний хавсралт-1-ээр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгсөн эд хөрөнгийн жагсаалтыг баталсан байх ба уг жагсаалтын 2.6-д 2012 онд ашиглалтад орсон, гэрээ байгуулах үеийн байдлаар тус бүр нь 448,934,234 төгрөг, нийт 897,868,468 төгрөгийн өртөг бүхий 2 ширхэг чингэлэг ачигч /Калмар/ тусгагдсан; /хх 11/

3.3.Улмаар 2022 оны 04 сарын 07-ны өдөр 10 цаг 52 минутын орчимд Шилжүүлэн ачих цогцолбор-1-ийн талбайд чингэлэг ачигч /Калмар/ шатсан; /хх 21-32/

3.4.Д аймгийн Онцгой байдлын газрын 2022 оны 05 сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд ...чингэлэг ачигч /Калмар/ нь цахилгаан утасны монтажаас болж гарсан байх магадлалтай..., ...чингэлэг ачигч /Калмар/ нь 2011-2015 онуудад шилжүүлэн ачих ангийн талбайд хөдөлгөөнгүй зогссоны улмаас цахилгааны монтаж, бүрээс утсанд элэгдэл үүссэн байх магадлалтай..., ...чингэлэг ачигч /Калмар/-аар жилийн 365 хоног, 24-н цагаар чингэлэг ачиж, буулгадаг байсан... тухай дурдсан. /хх 21-22/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

5. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...хариуцагч байгууллагын эзэмшил, ашиглалтад байх хугацаанд чингэлэг ачигч /Калмар/ шатаж, устсан тул хохирол, олох байсан орлогыг гаргуулах үндэслэлтэй... гэж тайлбарласан бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...чингэлэг ачигч /Калмар/ ашиглалтгүй 4 жил зогссоны улмаас цахилгааны монтаж, бүрээс утас элэгдсэний улмаас гал гарсан, чингэлэг ачигч /Калмар/ шатсан явдалд хариуцагч байгууллага буруугүй, хариуцагч байгууллага нь цаг тухайд нь засвар, үйлчилгээг хийж байсан, түрээсийн зүйл буюу чингэлэг ачигч /Калмар/-д их засвар, үйлчилгээ хийх шаардлагатай байгаа тухай нэхэмжлэгч байгууллагад мэдэгдэж байсан... гэж тайлбарлан маргасан байна.

 

6. Хариуцагчийн дээрх татгалзал, давж заалдах гомдол нь дараах бичгийн нотлох баримт болон үйл баримтаар няцаагдаж байх тул уг татгалзал, давж заалдах гомдлыг хүлээн авч, хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Үүнд:

6.1.Түрээсийн гэрээний 8.1-д түрээслэгч нь түрээсийн зүйлийн бүрэн бүтэн байдал, холбогдох бүхий л эрсдэлийг хариуцах нөхцөлийг тусгасан байх ба түрээсийн зүйл буюу чингэлэг ачигч /Калмар/ нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад байх хугацаанд шатсан;

6.2.Талуудын хооронд анх 2016 оны 03 сарын 10-ны өдрөөс түрээсийн гэрээний харилцаа үүссэн буюу түрээслэгч нь түрээсийн зүйл болох чингэлэг ачигч /Калмар/-ийг 2016 оны 03 сараас 2022 оны 04 сар хүртэлх хугацаанд эзэмшиж, ашигласан үйл баримт тогтоогдсон; /хх 108-114/

6.3.У-ын З шилжүүлэн ачих ангийн 2022 оны 06 сарын 29-ний өдрийн *** тоот албан бичигт ...Чингэлэг ачигч /Калмар/-ид 2021 оны 11 сарын 24-ний өдөр Өргөх тээвэрлэх механизмын Хяналтын улсын байцаагчаар техникийн бүрэн магадлагаа хийлгэсэн бөгөөд 2022 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл хүчинтэй байгаа тухай дурдсан. /хх 61/

 

7. Дээрхээс үзвэл, түрээслэгч нь түрээсийн зүйлийг 2011-2015 онуудад ашиглалтгүй зогссон гэдгийг мэдсээр байж хүлээн авч, улмаар 2016-2022 онуудад эзэмшиж, ашигласан, мөн түрээсийн зүйлийг доголдолтой, гэмтэлтэй гэж үзсэн бол түрээсийн гэрээний 2.6, 2.7-д зааснаар түрээсийн зүйлийг ашиглахыг хориглох, ашиглах боломжгүй болохыг хамтарсан актаар тогтоож, цаашид түрээсийн төлбөр төлөхгүй байх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байтал хэрэгжүүлээгүй гэж дүгнэхээр байна.

Зургаан жилийн хугацаанд эзэмшиж, ашигласан чингэлэг ачигч /Калмар/-ийг доголдолтой, гэмтэлтэй байсан гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн, түрээслэгчийн зүгээс хийсэн засвар, үйлчилгээнүүд нь цахилгааны монтаж, цахилгааны утас-тай холбоогүй байх тул уг тайлбар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй. /хх 55-60/

 

8. Иймд нэхэмжлэгч М ТӨХК нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо арилгуулахаар хариуцагч У ХНН-ээс шаардах эрхтэй. Гэрээнээс татгалзснаас учирсан хохирол шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийн зохицуулалтыг анхан шатны шүүх баримталсан нь буруу тул залруулна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгсөн эд хөрөнгийн жагсаалт, түүнд дурдагдсан өртгийг үндэслэн нэхэмжлэгчид учирсан хохирлыг 448,934,234 төгрөг гэж тооцон уг дүнг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 679,909,649 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй.

 

9. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг оновчгүй баримталсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

Түүнчлэн, анхан шатны шүүх иргэний гүйлгээнээс гарсан задгай мөнгийг гаргуулахаар шийдвэртээ тусгасан нь шүүхийн шийдвэр хэрэгжих боломжтой байх зарчимд харшилж байх тул задгай мөнгийг хассан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 12-ны өдрийн 102/ШШ2023/02297 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...227 дугаар зүйлийн 227.1... гэснийг ...219 дугаар зүйлийн 219.1... гэж, ...448,934,234 төгрөг 25 мөнгийг гаргуулан, ... гэснийг ...448,934,234 төгрөгийг гаргуулан... гэж, ...үлдэх 679,909,649 төгрөг 95 мөнгөний нэхэмжлэлийг... гэснийг ...үлдэх 679,909,649 төгрөгт холбогдох шаардлагыг... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 07 сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 2,402,622 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 Д.НЯМБАЗАР