Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01564

 

 

А.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2023/01490 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.М-гийн хариуцагч Т.А-т холбогдуулан гаргасан 69,964,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, түүний өмгөөлөгч Б.Сүрэнхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нармандах, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Т.А- 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ...мөнгөний хэрэгцээ гараад байна, мөнгө түр өгч туслаач гэсний дагуу А.М- Худалдаа хөгжлийн банк ХХК дахь данснаас 28,490.03 ам.долларыг шилжүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл энэхүү мөнгийг буцаан өгөөгүй. Иймд Т.А-аас 28,490.03 ам.долларыг Монголбанкны ханш 2,455.77 төгрөгөөр тооцож 69,964,960 төгрөгийг гаргуулна.

Т.А- тус мөнгөн хөрөнгийг Ай бэрри ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарласан боловч компанийн 8 гишүүдийн хооронд хөрөнгө оруулах талаар тохиролцоо байсан эсэх, дээрх мөнгийг компанийн үйл ажиллагаанд хэрхэн зарцуулсан талаар баримтгүй. Ай бэрри ХХК-ийн захирал О.Тэмүүлэн Т.А-тай тохиролцож мэдүүлэг өгөхдөө адилхан тайлбар гаргасан. А.М- Т.А-тай компанийн хувьцаа эзэмшигч, гишүүд байсны хувьд найз нөхдийн холбоотой байсан ч мөнгөн шилжүүлсэн асуудал компанид хамааралгүй гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Т.А- нь А.М-гаас 28,490.03 ам.долларыг зээлээгүй. Т.А- болон А.М- нар хамтарч Й Е ХХК-ийг үүсгэн байгуулсан. А.М- тоног төхөөрөмжийн төлбөр гэж дээрх мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн. Хэрэгт авагдсан гүйлгээний утгыг тоног төхөөрөмжийн төлбөр гэж бичсэн. Т.А- О.Тэмүүлэнгийн данс руу тус мөнгөн хөрөнгөөс 17,500 ам.долларыг шилжүүлсэн. Т.А- өөрийн хувийн хэрэгцээнд зориулж зээлсэн бол компанийн захирлын данс руу шилжүүлэхгүй байсан. Мөн 9,000 орчим ам.долларыг Т.А-, н.Учрал, А.М- нарын онгоцны тийзэд зарцуулсан, үлдэгдэл 2,000 ам.долларыг компанийн хэрэгцээнд зарцуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.А-аас 69,964,960 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.М-д олгож,

3.2. нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 507,775 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. А.М- зээлсэн 28,490.03 ам.доллар гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ... мөнгө зээлдүүлсэн ... тоног төхөөрөмж авах гэж хүссэн ... гэж зөрүүтэй тайлбарласан. Түүнчлэн, гэрч зээлдүүлсэн гэх 28,490.03 ам.долларыг хэрхэн зарцуулсан, тоног төхөөрөмжийг хэнд хүлээлгэн өгсөн талаар мэдүүлсэн байхад шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн.

А.М- болон Т.А- нарын төлбөрийн асуудал байхгүй. Мөнгөн хөрөнгө шилжүүлсэн баримтад тоног төхөөрөмжийн төлбөр гэж бичсэн. Й Е ХХК-ийн захиалсан 3 ширхэг майнерын машиныг оруулж ирсэн. А.М- уг машиныг ажиллуулж байгаад төрсөн дүүдээ хүлээлгэн өгсөн. Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

Талууд хамтарч ажиллаж, кампани үүсгэн байгуулж байсан. Т.А- гадаад улсад мөнгө шилжүүлээч гэсний дагуу шилжүүлсэн. Тэр үедээ тоног төхөөрөмж оруулж ирэх талаар ярьсан. Т.А- тоног төхөөрөмжийг компанид оруулсан гэж тайлбарласан. Тус компанийн гүйцэтгэх захирлаас гаргаж өгсөн баримт байхгүй. Иймээс үндэслэлгүй хөрөнгөжсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан. Хариуцагч гаргасан тайлбараа нотлох үүрэгтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянахад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

1. Нэхэмжлэгч А.М- хариуцагч Т.А-т холбогдуулан зээлдүүлсэн гэж 28,490.03 ам.доллар буюу 69,964,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. (хх-ийн 1, 3, 60)

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... А.М-гаас мөнгөн хөрөнгө зээлээгүй, нэхэмжлэгчтэй хамтран Й Е ХХК-ийг байгуулсан, маргааны зүйл болох мөнгөн хөрөнгийг тоног төхөөрөмж авахаар шилжүүлсэн тул буцаан төлөх үндэслэлгүй гэж тайлбар гаргаж, Й Е ХХК-ийн тодорхойлолт, тус компанийн дүрэм, гэрчилгээ, дансны хуулга хавсаргаснаас гадна гэрчээр О.Тэмүүлэнг асуулгажээ.

3. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас талуудын хооронд зээлдүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тайлбарласан байхад ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өөрчлөгдсөн эрх зүйн үндэслэлийн талаар талуудыг бүрэн мэтгэлцүүлээгүйгээс гадна, хариуцагчийн тайлбарлаж байгаа хамтран Й Е ХХК-ийг байгуулахаар тохиролцсон эсэх, уг компанид хөрөнгө оруулсан эсэх үйл баримтыг тодруулаагүй, энэ талаар ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийлгүй хэргийг хянан шийдвэрлэжээ.

Иймд шүүх талуудын хоорондох эрх зүйн маргаантай харилцааны төрлийг зөв тогтоогоогүй, маргааны зүйлийг үндэслэлтэй тодорхойлж чадаагүй, хэргийн оролцогчдын шаардлага, үндэслэл тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрөө тодорхойлох боловч нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 28,490.03 ам.доллар нь зээл, эсхүл хөрөнгө оруулалтын аль нь болох нь тодорхой бус, түүнчлэн, гэрч О.Тэмүүлэн болон хариуцагчийн тайлбарт дурдсан майнерийн тоног төхөөрөмж нь хэний эзэмшил ашиглалтад байгааг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байж болохоор байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тус тус тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс өөрчилж дүгнэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2023/01490 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нармандахын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 507,775 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Н.БАТЗОРИГ