Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/08

 

                             

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж

Улсын яллагч: С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.А

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б Бт холбогдох эрүүгийн 1812.... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн Б Б /РД:/

 

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Хайлааст гэх газар иргэн Ү.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөрдөн байцаалтын үед:

 

    Хохирогч Ү.Бгийн өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутагт байрлах Хайлааст гэх газар өвөлжөөний хажууд өвс хадаж байхад нутгийн иргэн Б ирсэн. Б энэ газрыг чи хэзээ мэдэж өвс хаддаг болсон юм бэ энэ манай газар гээд надтай маргалдсан. Би энэ газар манай газар чи юу мэддэг юм бэ гэж уурлахад над руу дайраад намайг алгадсан. Тэр үед хамт байсан Балжка гэх залуу Бөө та эмэгтэй хүн зодохоо болиоч гээд хүрч ирээд салгасан. Намайг машиндаа суулгаад явах гэтэл Б намайг араас чирч татаад машинд суулгахгүй байсан... Б зүүн талын гараараа миний хацар руу нэг удаа алгадсан, гараа атгаагүй алгадсан. Өөр цохиж зодоогүй. Тухайн үед Балжка болон Магнай гэх нутгийн залуучууд, мөн Д гэх Төвшрүүлэх сумын засаг даргын орлогч дарга байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/ 

 

          Гэрч Б.Вн өгсөн: ... Би 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрт байрлах Хайлааст гэх газар би өвс ачаад байж байсан юм. Гэтэл Б болон Б нар хадлангийн талбайгаас болоод хоорондоо маргалдаж эхэлсэн. Би тэр үед өвсөө машин дээр ачаад байж байсан болохоор сайн мэдэхгүй байна. Гэнэт Б намайг цохичихлоо гээд орилсон би гүйж очоод Бийг салгаж аваад та болиоч яагаад эмэгтэй хүнтэй хэрүүл хийгээд байгаа юм бэ гэж хэлээд Бийг мотоцикль дээр нь суулгаж өгөөд явуулсан. Б ч гэсэн харихаар явсан. Тэр хоёр хадлангийн талбайгаас болоод хоорондоо хэрэлдсэн байх би сайн мэдэхгүй байна, яагаад гэвэл би тэр хоёроос 20 метр орчим зайтай өвс ачиж байсан. Тухайн үед тэр хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэр үед манай нутгийн залуу Б, Б, Б, Бтэй хамт явж байсан нэг танихгүй залуу байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/ 

 

          Гэрч Б.Бн өгсөн....Б болон Б нар маргалдаад байсан би тэд нараас 25-30 метр орчим зайтай байсан учраас яг юу болоод байгааг сайн мэдэж чадаагүй. Манай хадлангийн талбай, танай хадлангийн талбай биш гэх мэт хоорондоо хэрэлдээд байсан.  Тухайн үед тэр хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэр үед би байсан, манай нутгийн залуу Балжка, Б, Б, бас Б нэг хүнтэй хамт явж байсан би тэр хүнийг танихгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/

 

Гэрч Ю.Дийн өгсөн....2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагийн үед найз Бтэй хамт гэрт нь байж байгаад Төвшрүүлэх сумын Баян-Өндөр баг, Хайлааст гэх газарт хадлан хадаж байгаа хүмүүс дээр очсон. Бид хоёрыг очих үед Б, В, Б нар өвс хадаж байсан. Б хүмүүстэй ойр зуурын юм ярьж байхад Б гэж хүүхэн та энд яах гэж ирсэн юм. Манайх хадлангийн талбай дээрээ байна гэх мэтийн үг хэлэх шиг болсон. Тэгээд Б Б хоёр гэнэт жижиг зүйлээс болж маргалдаад Б Бг чи ах захаа хүндэлсэнгүй гэтэл Б өөдөөс нь нүүр ам руу нь дайраад гараа савчуулаад байсан. Б чи өөрөөсөө настай хүн хүндэлсэнгүй гэж тэрхэн зуур уцаарлаад Бг нэг удаа алгадсан. Тэгээд удалгүй салцгаагаад би гэртээ харихаар сумын төв рүү явсан. Нэг их зүйлээс болоогүй, ялихгүй зүйлээс л болж маргалдсан. Б л нэг удаа Бг алгадсан. Тухайн үед гараа атгаагүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/

 

  Б.Бийн яллагдагчаар өгсөн... 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг Хайлааст гэх газарт хадлан хадаж байсан хүмүүс дээр би очоод ойр зуурын юм ярилцаж байтал Б ирсэн. Б намайг үг хэлээр доромжлоод байхаар нь ах захаа мэдэхгүй надтай маргалдлаа гэж би бухимдаад Бг нэг удаа алгадсан явдал болсон. Үүнээс болоод Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна би үүнийг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа ойлгож байна цаашид ийм алдаа дутагдал гаргахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27  хуу/ 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 443 дугаартай дүгнэлт:

1. Ү.Бгийн биед тархи доргилт, баруун, зүүн бугалганы гадна дээд хэсэг, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тархи доргилт гэмтэл нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь тус бүр биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 4 хуу/

 

Б.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 22 хуу/ 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 23 хуу/  

Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 29 хуу/

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 32-33 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Хайлааст гэх газар иргэн Ү.Бтай маргалдан түүнийг зодож тархи доргилт, баруун, зүүн бугалганы гадна дээд хэсэг, баруун өвдөгт цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ү.Б, гэрч Б.В, Б., Ю.Д нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 443 дугаар дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд  шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно. 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Ү.Бг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед үүссэн гэмтлүүдээс тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 443 дугаар дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.      

Аймгийн Прокурорын газраас Б.Бийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.   

Иймд шүүгдэгч Б.Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дах заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.  

 

Хохирогч Ү.Б нь мөрдөн байцаалтын үед Төвшрүүлэх сумаас Архангай аймаг руу гурван  удаа /өргөдөл өгөх, мэдүүлэг өгөх, хавтаст хэрэгтэй танилцах/ ирж очсон зардлаа нэхэмжилсэн боловч хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхой бус, мөн уг баримтыг /хх-ийн 28 хуу/ нотлох баримтыг хэмжээнд үнэлэх боломжгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                             

                                                       ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б овгийн Б Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг дагуу шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ОДХҮҮ