Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01568

 

 

Э.Р-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/01822 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Р- хариуцагч Г.А-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Р-, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Э.Р- нь Г.А-той 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 21,000,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч Г.А-ийг зээлийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч тэрээр үүргээ биелүүлээгүй. Иймд Г.А-оос 21,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч тайлбар, татгалзал гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Г.А-оос 21,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Э.Р-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Э.Р- нь орон сууц авах зорилгоор н.Оюун-Эрдэнээр дамжуулан Г.А-той танилцсан. Г.А- ...21,000,000 төгрөгийг дансаар авахгүй бэлнээр Д.Мөнхтуяагаар дамжуулан өгөөрэй гэсний дагуу Д.Мөнхтуяагаар дамжуулан өгсөн нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон. Улмаар Г.А- нь орон сууцанд оруулж чадахгүй гэсэн учраас Э.Р- түүнд өгсөн 21,000,000 төгрөгийг буцаан авъя гэхэд тэрээр ... одоо өгч чадахгүй, хэд хоногийн дараа өгье, түр зээлье гэсний дагуу Э.Р- нь Г.А-той 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Зээлийн гэрээг байгуулж зээлдэгч 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон боловч үүргээ биелүүлээгүй.

Г.А- нэхэмжлэлийг гардаж авсан боловч тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийг хохироосон. Хэрэгт авагдсан баримт болон гэрчийн мэдүүлэг, зээлийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 21,000,000 төгрөг авсан болох нь нотлогдож байхад анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг баримталсан, бусдыг хохироосон хариуцагчийн үйлдлийг зөвтгөх байдлаар шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус зааснаар үнэлээгүй, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

1. Нэхэмжлэгч Э.Р- хариуцагч Г.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

1.1. Талуудын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Э.Р- нь зээлдэгч Г.А-т 21,000,000 төгрөгийг зээлэх, зээлдэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 06-наас 16-ны өдрийн хооронд дээрх мөнгөн хөрөнгийг буцаан төлөхөөр тохиролцсоноос дүгнэвэл, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

1.2. Зээлдүүлэгч Э.Р- дээрх гэрээний дагуу зээлдэгч Г.А-т 21,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь гэрч Д.Мөнхтуяагийн ... Э.Р-аас 21,000,000 төгрөг авч Г.А-т өгсөн гэх мэдүүлгээр тогтоогдсон ба хариуцагч үүнийг үгүйсгэж тайлбар, нотлох баримт гаргаагүй байхад шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч тайлбар гаргаагүйгээр хүлээн зөвшөөрсөн маргаагүй гэж үзэхээр шүүх санаачлагаараа зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар дүгнэсэн нь буруу болжээ.

1.3. Хариуцагч Г.А- нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар үгүйсгэсэн тайлбар, татгалзлаа баримт гаргах үүргээ тус тус биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүлйинй 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй. Энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлтэй болно.

1.4. Иймд нэхэмжлэгч Э.Р- хариуцагч Г.А-т зээлийн гэрээний дагуу 21,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн гэж тайлбарлаж, уг тайлбараа зээлийн гэрээ, гэрчийн мэдүүлгээр давхар нотолсон тул хариуцагч Г.А-оос 21,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Р- нь олгох нь Иргэнийн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/01822 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.А-оос 21,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Р-т олгосугай гэж,

2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Г.А-оос 262,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Р-т олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Э.Р-ын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 262,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Н.БАТЗОРИГ