Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/32

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж

Улсын яллагч: Н.Цогтбаяр 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ 

Шүүгдэгч: О.Ц нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн О-ийн Ц-д холбогдох 1812005200308 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч:  Б овгийн О-ийн Ц

 

                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч О.Ц нь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны орой Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан баг, ,,,гэх газраас иргэн С.Д-ийн 6 тооны адууг хулгайлж, 4.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөрдөн байцаалтын үед: 

 

                Хохирогч С.Д-гийн өгсөн:...Би 2018 оны 09 дүгээр сарын 20-нд адуугаа бүртгэж үзэхэд манай адуу бүрэн байсан. Дараа нь 2018 оны 09 дүгээр сарын 25-нд адуундаа явтал манай адуунаас 6 тооны адуу хулгайд алдагдсан байсан. Тухайн адуунууд адуунуудаасаа ер салдаггүй, таван унамгай тарган морь нэг сувай гүү хулгайд алдагдсан байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан. Манай хулгайд алдагдсан 6 тооны адуу нь бүгд зөв гуяандаа ижил загасан тамгатай бөгөөд 1 тооны хар морь, 3 тооны хээр морь, 1 тооны хүрэн морь, 1 тооны хүрэн сувай гүү байсан. Би гүүгээ зах зээлийн ханшаар 700.000 төгрөгөөр 5 морио нэг бүрийг нь 800.000 төгрөгөөр үнэлж байна. Уг хэрэгт холбогдуулан ямар нэгэн сэжиглэж байгаа хүн байхгүй. Хохирлоо бүрэн барагдуулаад авчихвал гомдол санал байхгүй...би өөрийн 6 тооны адуугаа Булган аймгийн Дашинчилэн сумаас бүрэн бүтэн хүлээж авсан. Адуугаа хайж явсан болон бусад зардлыг Ц-гээс гаргуулж авсан. Одоо надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 15-16 дугаар хуу/ 

  Гэрч  Б.С-гийн өгсөн:...Би 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын төв рүү хувийн ажлаар орж ирээд орой 20 цагийн орчимд хөдөө гэр рүүгээ харих гээд явж байгаад Ц*-тэй таарсан юм. Гэтэл Ц би хүнээс адуу авсан юм ачих гэсэн ганцаараа болчихоод байна хамт яваад ачилцаад өгөөч гэхээр нь би хамт явж ачилцаад буцаж явтал Ц ганцаараа замд адуу уначихвал ханьтай явчихаад ирье гэхээр нь би хамт явсан юм. Тэгээд би замдаа унтаад явж байтал хүн ярих шиг болохоор нь сэртэл Булган аймгийн Номт гэх газарт Ц замын хажууд зогсчихсон нөгөө хүн нь машин эвдэрчихлээ нялх хүүхэдтэй хүнтэй яваа замдаа сэлбэгтэй газар дөхөөд бууя гэж хэлж байсан. Тэгээд тэр залууг аваад хамт явж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө 09 цагийн үед  Булган аймгийн Дашинчилэн сум орж Ц хүнээс энд адуу худалдаж авдаг уу гэтэл адуу авдаг гээд утасны дугаар өгөхөөр нь тэр утас руу нь ярьж ченжид ачиж явсан 6 тооны адуугаа зарсан. Тэгээд Ц бид хоёр Архангай аймгийн Хайрхан суманд буцаж ирсэн. Тухайн үед Цэ-гийн ачиж явсан адуу нь загасан тамгатай 6 тооны адуу байсан ба 1 сувай хүрэн гүү, 3 хээр морь, 1 хар морь, 1 хүрэн морь нийт 6 тооны адуу байсан. Би тухайн үед Ц-г хулгай хийж байгаа гэж бодоогүй. Өмнө нь байнга мал худалдаж авдаг байсан учраас ямар нэгэн буруу зүйл бодоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуу/ 

           Гэрч Н.Б-ын өгсөн:... Би Архангай аймгийн Хайрхан сумын иргэн Ц гэдэг гэдэг залууг зүс танина. Тухайн залуу 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө 09 цагийн орчимд  Булган аймгийн Дашинчилэн сумын төвд байрлах миний хувийн эзэмшлийн Огуль хөгжил нэртэй дэлгүүрийн гадаа 83-35 АРА гэсэн улсын дугаартай ачааны авто машинтай 2 залуугийн хамт ирээд надаас адуу авах уу гэж асуухаар нь би адууг нь үзээд 6 адууг 4.300.000 /дөрвөн сая гурван зуун мянга/ төгрөгөөр Ц-нгээс худалдаж авсан. Тэгээд мөнгийг нь тухайн үед нь Ц-гийн данс руу шилжүүлсэн. Худалдаж авсан адуугаа өөрийнхөө хашаанд буулгаад 2018 оны 09 дүгээр сарын 25-нд Улаанбаатар хотын Эмээлтийн мал нядалгааны газар дээр тухайн адууны эзэнтэй таарч хулгайн адуу болохыг нь мэдсэн юм. Ц гэх залуу надад адуу зарахдаа багийн даргын тодорхойлолт, малын эрүүл мэндийн гарал үүслийн гэрчилгээ зэрэг бичиг баримтуудыг хамт өгсөн. Түүнээс өөр ямар нэгэн бичиг баримт үлдээгээгүй. Ц-тэй хамт явсан хоёр залууг танихгүй одоо харвал зүс танина. Ц болон хамт явсан хоёр залуучууд нь 25 орчим насны нэгэн үеийн залуучууд байсан бөгөөд тухайн залуучуудыг би сайн анзаараагүй одоо харвал танина...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуу/ 

       Гэрч А.Ц-ын өгсөн:.. 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр намайг Архангай

аймгийн Хайрхан сумын төвд орших гэртэй байж байтал манай нутгийн залуу болох Ц ганцаараа орж ирээд малын бичиг авъя гээд байсан. Би Ц-д чи өөрийнхөө багийн даргаас тодорхойлолт аваарай гэж хэлтэл, Ц манай багийн дарга ээлжийн амралтаа авсан байна та хийгээд өгөөч гээд байсан. Тэгээд 6 тооны адууны бичиг хийлгэж авсан бөгөөд 3 тооны хүрэн зүстэй, 2 бор хээр зүстэй, 1 хээр зүстэй үрээ нийт 6 тооны адууг хот руу аваачиж зарах гэж байгаа гээд багийн даргын тодорхойлолт, мал эмнэлгийн бичиг хийлгэж авсан.. би ямар адууг авч явах гэж байгаа талаар нь асуугаад хэлснээр нь бичиж өгсөн. Хөдөөний малчин хүмүүс гарал үүслийн бичиг авахдаа малаа авч ирж харуулдаг бөгөөд зарим үед малаа авч ирэх боломжгүй байна гээд хэлснээр нь тодорхойлолт хийгээд явуулдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дугаар хуу/  

Гэрч Л.О-гийн өгсөн: ... Миний хүү Ц нь 1994 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын эмнэлэгт төрсөн. 3 хүүхэдтэй айлын хамгийн том хүүхэд нь  байгаа юм. Бага насаа ээжтэйгээ Улаанбаатар хотод өнгөрүүлсэн бөгөөд Нийслэлийн 84-р дүгээр сургуульд 7 дугаар анги төгсөөд 2007 онд Архангай аймгийн Хайрхан суманд ээжийн хамт шилжиж ирээд 11 дүгээр ангиа төгссөн. Тэгээд Монголын Үндэсний дээд сургуулийг дулааны инженер мэргэжилтэй төгсөж байсан. Одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа бөгөөд 2017 онд дээд сургуулиа төгссөн юм. Миний хүү Ц спорт урлагын авъяастай бөгөөд жүдо бөх, үндэсний бөхөөр барилддаг сумын харцага цолтой, аймгийн аварга шалгаруулах тэмцээн бүсийн тэмцээн уралдаанд оролцож медаль авч байсан. Зан байдлын хувьд даруухан, тусч, ажилч хичээнгүй зантай. Элдэв буруу зан аашгүй, архи, тамхи хэрэглээд байдаггүй. Найз нөхдөдөө нэр хүндтэй. Би ямар хэрэгт холбогдсон талаар нь мэдэхгүй. Ц надад хэлэхдээ би ганцаараа айлын 6 тооны адууг хулгайлсан гэж л хэлсэн. Хохирогч Д-г гомдол саналгүй болгосон. Би өөр зүйл мэдэхгүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуу/

Гэрч Б.Б-ийн өгсөн:... Д, Ц нарыг нутгийн хүн болохоор нь танина, Ц нь миний хариуцдаг Өгөөмөр багийн иргэн. Ц, Д нартай төрөл садангийн холбоо харилцаа байхгүй. Би 2018 оны 09 дүгээр сарын 01-нээс 11  дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ээлжийн амралт, чөлөө авсан юм. Би 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Солонгос улс руу явсан. Цгийн хойд аав Батсайхан нь 50 гаран тооны адуутай бөгөөд Ц 2017 оноос хойш өрх тусгаарлаж өөрийн гэсэн малын А данс нээлгэж эхэлсэн 5 тооны адуутай гэж малын тоогоор бүртгүүлсэн байна. Ер нь Ц-х адуу ихтэй айл байдаг. Ц-йн ээж Батсайхантай гэр бүл болоод 10 гаруй жил болж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуу/

О.Ц-гийн яллагдагчаар өгсөн: ... 2018 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө би Архангай аймгийн Хайрхан сумын төвөөс ганцаараа өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклиор Хайрхан сумын төвийн баруун зүст орших Хайрхан багийн Дахт гэх газар руу явсан. Замд явж байтал мотоцикпийн гэрэлд 20 - 30 орчим тооны адуу тааралдахаар нь ганцаараа адуунуудыг туугаад сумын төвийн хажууд байдаг эзэнгүй айлын хашаанд аваачиж хашаад 6 тооны адуу барьж авсан. Үлдсэн адууг нь хашаанаас гаргаад үлдээсэн. Тэгээд би сумын төв рүү 21 цагийн үед ороод өөрийн гэрээсээ 83-35 АРА улсын дугаартай пронтер маркийн машиныг унаад адууг ачих гээд явж байгаад өөрийн найз С-тай тааралдсан. Би С-аас адуу авсан тэрийгээ ачих гэсэн чинь ганцаараа байна гэж хэлээд С-г машиндаа суулгаад авч явсан. Тэгээд адуунуудаа шөнийн 12 цагийн үед ачаад Улаанбаатар хот руу явсан. Би энэ адууг хулгайлж ачихаасаа өмнө 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр багийн даргаас 6 тооны адуу хот руу авч явах гэж байгаа гээд тодорхойлолт авсан бөгөөд яг адуугаа ачих гэж байтал манай адуунууд цахилаад алга болчихсон. Тэгээд хайгаад олдохгүй болохоор нь хулгай хийчихсэн юм...Би Б гэдэг хүнтэй уулзаад 6 адууг 4.300.000 төгрөгөөр өгсөн. Тэгээд замаас суусан залууг сумын төвд үлдээгээд С бид 2 Хайрхан сум руу гэр рүүгээ явсан. Гэртээ хариад байж байтал адуу худалдаж авсан ченж Болд надаас авсан адуугаа хот руу оруулж зарах гэж байгаад адууны эзэнд баригдсан байсан. Хэрэг илэрч би хохирогч Доржтовууг гомдол саналгүй болгосон... Би анх хулгай хийхдээ хохирогч Д-угийн адуу гэдгийг мэдээгүй. Тухайн адуунууд нэг хар зүстэй морь, гурван улаан хээр зүстэй морь, нэг хүрэн морь, нэг хүрэн гүү нэг, нийт 6 тооны адуунууд байсан. Зөв талын гуян дээрээ загасан тамгатай байсан. Өөр содон шинж тэмдэг байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 дугаар хуу/ 

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 6-7 хуу/

  Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 8-9 хуу/

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 25 хуу,32 хуу, /

Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан багийн засаг даргын тодорхойлолтын хуулбар /хх-ийн 26 хуу/

Мал, амьтны эрүүл мэнд, гарал үүслийн гэрчилгээ олгосон баримтын хуулбар /хх-ийн 27 хуу/

Гарал үүслийн гэрчилгээ олгосон журналын хуулбар /хх-ийн 33-34 хуу/

Мустанг-5 маркийн мотоциклийн үнэлгээ, 6 тооны адууны үнэлгээ гаргасан шинжээчийн 283, 250 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 43 хуу, 47 хуу/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 44 хуу, 48-49 хуу/  

Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 62-63 хуу/

О.Цэнгэлсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67 дугаар хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 68 дугаар хуу/

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 72-73 дугаар хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч О.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч О.Ц- нь 2018 оны 09 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан баг, Дахт гэх газраас хохирогч С.Д-гийн 6 тооны адууг мотоцикль ашиглан нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Шүүгдэгч О.Ц нь хэргийн нөхцөл байдал болон өөрийн үйлдэл, хулгайлан  авсан малын тоо, шинж чанарын хувьд маргаагүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч С.Д, гэрч Б.С, Н.Б, А.Ц, Л.О,  Б.Б нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч О.Ц болон шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.  

 

Аймгийн Прокурорын газраас О.Ц-ийн бусдын малыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Иймд О.Ц-г бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна.     

Мөн О.Ц нь өөрийн эзэмшлийн улсын дугааргүй мустанг 5 маркийн мотоциклиор хохирогчийн адууг бэлчээрээс нь тууж, хашаанд хашиж барьсан болох нь тогтоогдсон бөгөөд мотоциклийг гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор ашигласан гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу мотоциклийг хурааж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Дд 4.150.000 /дөрвөн сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч О.Ц нь мөрдөн байцаалтын үед гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн талаар мэдүүлэг өгсөн, хохирогч С.Д нь мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэх зүйлгүй талаар дурдсан, хавтаст хэргийн материалтай танилцах үедээ “гомдол санал байхгүй, хохирол төлбөрөө авсан” гэсэн / хх-ийн 72 хуу/ байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байна гэж дүгнэв.  

Шүүгдэгч О.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч О.Цэнгэлсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн мотоциклийг О.Ц-д хариуцуулсан болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Мустанг 5 маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон   

                                            

                                                 ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Б овгийн О. Ц-г бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-г 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч О.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч О.Цд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар хурааж улсын төсөвт шилжүүлэх, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

5. Шүүгдэгч О.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн мотоциклийг О.Ц-д хариуцуулсан болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Мустанг 5 маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

7. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ