Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
Хэргийн индекс | 147/2016/0218/и |
Дугаар | 272 |
Огноо | 2016-07-25 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 272
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2016 оны 07 сарын 25-ны өдөр Дугаар 272 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг “Шарилжтай” гэх газарт нутаглах, /РД:ЛЗ55110471, утасны дугаар 99579683/ Боржигон овогт Чойжилын Батхүрэлийн
“Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Батхүрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Ч.Батхүрэл нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1971 оны 04 дүгээр сараас 01-ний өдрөөс 1973 оны 04 дүгээр сарыг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1973 оны 05 дугаар сард цэргийн албанд татагдаж Улаанбаатар хотод 073 дугаар Барилгын цэргийн ангид 3 жил алба хаасан. 1976 оны 09 дүгээр сард цэргээс халагдаж ирээд тухайн нэгдэлдээ үргэлжлүүлэн ажилласан. Ажилласан жил маань нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч нэг хүний гарын үсгээр нөхөн бөглөсөн, зарим сарын цалингийн бичилт байхгүй байгаа тул ажилласан жилээ шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон. Иймд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1971 оны 04-р сараас 1973 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл, 1976 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс1990 оныг хүртэл ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Боржигон овогт Чойжилын Батхүрэл нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1971 оны 04-р сараас 1973 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл, 1976 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Ч.Батхүрэл нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1971 оны 04-р сараас 1973 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл, 1976 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сүхбаатар аймгийн Төрийн архивын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 284/15 тоот лавлагаа, 1986 оны 06-р сарын 16-ны өдөр нээсэн хөдөлөмрийн дэвтрийн хуулбар, 1971 онд нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар,
- гэрч Хатиг овгийн Борын Нацагдорж /РД: ЛЗ37022772/-ийн Ч.Батхүрэл нь манай нутгийн хүүхэд, аав ээжийг нь сайн танина. Бид нэг дор, айл саахалт нутагладаг байсан. Ч.Батхүрэл нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн 3 дугаар бригадад 1971-1990 оны хооронд хонь маллаж байсан. Голдуу адуу, хонь хариулж байсан. Намайг ажлаас гарахад Ч.Батхүрэл нь тухайн нэгдэлд ажиллаад үлдсэн. Ч.Батхүрэл нь Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн 3 дугаар бригадад тасралтгүй ажиллаж байсан гэх мэдүүлэг,
-гэрч Хатгин овгийн Чүлтэмийн Сумъяа /РД: ЛЗ52042861/-ын Ч.Батхүрэл бид нар нэг баг бригад, нутгийн хүмүүс учир бага наснаас нь сайн мэднэ. Манай аавынхтай саахалт айлууд байсан. Ч.Батхүрэл нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1971-1990 он хүртэл эхлээд адуу хариулж байгаад сүүлдээ нэгдлийн хонь малласан. 1350 хоньтой нэгдэл тартал, зах зээл эхэлтэл хонио маллаж байсан. Ч.Батхүрэл нь тухайн нэгдэлд тасралтгүй ажилласан. Тухайн үед тоо бүртгэгч гэрээр нь явж цалинг өгдөг байсан. Тэгээд мөнгийг бэлнээр өгчихөөд гарын үсэг зуруулахгүй явах үе гардаг байсан гэх мэдүүлэг” зэргээр тус тус нотлогдож байна.
Иймд Ч.Батхүрэлийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч Ч.Батхүрэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Чойжилын Батхүрэл нь 1971 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, 1976 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт Ч.Батхүрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ