Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01569

 

 

Д.А, Л.Х-нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/01170 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгчД.А, Л.Х- нарын хариуцагч Б -д холбогдуулан гаргасан орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А, Л.Х-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Ч.Дашцэрэн, Л.Х- нар Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Яармаг (17110), Наадамчдын зам гудамж, 111 дүгээр байр, 170 тоот хаягт байрлах өөрийн өмчлөлийн орон сууцанд Б -ын гэр бүлийг түр хугацаагаар буюу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл амьдруулахаар тохиролцсон. Гэвч тэд орон сууцыг чөлөөлж өгөөгүй тул Б -ын эзэмшлээс орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн тайлбар, татгалзал гаргаагүй байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2206072597 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг (17110), Наадамчдын зам гудамж, 111 дүгээр байрны 170 тоот хаягт байрлах 84,56 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Гүжир овогт Гансүхийн Бат-Оргилын хууль бус эзэмшлээс чөлөөлж,

3.2.Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б -оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Х-,Д.А нарт олгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь тэгш эрхийн зарчмыг хангаагүй. Хариуцагч эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй байсан. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авах хүсэлтийг хангасан хэдий ч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох боломж олгоогүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эмнэлэгт аавыгаа сахиж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

Ч.Дашцэрэн, Л.Х- нар 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч талын хүсэлтээр шүүх хурал хойшилсоор байгаад хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 1. НэхэмжлэгчД.А, Л.Х- нар хариуцагч Б -д холбогдуулан Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Яармаг (17110), Наадамчдын гудамж, 111 байр, 170 тоот хаягт байрлах, өөрийн өмчлөлийн 84,56 м.кв талбай бүхий орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 1.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан.Д.А, Л.Х- нар маргааны зүйл болох дээрх орон сууцны өмчлөгч болох нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон ба хариуцагч үүнийг үгүйсгээгүй, орон сууцыг хууль болон гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбар ч гаргаагүй байна. Иймд нэхэмжлэгч нар хариуцагчийн эзэмшлээс уг орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасан. Хариуцагч Б - 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийг гардаж авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

2.1. Анхан шатны шүүх хуралдаан ...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар болон өмгөөлөгч авна гэх үндэслэлээр 2 удаа хойшилсон ба 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байна. Тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцжээ. Иймд хариуцагчийн ... шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх гомдол үндэслэлгүй болно.

 Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2023/01170 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б -ын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Н.БАТЗОРИГ