Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01582

 

У ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 24-ний өдрийн 182/ШШ2023/01014 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э ХХК-д холбогдох, газар, авто зогсоолыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, хохирол 167,996,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, Х.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус компани нь Ч дүүрэг, ***-р хороо, Т талбай, Т байранд байрлан кино, үзвэр, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Ч дүүргийн Засаг даргын 2013 оны *** дугаар захирамжаар нэгж талбарын *** дугаар бүхий 3,805 м.кв газрыг эзэмшдэг. Манай эзэмшил газрын зүүн урд талд байрлах Э ХХК-ийн Э барилгын ажлыг удаа дараа зогсоохыг шаардсан боловч хүлээн аваагүй. Тус барилгыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2017 оны 12 сарын 26-ны өдрийн *** дугаартай дүгнэлтээр ашиглалтад хүлээн авсан, өмчлөгч нь Э ХХК байна. Барилга барьж байх хугацаанд 2013 оноос одоог хүртэл манай эзэмшил газарт зөвшөөрөлгүй барилгын материал буулгах зэргээр ашиглаж байгаад өндөр хүчдэлийн 1,000 кВт трансформатор-2, цахилгаан генератор-1-ийг байрлуулсан, эзэмшил газрын доогуур ухаж байгууламж барьсан, маргаан бүхий барилгын зүүн талд гараашийн хаалга гарган гарц барьж, манай газар эзэмшигчийн эрхийг зөрчиж, хууль бусаар эзэмшил газрыг эзэмшин ашиглаж байна. Энэ нь манай У ХХК-ийг газраа зориулалтын дагуу эзэмших, ашиглах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн. У ХХК-ийн зүгээс эзэмшил газар дээр өндөр хүчдэлийн трансформатор, цахилгаан генераторыг байрлуулах зөвшөөрөл өгөөгүй, газар эзэмших эрхийг зөрчсөн үеэс л гомдол саналаа илэрхийлж ирсэн. Манай компани Н газартай 2018 оны 01 сарын 02-ны өдөр дугаар *** тоот гэрээгээр Т кино театрын өмнөх талбайд авто зогсоолын үйл ажиллагааг эрхэлж, сар бүр төлбөрийг төлдөг. Гэтэл маргаан бүхий барилгын өмчлөгч Э ХХК батлагдсан барилгын зураг төслийг хууль, журам зөрчин, өөрчлөн, зөвшөөрөлгүй зоорийн давхрын хаалгыг манай байгууллагын авто зогсоол руу харуулж гаргаснаар 2 автомашин зогсох зайг эзлэн, байнга автомашин орж гарч байгаа нь манай компанийг зогсоолын үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож, улмаар үндсэн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Манай компанийн эзэмшлийн 144 м.кв орчим газрыг 7 жилийн хугацаанд зөвшөөрөлгүй ашиглаж трансформатор, цахилгаан генератор байрлуулах, барилгын материал буулгасны улмаас газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгож байна. Иймд У ХХК-ийн эзэмшлийн Ч дүүрэг, ***-р хороо, ***-р хороолол, Э гудамж, *** тоотод байрлах нэгж талбарын *** *** дугаар бүхий газар болон У ХХК-ийн газрын зүүн талын авто зогсоолыг Э ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, хохиролд 167,996,800 төгрөгийг Э ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Э ХХК нь зохих журмын дагуу иргэн К.П нэр дээр Нийслэлийн Засаг даргын *** тоот захирамжаар олгосон газар дээр оффис үйлчилгээний зориулалттай барилга барихаар Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын даргаар албан ёсоор батлуулан, барилгын тухай хууль, дүрэм журмын дагуу эрх бүхий байгууллагаас барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, техникийн нөхцөлүүдийг авсан. Нэхэмжлэгч У ХХК нь Э ХХК-тай 2011 оны 10 сарын 28-ны өдөр Үйлчилгээний талбай захиалгаар бариулж худалдах, худалдан авах *** тоот гэрээ-г байгуулан Ч дүүргийн ***-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай газарт орчин үеийн техник, хийц, дизайныг харуулсан үйлчилгээний талбай, кино үзвэрийн танхим барих, төлбөр төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахаар харилцан тохиролцож улмаар нэхэмжлэгч У ХХК-ийн 2012 оны 03 сарын 30-ны өдрийн *** дугаартай албан бичгийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлж байсан. Өөрөөр хэлбэл,Э ХХК нь батлагдсан зураг төсөл, техникийн нөхцөл, зохих дүрэм журмын дагуу болон нэхэмжлэгч У ХХК-тай харилцан тохиролцож Э барилгыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд дээрх барилгыг барьж байх явцад болон барьж дууссаны дараа нэхэмжлэгч талаас барилгын ажлыг зогсоохыг шаардаж байсан зүйлгүй, харин ч дэмжиж байсан. Батлагдсан зураг төслийн дагуу техникийн нөхцөлд тусгагдсан 1, 2-р дэд өртөө буюу трансформатор, 1 генераторыг нэхэмжлэгч У ХХК-ийн зөвшөөрлийн дагуу Э барилгын ертөнцийн зүгээр баруун хойд буланд байрлуулах ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 2 ширхэг трансформатор, 1 генераторыг суурилуулах ажлыг хийж гүйцэтгэж байх хугацаанд нэхэмжлэгч У ХХК-ийн зүгээс ямар нэгэн хориг саад тавьж байгаагүй. Э ХХК нь Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын даргын албан ёсоор баталсан, М ХХК-ийн зурсан барилгын ажлын зургийн зоорийн давхарт өөрчлөлт оруулахаар зургийг зохиогчтой зөвшилцсөний дагуу Э барилгын зоорийн давхарт хийгдэх авто зогсоолын гарцыг ертөнцийн зүгээр хойд зүг рүү гаргахаар зураг төсөлд өөрчлөлт орж батлагдсан тул Э ХХК нь нэхэмжлэгч У ХХК-тай харилцан тохиролцож, У ХХК-ийн өмнөх зогсоолын 2 машин тавих хэсгийг Э барилгын зоорийн давхарт шилжүүлэн эзэмшүүлэхээр харилцан тохиролцсоны дагуу Э барилгын зоорийн давхрын гарцыг нэхэмжлэгч компанийн зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч У ХХК нь 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл өөрийн ажилчдын *** , *** , ***  улсын дугаартай автомашиныг Э барилгын зоорийн давхрын 2 ширхэг авто зогсоолыг ашиглаж байгаа болно.Э ХХК-ийн барьж гүйцэтгэсэн Э барилга нь нэхэмжлэгч компанийн барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулсан зүйл болон авто зогсоолын орц гарцын хөдөлгөөнд саад учруулсан зүйл байхгүй бөгөөд Э ХХК нь батлагдсан зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу нэхэмжлэгч У ХХК-ийн зөвшөөрөл болон нэхэмжлэгч компанийн нүдэн дээр барьж гүйцэтгэсний дагуу Улсын комисс 2017 оны 11 сарын 24-ний өдөр газар дээр нь ажиллаж 2017 оны 12 сарын 26-ны өдөр ***  дугаартай актаар албан ёсоор байнгын ашиглалтад хүлээн авсан. Иймд нэхэмжлэгч У ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК-д холбогдуулан У ХХК-ийн эзэмшлийн Ч дүүрэг, ***-р хороо, ***-р хороолол, Э гудамж, *** тоотод байрлах Ч дүүргийн Засаг даргын 2013 оны 12 сарын 03-ны өдрийн ***  дугаар захирамжаар олгогдсон нэгж талбарын *** *** дугаар бүхий газар авто зогсоолыг Э ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, хохирол 167,996,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч У ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч У ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,226,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. У ХХК нь газар, авто зогсоолыг ашиглуулах зөвшөөрлийг Э ХХК-д олгож байгаагүй. У ХХК-аас 2011 онд зөвхөн нийтийн эзэмшлийн талбайг ашиглах, түүнтэй холбоотой дэд бүтцийн асуудлаар зөвшөөрөл олгож байсан. Харин У ХХК-аас өөрийн эзэмшлийн газар болон авто зогсоолыг ашиглах зөвшөөрлийг огт олгож байгаагүй. Гэтэл шүүх нийтийн эзэмшлийн зам талбайтай холбоотой албан бичгүүдийг өөрийн эзэмшлийн газрыг ашиглуулах зөвшөөрөл олгосон мэтээр буруу дүгнэсэн. Мөн барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авсныг У ХХК-аас зөвшөөрөл олгосон гэж үзэх боломжгүй. Э ХХК-ийн үйлдэл хууль бус бөгөөд У ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг болон Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар шаардах эрхтэй.

4.2. Маргаан бүхий газрыг Э ХХК ашиглаж байгаа нь У ХХК-аас тухайн газрыг эзэмших, ашиглах боломжгүй болгож байна.

Тодруулбал, У ХХК өөрийн эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа нь хангалттай тогтоогдсон бөгөөд хуулийн дээрх зохицуулалтын дагуу саад болж байвал тухайн үйлдлийг зогсоолгох эрхтэй. Гэтэл шүүх ...Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгч У" ХХК нь өөрийн эзэмшлийн өмч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, газар болон авто зогсоолыг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоолгохоор хариуцагчаас шаардах үндэслэл тогтоогдохгүй байх тул газар болон авто зогсоолыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ гэж дүгнэсэн нь буруу. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэлийн үндэслэл болсон Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.4-т заасан зохицуулалтууд шүүх дүгнэлт хийгээгүй орхисон нь буруу болсон. У ХХК-ийн эзэмших эрх зөрчигдсөн тул уг зөрчлийг арилгуулахаар шаардах эрхтэй юм. Дээрхээс үзвэлЭ ХХК-ийн үйлдлийг хууль бус гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

4.3. Шүүх Хариуцагч Э ХХК-ийн хувьд бусдын эзэмшлийн газар дээр эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй газрыг хууль бусаар эзэмшиж байгаа үндэслэл тогтоодохгүй байх тул дээрх нэхэмжлэгчийн газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсноос хохирол 167,996,800 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн үндэслэлгүй. Нэгэнт дээрх байдлаар хууль бусаар ашиглаж буй тул түүнтэй холбоотой хохирлыг Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэх эрхтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5.   Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Давж заалдах журмаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Нэхэмжлэгч талын тайлбарлаж буй үйл баримтуудыг У ХХК-ийн захирал нь зөвшөөрсөн байдаг. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт Хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ гэж заасан. Нэхэмжлэгч нь Т кино театрын зүүн урд талд оффис үйлчилгээний барилга барих зориулалтаар усан оргилуурыг хойш 8 метр сунгаж, ажлыг хийж гүйцэтгэхэд тус компанийн зүгээс татгалзах зүйлгүй гэсэн албан бичгийг хүргүүлж байсан. Мөн нэхэмжлэгч У ХХК нь Э ХХК-ийн гүйцэтгэж байсан барилга угсралтын ажлыг дэмжиж байсан гэдгийг анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Э ХХК-ийн гүйцэтгэсэн барилгын цахилгааны техникийн нөхцөлийг 2011 оны 08 сарын 15-ны өдөр *** дугаартай авсан бөгөөд тус техникийн нөхцөлөөр 200 кВт хүчин чадалтайгаар холболтын цэгийг орон сууцны ***-ын 0.4 кв талын 1 ба 2 секцэд рубильник бүхий групп тоноглож, кабель шугам татаж цахилгаан холбохоор тусгаж өгсөн боловч барилгын гүйцэтгэлийн явцад барилга дотор тавигдах эйр кондейшины хүчин чадлаас хамаарч 200 кВт цахилгаан хүрэлцэхгүй болсон. Э ХХК-ийн зүгээс У ТӨХК-д хүсэлт гаргасны үндсэн дээр дахин 2017 оны 05 сарын 17-ны өдөр *** дугаартай техникийн нөхцөл олгосон. Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6-д заасны дагуу өөрчлөлт оруулахаар зургийг зохиогчтой зөвшилцсөний дагуу Э барилгын зоорийн давхарт хийгдэх авто Зогсоолын гарцыг ертөнцийн зүгээр хойд зүг рүү гаргахаар зураг төсөлд өөрчлөлт орж батлагдсан.Э ХХК нь нэхэмжлэгч У ХХК-ийн өмнөх зогсоолын 2 машин тавих хэсгийг Э барилгын зоорийн давхарт шилжүүлэн ашиглуулахаар У ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу Э барилгын зоорийн давхрын гарцыг нэхэмжлэгч компанийн зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн. У ХХК-ийн гүйцэтгэх захирлын зүгээс зөвшөөрөл өгсөн учраас ямар нэгэн хориг, саад тавьж байгаагүй. Нэхэмжлэгч У ХХК-д хохирол учирсан байх ёстой боловч хохирол учраагүй байна. Нэхэмжлэгч У ХХК нь 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл мөн цаашдаа ч өөрийн ажилчдын ***, ***, *** улсын дугаартай авто машиныг Э барилгын зоорийн давхрын 2 ширхэг авто зогсоолыг ашиглаж байдаг. Мөн нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 167,996,000 төгрөгийг Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан газар, авто зогсоолыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, хохирол 167,996,800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-3, 82-84/

 

3.   Хэргийн баримт, фото зураг, зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлтээр дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1. Зохигчдын хэн аль нь эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, тэдгээр газар нь хөрш залгаа; /1хх 12, 13, 14-16, 32, 33, 34-35, 86-87, 97/

3.2. Шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр У ХХК-ийн эзэмшлийн газар дээр Э ХХК-ийн барьж байгуулсан трансформатор 18 м.кв, цахилгаан генератор 13 м.кв, 9 метрийн урттай төмөр хашаа, барилгын шат, довжоо, пандус /гаражийн хаалга/, нийт 54 м.кв талбайг эзэлж буй болох нь тогтоогдсон; /2хх 20-24, 36-41/

3.3. Дээр дурдсан 20 давхар, контор, үйлчилгээ, автомашины дулаан зогсоол бүхий барилга, байгууламжийг 2017 оны 12 сарын 26-ны өдөр, 6/0,4кВ-ын 2*100 кВа хүчин чадал бүхий иж бүрдмэл дэд өртөө /КТПН/ цахилгаан хангамжийн зориулалттай барилга, байгууламжийг 2018 оны 01 сарын 23-ны өдөр Улсын комисс тус тус ашиглалтад хүлээн авсан. /1хх 142-145, 2хх 105-107/

4.   Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт Газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй гэж заажээ.

4.1. ...Маргаан бүхий барилга, байгууламжийг өөрийн газар дээр барьж, байгуулах зөвшөөрөл өгөөгүй... гэж нэхэмжлэгч, ...газар эзэмшигчийн зөвшөөрөлтэйгөөр барилга, байгууламжийг барих ажил явагдсан... гэж хариуцагч тус тус харилцан адилгүй тайлбар гарган мэтгэлцсэн.

4.1.1. Хариуцагч хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй уг үйлдлээ зогсоох тухай шаардлагыг нэхэмжлэгч гаргаж байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгч нь хуульд зааснаар хөршийн хил зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй.

У ХХК-аас Э ХХК-д хүргүүлж байсан гэх холбогдох албан шаардлага нь барилга, байгууламжийг барьж эхэлсэн цаг хугацаанаас, мөн Улсын комисс ашиглалтад авсан цаг хугацаанаас хойшхи цаг хугацаанд хамаарч байх тул нэн даруй шаардлага гаргасан гэж үзэхгүй. /1хх 241-246/

...Барилга, байгууламжийг барих үед хашаалсан байсан, уг хашааг буух үед хил зөрчсөн үйлдлийг мэдсэн... гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын тайлбарыг эргэлзээгүй үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй. Өөрийн газар дээр барилга, байгууламж баригдаж байхад энэ талаар мэдээгүй, мэдэхгүй байх боломжгүй юм.

4.1.2. У ХХК-аас Нийслэлийн газрын албанд, мөн У ХК-д хүргүүлж байсан гэх зөвшөөрөл нь газрыг хойш сунгахыг зөвшөөрсөн, мөн дулааны шугам сүлжээнд өөрчлөлт хийхийг зөвшөөрсөн агуулгатай байх тул эдгээрийг маргаан бүхий барилга, байгууламжийг барих зөвшөөрлийг олгосон гэж үзэхгүй, эдгээр албан бичгүүд нь энэ маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй. /1хх 135, 136/

4.2. Дээрхийг дүгнэвэл зохигчид хэн аль нь холбогдох тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй гэж үзэхээр байна.

Иймд газар, авто зогсоолыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

5.   Анхан шатны шүүх хохирол 167,996,800 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.2 дахь хэсгийн зохицуулалтыг анхаараагүй байна.

5.1. Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.2 дахь хэсэгт Ийнхүү хөршийн эрх зөрчсөн тал нь хөршид жил бүр мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр төлөх бөгөөд тухайн жилийн төлбөрийг өмнөх жилд багтаан урьдчилан төлөх үүрэгтэй гэж заажээ.

У ХХК нь Н газартай Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах тухай гэрээ байгуулж, үйл ажиллагаанаас олсон орлогын 60 хувийг Н сангийн дансанд төвлөрүүлдэг байна. /1хх 9-11, 17/

И ХХК-ийн гаргасан хохирол үнэлгээний тайланд У ХХК-ийн эзэмшлийн газар, авто зогсоолд учирсан хохирлыг 150,011,115 төгрөг гэж тогтоосон, үнэлгээчин нь уг дүнг ямар арга аргачлалаар тооцож гаргасан тухайгаа тодорхой дурдсан байна. /2хх 194-204/

Иймд ил төлбөртэй зогсоол ашигласан бол 2016 оны 04 сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд олох ёстой байсан орлого болох 150,011,115 төгрөгийг Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.2 дахь хэсэгт заасан мөнгөн хэлбэрээр төлөх нөхөн төлбөртэй дүйцүүлэн тооцож хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

5.2. ...автомашины орц гарц нь 2 автомашины зогсоолын талбай эзэлдэг тул нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож Э барилгын зоорийн давхарт 2 ширхэг зогсоолыг ашиглуулдаг, энэ нь хэргийн баримт, шүүхийн үзлэгээр нотлогддог... гэх хариуцагч талын тайлбар, татгалзал үндэслэлгүй.

Учир нь, дээрх тайлбарыг нэхэмжлэгч эс зөвшөөрч ...талууд Э барилгын зоорийн давхарт зогсоол ашиглах талаар тохиролцож байгаагүй, У ХХК-ийн зарим ажилчид тус зогсоолд автомашинаа байршуулдаг гэх асуудал нь нэхэмжлэгчид хамааралгүй... гэсэн тайлбарыг гаргадаг бөгөөд У ХХК болон Э ХХК-иудын эрх бүхий албан тушаалтнууд Э барилгын зоорийн давхарт 2 ширхэг зогсоол ашиглах, ашиглуулах талаар тохиролцсон баримт хэрэгт авагдаагүй.

Өөрөөр хэлбэл, У ХХК-ийн зарим ажилчид Э барилгын зоорийн давхрын зогсоолд автомашинаа байршуулдаг гэх үйл баримт нь нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг няцаах баримт биш юм.

 

6.   Анхан шатны шүүх шинжээчийн ажлын хөлсийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэртээ тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

7.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 24-ний өдрийн 182/ШШ2023/01014 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1, 137.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Э ХХК-аас нөхөн төлбөр 150,011,115 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,985,685 төгрөг болон газар, авто зогсоолыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...үлдээсүгэй гэснийг ...үлдээж, хариуцагч Э ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 908,006 төгрөг, шинжээчийн зардал 1,278,229 төгрөг, нийт 2,186,235 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У ХХК-д буцаан олгосугай гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч У ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 1,068,134 төгрөг, 2023 оны 05 сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 158,020 төгрөг, нийт 1,226,154 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 Д.НЯМБАЗАР