Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/01595

 

2023 08 14 210/МА2023/01595

  

Ч ХХК-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/01699 дугаар шийдвэртэй, дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай Ч ХХК-ийн хүсэлттэй иргэний хэргийг нэхэмжлэгч С дүүргийн Т хэлтсийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хэрэг гүйцэтгэгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Хүсэлт гаргагч нь хүсэлт, тайлбартаа: Тус компани нь 2011 оны 05 сарын 23-ны өдөр барилгын үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар бусдад төлөх өр төлбөр 395,965,500 төгрөг болж цаашид үйл ажиллагаа явуулах хөрөнгө, санхүүгийн чадваргүй, хөрөнгө оруулалт хийх боломжгүй, бусдын өмнө хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэх боломжгүй болж, үйл ажиллагаа бүрэн зогссон. Иймд Ч ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2.   Нэхэмжлэгч нь нэхэмжлэл, тайлбартаа: Тус компанийн татварын өр төлбөр 2023 оны 03 сарын 17-ны өдрийн байдлаар 355,827,173.07 төгрөг байна. Дээрх татварын өр төлбөр нь 2018 оноос үүссэн. Татварын алба татварын өр төлбөрийг төлүүлэхээр Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан ажиллагааг хийсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Ч ХХК-аас татварын өр төлбөрт 355,827,173.07 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ

 

3.   Хариуцагч хариу тайлбартаа: Ах маань өөд болсноос хойш үйл ажиллагааг зогсоосон. Үндсэн нягтлан байхгүй, хүн гуйж байж санхүүгийн тайлангаа гаргуулдаг байсан. 1,8 тэрбум төгрөгийн тайланг явуулаагүй, би мэдэхгүй байна. Ах маань хэдэн хүмүүсээс зээл авчихсан байсан. Сүүлд орж ирсэн хэдэн төгрөгийг ахынхаа өрөнд өгч тус хүмүүсийг гомдолгүй болгосон гэжээ.

 

4.   Хэрэг гүйцэтгэгч дүгнэлтдээ: Хэрэгт цугларсан материалууд, хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн Ч ХХК нь 2017 оноос төлбөрийн чадваргүй болж, өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс Ч ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.

 

5.   Анхан шатны шүүх: Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2-т зааснаар Ч ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгуулах тухайн Ч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч ХХК-аас 355,817,173 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С дүүргийн Татварын хэлтэст олгож, Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ч ХХК-ийн хөрөнгө захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Э шилжүүлж, Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35 дугаар зүйлд заасан журмын дагуу хариуцагч Ч ХХК-ийн хөрөнгийг хуваарилах, худалдах борлуулах, холбогдох гүйлгээг хянаж үзсэний үндсэн дээр мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д заасны дагуу ажиллагаа хийхийг хэрэг гүйцэтгэгч А.Э даалгаж, Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэг гүйцэтгэгчийн тайлантай танилцаж, мөн зүйлийн 36.2.1, 36.2.2-т заасан үндэслэлээр холбогдох эрх зүйн актыг гаргаж, татан буулгах ажиллагааг дуусгавар болгохыг дурдаж, Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар шүүх татан буулгах ажиллагааг дуусгавар болгосноор мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар Ч ХХК нь нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагыг үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг дурдаж, Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Ч ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэн тайлангаа ирүүлэхийг хэрэг гүйцэтгэгч А.Э даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С дүүргийн Т хэлтсийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Ч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,937,086 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахыг хэрэг гүйцэтгэгч А.Э даалгаж шийдвэрлэжээ.

 

6.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь татварын өртэй татвар төлөгчийг өр төлбөрөө төлөхөөс зайлсхийх боломжийг олгосон. Энэ нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа татварын өртэй компаниудад буруу жишиг тогтоохоор байна. Татвар төлөгчийн татварын өр төлбөр 2017 оноос үүссэн бөгөөд Ч ХХК төлөхгүй өнөөдрийг хүрсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2.   Ч ХХК нь дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

3.   Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-д дампуурлын хэрэг үүсгэх тухай хүсэлтэд сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан тэнцлийг хавсаргахаар заажээ.

Ч ХХК-ийн хүсэлтдээ хавсаргасан жилийн санхүүгийн тайлангууд нь эрх бүхий байгууллага буюу харьяа дүүргийн Татварын хэлтэс болон Төрийн сангаар баталгаажаагүй тайлангууд байх тул тэдгээрийг эргэлзээгүйгээр үнэн зөв гэж үзэх боломжгүй.

Иймд баталгаажсан эсэх нь тодорхойгүй жилийн санхүүгийн тайланг үндэслэж гарсан хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхгүй, улмаар уг дүгнэлтийг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцээгүй байна.

 

4.   Хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /баталгаажсан/-гаар Ч ХХК 2017 онд 1,521,976,662.78 төгрөгийн, 2018 онд 420,542,013.36 төгрөгийн, 2019 онд 1,664,843,669.36 төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан болох нь тогтоогдсон. Гэтэл Ч ХХК-ийн татварын өр төлбөр эдгээр онуудад бий болсон байдаг.

Үүнээс үзвэл, Ч ХХК үйл ажиллагаа явуулж, орлого олсон атлаа хуульд заасан татвар төлөх үүргээ яагаад биелүүлээгүй талаар, мөн уг орлогоо юунд зарцуулсан талаар тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болзошгүй юм.

Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар шаардлагатай гэж үзвэл шүүх хүсэлт гаргагчаас нэмэлт нотлох баримтыг шаардах боломжтой.

5. Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/01699 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 Д.НЯМБАЗАР