| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2019/0013/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/22 |
| Огноо | 2019-01-20 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2019/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж
Улсын яллагч: Н.Ц
Шүүгдэгч: Л.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Х овгийн Л Бд холбогдох 1812..... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Х овгийн Лн Б/РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Л.Бнь 2018 оны 02 дугаар сарын эхээр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн баг, Хүүхдийн мухар гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 9.361 метр куб хэмжээтэй, 48 ширхэг, хуурай шинэс мод бэлтгэж, байгаль орчинд 657.142 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Бн өгсөн:...Архангай аймгийн Тариат
сумын Мөрөн багийн иргэн Бнь мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэж ой санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна. Архангай аймгийн засаг даргын дэргэдэх сум дундын ой ангийн 2018 оны 04 дугаар сарын 02-ны өдрийн 13 тоот шинжээчийн дүгнэлтийн дагуу тогтоосон ой санд учруулсан хохирлын хэмжээ 657.142 төгрөгийг Монгол улсын Байгаль орчиныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасны дагуу ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлэн 1.971.426 төгрөгийг нэхэмжилж байна. Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Хүүхдийн мухар гэх газар нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтын газар нутгийн бүсад хамаарахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/
Гэрч Б.Бн өгсөн: ...Би он сарын сайн санахгүй байна. 2018 оны 02 дугаар
сарын эхээр цагаан сар болохын өмнө, манай ээжийн дүүгийн хүүхэд Бнь хэдэн мод хийх ажил байна та хамт хийх үү гэхээр нь тэгье гэж хэлсэн. Тэгээд Тариат сумын Хүүхдийн мухар гэх газар руу очиж мод хийсэн. Модоо хийгээд хоёр хоноод хийсэн модоо ачаад Тариат сумын Мөрөн багийн төвд Очир гэх айлын эзэнгүй хашаанд буулгасан. 2018 оны 02 дугаар сарын эхээр Б, С нарын хамт, Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Хүүхдийн мухар гэх газар руу мод хийхээр явсан…Тухайн үед шар алаг хужаа хөрөөгөөр мод хийсэн. Мод бэлтгэх эрхийн бичиг байгаа талаар нь би асуугаагүй, өөрөө надад байгаль хамгаалагч нартай уулзсан модоо бэлтгэх үед ирж харна гэсэн гэж ярьж байсан. Тухайн үед Бн өөрийнх нь машинаар модонд явсан. С бид хоёр ээлжилж мод хөрөөдсөн, модонд очоод бид нар хоёр хоносон...4 метрийн урттай 48 ширхэг мод бэлтгэсэн, Бөөрийн цагаан өнгийн Исүзү маркийн тээврийн хэрэгсэлд гэр ачиж явсан, мод ачаагүй. Хийсэн модоо иргэн Энхтайваны бор ногоон өнгийн Зил 131 маркийн тээврийн хэрэгслээр 4 метр орчим урттай 48 ширхэг модыг хөндлөн ачиж Тариат сумын Мөрөн багийн Очир гэх айлын хашаанд буулгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 хуу, 49-50 хуу/
Гэрч Б.Э өгсөн:...2018 оны 02 дугаар сарын эхээр байх, би он сарыг нь сайн санахгүй байна. Тариат сумын Мөрөн багийн иргэн Бах над руу орой 20-21 цагийн орчим 99586299 дугаарын утсаар залгаад мод татаад өгөөч ах нь хэдэн ширхэг дүнз хийчихлээ гэж хэлсэн. Би Бахад цагаан сар өнгөрөөгөөд модоо татаж болохгүй юм уу гэж хэлсэн чинь Тариат сумын Мөрөн багийн Хүүхдийн мухар гэх газар модоо цагаалсан, бэлэн байгаа, одоо хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би мод бэлтгэх эрхийн бичиг авсан юм уу, би хөдлөх бензингүй байна гэж хэлсэн чинь Бах бүх юм асуудалгүй Ч гэх айлаас бензин аваад өглөө хүрээд ир гэсэн. Тэгээд би Тариат сумын Мөрөн багийн Хүүхдийн ам гэх газар руу 14 цагийн үед очоод орой нэг татаж гаргаж ирээд Хүүхдийн мухар гэх газрын модны өмнө үлдсэн модоо гаргаж ирээд нийлүүлж Зил 131 маркийн автомашины дэвшин дээрээ хөндлөн 48 ширхэг, 4 метр орчим урттай мод ачаад, Мөрөн багийн төвд Очирын хашаанд буулгасан. Би Зил 131 маркийн тээврийн хэрэгслээр ганцаараа очсон. Б, С, Б нар тухайн үед байсан. Би Бс мод бэлтгэх эрхийн бичгийн талаар асуухад бүх юм асуудалгүй гэж хэлсэн. Би модонд очоод Бс дахин асуухад байгаль хамгаалагч Зундуйюндэнтэй холбоо барьж энд уулзаад авахаар ярьсан байсан юм. Миний утас унтраад холбоо барьж чадаагүй гэж хэлсэн. Тэгээд гоожингоо аваагүй байсан. Б Тариат сумын Мөрөн багийн Хүүхдийн мухар гэх газар 48 ширхэг мод хийсэн байсан... 2017 оны 06 дугаар сарын дундуур Хөвсгөл аймгийн Жаргал сумын төвд Нэргүй гэх хүнтэй очиж уулзаж, бор ногоон Зил 131 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг үзэж, хэдээр зарах юм бэ гэсэн чинь Нэргүй 18.000.000 төгрөгөөр зарна гэхээр нь авахаа болоод буцаад ирсэн. 4-5 хоногийн дараа Нэргүй утсаар яриад ажил төрөл гараад байна, машинаа хямдруулаад 15.000.000 төгрөгөөр зарах гэсэн юм авах юм уу гэж асуусан. Тэгээд машинаа та Тариат сумын Мөрөн багийн төвд аваад хүрээд ир гэж хэлсэн. 4-5 хоногийн дараа Нэргүй гэдэг хүн Зил 131 маркийн тээврийн хэрэгслийг унаж ирсэн. Тэгээд би Нэргүй гэдэг хүнээс Зил 131 маркийн машиныг 16.000.000 төгрөгөөр авахаар болсон. Нэргүйд цагаан өнгийн Ригстон маркийн жийп машиныг 9.000.000 төгрөгт бодож, дээр нь 3.000.000 төгрөг бэлэн өгсөн. Үлдсэн 4.000.000 төгрөгийг дараа өгье гэж тохиролцсон. Нэргүй гэдэг хүнээс тээврийн хэрэгслийн гэрчилгээ би аваагүй. Энэ Зил 131 маркийн тээврийн хэрэгслийг Орос улсаас задалж сэлбэгээр оруулж ирж, угсарсан юм. Манай нутагт алс замд явахгүй болохоор бичиг баримт хэрэглэдэг гэж хэлсэн. Хуучин машины үзлэг оношилгоонд орсон бичиг баримт 1.000.000 төгрөг гэдэг авахаар бол олж өгч болно шүү гэж хэлсэн. Одоо зүгээр явж байгаа. Эвдрэлтэй эд анги байхгүй. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй болохоор би сайн мэдэхгүй байна...манай нутгийн Бгэдэг хүн мод татаад өгөөч гэж гуйгаад би өөрийн Зил 131 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслээр ачиж Тариат сумын Мөрөн багийн төв дээр Б гэх айлын хашаанд 4 метрийн урттай хар модон дүнз 48 ширхэгийг буулгасан....гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу, 55-56 хуу, 57-58 хуу/
Гэрч О.Сн өгсөн: ...Би он сарыг нь сайн санахгүй байна. 2018 оны 02 дугаар сарын эхээр төрсөн дүүгийн нөхөр Бнь надаас би мод хийх гэсэн юм, хамт хийгээд өгөөч гэхээр нь за тэгье гээд Тариат сумын Мөрөн багийн Хүүхдийн мухар гэх газар руу Бн хамт цагаан өнгийн машинаар нь явсан. Би машиных нь марк, улсын дугаарыг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд модоо ачиж дуусаад Э-тай утсаар яриад модоо ачаад Мөрөн багийн төвд О гэх айлын хашаанд буулгасан. 24-25 мод унагааж, 4 метр орчим урттай 48 ширхэг мод бэлтгэсэн. Модоо шар алаг өнгийн хужаа хөрөө, хусан иштэй сүхээр бэлтгэсэн. Бмод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэх талаар нь асуухад Мөрөн багийн байгаль хамгаалагч З-тэй утсаар ярьсан, мод хийж байгаа газар ирнэ гэж хэлж байсан. Байгаль хамгаалагч мод бэлтгэх эрхийн бичгийг хүрч ирж өгөөгүй. Бид нар модонд хоёр хоносон. Хийсэн модоо Тариат сумын Мөрөн багийн иргэн Эийн Зил 131 маркийн тээврийн хэрэгслээр 48 ширхэг мод ачиж, Мөрөн багийн төвд О гэх айлын хашаанд буулгасан...Б Б бид гурав мод хийх гэж явахдаа Б цагаан өнгийн Исүзү маркийн тээврийн хэрэгслээр мод хийх гэж явсан.Тухайн үед БИсүзү тээврийн хэрэгсэлд гэр ачиж явсан. Мод ачаагүй. Бмодонд очоод байгаль хамгаалагч З мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар утсаар ярьсан эсэхийг мэдэхгүй байна...мод бэлтгэсэний дараа Бмод бэлтгэх эрхийн бичиг авсан уу гэж асуухад мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 хуу, 71-72 хуу, 74-75 хуу/
Гэрч Ц.Зийн өгсөн:..2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгаль орчны хяналтын улсын байцаагч Батхүү утсаар яриад Тариат сумын Мөрөн багийн Хүүхдийн мухар гэх газар хүмүүс мод хийгээд байна гэсний дагуу сумын засаг дарга А даргад орж дуудлагын талаар танилцуулж бензин бичүүлж аваад, Хорго багийн байгаль хамгаалагч Ц, Тэрх багийн засаг дарга Т, сумын хэв журмын цагдаа, цагдаагийн ахлагч А нарын хамт Мөрөн багийн Хүүхдийн Мухар гэх газар руу хяналт шалгалтаар очиж шалгахад мод хийсэн хүмүүс модоо хийгээд ачаад явсан байсан. Дуудлагын дагуу очиход гэр барьсан гэрийн буурь, мод хийсэн модны хожуул, тайрсан модны үзүүрүүд байсан. Тухайн үед байсан модны хожуулыг тоолоогүй. Надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн төвд Б гэх айлын хашаанд буулгасан байсан. 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр очиж шалгасан. 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Бн гэрт очиж асуухад би мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, авах гэж байсан юм гэж хэлсэн. 2018 оны 02 дугаар сарын эхээр Бнад руу утсаар залгаад ах нь галын мод хийх гэсэн юм гэхээр нь Бат-Эрдэнэд мод хийхээсээ өмнө надад хэлчих очоод мод бэлтгэх эрхийн бичиг хийгээд өгье гэж хэлсэн. Бдахиж над руу утсаар яриагүй...2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн төвд Б гэх айлын хашаанд буулгасан модыг очиж шалгахад 4 метр орчим урттай, 48 ширхэг мод байсан...Бгэх хүн над руу хэдний өдөр утсаар ярисныг нь мэдэхгүй байна, 2018 оны 02 дугаар сарын эхээр утсаар залгасан. Бтүүнээс хойш дахиж утсаар залгаагүй...нарийн тоолоход нийт 4 метрийн урттай 48 ширхэг хар модон дүнз байсан. Бнадаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 76-78 хуу, 79-81 хуу, 81-83 хуу/
Гэрч Т.Цн өгсөн:...Тариат сумын төвөөс Тэрх багийн засаг дарга Тн машинаар цагдаа ахлагч А нарын хамт Мөрөн багийн Хүүхдийн мухар гэх газар руу явсан. Модонд очиход мод хийж байсан хүмүүс модоо хийж аваад буугаад явсан байсан. Шинээр гэр барьсан гэрийн буурь, шинээр огтолсон хожуулууд байсан. Тухайн үед хэдэн ширхэг хожуул байсан талаар тоолоогүй, багцаагаар харахад 20 гаруй тооны шинээр огтолсон хожуулууд байсан. Тариат сумын Мөрөн багийн Хүүхдийн мухар гэх газар мод хийсэн байсан. Хэд хоносон талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 85-87 хуу/
Гэрч Б.А өгсөн:...Тэрх багийн засаг дарга Төртогтохын машинаар Суман багийн байгаль хамгаалагч Ц, Мөрөн багийн байгаль хамгаалагч З нарын хамт Мөрөн багийн Хүүхдийн мухар гэх газар руу явсан. Модонд очиход мод хийж байсан хүмүүс модоо хийж аваад буугаад явсан байсан. Тэгээд бид нар модноос буугаад сумын төв рүү явсан. Шинээр гэр барьсан гэрийн буурь, модыг ёроолоор огтолж машины зам гаргасан байсан. Шинээр огтолсон хожуулууд зөндөө харагдаж байсан. Тухайн үед хэдэн ширхэг хожуул байсан талаар тоолоогүй, багцаагаар харахад 20 гаруй тооны шинээр огтолсон хожуулууд байсан. Тариат сумын Мөрөн багийн Хүүхдийн мухар гэх газар мод хийсэн байсан. Хэд хоносон талаар мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 88-90 хуу/
Гэрч Б.Тн өгсөн:... Тариат сумын төвөөс Суман багийн байгаль хамгаалагч Ц, Мөрөн багийн байгаль хамгаалагч З, ахлагч А нарын хамт Мөрөн багийн Хүүхдийн мухар гэх газар руу явж байтал цастай байсан болохоор миний машин хий эргээд очих газраа очиж чадаагүй. Тэгээд Ц, З, А нар нь машинаас буугаад дуудлага гарсан газар руу явган явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 93-95 хуу/
Гэрч А.Цын өгсөн:..2017 оны 06 дугаар сард манайх Зил 131 маркийн машиныг танихгүй хүнээс худалдаж авсан. Худалдаж авах асуудалд би оролцоогүй. Нөхөр мэдэж наймаа хийсэн, наймаа хийхдээ найз Б-ээс авсан машин дээрээ мөнгө нэмж өгсөн. Одоо манайх ачааны машинд төлбөр тооцоо байхгүй, төлж барагдуулж дууссан. Төлбөр тооцооны тал дээр ямар нэгэн өр авлага байхгүй. Зил 131 маркийн автомашин манай машин байгаа юм, худалдаж авахдаа гэрээ ч хийгээгүй, баталгаажуулсан ч юм байхгүй, хоорондоо ярьж тохироод л авчихсан. Манай нөхөр Э албан ёсны өмчлөгч нь мөн гэж бодож байна. Гэхдээ анхнаасаа бичиг баримт байхгүй, улсын дугаар байхгүй ирсэн. Бгэх хүнийг зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн талаар надад мэдэх зүйл байхгүй, Бахын модыг татна, гуйсан гэж ярьж байсан. Өөр нарийн мэдэх зүйл байхгүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 99-101 хуу/
Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2018 оны 04 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтэнд: Иргэн Л.Бн бэлтгэсэн хуурай шинэс мод нь нийт тоо ширхэг 48 ширхэг, нийт шоометр 9.361 м3 шоометр модыг бэлтгэжээ. 9.361 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 сарын 13-ны өдрийн 325 тоот тушаалыг үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн 2-р муж шинэс /хуурай мод/ 39.000 төгрөг мод модон материалын ашиглалтын гарцын дагуу хэрэглээний бөөрөнхий мод, гуалин 1.8 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 657142.2 төгрөгөөр тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 104 хуу/
Л.Бн яллагдагчаар өгсөн:...миний үйлдэл тохирч байна, хүлээн зөвшөөрч байна. Би эрхийн бичиг авалгүйгээр 48 ширхэг дүнз хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээж байна. Гэхдээ эрхийн бичиг авахаар ярьсан байсан боловч авч чадаагүй, модоо хийсэн нь миний буруу. С, Б нарт мөнгийг нь өгч мод хийлгэсэн, тэр хүмүүс эрхийн бичигтэй гэж бодож байгаа, би байгаль орчинтой ярьчихсан гэж хэлсэн. Э ч гэсэн хөлсийг нь өгөөд модоо ачуулсан. Энэ хэрэгт надаас өөр хүн байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 133-136 хуу/
Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Хүүхдийн мухар гэх газарт хэргийн газрын үзлэг хийж 24 ширхэг модны хожуул байгааг тэмдэглэсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад авсан гэрэл зургууд /хх-ийн 3-8 хуу/
Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн төвд байх Б гэх айлын хашаанд байгаа модонд үзлэг хийж 4.5 м урттай, 48 ширхэг мод байгааг тэмдэглэж авсан тэмдэглэл, уг ажиллагааны явцад авсан гэрэл зургууд /хх-ийн 9-16 хуу,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолууд / хх-ийн 17-18 хуу, 25-26 хуу/
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 19-20 хуу, 27-28 хуу/
Улсын дугааргүй зил 131 маркийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-22 хуу/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол / хх-ийн 36 хуу/
2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 278 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 115 хуу/
Л.Бн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 141 хуу/
Архангай аймгийн Тариат сумын Төрийн сангийн санхүүгийн албаны даргын тодорхойлолт /хх-ийн 142 хуу/
Л.Бн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 143 хуу/
Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 93 дугаартай тодорхойлолт / хх-ийн 144 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 148-149 хуу/
Л.Бн шүүх хуралдааны үед гаргасан нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлт, автомашины гэрэл зураг /хх-ийн 175-177 хуу/
Оролцогчдыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 152-154 хуу/
Нэмэлт шинжээчийн дүгнэлт /хх-ийн 186 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Б холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л.Б нь 2018 оны 02 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн баг, Хүүхдийн мухар гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 9.361 м3 мод бэлтгэн Б.Э эзэмшлийн улсын дугааргүй зил 131 маркийн автомашинд ачиж Тариат сумын төвд буулгасан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Л.Б нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байх бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б, гэрч Б.Б, Б.Э, О.С, Ц.З, Т.Ц, Б.А, Б.Т, Ц.Б, А.Ц нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогджээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Б үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 35.4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Бн...Иргэн Бнь манай байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...гэх мэдүүлэг, яллагдагч Л.Бн... Би мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, 48 ширхэг дүнз хийсэн хэрэгтээ гэм буруугаа хүлээж байна...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Л.Б үйлдэл нь хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Л.Б хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Б үйлдлийн улмаас 657.142 /зургаан зуун тавин долоо мянга нэг зуун дөчин хоёр/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /657.142х3=1.971.426 төгрөг / нэг сая есөн зуун далан нэг мянга дөрвөн зуун хорин зургаан төгрөг гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Бнь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд тооцож 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төрийн санд 1.974.000 төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар /хх-ийн 156 хуу/ тогтоогдож байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Зил-131 маркийн автомашины хувьд Б.Э нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө....Би Зил 131 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг 2017 онд 16.000.000 төгрөгөөр худалдаж авсан...Н гэдэг хүнээс тээврийн хэрэгслийн гэрчилгээ гэх зүйл аваагүй. Тухайн Зил 131 маркийн тээврийн хэрэгслийг Орос улсаас задалж сэлбэгээр оруулж ирж, угсарсан юм...гэсэн байх тул уг автомашины эзэмшигчийг Л.Б гэж үзэх үндэслэлгүй байна.
Уг автомашин нь шүүгдэгчийн өмчлөлийнх биш тул хураан авах үндэслэлгүй бөгөөд харин Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасны дагуу уг автомашины үнэ болох 4.500.000 төгрөгийг шүүгдэгчийн хувьд ногдох хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжилсэн 9.361 м3 хэмжээтэй 4 метр урттай 48 ширхэг шинэс модыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 34 дугаартай тогтоол, Зил 131 маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаартай тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, 9.361 м3 хэмжээтэй 4 метр урттай 48 ширхэг шинэс мод болон эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө, модон иштэй сүх нэг ширхэгийг улсын төсөвт шилжүүлж, Зил 131 маркийн автомашиныг Б.Э буцаан олгож, шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Л Бг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бг 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Л.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Л.Бгэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Зил-131 маркийн автомашины үнэ болох 4.500.000 / дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасны дагуу түүний хувьд ногдох хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй сүх, шар өнгийн цахилгаан хөрөө, хэрэгт битүүмжлэгдсэн 9.361 м3 хэмжээтэй 4.5 метр урттай 48 ширхэг шинэс модыг тус тус улсын төсөвт шилжүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4.5 метр урттай 48 ширхэг шинэс модыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 34 дугаартай тогтоол, улсын дугааргүй Зил 131 маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, автомашиныг Б.Э буцаан олгосугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн 9.361 м3 хэмжээтэй тус бүр 4.5 м уртай, 48 ширхэг шинэс мод нь Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багт оршин суух Бн хашаанд байгаа болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч Л.Бнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч нь тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ