Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 79

 

Ж.Б-, Г.Б- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Г.Б-, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 49 дүгээр магадлалтай, Ж.Б-, Г.Б- нарт холбогдох хэргийг Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***,

Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Мөн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Б овогт Г-н Б-,

2. Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгуй, ***,

Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял,

Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 1 сарын хорих ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 7 жил хорих ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 5 жил 1 сар хорих ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 6 жилийн хорих ял шийтгүүлж, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр суллагдсан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, өмнөх 126 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болон 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,300,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, Б овогт Ж-ы Б-.

Г.Б- Ж.Б- нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум 2 дугаар баг, Энхтайваны 37-10 тоотод М.Б-, А.Б- нарт хүч хэрэглэн довтолж, гутал, пүүз болон бэлнээр А.Б-аас 35,000 төгрөгийг, М.Б-аас 45,000 төгрөгийг хууль бусаар дээрэмдэн авч, бусдад нийт 555,000 төгрөгийн хохирол учруулсан,

Уг гэмт хэргийг үйлдэх явцдаа Ж.Б- нь хохирогч М.Б-ын толгойг шилэн стаканаар цохих, нүүрэн тус газарт нь өшиглөх, татаж байсан тамхиа хүзүүнд унтраах, хөлний булчинд төмөр сэрээ зоож, хатгах, хохирогч А.Б-ын толгой, нүүрэн тус газарт гутлаар цохих зэргээр зодон, хохирогч М.Б-, А.Б- нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Г.Б-т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,

шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Энэрэлийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор Г.Энэрэл бичсэн эсэргүүцэлдээ “...

Магадлалд “...Хэрэгт авагдсанаар шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “...шүүгдэгч Ж.Б- нь хохирогч нарыг зодчихоод гараад явсны дараа шүүгдэгч Г.Б- нь хохирогч нарыг дангаараа дээрэмдсэн тухай” шүүгдэгч нар мэдүүлцгээсэн ... тэдний мэдүүлэг нь хохирогч М.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... мэдүүлгээр давхар нотлогддог.

Хохирогч М.Б-д шүүх хуралдааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэйг тайлбарлан танилцуулж, үнэн зөв мэдүүлэг өгөх баталгааг авч, гарын үсэг зуруулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байх тул ...зүйлчлэлийг өөрчилж ...шийдвэрлэсэн нь үндэслэлтэй...” гэжээ.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Б- болон А.Б- нарт хууль сануулж, мэдүүлэг авахад хохирогч М.Б- нь

Хохирогч А.Б- нар ... үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасан.

Улсын дээд шүүхийн 2003 оны 10 дугаар тогтоолд “..Бүлэглэн гүйцэтгэгч гэдэгт гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон этгээдийг ойлгоно ...Гэмт хэрэгт хамтран оролцох нь санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд нэг хэрэгт зарим хамтран оролцогчид нь санаатайгаар үйлдэл хийж гэмт хэрэг үйлдэхээс гадна бусад хамтран оролцогч нь санаатайгаар эс үйлдэхүй хийж гэмт хэрэгт хамтран оролцож болно” хэмээн тайлбарлажээ.

Гэтэл анхан шатны шүүх нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүдэд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр нэг талыг барьж, Г.Б-, Ж.Б- нарын бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг үйлдлийн шинжээр нь салгаж, шүүгдэгч Ж.Б-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгон, Г.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэлээ.

Үүнээс гадна шүүгдэгч Ж.Б- нь Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж байх үедээ дахин гэмт хэрэг үйлдэж, Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.800.000 төгрөгийн торгох, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3.300.000 төгрөгөөр тогтоожээ.

Түүнчлэн Ж.Б- шүүхээс тогтоосон хугацаанд 500.000 төгрөгийг төлж, улмаар 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр торгууль төлөх хугацаа дууссан бөгөөд торгох ял биелүүлээгүй асуудлыг энэ хэрэгтэй нь хамт шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн боловч анхан шатны шүүх хуралдаан болохоос 1 хоногийн өмнө буюу 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 2.800.000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлж, баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс Ж.Б- шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт ”Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэх заалтыг зөрчиж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэх заалтаар торгох ялыг хорих ялаар сольж шийдвэрлэгдэх байтал түүнийг торгох ялаа бүрэн биелүүлсэнд тооцож, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх хэргийн үйл баримтыг буруу тогтоож, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон, шүүгдэгч Ж.Б-ы хувьд хохирогч нарыг зодож, шүүгдэгч Г.Б- хувьд хаана цохихийг нь зааж өгсөн. Улмаар хохирогч нарыг зодож дууссаны дараа эд зүйлүүдийг нь авч явсан үйл баримт тогтоогдсон. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон үйл баримт тогтоогдсон.

Гэмт хэрэгт санаатай хамтран оролцох нь санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд нэг хэрэгт зарим хамтран оролцогч нь санаатай үйлдэл хийж, гэмт хэрэг үйлдэхээс гадна бусад хамтран оролцогчид нь санаатай эс үйлдэхүйгээр гэмт хэрэгт хамтран оролцож байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй. Эсэргүүцлийн торгох ялыг хорих ялаар солих талаар бичсэн хэсгийг дэмжихгүй байгаа. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шийдвэр гүйцэтгэгч прокурорт торгох ялыг торгох ялаар солих саналаа гаргаж, улмаар прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлэх ёстой” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Ж.Б-, Г.Б- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Г.Б- Ж.Б- нарыг бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум 2 дугаар баг, Энхтайваны 37-10 тоотод М.Б-, А.Б- нарт хүч хэрэглэн довтолж, эд зүйл болон бэлэн мөнгийг нь авч, нийт 555,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа Ж.Б- нь хохирогч М.Б-, А.Б- нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Ж.Б-, Г.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Ж.Б-д мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй байна.

Тодруулбал, шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотлогооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.

Гэтэл, анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө, шүүдэгч нар согтуугаар, бүлэглэн бусдын эрүүл мэндэд хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүч хэрэглэн халдаж эд хөрөнгийг нь авсан талаарх хэрэгт авагдсан яллах талын нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулгаа тусгаагүй, мөн шүүгдэгч нарын гэмт үйлдэл, оролцоог хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй зөв дүгнэж чадаагүй, шийдвэр нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т заасан “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэлд хамаарна.

Харин шүүгдэгч Ж.Б-ыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг биелүүлсэн эсэх талаар шүүх буруу дүгнэсэн гэх прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж үзнэ.

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу торгох ялыг хорих ялаар солих талаарх прокурорын санал ирээгүй, анхан шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэх цаг хугацаанд торгох ял нэгэнт төлөгдсөн үйл баримтанд тулгуурлан хийсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, прокурор Г.Энэрэлийн бичсэн эсэргүүцлийн “...шүүгдэгч нарын үйлдэл нотлогдон тогтоогдсон тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх..” гэсэн хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 49 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Шүүгдэгч Ж.Б-, Г.Б- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх хүртэл тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

                                                      ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                      ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

                                                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                                           Ч.ХОСБАЯР

       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН