Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 146/ШШ2016/00150

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 3 дугаар баг, 2 дугаар хороо, 7-95 тоотод оршин суух Хамар овогтой Дашзэвэгийн Нарангийн /РД:ЙБ56062916/ хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулангоо оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч Д.Наран нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Д.Наран миний бие нь Бат-Өлзий сумын ХЗЭ-ийн хорооны даргаар 1979 оны 09 дүгээр сарын 20-ноос 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад 1988 оны 06 дугаар сарын 01-нээс 1990 оны 10 дугаар сарын 29-ныг хүртэл Нийтийн ахуйн үйлчилгээний төвийн даргаар, 1990 оны 11 дүгээр сарын 01-нээс 1995 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хүртэл Эрчим хүчний салбарын даргаар ажилласан. 2016 оны 06 дугаар сарын 29-нд өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтож өгнө үү... Миний бие нь Бат-Өлзий суманд оршин суудаг олон дахин явж чадахгүй тул намайг эзгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Наран нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Д.Наран нь 1979 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар, 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Нийтийн ахуйн үйлчилгээний төвийн даргаар, 1990 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг дуустал Эрчим хүчний салбарын даргаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн ХЗЭ-ийн хорооны товчооны 1979 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 31 дугаартай, 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 19 дугаартай хурлын тогтоолын хуулбарууд, Өвөрхангай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 190 дугаартай ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Эрчим хүч, уул уурхай үйлдвэр, геологийн яамны харъяа Өвөрхангай аймаг дахь Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 271 дугаартай ажилд томилох тухай тушаалын хуулбар, Монгол улсын Түлш эрчим хүчний яамны харъяа Өвөрхангай аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1995 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаартай зохион байгуулалтайгаар ажиллагсадыг шилжүүлэх тухай тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн Хувсгалт залуучдуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 1979 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 31 дугаартай шийдвэрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Хувсгалт залуучдуудын эвлэлийн хорооны  товчооны 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 19 дугаартай боловсон хүчний тухай тогтоолын хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Боржигин овогтой Хорлоогийн Цамба нь “...Би 1988 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Нийтийн ахуйн үйлчилгээний төвд машинстаар ажилд орсон. Намайг анх ажил орход Д.Наран нь нийтийн ахуйн үйлчилгээний даргаар ажиллаж байсан. Мөн Д.Наран 1990 оноос 1995 оны хавар хүртэл нь Эрчим хүчний салбарын дарга хийж байсан. Би Эрчим хүчний салбарт бас 1990-1995 оны дуустал ажиллаж байсан. Бид 2 нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ. Манай дарга байсан юм...” гэж, мөн Өндөр наваан овогтой Янжиндуламын Намсрай “...Би 1973 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1 бригадын хэсгийн ахлагчаар ажиллаж эхэлсэн. Намайг ажиллаж байхад Наран нь1979 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны даргаар, 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Нийтийн ахуйн үйлчилгээний төвийн даргаар, 1990 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг дуустал Эрчим хүчний салбарын даргаар тус тус ажиллаж байсан юм...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Д.Нарангийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Мөн хүсэлт гаргагч Д.Наран нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                              

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хамар овогтой Дашзэвэгийн Наранг 1979 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар, 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Нийтийн ахуйн үйлчилгээний төвийн даргаар, 1990 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 1995 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг дуустал Эрчим хүчний салбарын даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Нарангийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

              

                                               ДАРГАЛАГЧ                                            Б.САРАНТУЯА