Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 109

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга М.Цэрэнням,

улсын яллагч Н.Булганчимэг,

Өсвөр насны шүүгдэгч З.Д, түүний хууль ёсны төлөөлөгч Ө.Дэлгэрцэцэг, түүний өмгөөлөгч Б.Булгантамир /№12591/

насанд хүрээгүй хохирогч Б.Батзориг, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Бөхбат,

насанд хүрээгүйгэрч Т.Золбоо,

шинжээч Г.Ханхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Зоригтын З.Дд холбогдох эрүүгийн 1811029881125 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 16 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 61 дүгээр сургуулийн 10А ангийн сурагч, ам бүл 3 эцэг, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19 дүгээр гудамжны 1002а тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан мэдрэл бүрэн, Боржигин овогт Зоригтын З.Д /РД: АЮ02301112/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ өсвөр насны яллагдагч З.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өсвөр насны шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 15-ны нэг дэх өдөр байсан. Батзориг хог шүүрдэж байх үед бид хоёр заамдалцан муудалцсан. Бид хоёр нэг ангийн хүүхдүүд ийм нөхцөл байдал хүргэсэндээ харамсаж байна гэв.

Насанд хүрээгүй хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 15-ны нэг дэх өдөр байсан. Хичээлийн хамгийн сүүлийн цаг орохгүй гээд манай ангийн хүүхдүүд тараад явсан байсан ба би жижүүр хийхээр үлдсэн байсан. Гэтэл нэгдүгээр салааны ард хог шүүрдэх гэж байх үед З.Д над руу хүрч ирээд хог ингэж шүүрддэггүй юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөр яаж шүүрдэх юм бэ эсвэл чи шүүрдэх юм уу гэж хэлсэн. Тэгээд миний цамцнаас боосон юу ч санахгүй байгаа гэв.

Насанд хүрээгүй гэрч Т.Золбоо шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тэр өдөр энэ хоёр тоглож байгаад муудалцсан. 2018 оны 10 дугаар сарын 16,17-ны үед хичээл тараад хонх дуугарсан. Тэгээд Б.Батзориг хог шүүрдэж байх үед З.Д, Батзориг хоёр тоглоод, заамдалцан зогсож байсан. Ингээд ангийн багш орж ирлээ гэж хэлэх үед З.Д, Батзоригийг тавих үед Батзориг хойшоо саваад унасан гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч З.Д нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэн 61 дүгээр бүрэн дунд сургуулийн байранд насанд хүрээгүй хохирогч Б.Батзоригтой маргалдан улмаар хоолойг боож унагаан эрүүл мэндэд нь дагз ясны шугаман хугарал, аалзан хальсны доорх цус харвалт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

өсвөр насны яллагдагч З.Дн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 13 цаг 15 минутын үед анги тарах хонх дуугарсан юм. Энэ өдөр Батзориг анги цэвэрлэх жижүүрийн өдөр байсан тул тэр шал шүүрдэж байгаад миний хажууд ирэхэд нь би Батзоригт хандаж “аятайхан хогоо шүүрдээч” гэж хэлтэл Батзориг инээгээд “яаж ч шүүрдсэн яадаг юм бэ” гэж хэлэхээр нь би босоод заамдсан, Батзоригийн өмсөж явсан цэнхэр өнгийн цамцаар нь хоолойг нь боож байтал ангийн хүүхдүүд “болиочээ, ангийн багш ирж байна” гэж хэн нэгэн хүүхэд хэлэхээр нь би Батзоригийг суллаж тавиад явтал Батзориг шууд хойшоогоо саваад уначихсан. Ингээд ангийн багш Эрдэнэцэцэг орж ирэхэд Батзориг босоод ирчихсэн, сандал дээр суучихсан байсан. Ангийн багш Эрдэнэцэцэг Батзориг дээр очоод биеийг асуутал “зүгээр” гээд амандаа бувтнаад байхаар нь Батзоригийг гэрт нь хүргэж өг гэсний дагуу гэр рүү нь Түвшинтөр, Золбоо, Хүслэн бид дөрөв хүргэж өгөхөөр авч явсан. Сургуулиас гарахдаа Батзориг өөрөө алхаж гарсан. Сургуулийн гаднах сандал очоод Батзориг суучихаад “толгой эргээд байна” гэж хэлэхээр нь Батзоригийн аав, ээж рүү нь залгаж хэлэх гэсэн боловч утсыг нь мэдэхгүй байсан. Тэгээд бид нар Батзоригийг гэрт нь хүргэхээр явтал Золбоо хэлэхдээ “замд байрлах Цом трейдэд бариач байдаг манай эгчийн толгойг бариад эмчилж байсан” гэж байхаар нь бариулахаар биш, толгойг нь үзүүлэх санаатай орсон. Бариач эхлээд Батзоригийн даралтыг нь үзээд “даралт нь бага зэрэг ихэссэн байна, толгойны ард байрлах судас бөглөрсөн байна би дур мэдэж толгойг нь барьж чадахгүй, аав ээжийг нь дууд” гэхээр нь Батзоригоос аав, ээжийнх нь дугаарыг мэдэж аваад аав, ээжийг нь дуудсан. Батзоригийн аав, ээж хоёр ирээд “юуг нь өвдсөн мэдээгүй байж, бариулаад яахав” гэж хэлээд ангийн багш Эрдэнэцэцэг, нийгмийн ажилтан Мөнхжаргал нар ирээд аав, ээжтэй нь уулзсан. Тэгээд ангийн багшийг, Батзориг болон түүний аав, ээжийн хамт гэмтлийн эмнэлэг рүү явсан. Нийгмийн ажилтан Мөнхжаргал ажилтай гээд тэндээ үлдсэн, араас нь Золбоо, Хүслэн, Түвшинтөр бид гурав араас ирсэн. Гэмтлийн эмнэлэг дээр очоод Батзориг орчихсон, Золбоо, Хүслэн, Түвшинтөр бид нар хүлээгээд л байсан, гадаа бүүр харанхуй болчихсон. Батзоригийг эмч нар үзээд  хэвт гээд хэвтүүлсэн. Ангийн багш Эрдэнэцэцэг, нагац эгч Дэлгэрцэцэгийн хамт бид нар танай цагдаагийн хэлтэс дээр ирж мэдүүлэг өгсөн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67х/,

            насанд хүрээгүй хохирогч Б.Батзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 15-ны өглөө 08 цагт хичээлдээ явсан. Тухайн үед манайх 7 цагийн хичээлтэй байсан. 6 цагийн хичээл 12 цаг 30 минутанд завсарлаад байж байтал 7 цагийн хичээл орохгүй гэхээр нь манай ангийнхан тарсан. Уг өдөр нэг дэх өдөр байсан бөгөөд би анги цэвэрлэх жижүүртэй байсан болохоор хогоо шүүрдээд нэгдүгээр салааны хамгийн ард байж байсан. З.Д над руу хандан "ингэж хог шүүрдээд байхдаа яадаг юм бэ?" гэхээр нь би "би ингэж шүүрдэхгүй, өөр яаж шүүрдэг юм бэ? аль эсвэл чи шүүрдэг юм уу" гэж хэлсэн чинь хүрч ирээд миний өмсөж байсан формны цэнхэр өнгийн цамцнаас гараараа заамдаж аваад хоолой боосон. Миний ухаан балартаад ухаан алдаад уначихсан. Нэг сэрсэн чинь гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 39х/

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Бөхбат мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байтал над руу эхнэр маань залгаж ярьсан бөгөөд "хүү Батзоригийг гэмтсэн байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэр лүү ямар утаснаас залгасанг нь мэдээд асуухад ангийнхан хүүхдүүд бололтой Б.Батзоригийг бялтанан шалан дээр унаад гэмтчихсэн. Цом трейдын ойролцоо бариач дээр байна хүрээд ир гэхээр нь яваад очтол Батзоригийн царай цонхийгоод цагаарсан байдалтай байсан. Хамт байсан ангийнхан хүүхэд болох З.Дгаас асуусан чинь "би боочихсон юм" гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 37-38х/,

гэрч Т.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 13 цаг 20 минутын үед ангийн сурагч Батзоригийг анги дээрээ ухаан алдаад уначихлаа гэдгийг сонсоод ангидаа ортол Батзориг унаад сэргэчихсэн сууж байсан. Тэгээд би Батзоригоос биеийн байдлыг нь асуухад "зүгээр" гэж хариулсан тул хамт нэг ангид сурдаг З.Д, Хүслэн, Золбоо, Түвшинтөр нарт гэрт нь хүргэж өг гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 42-43х/,

насанд хүрээгүй гэрч Т.Золбоогийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Тухайн өдөр манайх 7 цаг орох байсан боловч 7-р цагийн хичээл орохгүй болоод манай анги тарахаар болсон. Батзориг ангийн жижүүр байсан болохоор ангийн хог шүүрдээд зогсож байсан. Би цамцаа сольчихоод эргэж хартал З.Д, Батзориг нар хоорондоо заамдчихсан зогсож харагдсан. Би цүнхээ ширээн дээр тавьтал хойно хүн унах шиг болохоор нь эргээд харсан чинь Батзориг газар шалан дээр хэвтсэн байдалтай харагдсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 46х/,

насанд хүрээгүй гэрч Б.Хүслэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэр өдөр Батзориг ангийн жижүүр байсан. Батзориг хог шүүрдээд байж байхад З.Д хажууд байсан, юунаас болсон юм бүү мэд тэр хоёр бие биетэйгээ заамдалцаад зогсож байсан. Би дэвтэр номоо далд хийж байтал ангийн хүүхдүүд Батзориг газар уначихлаа гэхээр нь яваад очсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 47-48х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний шинжээч эмч Г.Ханхүүгийн гаргасан шинжээчийн №12606 тоот дүгнэлтэд: “...Б.Батзоригийн биед дагз ясны шугаман хугарал, аалзан хальсны доорх цус харвалт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлэр үүсэх боломжтой. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.." дүгнэлт /хх-ийн 59х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянах шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд өсвөр насны шүүгдэгч З.Дг нэг ангийн хүүхэд хохирогч Б.Батзоригийг хувийн таарамжгүй харилцааны улмаас боож унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Батзориг, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Бөхбат нарын зүгээс хавтас хэрэгт нийт 415.000 төгрөгийн баримт өгсөн байх ба өсвөр насны шүүгдэгч З.Д түүний ар гэрийн зүгээс нийт 1.040.000 төгрөг хохирогчийн ар гэрт төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт насан хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бусад оролцогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Иймд өсвөр насны шүүгдэгч З.Дг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Харин насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Бөхбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний хүү цаашид эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай, уг эмчилгээний зардлыг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэсэн тул насанд хүрээгүй хохирогч Б.Батзориг, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэйг дурдаж шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч З.Дд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй, анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж буй байдал, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хувийн байдал зэргийг нь харгалзан цаашид хүмүүжих боломжтой, өсвөр насны шүүгдэгчийг заавал нийгмээс тусгаарлан ял эдлүүлэх нь зохимжгүй гэж үзэн шүүхээс оногдуулсан хорих ялыг хойшлуулах нь зүйтэй гэж үзэв.