Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2016/00980

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа  даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 30-7 тоотод оршин суух Шаавай Сонингийн Дүмбэн /ФЖ68050110/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг 4-7-34 тоотод оршин суух Энх Баасансүрэнгийн Амаржаргалд /ФА68112602/-д холбогдох

“5 350 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Дүмбэн, хариуцагч Б.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Дүмбэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний хувьд төмс, хүнсний ногоо тариалан өөрийн болон үр хүүхдийн хамт амьдрал залгуулдаг. Би улсад 30 жил төмс, хүнсний ногоо тариалж байна. 2013 онд гар ажиллагааг механик болгох зорилгоор банк бус санхүүд төсөл бичиж 10 000 000 төгрөг авсан. Гэтэл надад тухайн нийт трактор, газар хагалагч, төмс хүнсний ногоо манагч буюу коно зэрэг хэрэгтэй байсан. Гэтэл би иргэн Б.Амаржаргалтай уулзаж 2013 онд иргэний хувьд тохиролцож газар хагалагч, төмс хүнсний ногоо манагч зэргийг үнэ тохирч худалдаж авсан. Надад өгөхдөө аж ахуйн үйлдвэрийн завод тоног төхөөрөмж гэж хэлээд өөрийн машинаар өөрийн биеэр Эрдэнэ багийн 38-07 тоотод салгасан эд ангийг буулгаж өгсөн. 2013 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төв Хаан банкин дээр ирж тохиролцсон 3 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Би хөдөө аж ахуйн эд ангид 2013 оны хавар 05 сарын 01-нд угсарч ажилд ороход бэлэн бус байсан юм. Тухайн үедээ цаг хугацаа алдалгүй утсаар ярьж хэлэхэд чи бид 2 болно авч ирээд солиод ав гэж ярьсан. Би Б.Амаржаргалаас болж 2013 онд ургацын 30 хувийг алдсан. Ургацын хэмжээ бол буурсан. 2014, 2015 онд Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг түрээсийн буюу өндөр өртөгтэй тээврийн хэрэгсэлийг хөлсөлсөн. Би Амаржаргалтай утсаар ярьж байгаад 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн зоорь буюу гражид өөрийн машинаар аваачиж буулгаж өгсөн. Засаж сольж өгнө гэж хэлээд өнөө хүртэл өгөөгүй хамгийн сүүлд намайг дайран доромжилж эргүү, тэнэг гэх байдлаар заналхийлж байна. Би 2015 оны 01 дүгээр сарын 16-нд нурууны хүнд хагалгаанд орсон учраас хол ойр явах, хүнд зүйлийг өргөхөд эрүүл мэндэд тохирохгүй байна. Амаржаргалтай удаа дараа уулзсан ч миний үгийг тоохгүй байна. Хамгийн сүүлд 2015 оны 10 дугаар сарын 25-нд “Хүлэг” хүнсний зах дээр уулзаад одоо яах вэ? гэж ярихад чи явах замаараа яваарай гэж хариу өгч байна. Тийм учир танай хуулийн байгуулагад хандаж байна. Иргэн Амаржаргалаас завод төмс манагч авна, тэгэхгүй бол 5 350 000 төгрөг гаргуулж авах хүсэлтэй байна. Иргэн Амаржаргалаас 5 350 000 төгрөг гаргуулах болсон шалтгаан нь намайг өнөө хүртэл залилан мэхэлж хийсэн коныг үйлдвэрийн завод гэж байгаад би гомдолтой байна. Би тухайн үедээ банкны хүүтэй мөнгө авч өгсөн. Авах ёстой ургацын 30 хувийг алдсан. Сүүлийн 2 жилд өндөр хүүтэй түрээсийн трактор авч ажиллуулсан. Өөрийнхөө худалдаж авсан трактороо өнөөг хүртэл ажиллуулж чадахгүй байна. Өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлсэн хүргэж өгч өөрийгөө тэнэг эргүү гэж эрүүл мэндийн хувьд доромжлуулсан учир энэ иргэнээс 5 350 000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнийг хуулийн байгууллагаар үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Б.Амаржаргал надад үйлдвэрийн хөдөө аж ахуйд тохирсон төмс манагч өгөхгүй бол 5 350 000 төгрөг гаргуулж авна. Хэрэв миний буцаасан хуучин төмс манагчийг өгвөл би авахгүй гэжээ.

Хариуцагч Б.Амаржаргал шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Дүмбэнгийн нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. 2013-12 сард Дүмбэн 3 удаагийн ирэлтээр хүн дагуулан ирж, төмсний манагч кон-2,8 анжис корпустай-1ш, борной 1 ширхэгийг худалдан авч 2 800 000 төгрөг тоолж өгөөд бид машинаараа ачиж, хүргэж өгсөн. Буулгаад үлдэгдэл 200 000 төгрөгөө авах гэтэл ингээд болно гэсэн. Тэгээд 200 000 төгрөг дутуу өгсөн. 2014 онд юм яриагүй. 2015 онд болохгүй байна гээд байхаар нь би үзээд өгье, техник мэдэхгүй хүмүүс эвдсэн байж магадгүй гэж хэлсэн. 2015-07 сард зооринд авчирч өгөөд би 7 сард бригад руугаа авч явж зүүгээд үзэхэд 5 секцний 3 дутуу явах, ажил хийх боломжгүй болсон байсан. Бид өөрсдөөсөө сэлбэг, дугуй, баригч, соёо хийж маналт хийхэд ажил сайн хийж байсан. С.Дүмбэн маш утгагүй юм ярьж, утсаар орилдог. Хүнтэй ирээд техникээ заалгаж аваад явбал өөр асуудал байхгүй. Хүний техникийг худалдан авч ашиглаж эвдэж, дутаачихаад өөрсдөө ачиж авчирч буулгасан. Бид 2013 онд хийгдсэн наймааг буцаах бодолгүй байгаа бөгөөд С.Дүмбэн нь төмс манагчийг 2 жил эдэлж хэрэглэчихээд буцаах тухай яриад байгаа нь ойлгомжгүй юм. Бид яг ийм ижил төмс манагчийг Сэлэнгэ аймаг руу 1 жилээр түрээсээр өгч байгаад 2015 онд буцааж авсан. Төмс манагч нь 2004 онд Белорусь улсад үйлдвэрлэгдсэн. С.Дүмбэнгийн нэхэмжилсэн мөнгө үндэслэлгүй бөгөөд бид 2 жил хэрэглэсэн техникийг буцааж авахгүй гэдгээ тайлбараар хүргэж байна гэжээ.

Зохигчид хуралдаан дээр эвлэрэхдээ: Нэхэмжлэгч төмс манагч 2 өөр дугуйтай байсан, 13-тай 2 дугуй хийгээд, хэрээ хошууг нь сольчихвол буцаагаад авья гэснийг хариуцагч хүлээн зөвшөөрч эвлэрсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Дүмбэн нь хариуцагч Б.Амаржаргалд холбогдуулан “5 350 000 төгрөг эсвэл төмс манагч гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанд дээр нэхэмжлэгч төмс манагч 2 өөр дугуйтай байсан, 13-тай 2 дугуй хийгээд, хэрээ хошууг нь сольчихвол буцаагаад авья гэснийг хариуцагч хүлээн зөвшөөрч эвлэрсэн болно.  

Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулахаар заалаа. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Дүмбэнгийн хариуцагч Б.Амаржаргалаас “5 350 000 төгрөг эсвэл төмс манагч гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагатай хэргийн, нэхэмжлэгч төмс манагч 2 өөр дугуйтай байсан, 13-тай 2 дугуй хийгээд, хэрээ хошууг нь сольчихвол буцаагаад авья гэснийг хариуцагч хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 100 550 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

      4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА