Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 146/ШШ2016/00154

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хүсэлттэй,

“Иргэн Ж.Бат-Эрдэнийг иргэний эрхзүйн чадамжгүйд тооцуулах”-ыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч С.Төмөртогоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулангоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Хархорин сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид шүүхэд гаргасан хүсэлтэдээ: “…Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон 2-р багийн иргэн Жавзандулам овогтой Бат-Эрдэнэ нь 1986 онд төрсөн 30 настай /хүнд хэлбэрийн оюун ухааны хомсдол/ өвчний улмаас өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох буюу өөрийгөө зөв удирдаж чадахгүй хүний асрамжинд байдаг. Монгол улсын “Сонгуулийн тухай” хуулийн 61 дүгээр зүйлийн 61.8.1-д Улсын дээд шүүх эрхзүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг УБСЕГ-ын 5-р сарын 5-ны дотор хүргүүлэхээр заасан тул энэхүү заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д эрхзүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг ИТХ-ын тэргүүлэгчид, эрүүл мэндийн байгууллага, шүүхэд гаргана гэж заасныг үндэслэн эрхзүйн чадамжгүй гэж үзэх үндэслэл бүхий Жавзандулам овогтой Бат-Эрдэнийг эрхзүйн чадамжгүй гэж тооцож өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг үндэслэн тэмдэгтийн хураамжаас чөлөөлж зохих шийдвэр гаргаж өгнө үү...” гэжээ.

Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөртогоо шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Жавзандулам овогтой Бат-Эрдэнэ нь 1986 онд төрсөн 30 настай (хүнд хэлбэрийн оюуны хомсдол) өвчний улмаас өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох буюу өөрийгөө зөв удирдаж чадахгүй хүний асрамжинд байдаг. Иймд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д эрхзүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, эрүүл мэндийн байгууллага, шүүхэд гаргана гэж заасныг үндэслэн эрхзүйн чадамжгүй гэж үзэх үндэслэл бүхий Жавзандулам овогтой Бат-Эрдэнийг эрх зүйн чадамжгүй гэж тооцож өгнө үү...” гэв.

           Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нь “иргэн Ж.Бат-Эрдэнийг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцуулах” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон 2-р баг, Мойлт 4 гудамж, 3 тоотод оршин суух иргэн Боржигон овгийн Жавзандуламын Бат-Эрдэнэ /РД: ЙР86032315/ нь сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй болох нь 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаартай комиссын шийдвэр, эрхзүйн чадамжгүй гэж үзэх иргэдийн нэрс, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн сум хариуцсан мэргэжилтний тодорхойлолт, Өвөрхангай аймаг, Хархорин сумын Сонгуулийн хорооны 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №12 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, гэрч Т.Жавзандулам, М.Ариунжаргал нарын мэдүүлэг, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шүүх сэтгэц гэм судлалын шинжээчийн магадлагаа зэргийг үндэслэн түүнийг эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлтийг хангаж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1/155 дугаартай албан бичгээр Х.Дэлгэрмаад асран хамгаалагч тогтоосон Засаг даргын захирамж гараагүй гэх тул Т.Жавзандуламыг түүний асран хамгаалагчаар тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.1 дэх хэсэгт зааснаар “...эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон гарах шүүхийн зардлыг төр хариуцна...” гэж заасны дагуу шинжээчийн зардал болох 35.000 төгрөгийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Төрийн сангаас гаргуулан шинжээч Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Жавзандуламын Бат-Эрдэнийг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцон, түүний асран хамгаалагчаар Түдэвийн Жавзандуламыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Иргэдийн Төлөөлөгчдийн тэргүүлэгчид нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын Төрийн сангаас шинжээчийн зардал болох 35.000 төгрөгийг гаргуулан шинжээч Өвөрхангай аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвд олгосугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.         

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ц.ДАГИЙМАА