Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01619

 

2023 08 18 210/МА2023/01619

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/01689 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Г, Л.Б нарт холбогдох, 2,318,916,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч бөгөөд хариуцагч Л.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, түүний өмгөөлөгч Д.Д шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Хариуцагч нартай Зээлээр техник худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч нар Э ХХК-ийн ***, *** улсын дугаартай Hyundai г500 LC-7 маркийн 2 ширхэг экскаваторыг 1 ширхгийг 430,000,000 төгрөгөөр, нийт 860,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. 2019 оны 05 сарын 23-ны өдрийн дотор урьдчилгаа 50,000,000 төгрөгийг бэлнээр төлөх, мөн Э хотод байрлах Л.Б-ын нэр дээрх Н хотхоноос 2 өрөө орон сууцыг 65,000,000 төгрөгт тооцон шилжүүлэх, үлдэх 745,000,000 төгрөгийг худалдан авагч тал 2019 оны 06 сарын 20-ны дотор 30,000,000 төгрөг, 2019 оны 07 сарын 05-ны өдөр 100,000,000 төгрөг, 2019 оны 07 сарын 25-ны дотор 270,000,000 төгрөг, 2019 оны 08 сарын 25-ны дотор 345,000,000 төгрөгөөр худалдагч талд төлж дуусгахаар болсон. Харин гэрээний 2.4-т Худалдан авагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хөрөнгийг түрээсийн журмаар ашиглуулсанд тооцож нэг сарын нэг техникийн түрээсийн төлбөрт 45,000,000 төгрөгөөр тооцож, нийт нэг сарын 90,000,000 төгрөгөөр цаашид тооцож түрээсээр ажиллуулснаар худалдагч талд төлбөр төлнө гэж заасан. Мөн гэрээнд төлбөрийг заасан хугацаандаа төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Ингээд хариуцагч нар нэхэмжлэгчид Э хотод байрлах Л.Б-ын нэр дээрх Н хотхоноос 2 өрөө орон сууцыг 65,000,000 төгрөгт тооцож М.М гэх хүний нэр дээр шилжүүлсэн, мөн урьдчилгаа төлбөр дээр нэмж нийт 65,470,000 төгрөгийг түлшээр тооцож, нийтдээ 130,470,000 төгрөгийг төлсөн. Үүнээс өөр байдлаар хариуцагч нар ямар нэг төлбөр төлөөгүй. Улмаар хариуцагч нар *** экскаваторыг ашиглах явцдаа шатааж, их хэмжээний эвдрэл гэмтэл, хохирол учруулсан. Ингээд худалдах-худалдан авах гэрээ цаашдаа хэрэгжихгүй нь тодорхой болсон бөгөөд хариуцагч Л.Б 2020 оны 09 сарын 10-ны өдөр Э ХХК-д хандаж ...зээлээр техник худалдах-худалдан авах гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлж чадаагүй тул хоёр экскаваторыг буцаан өгч, учирсан хохирлыг барагдуулах, экскаваторыг ашигласан түрээсийн болон засвар үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулах тухай баталгаа гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс *** улсын дугаартай экскаваторыг 2020 оны 09 сарын 10-ны өдөр акт үйлдэж хүлээлцсэн ба *** улсын дугаартай экскаваторыг уурхайгаас 2021 оны 01 сарын 15-ны өдөр компанийн зүгээс очиж өөрийн зардлаар ачиж авч ирсэн болно. Иймд *** улсын дугаартай Hyundai r500 LC-7 маркийн экскаватор, *** улсын дугаартай Hyundai r500 LC-7 маркийн экскаваторын түрээсийн үлдэгдэл төлбөр 1,480,530,000 төгрөг, *** улсын дугаартай, Hyundai г500 LC-7 маркийн экскаваторыг засварлахад зарцуулсан 89,121,000 төгрөг, нийт 98,121,000 төгрөг, алданги 740,265,000 төгрөг, нийт 2,318,916,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч нар хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 2019 оны 05 сарын 17-ны өдөр №*** тоот Зээлээр техник худалдах-худалдан авах гэрээ-г нэхэмжлэгчтэй байгуулж ***, *** улсын дугаартай 2 ширхэг экскаваторыг зээлээр худалдан авсан. Гэрээг байгуулах үед би өөрөө хөдөө байсан учир дүү Л.Г очиж гэрээнд гарын үсэг зурсан. Урьдчилгаа төлбөрт нийт 130,470,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц болон түлш өгсөн. Ингээд Б аймаг, Б сумын нутагт 2 экскаваторыг ажиллуулсан. Хоёр экскаваторыг 2019 оны 05 сард худалдан авсан боловч ажиллах газартаа 2019 оны 07 сарын 30-ны өдөр зөөж аваачсан ба 2019 оны 08 сарын 01-ний өдөр уурхайн ажил эхэлсэн. Ер нь бол 2019 оны 05 сарын 17-ны өдрийн №*** тоот Зээлээр техник худалдах-худалдан авах гэрээ-ний оролцогч нь Л.Б биш тул уг гэрээний үүргийг хариуцахгүй. Нэхэмжлэгч нь бидний хүлээж авсан 2 экскаваторыг бусдад худалдах буюу захиран зарцуулах эрхгүй байсан. Учир нь уг 2 техник нь ***банк ХК-ийн барьцаанд байсан. Мөн 2019 оны 05 сарын 17-ны өдрийн №*** тоот Зээлээр техник худалдах-худалдан авах гэрээ-ний 2.5, 2.6 дахь заалтууд хуульд нийцээгүй, байгуулагдсан цагаасаа хойш хүчин төгөлдөр бус, тэгээд ч уг гэрээг нэхэмжлэгч биднийг хуурч мэхлэх замаар хийсэн гэж үзэж байгаа. Бид нар худалдааны гэрээ байгуулсан болохоос ямар ч түрээсийн гэрээ байгуулаагүй. Хэрэгт авагдсан 2020 оны 09 сарын 10-ны өдрийн ***тоот Экскаватор хүлээлцэх акт, 2020 оны 09 сарын 10-ны өдрийн Баталгаа гаргах тухай бичгийн баримтуудад би гарын үсэг зураагүй, ийм баримтуудыг үйлдэж байснаа мэдэхгүй байна гэжээ.

 

3.   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ***банк ХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай банк Э ХХК-тай 2018 оны 06 сарын 21-ний өдөр *** тоот зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр ***, *** дугаартай 2 ширхэг экскаваторыг банк түр нэр дээрээ шилжүүлэн авсан. Э ХХК зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийн тулд 2019 оны 05 сарын 19-ний өдөр зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийн үр дүнд банкны зээлийн гэрээ давхар биелэх боломжтой гэрээ байсан тул гэрээг нь дэмжиж ажилласан. Банк фидуцийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2019 оны 07 сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/01211 дугаар захирамжаар Э ХХК 1,453,654,360 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

 

4.   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.А шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэг шаардсан. Энэхүү гэрээний харилцаанд миний бие оролцоогүй, ямар нэг эрх, үүрэг хүлээгээгүй, талуудын хооронд үүссэн маргаанд хамааралгүй. Энэхүү маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд шүүхээс гарах шийдвэр нь миний хууль ёсны эрх, ашигт нөлөөлөхгүй гэж үзэж байна гэжээ.

 

5.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Б, Л.Г нараас 1,657,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 661,316,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,000,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 464,530 төгрөгийг, хариуцагч нараас 8,445,950 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

6.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

6.1.Л.Б миний бие өмнө ажиллаж байсан өмгөөлөгч Э.Э-аас татгалзаж, 2023 оны 05 сарын 01-ний өдөр өөр өмгөөлөгчтэй оролцох, мөн шинээр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан өмгөөлөгч өөр шүүх хуралдаанд оролцож байгаа, шүүх хуралдаан давхацсан тухай нотлох баримтаа өгсөөр байтал шүүгч хүлээж авахаас татгалзсан. Шүүгч талуудад эрх, үүрэг тайлбарлахдаа шүүгчийг татгалзан гаргах эрхтэй талаар тайлбарласан, миний бие өмгөөлөгч авах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан, энэ хэргийг үнэн зөв шийднэ гэдэгт итгэхгүй байгаа тул шүүгчээс татгалзсан. Гэтэл шүүх миний эрхийг хязгаарлаж өмгөөлөгчтэй оролцох эрхийг минь хангахгүйгээр, мөн шүүгчийг өөрийг нь татгалзсан асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж, захирамж гаргахаар заасан байхад шууд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийсэнд гомдолтой байна.

6.2."Э" ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтын бүрдүүлбэрийг хангаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгчийн хувьд тухайн маргаан бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд нэхэмжлэлд хавсрагдаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээж авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт, 62.1.6-д заасан хавсралтад байхгүй болно. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах учиртай байхад хянан шийдвэрлэсэн нь процессын алдаа гэж үзэхээр байна.

6.3.***, *** улсын дугаартай экскаваторын өмчлөгч нь "***Банк" ХК гэсэн бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

6.4.Хариуцагч нар 2019 оны 05 сарын 17-ны өдрийн *** дугаартай Зээлээр техник худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу "Э" ХХК-д 65,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц, 65,470,000 төгрөгийн түлш, мөн тус иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож буй О.А нь *** улсын дугаартай экскаваторыг худалдан авахаар Л.Б-той тохиролцсоны дагуу "Э" ХХК-ийн зээлийн төлбөрийг үргэлжлүүлэн төлөх зорилгоор *** банк ХК-ийн дансанд 15,000,000 төгрөгийг шилжүүлэн төлбөр хийсэн байдаг. Иймд нийт 145,470,000 төгрөг төлсөн гэж тооцохоор байна. Үүнийг шүүх анхаараагүй.

6.5.Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд *** дугаартай экскаваторыг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлж өгөх үед мотор ашиглалт буюу насжилтын хувьд ямар байсан, энэ нь эвдрэлд нөлөөлсөн эсэх, хариуцагчийн эзэмшилд байсан хугацаанд ямар эвдрэл гарсан, уг эвдрэлийг засахад хэчнээн хэмжээний зардал гарах зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байна. Дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Мөн хариуцагч экскаваторын моторыг засуулахаар 10,000,000 төгрөгийн сэлбэг худалдан авч түүнийгээ худалдагч талд хүлээлгэж өгсөн гэж тайлбарладаг тул уг сэлбэг хэрэгслийг хэнд хүлээлгэж өгсөн, энэ нь хохирлын дүнд тооцогдох боломжтой эсэхийг тодруулах шаардлагатай гэж дүгнэсэн байдаг. Энэ байдлыг тодруулаагүй шүүх хэргийг шийдвэрлэсэн.

6.6.Э" ХХК, Л.Г, Л.Б нарын хооронд байгуулагдсан 2019 оны 05 сарын 17-ны өдрийн зээлээр 2 техник худалдах, худалдан авах тухай *** дугаартай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн, 56.1.8-д зааснаар мөн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч *** банк ХК-аас буюу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл болно. *** банк ХК-аас олгосон ямар ч зөвшөөрөл, итгэмжлэл огт авагдаагүй. 2019 оны 05 сарын 17-ны өдрийн *** дугаартай гэрээг Иргэний хуулийн 262-264 дүгээр зүйлийг үндэслэн байгуулсан бөгөөд энэ л хуулийн зохицуулалт үйлчилнэ гэж талууд тохиролцсон байгааг шүүх анхаарч үзсэнгүйд гомдолтой байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэргийн хянан шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна.

7.1.Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс хариуцагчийг өмгөөлөгч авах эрхээр удаа дараа хангасан. Мөн анхан шатны шүүх хуралдаан эхлэхэд талуудын эрх, үүргийг тайлбарлаж, шүүх хуралдааны дэгийг танилцуулсны дараа шүүгчээс татгалзах эсэхийг асуухад талуудаас татгалзахгүй гэх тайлбарыг өгсөн. Гэтэл хүсэлт шийдвэрлэсний дараа хариуцагчийн зүгээс хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан анхан шатны шүүхийн шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан. Уг татгалзлыг Ерөнхий шүүгч шийдвэрлэх үндэслэлгүй учраас татгалзлын асуудлыг хэргийг шийдвэрлэхээс өмнө шийдвэрлэсэн гэж үзэж байна.

7.2.Э ХХК-ийн зүгээс 2018 оны 06 сарын 21-ний өдөр *** банк ХК-тай зээлийн гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээг байгуулсан. Уг гэрээний 2 экскаваторыг *** банк ХК-ийн өмчлөлд түр хугацаагаар шилжүүлсэн байдаг. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд 2 экскаваторыг худалдан борлуулахаар *** банк ХК-тай тохиролцсон. Уг асуудлыг *** банк ХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрч, 2019 оны 05 сард хариуцагч нартай худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Харин *** банк ХК-ийн зүгээс уг үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хариуцагч нарын зүгээс төлбөрөө төлөхгүй саад учруулж байгаа учраас Э ХХК-ийг тухайн асуудлаар нэхэмжлэл гаргахад татгалзах зүйлгүй гэх хүсэлтийг өгсөн. Энэ нь зөвхөн эвлэрүүлэн зуучлалд гаргасан хүсэлт биш бөгөөд шүүх болон эвлэрүүлэн зуучлалд хандаж гаргасан байдаг. Уг хүсэлтийг харгалзан үзэж, Э ХХК-ийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд гуравдагч этгээд *** банк ХК-ийн эрх ашгийг хөндөөгүй гэж үзсэн.

7.3.Мөн О.А-оос ***банк ХК-д 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн асуудлыг анхан шатны шүүхээс шийдвэрлээгүй гэж давж заалдах гомдолд дурдагдсан байна. Уг асуудалд Л.Б-ын зүгээс худалдах-худалдан авах гэрээг байгуулж, 2 экскаваторыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаас хойш Э ХХК төлбөрийг төлөөгүй атлаа О.А-д худалдах асуудал яригдсан байдаг. Тухайн 15,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд О.А-ын зүгээс Э ХХК-аас шаардлага гаргаж, тусдаа шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байна.

7.4.Талуудын хооронд хүчин төгөлдөр бус гэрээ байгуулж, доголдолтой эд хөрөнгө гэж үзсэн тохиолдолд хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасны дагуу доголдолтой холбоотой шаардлагыг 1 жилийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Гэтэл хариуцагчийн зүгээс уг эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд ямар нэгэн сөрөг нэхэмжлэл гаргасан зүйл байхгүй. Мөн гэрээний 2.5-д худалдан авагч гэрээнд тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд түрээсийн журмаар ашиглуулсанд тооцно гэж заасан. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнө үүргээ солихоор тохиролцсон тохиолдолд үүрэг дуусгавар болгосонд тооцно гэх зохицуулалттай нийцэж байна. Манай зүгээс түрээсийн төлбөрт тооцож, нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Л.Г, Л.Б нарт холбогдуулан түрээсийн төлбөр 1,480,530,000 төгрөг, алданги 740,265,000 төгрөг, засварын зардал 98,121,000 төгрөг, нийт 2,318,916,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар ...нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээ байгуулаагүй, экскаваторууд банкны өмчлөлд бүртгэлтэй тул нэхэмжлэгч шаардах эрхгүй, худалдах, худалдан авах гэрээ хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 82, 186-189, 2хх 88-91/

 

3.   Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1.Э ХХК, Л.Г нар 2019 оны 05 сарын 17-ны өдөр *** тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Э ХХК нь ***, *** улсын дугаартай, Hyundai r500 LC-7 маркийн 2 ширхэг экскаваторыг тус бүрийг нь 430,000,000 төгрөг буюу нийт 860,000,000 төгрөгөөр худалдах, Л.Г нь 2019 оны 05 сарын 23-ны өдөр 50,000,000 төгрөг, Э хот, Н хотхонд байршилтай 1 өрөө орон сууцыг 65,000,000 төгрөгт тооцож төлөх, 2019 оны 06 сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөг, 2019 оны 07 сарын 05-ны өдөр 100,000,000 төгрөг, 2019 оны 07 сарын 25-ны өдөр 270,000,000 төгрөг, 2019 оны 08 сарын 25-ны өдөр 345,000,000 төгрөг төлөх, ийнхүү төлбөрийг төлөөгүй тохиолдолд нэг экскаваторын нэг сарын түрээсийг 45,000,000 төгрөгөөр тооцох нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон; /1хх 47-48/

3.2.Худалдагч нь 2019 оны 05 сард гэрээний зүйл болох 2 ширхэг экскаваторыг хүлээлгэн өгсөн, худалдан авагч нь гэрээний үнэд нийт 130,470,000 төгрөгийг төлсөн буюу 65,470,000 төгрөгт тооцож түлш, 65,000,000 төгрөгт тооцож Э хот, Н хотхонд байршилтай 1 өрөө орон сууц шилжүүлэн өгсөн;

3.3.Улмаар 2020 оны 01 сарын 10-ны өдөр С аймгийн Т сумын нутаг дэвсгэрт байрлах Улаан овоо нүүрсний уурхайд *** улсын дугаартай Hyundai r500 LC-7 маркийн экскаватор шатаж, ажиллах боломжгүй болсон; /1хх 169/

3.4.Үүний дараа Э ХХК нь 2020 оны 09 сарын 10-ны өдөр *** улсын дугаартай экскаваторыг акт үйлдэж хүлээн авсан, 2021 оны 01 сарын 15-ны өдөр *** улсын дугаартай экскаваторыг Заамараас тээвэрлэн хүлээн авсан. /1хх 49-50, 63/

 

4.   Дээрхээс үзвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа анх үүссэн, улмаар *** тоот гэрээний 2.5-д Худалдан авагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хөрөнгийг түрээсийн журмаар ашиглуулсанд тооцож нэг сарын 45,000,000 төгрөгөөр тооцож, нийт нэг сарын 90,000,000 төгрөгөөр цаашид тооцож, түрээсээр ажиллуулснаар худалдагч талд төлбөр төлнө гэж заасны дагуу Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаанд шилжсэн гэж дүгнэхээр байна.

Үүнтэй холбоотой хууль хэрэглээний өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

 

5.   Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх тул хэлцлийг хийсэн гэж үзнэ.

Гэрээний зүйл болох 2 ширхэг экскаватор нь ***банкны өмчлөлд бүртгэлтэй нөхцөл байдал нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, нэхэмжлэгчийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэл болохгүй. /2хх 16-17/

Учир нь, ***банк ХК нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээнд тавигдах шаардлагын дагуу тухайн 2 ширхэг экскаваторыг өөрийн өмчлөлд бүртгүүлсэн буюу бодит өмчлөгч биш байна. /1хх 171-172/

Иймд ...2019 оны 05 сарын 17-ны өдрийн *** тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6.   Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 05 сарын 17-ны өдрийн *** тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 2.5-д тус тус заасны дагуу 2 ширхэг экскаваторын түрээсийн төлбөрийг хариуцагч нараас шаардах эрхтэй.

Э ХХК-ийн 2020 оны 05 сарын 08-ны өдрийн *** тоот албан бичигт ...Экскаваторыг ачиж явсан өдрөөс өнөөдрийг хүртэл буюу нэг жилийн хугацаанд танай талд түрээсээр ажиллуулсан байна. Түрээсийн төлбөр 1,083,000,000 төгрөг болсон байна..., мөн Л.Бын үйлдсэн 2020 оны 09 сарын 10-ны өдрийн Баталгаа гаргах тухай гар бичмэлд ...***, *** экскаваторуудын 2020 оны 09 сарын 10-ны өдөр хүртэл түрээсийн төлбөр 1,195,530,000 төгрөг болно... гэж тус тус дурдсан байна. /1хх 168, 51-52/

2019 оны 05 сарын 17-ны өдрийн *** тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 2.5-д тусгасан талуудын тохиролцоог дээрх албан бичиг, гар бичмэлтэй харьцуулан үзвэл талууд 2 ширхэг экскаваторын түрээсийн төлбөрийг 2020 оны 09 сарын 10-ны өдрийн байдлаар 1,195,530,000 төгрөг гэж тооцсон гэж дүгнэхээр байна.

Өмнө дурдсанчлан *** улсын дугаартай экскаватор шатаж, ашиглах боломжгүй болсон үйл баримт тогтоогдсон байхад анхан шатны шүүх гар бичмэл үйлдсэн 2020 оны 09 сарын 10-ны өдрөөс хойшхи хугацааны түрээсийн төлбөрийг тооцож хариуцагчаас гаргуулсан нь үндэслэл муутай болжээ.

Иймд талуудын тодорхойлсон түрээсийн төлбөр 1,195,530,000 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 130,470,000 төгрөгийг хасч, үлдэх 1,065,060,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

2010 оны 09 сарын 10-ны өдөр үйлдэгдсэн Баталгаа гаргах тухай гар бичмэлд гарын үсэг зураагүй гэх тайлбараа хариуцагч тал нотолж чадаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасан татгалзлаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

7.   Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн *** улсын дугаартай экскаваторыг засварлахад гарсан зардал 37,600,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцжээ. /2хх 43-63/

Үүнтэй холбоотой хууль хэрэглээний өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

 

8.   Анхан шатны шүүх засварын зардлаас 60,651,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн алданги 740,265,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар тусгайлан хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

 

9.   Анхан шатны шүүх түрээсийн төлбөр 1,065,060,000 төгрөг, засварын зардал 37,600,000 төгрөг, нийт 1,102,660,000 төгрөгийг хариуцагч Л.Г, Л.Б нараас гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь, 2019 оны 05 сарын 17-ны өдрийн *** тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-нд Л.Г гарын үсэг зурсан боловч Л.Б шүүх хуралдаанд ...Гэрээг байгуулах үед би өөрөө хөдөө байсан учир дүү Л.Г очиж гэрээнд гарын үсэг зурсан... гэж тайлбарласан, мөн Л.Б-ын өмчлөлийн орон сууцыг дээрх гэрээний урьдчилгаа төлбөрт тооцож өгсөн, мөн 2020 оны 09 сарын 10-ны өдрийн Баталгаа гаргах тухай гар бичмэлд Л.Б гарын үсэг зурсан, мөн *** тоот гэрээний Нэмэлт гэрээ-нд Л.Б гарын үсэг зурсан зэрэг үйл баримт тогтоогдсон тул түүнийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй. /1хх 47-48, 51-52, 2хх 81/

 

10.   Гуравдагч этгээд О.А-оос Э ХХК-д төлсөн гэх 15,000,000 төгрөгийг хариуцагч Л.Г, Л.Б нарын өмнөөс төлсөн төлбөр гэж үзэх боломжгүй тул уг мөнгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах тухай давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт зааснаар шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй.

 

11.   Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

11.1.Иргэний хэрэг 2021 оны 08 сарын 03-ны өдөр үүссэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2 дахь хэсэгт тус тус заасан хэрэг хянан шийдвэрлэх үндсэн болон нэмэлт хугацаа аль аль нь өнгөрсөн байна. /1хх 74-75/

Түүнчлэн, хариуцагч талын хүсэлтээр 2022 оны 05 сарын 25-ны өдөр, 2022 оны 06 сарын 15-ны өдөр, 2022 оны 04 сарын 10-ны өдөр, 2023 оны 04 сарын 24-ний өдрүүдийн шүүх хуралдаан тус тус хойшлогдсон байна. /2хх 18-21, 29-30, 71-72, 83-84/

Иймд хариуцагч талд хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх хангалттай хугацааг шүүх олгосон гэж үзэх ба холбогдох хүсэлтийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн байх тул ...өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн... гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

11.2.Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл анхан шатны шүүх татгалзал асуухад хэргийн оролцогчид татгалзал байхгүй гэж хариулсан болох нь тогтоогдож байна.

Анхан шатны шүүхийн шүүгч хариуцагч талаас гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хэргийн оролцогч шүүгчийг татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр татгалзсан гэж үзэхгүй.

Иймд ...шүүгч татгалзан гаргах тухай хүсэлтийг өөрөө шийдвэрлэсэн... гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

12.   Анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулаагүй, мөн шинжээчийн зардлыг хэргийн оролцогч нарт хуваарилаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

13.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/01689 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Л.Г, Л.Б нараас 1,102,660,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, үлдэх 1,216,256,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,000,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 8,752,530 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын төсөвт оруулж, хариуцагч Л.Г, Л.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 5,671,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, шинжээчийн зардалд нэхэмжлэгч Э ХХК-аас 939,000 төгрөг, хариуцагч Л.Г, Л.Б нараас 561,000 төгрөгийг тус тус гаргуулан Х ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 06 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 3,000,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 Д.НЯМБАЗАР