Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
Хэргийн индекс | 146/2016/00010/И |
Дугаар | 146/ШШ2016/00155 |
Огноо | 2016-06-21 |
Маргааны төрөл | Сэтгэцийн өвчний улмаас хүнийг эрх зүйн чадамжгүй болон хязгаарлагдмал чадамжтой гэж тооцох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 146/ШШ2016/00155
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хүсэлттэй,
“Иргэн Д.Болормааг иргэний эрхзүйн чадамжгүйд тооцуулах”-ыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч С.Төмөртогоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулангоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Хархорин сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид шүүхэд гаргасан хүсэлтэдээ: “…Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр 4-р багийн иргэн Дашдэлэг овогтой Болормаа нь 1982 онд төрсөн 34 настай /хүнд хэлбэрийн оюуны хомсдол/ өвчний улмаас өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох буюу өөрийгөө зөв удирдаж чадахгүй хүний асрамжинд байдаг. Монгол улсын “Сонгуулийн тухай” хуулийн 61 дүгээр зүйлийн 61.8.1-д Улсын дээд шүүх эрхзүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг УБСЕГ-ын 5-р сарын 5-ны дотор хүргүүлэхээр заасан тул энэхүү заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д эрхзүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг ИТХ-ын тэргүүлэгчид, эрүүл мэндийн байгууллага, шүүхэд гаргана гэж заасныг үндэслэн эрхзүйн чадамжгүй гэж үзэх үндэслэл бүхий Дашдэлэг овогтой Болормааг эрхзүйн чадамжгүй гэж тооцож өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг үндэслэн тэмдэгтийн хураамжаас чөлөөлж зохих шийдвэр гаргаж өгнө үү...” гэжээ.
Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөртогоо шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...иргэн Дашдэлэг овогтой Болормаа нь 1982 онд төрсөн 34 настай (хүнд хэлбэрийн оюуны хомсдол) өвчний улмаас өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох буюу өөрийгөө зөв удирдаж чадахгүй хүний асрамжинд байдаг. Иймд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д эрхзүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, эрүүл мэндийн байгууллага, шүүхэд гаргана гэж заасныг үндэслэн эрхзүйн чадамжгүй гэж үзэх үндэслэл бүхий Дашдэлэг овогтой Болормааг эрх зүйн чадамжгүй гэж тооцож өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нь “иргэн Д.Болормааг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцуулах” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр 4-р багт оршин суух иргэн Хар булаг овгийн Дашдэлэгийн Болормааг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шүүх сэтгэц гэм судлалын шинжээчийн магадлагаагаар “...Өөрийн биеэр ирж үзүүлсэн. Харилцан ярилцахад идэвхитэй. Өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох чадвартай... гэсэн дүгнэлтээс харахад Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хүсэлттэй иргэн Д.Болормааг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.1 дэх хэсэгт зааснаар “...эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон гарах шүүхийн зардлыг төр хариуцна...” гэж заасны дагуу шинжээчийн зардал болох 35.000 төгрөгийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Төрийн сангаас гаргуулан шинжээч Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэхь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар Хар булаг овгийн Дашдэлэгийн Болормааг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцуулахыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Иргэдийн Төлөөлөгчдийн тэргүүлэгчид нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын Төрийн сангаас шинжээчийн зардал болох 35.000 төгрөгийг гаргуулан шинжээч Өвөрхангай аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвд олгосугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА