Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01620

 

2023 08 18 210/МА2023/01620

 

Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 16-ны өдрийн 183/ШШ2023/02029 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х ХХК-д холбогдох,

Ххудалдааны төвийн B1 давхрын *** тоот 82 м.кв талбайн түрээсийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй,

Х худалдааны төвийн B1 давхрын *** тоот 82 м.кв талбайг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, учирсан хохирол 62,721,708 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, О.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн өмгөөлөгч И.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус компани нь Хан-Уул дүүргийн ***-р хороонд байрлах Х худалдааны төвийг 2015 оны 09 сарын 16-ны өдрөөс 8 дахь жилдээ түрээсийн гэрээний дагуу тус төвийн В1 давхрын 82 м.кв талбайд E брэндийн гутлын дэлгүүрээ нээн ажиллуулж байна. Х ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Ц 2023 оны 01 сарын 11-ний өдөр *** тоот албан мэдэгдлээр 2022 оны 01 сарын 01-ний өдрийн *** тоот түрээсийн гэрээний хугацаа 2022 оны 12 сарын 31-ний өдөр дуусгавар болсон тул 2023 оны 01 сарын 31-ний өдрийн дотор түрээсийн талбайг суллаж өгөх тухай мэдэгдсэн. Иймд гэрээг цуцлах тухай хуульд заасан журмыг баримтлахгүйгээр, мэдэгдэл өгснөөс хойш 20 хоногийн дотор түрээсийн талбайг чөлөөлж өгөхийг шаардаж буй нь үндэслэлгүй байна. Хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болох ёстой байтал Х ХХК 2023 оны 01 сарын 31-ний өдрийн дотор түрээсийн зүйлийг суллаж хүлээлгэж өгөх, сайн дураар биелүүлээгүй бол албадлага хэрэглэх талаараа манайд удаа дараа мэдэгдсэн тул дээрх мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлагыг гаргаж байна. Х ХХК нь үндэслэлгүйгээр манай компанийг түрээсийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэдэггүй хэмээн маргаж, түрээсийн гэрээг сунгах буюу шинээр байгуулахаас татгалзаж байгаа тул Ж ХХК нь түрээсийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэдэг, улмаар одоо үйл ажиллагаа явуулж буй түрээсийн зүйлийг түрээсийн гэрээ байгуулан ашиглах давуу эрхтэй болохоо тогтоолгох хүсэлтэй байна. Иймд ХХХК, Ж ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 12 сарын 01-ний өдрийн *** тоот түрээсийн гэрээ тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэж үзэж байгаа тул түрээслэх давуу эрхтэй болохыг тогтоолгож, давуу эрхийн хүрээнд нэхэмжлэгчтэй шинэ түрээсийн гэрээ байгуулахыг хариуцагч Х ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: 2022 оны 12 сарын 01-ний өдрийн 22/02 тоот түрээсийн гэрээний хугацаа 2022 оны 12 сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Улмаар 2023 оны 01 сарын 11-ний өдөр түрээсийн гэрээг дуусгавар болгож, 2023 оны 01 сарын 31-ний өдөр түрээсийн талбайг үргэлжлүүлэн түрээслүүлэхээс татгалзсан тул түрээсийн гэрээг тодорхойгүй хугацаагаар сунгах боломжгүй болсон. Ж ХХК нь 2022 оны 12 сарын 01-ний өдрийн 22/02 тоот түрээсийн гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөлгүй удаа дараа хугацаа хэтрүүлж ирсэн. Түүнчлэн, түрээсийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй зөрчил гаргаж байсан, улмаар түрээсийн гэрээний нөхцөлийг олон нийтэд дэлгэж, худал мэдээлэл тараан Х ХХК-ийг гүтгэж байсан ба одоог хүртэл Х ХХК-аас уучлал хүсэж, худал мэдээлэлдээ залруулга хийгээгүй. Иймд Ж ХХК нь Х худалдааны төвийн В1 давхрын 82 м.кв талбайг түрээслэх давуу эрхээ алдсан болно. Х ХХК-ийн 2023 оны 01 сарын 11-ний өдрийн албан бичиг нь түрээслэгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн түрээслэхийг татгалзсан хүсэл зоригийн илэрхийлэл тул түүнийг нөгөө тал заавал зөвшөөрөх шаардлагагүй ба энэхүү хүсэл зоригийн илэрхийллийг хүчингүй болгуулах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Х ХХК болон Ж ХХК нарын хооронд 2022 оны 01 сарын 01-ний өдөр байгуулагдсан 2/22 тоот түрээсийн гэрээний хугацаа 2022 оны 12 сарын 31-ний өдөр дуусгавар болсон ба түрээслэгч Ж ХХК нь Х худалдааны төвийн В1 давхрын *** тоотод байрлах 82 м.кв түрээсийн талбайг суллан хүлээлгэж өгөхгүй байгаа болно. Ж ХХК-ийн хууль бус үйлдлээс үүдэн талбайг М ХХК-д хүлээлгэн өгөх боломжгүй байдал үүссэний улмаас М ХХК-д учрах хохирол, зардлыг хариуцан төлж барагдуулах эрсдэл үүсээд байна. Мөн олох ёстой байсан түрээсийн орлого тасалдаад байна. Иймд хариуцагч Ж ХХК-ийн хууль бусаар ашиглаж буй Ххудалдааны төвийн В1 давхрын *** тоот 82 м.кв талбайг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэн учирсан хохирол болох 2023 оны 02 сараас 07 сарын түрээсийн орлого 62,238,000 төгрөг, дээрх хугацааны цахилгаан, дулааны хэрэглээний төлбөр 483,708 төгрөг, нийт 62,721,708 төгрөгийг Ж ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.   Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Ж ХХК нь дээрх талбайг түрээслэх давуу эрхтэй болохоо тогтоолгохоор үндсэн нэхэмжлэл гаргасан бөгөөд өнөөг хүртэл түрээсийн талбайг ашиглаж, түрээсийн төлбөрийг төлж байгаа. Гэхдээ бид цөөхөн саруудыг НӨАТ тооцоогүй дүнгээр төлсөн ба нэхэмжлэх ирээгүй тохиолдолд энэ үнээр төлөх боломжгүй юм. Цахилгааны төлбөрөөс төлөөгүй нь үнэн, үүнийг зөвшөөрнө, Бид гэрээгээ сунгаж ажилласан тохиолдолд ямар ч асуудалгүйгээр уг төлбөрүүдийг төлнө. Гэтэл Х ХХК нь манай компанийн эзэмшиж буй түрээсийн талбайг М ХХК-д түрээслүүлэхээр 2023 оны 01 сарын 18-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан тул чөлөөлүүлэх, улмаар уг компанид хохирол учирч болзошгүй байна хэмээн сөрөг нэхэмжлэл гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

5.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 287 дугаар зүйлийн 287.1, 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж ХХК хариуцагч Х ХХК нарын хооронд 2022 оны 01 сарын 01-ний өдөр байгуулагдсан *** дугаар түрээсийн гэрээ тухайн нөхцөлөөр сунгагдсан тооцож, түрээсийн гэрээ байгуулахыг Х ХХК-д даалгаж, нэхэмжлэгчийн гэрээ байгуулахад давуу эрхтэй болохыг тогтоолгох шаардлагыг, хариуцагч Х ХХК-ийн Ж ХХК-ийн хууль бусаар ашиглаж буй Ххудалдааны төвийн В1 давхрын *** тоот 82 м.кв талбайг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэн, учирсан хохиролд 62,721,708 төгрөгийг Ж ХХК-аас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг, хариуцагч Х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 759,930 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

6.1.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар гэрээний дагуу 2022 оны 12 сарын 01-ний өдрийн байдлаар Ж ХХК нь Х ХХК-д түрээсийн төлбөр болон цахилгааны төлбөрийг бүрэн төлсөн болох нь тогтоогдож байх тул гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж, түүнчлэн ...гэрээг дахин сунгах эсэх асуудлаар ярилцахгүйгээр гэрээний хугацаа дууссан үндэслэлээр гэрээг өөр этгээдтэй байгуулсан нь Иргэний хуулийн 289.7 дахь заалтыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэсэн. Гэвч анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 9 дэх хэсэгт Харин нэхэмжлэгч Ж ХХК-ийн гэрээ байгуулахад давуу эрхтэй болохыг тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлгүй байх бөгөөд энэ нь гэрээний талуудын гэрээ байгуулахад харгалзан үзэх хуульд заасан үндэслэл тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэх үндэслэлгүй юм гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улмаар анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Ж ХХК-ийг түрээсийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэдэг гэх дүгнэлтийг хийсэн атлаа түрээсийн зүйлийг нэн тэргүүнд түрээслэх давуу эрхтэй болохоо тогтоолгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь эрхээ хүлээн зөвшөөрүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэн цаашид аж ахуйн үйл ажиллагаагаа хэвийн явуулах нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.

6.2.Зохигчдын маргаж буй зүйл нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсэгт заасан шаардах эрхийн үндэслэлийн бүрэлдэхүүн урьдчилсан нөхцөл болох түрээслэгч гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэдэг эсэх маргаан юм. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн шинэ түрээсийн гэрээ байгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсгийг баримталсантай санал нийлэхгүй байна. Хэдийгээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу нэхэмжлэгчийн шаардсанаас өөр үндэслэлээр түрээсийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн, улмаар давуу эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн Ххудалдааны төвийн В1 давхрын *** тоот 82 м.кв талбайг түрээслэх давуу эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах, мөн хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7.   Хариуцагч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг түрээсийн талбайг түрээслэх давуу эрхтэй болохыг тогтоолгох, давуу эрхийн хүрээнд нэхэмжлэгчтэй шинэ түрээсийн гэрээ байгуулахыг даалгах болгож өөрчилсөн. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн хэлбэрээр дурдсан атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасныг үндэслэж шийдвэрлэсэн. Уг нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна. Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй гэх агуулгаар хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл Х ХХК-ийн зүгээс 2023 оны 01 сарын 11-ний өдөр гэрээ дуусгавар болсон учраас дахин гэрээг сунгахгүй болсон талаарх албан бичгийг хүргүүлсэн байдаг. Уг гэрээний хугацаа нь 2022 оны 12 сарын 31-ний өдөр дуусгавар болсон боловч Х ХХК-аас 2023 оны 01 сарын 11-ний өдөр буюу гэрээний хугацаа дууссанаас хойш ажлын 8 хоногийн дотор түрээсийн гэрээг үргэлжлүүлэн байгуулахгүй гэж татгалзсан хүсэл зоригийн илэрхийллээ хүргүүлсэн байдаг. 2023 оны 01 сарын 11-ний өдөр Х ХХК нь гэрээг үргэлжлүүлэхгүй талаарх хүсэл зоригоо илэрхийлж мэдэгдсэн байна. Мөн түрээслэгч нь төлбөрийн нэхэмжлэл илгээгээгүй байхад 2023 оны 01 сарын 27-ны өдөр түрээсийн төлбөр гэх утгатай мөнгөн гүйлгээг Х ХХК-ийн данс руу шилжүүлсэн байдаг. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй. Давуу эрхийн хүрээнд нэхэмжлэгчтэй шинэ түрээсийн гэрээ байгуулахыг хариуцагч Х ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч нь 2 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан атлаа 1 үндэслэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн байна. Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох цахилгааны төлбөрийг төлөх асуудалд нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан, Х худалдааны төвийн B1 давхрын *** тоот 82 м.кв талбайн түрээсийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, Х худалдааны төвийн B1 давхрын *** тоот 82 м.кв талбайг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, учирсан хохирол 62,721,708 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Харин нэхэмжлэгч талын гаргасан худалдааны төвийн В1 давхрын *** тоот 82 м.кв талбайг түрээслэх давуу эрхтэй болохыг тогтоолгох гэх шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус худалдааны төвийн B1 давхрын *** тоот 82 м.кв талбайн түрээсийн гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 9-д холбогдох шаардлагыг ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэх үндэслэлгүй... гэж зөв дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт шийдвэрлэсэн нь өөр хоорондоо зөрчилдөөнтэй болжээ.

Дээрх алдааг шийдвэрт өөрчлөлт оруулах замаар давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

3.   Талууд анх 2015 оноос түрээсийн гэрээний харилцаанд орсон үйл баримтын тухайд маргаагүй ба 2022 оны 01 сарын 01-ний өдөр *** тоот Түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Х ХХК нь Х худалдааны төвийн B1 давхрын *** тоот 82 м.кв талбайг 2022 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Ж ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгөх, Ж ХХК нь сар бүр 7,216,000 төгрөг /НӨАТ ороогүй/-ийн төлбөр төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

Ххудалдааны төвийн 46,000 м.кв талбайтай барилга нь бүхэлдээ нэг улсын бүртгэлийн гэрчилгээтэй тул уг талбайгаас 82 м.кв талбайг бусдад түрээслүүлэхийн тулд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй.

 

4.   Анхан шатны шүүх 2022 оны 01 сарын 01-ний өдөр байгуулагдсан *** тоот түрээсийн гэрээ тухайн нөхцөлөөр сунгагдсанд тооцож, түрээсийн гэрээ байгуулахыг Х ХХК-д даалгаж шийдвэрлэсэнд, мөн нэхэмжлэгч Ж ХХК-д холбогдох, Х худалдааны төвийн B1 давхрын *** тоот 82 м.кв талбайг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, учирсан хохирол 62,721,708 төгрөгийг гаргуулах тухай Х ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар тусгайлан хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй, энэ нь талуудын зарчимд нийцнэ гэж үзлээ.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний дугаарыг буруу бичиж, техникийн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

5.   Харин нэхэмжлэгч Ж ХХК нь ...анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсгийн зохицуулалтыг баримтлалгүй маргааныг хянан шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан... гэж үзэж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулуулахаар давж заалдах гомдол гаргажээ.

 

6.   Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

Хэргийн баримтаас үзвэл түрээслэгч нь түрээсийн гэрээний 2.1.1, 2.1.2, 2.1.3-т заасан түрээсийн төлбөр, хэрэглээний төлбөр зэргийг Тусгай нөхцөл-ийн 5.2-т заасны дагуу сар бүрийн нэгний өдөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлдэг гэж үзэх, мөн түрээсийн гэрээний 13.1-д заасан гэрээг хэрэгжүүлэх явцад олж мэдсэн нууц мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй, дамжуулахгүй, нийтэд ил болгохгүй үүргээ зохих ёсоор биелүүлдэг гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, түрээсийн төлбөрийн хуримтлагдсан үүрэг байхгүй гэх нөхцөл байдал нь түрээслэгч түрээсийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлдэг гэж эргэлзээгүйгээр үзэх үндэслэл биш юм.

 

7.   Иймд ...анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7 дахь хэсгийн зохицуулалтыг баримтлаагүй... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

8.   Харин анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсгийн зохицуулалтыг тогтоох хэсэгт баримталсан нь оновчгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 16-ны өдрийн 183/ШШ2023/02029 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...287 дугаар зүйлийн 287.1, ... гэснийг хасч,

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...*** дугаар... гэснийг ...*** дугаар... гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...нэхэмжлэгчийн гэрээ байгуулахад давуу эрхтэй болохыг тогтоолгох шаардлагыг, ... гэснийг хасч,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 07 сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 Д.НЯМБАЗАР