Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга А.Уламбаяр,                           

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч М.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0892 01986 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн М.Б, 1984 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дундговь аймгийн Сайнцагаан сум сандал 12-13 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө 08 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 1-679 тоотод байшинд иргэн Е.Отгонбаяртай маргалдан, улмаар түүн рүү хутга шидэж, гарт онож, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч М.Б нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би өглөө үүрээр 06 цагт очсон. Намайг анх утасны цаанаас дарамтлаад дуудаад байсан. Би очоод уурандаа аяга чулуудсан. Хийсэн хэргтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Е.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 04-ний өдөр би үеэл ах болох Октъябрын Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 1-679 тоотод байрлах гэрт нь унтаж байхад ...үүрийн 04 цагийн орчим утсаар ярьсан эмэгтэй 08 цагийн үед ... орж ирээд ах Октъябртай муудалцаж хэрүүл маргаан хийэ эхэлсэн. Тэр эмэгтэй эхлээд миний ахтай хэрэлдэж байгаад түүн рүү шаазан аяга шидсэн. Тэгээд миний үеэл ах Октъябр тэр эмэгтэйг авч гарах гээд гадуур хувцсаа өмсөж эхэлсэн. Тэгтэл тэр эмэгтэй надад хандан чи энд юу хийж байгаа юм босооч гэж хэлээд над руу шаазан аяга авч шидсэн. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд хандаж би унтаж байна шүү дээ гэж хэлтэл тэр эмэгтэй шууд шүүгээнээс хутга аваад над руу шидсэн. Тэгтэл тэр эмэгтэйн шидсэн хутга нь миний баруун гарын сарвуу хэсэгт оносон...” гэх мэдүүлэг. /хх 5-6/,

Гэрч Э.Одгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэр эмэгтэй бид нарт уурлаж байгаад Отгонбаярын орны хажууд байсан шаазан аягыг аваад Отгонбаяр руу шидсэн. “...аягыг хөнжлөөрөө хаасан. Тэгээд дараа нь тэр эмэгтэй аяга тавагны шүүгээн дээр байсан хар иштэй хутгыг аваад Отгонбаяр руу шидсэн. Тэгтэл тэр эмэгтэйн шидсэн хутга нь Отгонбаярын баруун сарвуу хэсэгт онож цус гарсан...” гэх мэдүүлэг /хх 7-8/,

Гэрч Ц.Октъябр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Е.Отгонбаяр Б-ийн шидсэн аягыг хөнжлөөрөө хаасан. Тэгтэл Б шүүгээнээсээ хутга аваад дахин Отгонбаяр руу шидсэн. Тэгээд гэнэт Отгонбаярын гаднаас цус гараад эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх 9-10/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13304 дугаартай дүгнэлт:

  1. Е.Отгонбаярын биед баруун гарын сарвууны ар гадаргууд шархтай гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой байна.
  4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-дзааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө 08 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 1-679 тоотод байшинд иргэн Е.Отгонбаяртай маргалдан, улмаар түүн рүү хутга шидэж, гарт онож, биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Е.Отгонбаяр нь хавтаст хэрэгт гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа ирүүлээгүй тул шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч нь гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай

Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар М.Б-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

6. Хохирогч Е.Отгонбаяр нь гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР