Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 82

 

П.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 526 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1313 дугаар магадлалтай, П.Б-т холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, радиолокаторын постын оператор мэргэжилтэй, ***, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт П-н Б-.

П.Б- нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18 дахь заалт “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам” (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн ...өмнө зогсоно” гэсэн заалтыг зөрчиж явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Б.Н-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

Мөн тус дүрмийн 3.5 дахь заалтын а, б, в, г-г зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч П.Б-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн,

хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар П.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 1 жил 90 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг “... 1 жил 3 сарын хугацаагаар ...” гэж өөрчилж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Б-, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Өмгөөлөгч болон үйлчлүүлэгч бидний “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэн хорих ялыг тэнсэж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдолд Давж заалдах шатны шүүхээс чухам ямар үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж болохгүй байгаа талаараа ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Энэ нь анхан, нэн ялангуяа давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэсэн нөхцөл байдлыг бий болгож байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Тодруулбал, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, тогтсон тодорхой ажилтай буюу улс, эх орныхоо батлан хамгаалах үйл хэрэгт зүтгэдэг, 2018-2019 онд Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцсоныхоо төлөө Монгол улсын Ерөнхийлөгчийн 2019 оны Б/297 дугаар зарлигаар “Энхийн төлөө” медалиар шагнагдаж байсан хувийн байдалтай, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг бүрэн арилгасан манай үйлчлүүлэгч П.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг ямар үндэслэлээр хамаарахгүй байгаа нь давж заалдах шатны шүүхийн магадлалаас огт ойлгогдохгүй байна.

Ийм учраас өмгөөлөгчийн хувьд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа юм.

Иймд манай үйлчлүүлэгч П.Б-т анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тэнсэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн гаргасан гомдлыг үндэслэн П.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

П.Б- нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18 дахь заалт “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам” (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн ...өмнө зогсоно” гэсэн заалтыг зөрчиж явган хүний гарцаар гарч явсан Б.Н-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

мөн тус дүрмийн 3.5 дахь заалтын а, б, в, г-г зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч П.Б-т холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон зөв үнэлэн шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Б-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, түүнчлэн тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол, саналгүй болохоо илэрхийлсэн, хувийн байдал зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч П.Б-т оногдуулсан ялыг зохистой хэмжээгээр өөрчлөн оногдуулах боломжтой байх тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг 6 сар болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд дээрх хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулж, тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...ялыг тэнсэх” агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 526 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1313 дугаар магадлалд “шүүгдэгч П.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сар хорих ял дээр мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 90 хоног буюу 3 сарын хугацаагаар тогтоож, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хэмжээг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 9 /ес/ сар хорих ялаар тогтоосугай” гэсэн өөрчлөлт оруулж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Б-ийн өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн хяналтын шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                             ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

   ШҮҮГЧ                                                        С.БАТДЭЛГЭР

     Б.БАТЦЭРЭН

    Ч.ХОСБАЯР

                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН