Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2019/0361

 

“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.С, түүний өмгөөлөгч П.Н, хариуцагч Б.О нарыг оролцуулан Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 113/ШШ2019/0008 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагч Б.О нарын давж заалдах гомдлоор, “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ГСАМХГУБ Б.О, Б.Х нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 113/ШШ2019/0008 дугаар шийдвэрээр: “...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1, 10.10, Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д заасныг тус тус баримтлан “Ч” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ГСАМХГУБ Б.Огийн үйлдсэн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09-06-018/73 дугаар актаар тогтоосон нийт 128949.7 мянган төгрөгийн төлбөрөөс 42983.2 мянган төгрөгийг хасч багасган, улсын байцаагч Б.О, Б.Х нарын хамтран үйлдсэн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 09-06-018/227 дугаар албан шаардлагын шаардах хэсгийн 1 дэх заалтын “...түүнд ногдох 42983.2 мянган төгрөг, нийт 128949.7 мянган төгрөгийг ...” хэсгийг хүчингүй болгож, үлдсэн “...шимтгэлийн өрийн үлдэгдэл 85966.5 мянган төгрөг ...-ийг хүчингүй болгуулах” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрт “...Дээрх байдлаар Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Б.О нь ‘‘нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоо, түүний гүйцэтгэлд хяналт шалгалт хийж, шимтгэлийн өрийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх” эрхтэй.

Харин улсын байцаагчаас 09-06-018/73 дугаар актаар алданги ногдуулахдаа удирдлага болгосон гэх Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна' гэж заасан нь тус хуулийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл мөн боловч мэргэжлийн хяналтын улсын байцаагчид энэхүү “хариуцлага тооцож, алданги ногдуулах” эрх олгогдоогүй байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч этгээдэд Нийгмийн даатгалын хуульд заасан хариуцлага (алданги) ногдуулах асуудал нь нийгмийн даатгалын байцаагчийн бүрэн эрхэд хамаарч байгаа нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйл, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5, 8 дахь заалтын зохицуулалтаар тодорхойлогдоно" гэж дүгнэжээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д заасан хариуцлагыг оногдуулах бүрэн эрх зөвхөн Нийгмийн даатгалын байгууллагын улсын байцаагчид хамааралтай гэж шүүхийн шийдвэрт үнэлснийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1-д “хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих”, 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах”, 10.9.13-д “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх”, 10.10-д “Улсын байцаагчийн тодорхой бүрэн эрхийг захиргааны тухайн хяналтын хууль тогтоомжоор тогтооно”, Улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрмийн 2.3.2-т “нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, ... даатгалын гэрээний биелэлтийг хянах”, 2.3.8-д “аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоо, түүний гүйцэтгэл, нийгмийн даатгалын дэвтрийн олголт, хөтлөлт, баталгаажуулалтад хяналт тавих”, 3.1-д “улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 4.1-д “хяналтын улсын байцаагч нь хууль- тогтоомж, дүрэм, журам зөрчсөн, тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэм буруутай этгээдэд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, ... болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг хүлээлгэнэ” хэмээн зохицуулжээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид дараахь хариуцлага хүлээлгэнэ", 33 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг Засгийн газар, бүх шатны Засаг дарга, хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ." хэмээн хуульчилсан байна.

Тодруулбал, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-т хариуцлага оногдуулах эрх бүхий этгээдийг шууд хуульчлан нэр заагаагүй байна.

Дээрх хуулиудын зохицуулалтаас үзэхэд Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т заасан хариуцлагыг оногдуулах бүрэн эрхтэй байхаар байна. Шүүхийн шийдвэрт хуулийн зөрчилдөөнтэй үнэлэлтийг хийсэн байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагч Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийг 1.2-т “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасныг баримтлан Төрийн хяналт шалгалтын хүрээнд акт тавьсан байна.

Шүүхийн шийдвэрт мэргэжлийн хяналтын байгууллагын нийгмийн хамгааллын улсын байцаагч нь “нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоо, түүний гүйцэтгэлд хяналт шалгалт хийж, шимтгэлийн өрийг нөхөн төлүүлэхээ шийдвэрлэх" эрхтэй байна гэсэн боловч “хариуцлага тооцож, алданги ногдуулах” эрхгүй байна гэж нэг хуулийн заалтыг өөрөөр салаа агуулгаар тайлбарлаж, зөрчилдсөн үнэлэлт хийсэн байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийг 1.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5, 8 дахь заалтын зохицуулалт нь Нийгмийн даатгалын байгууллагын улсын байцаагчийн тодорхой бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд энэ заалтаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн бүрэн эрхийг хязгаарлаагүй болно. Тодруулбал, Нийгмийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтэд Мэргэжлийн хяналтын байгууллагын, Нийгмийн даатгалын байгууллагын улсын байцаагчид давхар хяналт тавих, илэрсэн зөрчилд мөн хуулийн 20 дугаар зүйлд заасан хариуцлагыг ногдуулах эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилсан байна.

Монгол Улсын Зөрчлийн тухай хууль нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйл /Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих/-ийн 1-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос хуульд заасан хувь хэмжээгээр тооцсон шимтгэлийг хугацаандаа төлөөгүй бол шимтгэлийг тооцсон алдангийн хамт нөхөн төлүүлж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан бөгөөд энэхүү зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10, 6.15 дахь заалтад зааснаар хянан шийдвэрлэж, хариуцлага оногдуулах эрх бүхий этгээд нь Мэргэжлийн хяналтын байгууллага, Нийгмийн даатгалын байгууллага байхаар буюу давхар харьяалалтай байхаар хуульчилсан байна.

Дээрх хууль, хуулийн үзэл баримтлалаас үзэхэд Нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан хариуцлага оногдуулах эрх нь Мэргэжлийн хяналтын байгууллага, Нийгмийн даатгалын байгууллагын улсын байцаагчид давхар хамааралтай байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.Огийн үйлдсэн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09-06-018/73 дугаартай актаар тогтоосон нийт 128.949.7 мянган төгрөгийн төлбөрөөс 42983.2 мянган төгрөгийг багасган, улсын байцаагч Б.О, Б.Х нарын хамтран үйлдсэн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 06-06-018/227 дугаартай албан шаардлагын шаардах нь: хэсгийн 1 дэх заалтын "... хүнд ногдох алданги 42983.2 мянган төгрөг, нийт 128949.7 мянган төгрөгийг ..." хэсгийг хүчингүй болгож, үлдсэн "... нийт шимтгэлийн өрийн үлдэгдэл 85966.5 мянган төгрөг ...-ийг хүчингүй болгуулах" хэсгийг хэрэгсэхгүй болгосугай" гэжээ.

Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд дээрх шаардлагыг тавихдаа Захиргааны ерөнхий хуулийг баримтлаагүй үйлдсэн акт албан шаардлага хүчин төгөлдөр бөгөөд хууль ёсных болж чадахгүй гэж үзэж үндэслэлийг хэлсэн. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд тус хуулийн үйлчлэх хүрээг тодорхойлсон.

Мөн захиргааны байгууллагыг тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага” гэж заасан байдаг.

Гэтэл Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.Огийн үйлдсэн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09-06-018/73 дугаартай акт, мөн улсын байцаагч Б.О, Б.Х нарын хамтран үйлдсэн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 06-06-018/227 дугаартай албан шаардлага зэргийг үйлдэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 27-29 дүгээр зүйлийг баримтлаагүй байдаг. Нэгэнт өөрийн үйл ажиллагаанд баримтлавал зохих хууль тогтоомжийг баримтлаагүй захиргааны байгууллагын аливаа шийдвэр. үйл ажиллагааны хууль ёсны болж чадахгүй юм.

Эдгээр акт, албан шаардлага хүчингүй болсноор манай компанийн зүгээс нийгмийн даатгалын санд төлөгдвөл зохих өрийн үлдэгдэл үгүй болохгүй бөгөөд бид өөрийн үүргийг хэрэгжүүлэхээс зайлсхийх ямар нэг зорилго агуулаагүй юм

Учир нь "Ч” ХХК нь өөрсдийн нөөц бололцоог дайчлан өрийн үлдэгдлийг төлсөөр байгаа буюу одоогийн байдлаар 70 саяыг төлөөд байна. Харин төрийн байгууллага бусдад ямарваа шаардлага тавьж, үйлдэл үйл ажиллагаагаа хуульд нийцүүлэх ёстой. Хуульд нийцээгүй захиргааны акт хүчин төгөлдөр байх ёсгүй.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн давж заалдах гомдлоор хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Ч” ХХК-аас “Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.Огийн үйлдсэн 09-06-018/73 дугаар акт, улсын байцаагч Б.О, Б.Х нарын хамтран үйлдсэн 09-06-018/227 дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.Огийн үйлдсэн 09-06-018/73 дугаар акт, улсын байцаагч Б.О, Б.Х нарын хамтран үйлдсэн 09-06-018/227 дугаар албан шаардлагын шаардах хэсгийн зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн үлдэгдэл 85966500 төгрөг, түүнд ногдох алданги 42983200 төгрөг, нийт 128949700 төгрөгийн дүн бүхий нөхөн төлбөр төлөхийг шаардсан 1 дэх шаардлагыг хүчингүй болгуулах” гэж тодруулжээ.

Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 09/75 дугаар хяналт шалгалтын удирдамжийн дагуу тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Б.О нь нэхэмжлэгч “Ч” ХХК-д хяналт шалгалт хийж, тус компанийг нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өртэй, шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөөгүй, өмнөх шалгалтын мөрөөр хүргүүлсэн албан шаардлагыг биелүүлээгүй нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09-06-018/73 дугаар актаар 2017 оны 09 дүгээр сарын эцсийн байдлаарх нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн үлдэгдэл 85966.5 мянган төгрөг, түүнд ногдох алданги 42983.2 мянган төгрөг, нийт 128949.7 мянган төгрөгийг төлж барагдуулахаар тогтоож, мөн оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 09-06-018/227 дугаар зөрчил арилгуулах тухай нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Б.О, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Х нарын албан шаардлага хүргүүлсэн байна.

Хариуцагч Мэргэжлийн хяналтын байцаагч нь нийгмийн даатгалын тооцоо, түүний гүйцэтгэлд хяналт шалгалт хэрэгжүүлэхдээ ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос хуульд заасан хувь хэмжээгээр тооцон шимтгэлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд шимтгэлийг тооцон, алдангийн хамт нөхөн төлүүлэх бүрэн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиудаар олгожээ.

Тухайлбал Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1-д “хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих”, 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах”, 10.9.13-т “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх”, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1-д ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос хуульд заасан хувь хэмжээгээр тооцсон шимтгэлийг хугацаандаа төлөөгүй бол шимтгэлийг тооцсон алдангийн хамт нөхөн төлүүлж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйл “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал”, 1.8 дугаар зүйлийн 6.10-д мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ...10.17,... дүгээр зүйлд заасан зөрчил, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.1-д ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос хуульд заасан хувь хэмжээгээр тооцсон шимтгэлийг хугацаандаа төлөөгүй бол шимтгэлийг тооцсон алдангийн хамт нөхөн төлүүлж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тус тус заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Ч” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын эцсийн байдлаар 85966.5 мянган төгрөгийн өртэй болох нь тогтоогдож[1] байх бөгөөд уг нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн үлдэгдэл 85966.5 мянган төгрөгтэй нэхэмжлэгч маргаагүй[2] байна.

Түүнчлэн 2016 оны 08 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд нэхэмжлэгч “Ч” ХХК-д хяналт шалгалт хийж, даатгуулагчдаас суутгасан болон ажил олгогчоос төлөх 70,8 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулж, цаашид сар бүр төлж хэвших талаар 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 04-63/120 дугаар Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн албан шаардлага хүргүүлж байжээ.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл хариуцагч Мэргэжлийн хяналтын улсын байцаагч хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр, түүнд ногдох алдангийг төлүүлэхээр акт тогтоосон нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд байх ба хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн зохих арга хэмжээ авсан нь буруу биш байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийгмийн даатгалын улсын байцаагчийн бүрэн эрхийг хуульчилсан байх бөгөөд уг заалтаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн бүрэн эрхийг хязгаарлаагүй  тул анхан шатны шүүх “...Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоо, түүний гүйцэтгэлд хяналт шалгалт хийж, шимтгэлийн өрийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх эрхтэй боловч хариуцлага тооцож, алданги ногдуулах эрх олгогдоогүй байна” гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцээгүй, энэ талаарх хариуцагчийн “анхан шатны шүүх зөрчилтэй дүгнэлт хийсэн” гэсэн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн “...улсын байцаагч нар нь акт, албан шаардлагыг үйлдэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 27-29 дүгээр зүйлийг баримтлаагүй. Нэгэнт өөрийн үйл ажиллагаанд баримтлавал зохих хууль тогтоомжийг баримтлаагүй захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хууль ёсны болж чадахгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь хэрэгт авагдсан хариуцагчийн “...хяналт, шалгалтын явцад компанийн захирал Л.Сонинбаярын 99050014 дугаарын утас руу удаа дараа залгахад хариу өгөөгүй, нягтлан бодох зэрэг удирдах ажилтнууд нь нэг ч удаа холбогдоогүй, менежер Д.Мөнхбаяр холбогдох тайлбар, тодруулга өгсөн...акт, албан шаардлагыг компанийн менежерт өгч дамжуулан уламжилсан” гэсэн тайлбар, гэрч Д.Мөнхбаярын “...Надад актууд гээд өгсөн. Захиралдаа өгч гарын үсэг зуруулаад буцаагаад яаралтай явуулаарай гэж Б.О байцаагч хэлсэн. 4 ширхэг бичиг баримт, Б.Х байцаагчийн 1 үдсэн материал өгсөн. ..ямар нэгэн бүртгэл, баримт бичигт гарын үсэг зуруулаагүй” гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдээгүй, мэдэх боломжоор хангаагүй гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 113/ШШ2019/0008 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1, 10.9.8, 10.9.13, 10.10, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ч” ХХК-аас Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.О, Б.Х нарт холбогдуулан гаргасан “Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.О-ийн үйлдсэн 09-06-018/73 дугаар акт, улсын байцаагч Б.О, Б.Х нарын хамтран үйлдсэн 09-06-018/227 дугаар албан шаардлагын 1 дэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

                                 ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

                                 ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

 

 

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 193 дугаар тал

[2] 2 дугаар хавтаст хэргийн 133 дугаар тал