Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001

 

Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй

                      иргэний хэргийн тухай

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 167 дугаартай шийдвэртэй,

Булган аймгийн Булган сум 5 дугаар багт байрлах Хаан банкны Булган салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч 1987 онд Булган аймгийн Булган суманд төрсөн, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 50 дугаар сургуульд бага ангийн багш ажилтай, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 73-208 тоотод түр оршин суух, Балдир овогт Дашжамцын Солонго /РД: ГЮ87062507/

 

Хариуцагч 1967 онд Булган аймгийн Булган суманд төрсөн, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Булган аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн дарга ажилтай, Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багийн Цахиур толгойн 1-1 тоотод оршин суух, Бавгар овогт Аюушжавын Хандаш /РД: ЦГ67120317/ нарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Болдхүү

Хариуцагч Д.Солонго, Д.Хандаш

Хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, П.Ган-Очир

Нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хаан банкны Булган салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Иргэн А.Алтансүх, Д.Солонго  нар нь Хаан банкны Булган салбараас 2008 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 13/1484 тоот зээлийн гэрээ байгуулж 7729251 төгрөгийг, жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, өрхийн хэрэгцээндээ хэрэглэх зориулалтаар зээлсэн.

Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу

Үндсэн зээлд: 809305 төгрөг,

Зээлийн хүүнд: 666529 төгрөг, нийт 1457834 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчин 47 хоног хугацаа хэтрүүлсэн ба банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, банк зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1 дахь хэсгийг үндэслэн 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар:

Үндсэн зээлийн төлбөр: 6919946 төгрөг,

Зээлийн хүүгийн төлбөр: 290751 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр: 1281 төгрөг, нийт 7211979 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Болд-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Солонго, А.Алтансүх нар Хаан банкны Булган салбараас нэхэмжлэлд дурдагдсан мөнгийг зээлсэн юм. А.Алтансүх үндсэн зээлдэгч, Д.Солонго хамтран зээлдэгчээр оролцож, талууд харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан. Зээлдэгч А.Алтансүх нь нас барсан тул зээл төлөгдөөгүй. Д.Солонго нь хамтран зээлдэгч учраас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. А.Хандаш нь А.Алтансүхийн өв залгамжлагчаар тогтоогдсон тул өвлөж авсан өвийн хэмжээгээр зээлдэгчийн үүргийг гүйцэтгэх нь хуульд нийцнэ гэж үзсэн. Тиймээс Д.Солонго, А.Хандаш нарыг хариуцагчаар татсан юм. Иймд хариуцагч нараас 7211979 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Солонго шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би А.Алтансүхтэй 2012 оны 10 дугаар сард танилцсан юм. Би Алтансүхтэй танилцсанаасаа хойш аавындаа амьдарч байсан. А.Алтансүх нь хамт амьдаръя, амьдралаа дээшлүүлье гээд зээл авъя гэж хэлсэн юм. Ингээд бид хамтран анх хашаа, байшингийн мод авахаар 5000000 төгрөг, дараа нь хашаа, байшиндаа засвар хийхээр 5000000 төгрөг зээлсэн юм. Зээлсэн мөнгө хүрэхгүй байсан учраас дахин нэмж 950000 төгрөг зээлсэн. Тухайн мөнгөнүүд Алтансүхийн дансаар ордог, гардаг, тэр өөрөө захиран зарцуулдаг байсан. Бид банкнаас авсан зээлээрээ хашаа, байшингийн мод авсан, мөн хашаа, байшингаа сайжруулсан. Би тухайн зээлийн мөнгийг хувьдаа ашиглаж, захиран зарцуулж байгаагүй. Ийм учраас банкны нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжгүй. Учир нь би тухайн зээлсэн мөнгийг өөрөө ашиглаагүй, захиран зарцуулаагүй, зөвхөн хашаа, байшиндаа зарцуулсан гэв.

 

Хариуцагч А.Хандаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банк А.Алтансүх, Д.Солонго нарт цалингийн зээл олгосон. Тухайн үед А.Алтансүх, Д.Солонго нар ажлаасаа гарсан байсан. Ийм байхад банк цалингийн зээл олгосон байсан. Анх А.Алтансүх, Д.Солонго нар эвтэй, найртай хамтран амьдардаг байсан. Банкнаас зээл авсанаас хойш дүү А.Алтансүх нас барсан юм. Би А.Алтансүхийн ах нь учраас надад түүний хашаа, байшинг өвлөгдсөн юм. А.Алтансүх, Д.Солонго нарын анх банкнаас зээлсэн 5000000 төгрөгийг юунд зарцуулсаныг мэдэхгүй байна. А.Алтансүх, Д.Солонго нар савхин куртка, бусад зүйлийг худалдаж авч байсан. Үүнд анх авсан 5000000 төгрөгийг зарцуулсан гэж бодож байна. Харин дараа нь 5 дугаар сард зээлсэн 5000000 төгрөгийг хашаа, байшиндаа зарцуулсаныг мэднэ. А.Алтансүх байгаль орчны газарт ажилладаг байсан бөгөөд хураагдсан модоороо хашаа, байшингаа барьсан юм. Харин сүүлд зээлсэн 950000 төгрөгөөр хүүхдийн үсний найр хийсэн юм. Банкны нэхэмжилж буй төлбөрийг Хаан банк, Д.Солонго нар тэнцүү хэмжээгээр буюу гурвуулаа хувааж төлөх, эсхүл Д.Солонго нэхэмжлэлийн 50 хувийг төлнө гэвэл үлдэх хэсгийг би төлөхөөс татгалзахгүй. Тэд миний саналыг дэмжихгүй гэвэл би ч мөн адил нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 167 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 535 дугаар зүйлийн 535.1-д заасныг баримтлан 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 13/1484 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Д.Солонго, А.Хандаш нараас тус бүр 3605989.5 /гурван сая зургаан зуун таван мянга есөн зуун наян ес/ төгрөг, /таван/ мөнгө, нийт 7211979 /долоон сая хоёр зуун арван нэгэн мянга есөн зуун далан ес/ төгрөг гаргуулж  Хаан банкны Булган салбарт олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагч нараас тус бүр 45000 /дөчин таван мянга/ төгрөг, нийт 90000 /ерэн мянга/ төгрөг гаргуулж “Далайван Аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбар /5093217373/-т олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130392 /нэг зуун гучин мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 65196 /жаран таван мянга нэг зуун ерэн зургаа/ төгрөг, нийт 130392 /нэг зуун гучин мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн нь давж заалдах гомдолдоо: “... Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 167 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч байна. Энэ хэргийн хариуцагч нь жинхэнэ үүрэг гүйцэтгэгч А.Алтансүх, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Солонго нар цалингийн зээл нэрээр тухайн үед хашаа байшингаа засах гэсэн юм гэж зориулалтаа тодорхойлон 2013 онд 3 удаа нийт 10950000 төгрөгийн зээл авч цаашид хамтран амьдрахаар Булган сумын 6 дугаар баг “Б” хэсгийн 12 дугаар гудамж 6 тоот А. Алтансүхийн өмчлөлийн хашаа байшинг засварласан.

 

Засвар хийлгэхийн тулд байшингийн залгаа хийх дүнз мод, хашааны бүх дайг солих мод, хашааны нүүр болон дээврийн банз авч байшингийн дээврийг шинэ төмрөөр солих, доторлох, шалыг цутгах зэрэг засвар хийж үүдэндээ мансардтай залгаа барьсан. Байшин хашааг хэрхэн засаж сайжруулсан нь хавтас хэрэгт авагдсан харьцуулсан фото зургуудаас харагдах ба ямар өртөгтэй харагдах ба ямар өртөгтэй байшин болох нь “Далай ван” аудитын дүгнэлтээр тодорхойлогдох болно.

 

Д.Солонго нь талийгаач А.Алтансүхтэй хамтран амьдрах сэтгэлээр хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж, байшин хашаагаа засварлах багахан хугацаанд тэдний гэрт ирэн очин амьдрахад түүний ааш зан танигдан амьдрах нөхцөлгүй болсон тул 2013 оны 10 дугаар сараас тусдаа амьдарсан. Алтансүх нь 12 дугаар сард нас барсан байдаг.

 

Хариуцагч гэрлэлтийн баталгаагүй, Д.Солонго тэнд амьдарч байгаагүй тул чанарын хувьд сайжирсан байшинг өвлөх эрх ах А. Хандашид шилжсэн.

 

Зээлийн гэрээний 4.2.11-12-т заасны дагуу МУ-ын иргэний хуульд заасан нөхцөл бий болсон ... зээлдэгч нас барсан ... тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран үүрэг гүйцэтгэгч хариуцан барагдуулна гэж заасан хэдий ч хамтран зээлдэгч Д.Солонго нь зээлийг өөртөө ашиглаагүй нь засаж сайжруулсан байшингийн зураг болох баримтаар нотлогдож, уг байшинг мэргэжлийн үнэлгээний байгууллагааг 19.9 сая төгрөгөөр үнэлэгдсэн нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т өвлөгч өвлөж авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ, 535 дугаар зүйлийн 535.1-д өв хүлээн авсан өвлөгч ... өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж зааснаар өвлөгч Ханддаш жинхэнэ үүрэг гүйцэтгэгчийн үүргийг бүрэн хүлээх үндэстэй гэж үзэж байна.

 

Д.Солонго нь ажилтай байх амьдралын шаардлагаар Улаанбаатар хотод хүүгийн хамт байр түрээсэлж амьдардаг, цалингийн зээлтэй зэргээс бусдын эд хөрөнгийг засаг сайжруулсан зардлыг төлөх боломжгүй нөхцлийг харгалзан үзэж холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байгаа боловч, хэрэглэвэл зохих хуулийн зарим зохицуулалтыг бүрэн хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс засан зөвтгөх боломжтой тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

ХААН банкы Булган аймаг дахь салбар нь А.Алтансүх, Д.Солонго  нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлдэгч нараас үндсэн зээл 6919946 төгрөг, зээлийн хүү 290751 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1281 төгрөг, нийт 7211979 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий шаардлага гаргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Хаан банк, А.Алтансүх нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 13-ний өдөр 1484 тоот зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдэгч А.Алтансүх нь 2013 оны  12 дугаар сарын 23-ний нас барсан болох нь нас барсны  бүртгэлийн лавлагаа, зээлийн гэрээгээр тогтоогдсон байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Алтансүхийн  өмчлөлд байсан  Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг “Б” хэсгийн 12 дугаар гудамжны 6 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-0405001860 дугаарын бүртгэлтэй хашаа байшинг  төрсөн ах А.Хандаш  өвлөн авч өв залгамжлагчаар тогтоогдсон болох нь нотариатчдын танхимын Булган аймаг дахь салбараас ирүүлсэн лавлагаа, өвлөх эрхийн гэрчилгээ зэргээр нотлогджээ. /хх-ийн 195,197/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллагийн хүсэлтийг үндэслэн А.Хандашийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30,1-т зааснаар  хариуцагчийн эрх залгамжлагчаар сольж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ. / хх-ийн 203-208/

 

Хариуцагч Д.Солонго би зээлийн гэрээнд гарын үсэг зурсан болохоос тухайн зээл нь А.Алтансүхийн дансанд ордог зарлагыг тэр хийдэг байсан би зээлээс өөртөө нэг ч төгрөг авч хувьдаа зарцуулж байгаагүй тул зээлийн үлдэгдлийг хариуцан төлөх үндэслэлгүй талаар мэтгэлзэж байгаа боловч зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч тул гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.11,12, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зээлдэгч А.Алтансүх, Д.Солонго нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэн зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, хариуцагч А.Хандаш, Д.Солонго нараас зээлийн гэрээний үүрэг болох 7211979 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргасан нь Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг  зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журам зөрчөөгүй байна.

 

Харин хууль хэрэглээний тухайд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 /... үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна /мөн зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болох бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй бол үндсэн хүүгийн 20 хувиас хэтрүүлэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх талаар хуулийн зохицуулалтыг /Иргэний  хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2/ хэрэг шийдвэрлэхдээ баримтлаагүй нь буруу болжээ.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Д.Солонгийн өмгөөлөгчийн  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан давж заалдсан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

   Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 167 дугаар  шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр  заалтанд “242 дугаар зүйлийн 242.11, 452 дугаар зүйлийн 452.1.2” гэж нэмэлт өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээсүгэй.

 

2. Хариуцагчийн  давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2016 оны 5 дугаар сарын 13-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 65200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравлагч этгээд, тэдгээрийн  төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ё.БЯМБАЦЭРЭН

ШҮҮГЧ                                                                    С.УРАНЧИМЭГ

                                                                                  М.ХҮРЭЛБААТАР