Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2016/01066/И |
Дугаар | 142/ШШ2016/00976 |
Огноо | 2016-07-07 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 142/ШШ2016/00976
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 27-09 тоотод оршин суух, Боржигон овгийн Доёддоржийн Ганчимэг /ГЮ66071861/-ийн хүсэлттэй
"Ажиллаж байсан байдлаа тогтоолгох" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Ганчимэг, гэрч Д.Оюунтуяа, Ц.Ундрах шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Ганчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1982 оны 08 дугаар сарын 01-ээс 1991 оны 12 дугаар сарын 17-ны хооронд Булган аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчиноор ажиллаж байсан. 1991 оноос 1993 оны хооронд хувьд гарч “Мөнгөн зүү” гэх хоршоонд оёдолчиноор ажилласан боловч архивт баримт байхгүй байна. Иймд 1982-1991 онд ажилласан байдлыг минь сэргээн тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Доёддоржийн Ганчимэг нь шүүхэд хандан “1982.08.01-нээс 1989.12.31 хүртэл Булган аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээ”-д оёдолчноор ажиллаж байснаа тогтоолгох”-оор хүсэлт гаргажээ.
Д.Ганчимэг нь 1982 оны 08 дугаар сарын 01-ээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Булган аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний комбинатад оёдолчиноор ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, 19982.07.13-ны өдрийн 186 дугаартай “Нийтийн аж ахуй үйлчилгээний харьяа ахуй үйлчилгээний комбинат”-ын даргын Д.Ганчимэгийг оёдолчноор ажилд авсан тушаал, 1991.12.17-ны өдрийн Б/182 дугаартай ажилтнуудыг /Д.Ганчимэгийг/ ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаал /Мөнгөн зүү хоршоонд шилжүүлсэн/ Булган аймгийн Булган хотын ахуй үйлчилгээний комбинатын даргын тушаал, гэрч Д.Оюунтуяа, Ц.Ундрах нарын мэдүүлэг, Д.Оюунтуяагийн Д.Ганчимэгтэй хамт ажиллаж байсныг тодорхойлох хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд Доёддоржийн Ганчимэгийг 1982 оны 08 дугаар сарын 01-ээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Булган аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчиноор ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овгийн Доёддоржийн Ганчимэг /ГЮ66071861/-г 1982 оны 08 дугаар сарын 01-ээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Булган аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчиноо ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА