Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 163

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга М.Цэрэнням, 

улсын яллагч М.Очбадрах,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Бодонгууд овогт Бадамсэдийн Б.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911001410111 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багт оршин суух бүртгэлийн хаягтай боловч одоогоор Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Усны 5-3 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Бодонгууд овогт Бадамсэдийн Б.Г /РД: ЖЕ85061474/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Б.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Усны 3-5 тоотод байрлах нийтийн байранд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогч Д.Баярмөнхийн цээжин тус газар хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Д.Баярмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 26-ны өглөө босоод найз Оюунболдод өөрийн картыг өгч явуулаад нэг шил архи аваад ир гээд явуулсан. Гэтэл Оюунболд дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн Хараа архи авч ирсэн. Тэгээд архийг нь Б.Г Оюунболд бид гурав хувааж уусан. Тэгээд Оюунболд хоол хийх гээд мар хэрчээд сууж байгаад усанд явахаар Б.Гын хамтран амьдрагч гэх эмэгтэйтэй хамт гэрээс гараад явсан. Тэгээд Б.Г бид хоёр юм яриад сууж байгаад би Б.Гыг чи чаддаг юм бол тэр хутгыг аваад намайг шаачих гэж хэлсэн чинь Б.Г хутга аваад миний цээжин тус газар хутгалсан..."гэх мэдүүлэг /хх-ийн 12-13х/

гэрч П.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Б.Г, Мөнхөө 3-уулаа үлдээд авчирсан архиа уусан. Ууж байх зуур Б.Г, Мөнхөө хоёр хоорондоо маргалдаад ширээн дээрээс Б.Г хутга аваад Мөнхөөгийн цээж хэсэг газар нь хутгалсан би тэгэхээр нь тэр дороо Б.Гын гарнаас нь хутгыг аваад цааш нь буюу газар луу хаясан..." гэх мэдүүлэг /хх-ийн 17х/

 ШШҮХ-ийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 955 дугаартай: "Д.Баярмөнхийн биед цээжний зүүн хэсгийн хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Гыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 14 см урт ажлын хэсэгтэй, 26 см урт хар өнгийн иштэй хутга 1 ширхэг нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдол бүхий баримт байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад нь шилжүүлж устгуулах нь зүйтэй байна.