| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0048/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2019-01-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
улсын яллагч Ч.Батбаяр,
шүүгдэгч Ү.О /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ү.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0689 02144 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ү.О, 1977 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 91-2516 тоотод оршин суух хаягтай, урьд нь 1 удаа ял шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Ү.О нь 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Нямгэрэлтэй маргалдах явцдаа түүний цамцны захнаас нь гараараа зуурч автомашинаар чирсэн, А.Нямгэрэл нь автомашин даган чирэгдэн гүйж яваад газар унаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Ү.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн хэрэг гардаг өдөр халуун өдөр байсан. Би машинтай гудмаар явж байхад том тэрэг хоёр хаалгаа онгойлгосон сууж байсан, би хаалгаа хаачих гэж хэлсэн. Тэгэхэд өөдөөс янз бүрийн хараал хэлж, татаж байсан тамхины иш шидсэн. Машинаас бууж ирээд намайг зодох гэж дайрсан. Тэр Соронзонболд гэдэг гэрчийн мэдүүлгийг зөвшөөрөхгүй байна. Хохирогчтой зууралдахад тухайн хохирогчийн пудволк урагдсан. Хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Шүүх намайг гэм буруутайд тооцсон тул хуульд заасан торгуулын ял оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч А.Нямгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед хүргэн ах Соронболд, эгч Ариунжаргал нарын хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг “JOY” нэртэй хүнсний дэлгүүрийн тэнд байсан юм. Тэгээд 53-35 УБХ улсын дугаартай автомашины жолоочтой муудалцсан. Миний өмсөж явсан цамцны захнаас зуураад шууд хаазлаад хурдтай явсан. Би дагаад гүйсэн чинь тэр ах намайг тавиагүй. Би “зогсооч” гэсэн чинь тэр ах намайг тавихгүй байсан. Тэгэхээр нь баруун гарын дунд хуруунаас долоовор хурууны үений хооронд 1 удаа чанга хазсан чинь заамдсан гараа тавиад би зам дээр өнхөрч унасан. 30-40км/цагийн хурдтай явж байсан. Газар унахад миний нуруу, 2 гарын тохой, 2 хөлийн өвдөг, зүүн хөмсөг, зүүн шанаа зулгарсан...” гэх мэдүүлэг /хх17-18/,
Гэрч У.Соронзонболдын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 14 цаг 30 минутын орчимд би хадам дүү Нямгэрэл, хамаатны дүү Гантогтох, өөрийн эхнэр Ариунжаргал нарын хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн эцсийн буудалд байх “Жоё” хүнсний дэлгүүрийн ертөнцийн зүгээр урд нь байх гудамжинд “Хюандай-Маяти” маркийн ачааны автомашинтай хаалгаа онгойлгоод зогсож байтал хажуугаар нь өнгөрсөн цагаан өнгийн “Приус-20” маркийн машинтай залуу зөрөхдөө “наад хаалгаа хаа” гэж хэлсэн. тэгтэл Нямгэрэл уг залууд хандаж “чи хүн амьтантай жаахан эвтэйхэн харьцаач” гэтэл нөгөө залуу “чи битгий хуц” гээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Тэгэхээр нь тэр хоёрыг “боль, боль” гээд Нямгэрэлийг холдуулаад аваад явтал нөгөө машины жолооч араас “муу ялтанууд” гээд орилсон. Тэгтэл Нямгэрэл уурлаад тэр залуу дээр очоод “буугаад ир” гээд цонхоор гараа оруулаад гарыг нь бариад таттал нөгөө залуу гарыг нь холдуулчихаад зөрүүлээд Нямгэрэлийн өмсөж явсан футболкны захнаас 2 гараараа заамдаж барьж байгаад машинаа хаазалчихсан. Тэгтэл Нямгэрэл зогсоогоороо хөлөөрөө чирэгдээд явсан ба уг машины жолооч 3 нүүр хашааны дайтай чирч явж байгаад гэнэт машинаа зогсооход Нямгэрэл унасан. Тэгээд уг машины жолооч нь шууд явчихсан. Нямгэрэл газарт хэд, хэд өнхөрч унасан...” гэх мэдүүлэг /хх-28/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10199 дугаартай дүгнэлт:
1. А.Нямгэрэлийн биед зүүн зулай, зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын төвгөр, мөчдөд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохой зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 26/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-28/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-29/, зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Ү.О нь 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Нямгэрэлтэй маргалдах явцдаа түүний цамцны захнаас нь гараараа зуурч автомашинаас чирсэн, А.Нямгэрэл нь автомашин даган чирэгдэн гүйж яваад газар унаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч А.Нямгэрэлийн: 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн ...53-35 УБХ улсын дугаартай автомашины жолоочтой муудалцсан. Миний өмсөж явсан цамцны захнаас зуураад шууд хаазлаад хурдтай явсан. Би дагаад гүйсэн чинь тэр ах намайг тавиагүй. Би “зогсооч” гэсэн чинь тэр ах намайг тавихгүй байсан. Газар унахад миний нуруу, 2 гарын тохой, 2 хөлийн өвдөг, зүүн хөмсөг, зүүн шанаа зулгарсан” гэсэн мэдүүлэг,
Гэрч У.Соронзонболдын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 14 цаг 30 минутын орчимд ...зогсож байтал хажуугаар нь өнгөрсөн цагаан өнгийн “Приус-20” маркийн машинтай залуу зөрөхдөө “наад хаалгаа хаа” гэж хэлсэн. тэгтэл Нямгэрэл уг залууд хандаж “чи хүн амьтантай жаахан эвтэйхэн харьцаач” гэтэл нөгөө залуу “чи битгий хуц” гээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан. ...Нямгэрэл уурлаад тэр залуу дээр очоод “буугаад ир” гээд цонхоор гараа оруулаад гарыг нь бариад таттал нөгөө залуу гарыг нь холдуулчихаад зөрүүлээд Нямгэрэлийн өмсөж явсан футболкны захнаас 2 гараараа заамдаж барьж байгаад машинаа хаазалчихсан. ...гэнэт машинаа зогсооход Нямгэрэл унасан” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Ү.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ү.О-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч А.Нямгэрэл нь хавтаст хэрэгт эмчилгээний талаарх 120.000 төгрөгийн баримтаас өөр баримт гаргаж өгөөгүй бөгөөд дээрх зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ү.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ү.О-ыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ү.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ү.О-аас нийт 120.000 төгрөгийг хохирогч А.Нямгэрэлд олгосугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ү.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР