Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2016/00964

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-10-08 тоотод оршин суух, Боржигон овгийн Жадамбын Сайнбаяр /ФМ65021005/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 5-25-11-12 /Эрдэнэ баг 52-06/ тоотод оршин суух, Цоо овгийн Цоомойгийн Соёлцэцэг /ГЮ69011661/-т холбогдох

“Зээлийн гэрээний үүрэг 7 242 154 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Ж.Сайнбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Цоомой Соёлцэцэг нь 4 удаагийн зээлийн гэрээгээр

1. 530 000 төгрөгийг 2015.09.01-2016.02.01 хүртэл 5 сарын хугацаатай зээлж аваад ганц хүү төлөөгүй өдий хүрлээ. 9 сарын 01-ээс 2016 оны 02 дугаар сарын 01 хүртэл 5 сар 150 хоног хүү 397 500,  2 сарын 01-ээс 04 сарын 07 хүртэлх хоногийн алданги 67 хоног 310 679 нийт 1 238 179 төгрөг,

2. 1 500 000 төгрөгийг 8 сарын 29-өөс 2016 оны 02 сарын 29 хүртэл зээлж аваад ганц хүү төлсөнгүй. 2015 оны 08 сарын 29, 2016 оны 02 сарын 29, 6 сар хоног 180 хүү 1 080 000. 2016.02.29-2016.04.07 хүртэлх алданги хоног 38 алданги 490 200 нийт 3 070 200 төгрөг,  

3. 2015.08.22-нээс 2015.12.22 хүртэл 1 000 000 төгрөг зээлж авсан. Ганц ч хүү төлөөгүй. Энэ хооронд 4 сар хоног 120, хүү 480 000 төгрөг. 2015.12.22-ноос 2016.04.07 хүртэлх алданги хоног нь 106. Алданги нь 784 400 нийт 2 264 400 төгрөг болж байна.

4. 2015.09.15-наас 2016.02.15 хүртэл 300 000 төгрөг аваад ганц ч хүү төлөөгүй энэ хооронд 5 сар буюу 150 хоног хүү нь 225 000 төгрөг. 2016.02.15-наас 2016.04.07 хүртэлх 55 хоног алданги 144 375 нийт 669 375 төгрөг.

Дөрвөн зээлийн нийт бүх мөнгө 7 242 154 төгрөг нэхэмжилж байна. 3 дугаар микрийн урд талын “Петровис” бензин колонкийн хажууд дугуй засварын газар ажиллуулдаг бөгөөд надаас мөнгө авсанаас хойш ажилдаа ирээгүй хүү нь ажиллуулж байгаа болно. Хүүгээс нь “ээж чинь яасан бэ? мөнгөө авъя” гэхээр ээж эмнэлэгт байгаа гэж худал яриад би мэдэхгүй та ээжид өгсөн болохоор” гэж бүтэн 6 сар боллоо...

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийнхээ шаардлагаас 2015.09.01-ний өдрийн 530 000 төгрөгийн зээлийн гэрээний алданги болох 45 679 төгрөгийг хасаж 1 192 500 төгрөг болгож, 2015.08.29-ны өдрийн 1 500 000 төгрөгийн  зээлийн гэрээнээс 284 400 төгрөгийг хасаж 1 980 000 төгрөг болгон бууруулж, нэхэмжлэлийнхээ нийт шаардлагыг 6 912 075 төгрөг болгон бууруулж байна гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Сайнбаяр нь хариуцагч Ц.Соёлцэцэгт холбогдуулан “зээлийн гэрээний үүрэг 7 242 154 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийнхээ шаардлагыг 6 912 075 төгрөг болгон бууруулсан.

Хариуцагч нэхэмжлэлийн хувийг 2016 оны 05 дугаар сарын 31-ны өдөр гардаж авсан байх ба хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, хариуцагч шүүх хуралдааны товыг гардан авч гарын үсэг зурсан байна.

Хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ба хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72.3-д “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг гардаж аваад хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, хуульд заасан дээрх үүргүүдээ хэрэгжүүлээгүй бөгөөд, нэхэмжлэлийг эсэргүүцээгүй, нэхэмжлэлийн талаар маргаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Ц.Соёлцэцэгээс 6 912 075 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Сайнбаярт олгож шийдвэрлэлээ. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу гаргуулав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 үгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан Ц.Соёлцэцэгээс 6 912 075 төгрөг гаргуулан Ж.Сайнбаярт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 130 824 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 130 824 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА