| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0080/Э |
| Дугаар | 78 |
| Огноо | 2019-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга А.Уламбаяр,
улсын яллагч Э.Оюунтунгалаг,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Цоохор овогт Баатарын Баярсайханд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 1806 0065 02098 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Б, 1981 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химич, олон улсын худалдаа, гаалийн удирдлага мэргэжилтэй, Замын-Үүд дэх гаалийн байцаагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 430 дугаар байрны 28 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтантэвш амины орон сууцны гадна Д.Дашдоржтой маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”Тухайн өдөр машинтайгаа явж байхад намайг машинтайгаа шахаад байсан ба би хадамын хашаа руу эргээд ороход хойноос машинтайгаа ороод ирсэн. Тэгээд машин шүргэлээ гээд байхаар нь би тэр хүмүүстэй маргалдсан. Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч Д.Дашдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...араас нэг машин гэрлээ анивчуулаад сигналдаад байсан. Урдуур орж хоёр удаа огцом тоормослож шахаад байсан...нөгөө машинтай хүн замаас гараад хашаа руу ороод зогсчихоод нь би машинаасаа буугаад очсон... тэр ах миний нүүр рүү цохихоор нь бид хоёр барьцалдаад аваад газар унасан... би нүүр рүү нь нэг удаа цохисон ” гэх мэдүүлэг. /хх 32/
Гэрч Б.Базарсад мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би гэртээ байж байсан чинь нохой хуцаад байхаар нь харсан чинь хашаан дотор хоёр машин ороод ирчихсэн байсан. Тэгээд хүмүүс зодоон хийгээд байх шиг болохоор нь очтол хүргэн ах Баярсайхан доор нь орчихсон, нөгөө залуу нь дээр нь гарчихсан цохиж байсан. Тэгээд тэр хоёрыг салгаад ахыг гэрт оруулсан чинь хамар нь хугарчихсан байх шиг болохоор нь Гэмтлийн эмнэлэг рүү авч явж үзүүлэхэд хамар нь хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх 52/,
Гэрч Б.Анарболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...өндөр залуу Дашдорж ахын машины түлхүүрийг булаагаад авчихсан...Дашдорж ахыг барьж аваад доороо оруулчихсан Б гэх залуу цохиод байсан. Дашдорж ах доор нь орчихсон байхдаа өөрийгөө хамгаалж Б гэх залуугийн нүүр рүү цохисон, тэгсэн тэр ах нүүрээ бариад байсан” гэх мэдүүлэг /хх /,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1175 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтантэвш амины орон сууцны гадна Д.Дашдоржтой маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Д.Дашдоржын: “...араас нэг машин гэрлээ анивчуулаад сигналдаад байсан. Урдуур орж хоёр удаа огцом тоормослож шахаад байсан... нөгөө машинтай хүн замаас гараад хашаа руу ороод зогсчихоод нь би машинаасаа буугаад очсон... тэр ах миний нүүр рүү цохихоор нь бид хоёр барьцалдаад аваад газар унасан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Д.Дашдорж нь хавтаст хэрэгт гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа ирүүлээгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй болно
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д дэх хэсэгт заасан үндэслэл буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэл буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
3. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
4. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР