Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 203/МА2023/00031      

 

 

2023 оны 09 сарын 13 өдөр                                               Дугаар 203/МА2023/00031                                           Даланзадгад сум

 

“*******-*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Өмнө******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Өмнө******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 144/ШШ2023/00... дугаар шийдвэртэй,

         “*******-*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

        “******* *******” ХХК-д холбогдох,

Автомашинд учруулсан гэм хорын хохирол болон хохирол арилгасан зардал 63 419 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэм хорын хохирол 2 110 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “******* *******” ХХК-ийн захирал Ж.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Даваажаргал /цахимаар/, хариуцагч “******* *******” ХХК-ийн захирал Ж.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: “*******-*******” ХХК нь ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Гүний уурхайн бэхэлгээний материал тээвэрлэн хүргэх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өөрийн компанийн өмчлөлийн ........ ӨМҮ улсын дугаартай Scania маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэлтийг гүйцэтгэдэг ба 2018 оны 05 дугаар сарын сарын 31-ээс 01-ийг шилжих шөнө 03 цагийн орчим ******* ******* ХХК-ийн ......... ӨМА улсын дугаартай Хово маркийн автомашин нь манай компанийн ......... ӨМҮ улсын дугаартай Scania маркийн авто машиныг зогсож байхад араас нь мөргөж их хэмжээний гэмтэл учруулсан ба ******* ******* ХХК-ийн автомашиныг жолоодож явсан жолооч Э.******* нь компанийн менежер М.тай ярилцсаны үндсэн дээр ослын газрыг санаатайгаар орхиж осолд холбогдсон тээврийн хэрэгслийг чирч компанийнхаа гражид аваачсан байна. Энэ тухай хариуцагч компанийн менежер М. нь тухайн хэрэг болдог өглөө манай компанид утсаар мэдэгдсэн бөгөөд танай компанийн автомашиныг урьд шөнө мөргөсөн, цагдаад гомдол гаргахгүйгээр асуудлаа шийдье гэсэнд нь итгэсний үндсэн дээр цагдаад мэдэгдээгүй 3 хоног хүлээсэн. Гэвч тус компанийн удирдлагууд хохирлыг чинь барагдуулахгүй, шүүх цагдаагаар асуудлаа шийдвэрлүүл гэсэн тул манай зүгээс цагдаагийн байгууллагад 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хандаж, хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шинжээчийн дүгнэлтээр ******* ******* ХХК-ийн ажилтан жолооч Ж.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэг, 2.5в-д заасан заалтуудыг тус тус зөрчсөн, автомашинд учруулсан хохирлыг 40.919.000 төгрөг гэж тогтоосон. Энэ нь Эрүүгийн хуульд заасан их хэмжээний хохирол /50.000.000/ төгрөгийн хэмжээнд хүрэхгүй тул тус сумын цагдаагийн тасгийн санал, прокурорын шийдвэрээр Эрүүгийн хэрэг бүртгэлийг хаах шийдвэр гаргасан. Манай компани нь дээр дурдсан ******* ХХК-тай байгуулсан гэрээт ажлыг тасалдуулахгүйн тулд “ ” ХХК-тай байгуулсан 06 дугаар сарын 01-ний өдрийн ЭГХ-....... тоот гэрээгээр ....... ӨМҮ улсын дугаартай Хово маркийн автомашиныг 2018 оны 06 дугаар сарын 01-ээс 10 сарыг дуустал 1 сарын 7.500.000 төгрөгийн үнээр түрээсэлж, ашигласан. Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 498.1, 499.4-т заасны дагуу хариуцагч ******* ******* ХХК нь өөрийн компанийн ажилтан Э.*******н учруулсан хохирлыг нэхэмжлэгчийн өмнө хариуцан арилгах бөгөөд манай компанийн өмчлөлийн автомашинд учирсан хохирол нь 40, 919,000 төгрөг, гэм хор учруулснаас гарсан зардал 22,500,000 төгрөг нийт 63,419,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Тухайн зам тээврийн ослын талаар цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгаад прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Хэрэг бүртгэлийн ажиллагааны явцад зам тээврийн ослын талаар 2 удаа шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан байх бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр М., Э.******* нарыг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан болохыг тогтоон, Өмнө******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын тогтоолоор М., Э.******* нарт зөрчлийн тухай хуульд зааснаар хоёуланд нь шийтгэл оногдуулсан байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т заасны дагуу тухайн зам тээврийн ослыг гаргасан жолооч нар нь адилхан замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас осол гаргасан байх тул өөр өөрсдийн машинд учруулсан хохирлоо хариуцан арилгах нь хууль болон шударга ёсонд нийцнэ гэж үзэн манай компанийн зүгээс өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо шүүхээр нэхэмжлээгүй. Гэтэл “******* *******” ХХК нь өөрийн жолоочийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан талаарх эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсан байтал өөрт учирсан хохирлоо дан ганц манай компанийн жолоочийн буруутай үйлдлээс учирсан гэж үзэн нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч “******* ХХК-иас гэм хорын хохиролд 32.419.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “******* *******" ХХК-д олгохоор, нэхэмжпэгч “******* *******” ХХК-иас гэм хорын хохиролд 2.110.000 төгрөгийг гаргуулж, хариуцагч “******* ” ХХК-д олгохоор, нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас гэм хорын хохирол арилгахад гарсан зардал 22.500.000 төгрөг, эд анги задлах, солих зардал 8.500.000 төгрөг, нийт 31.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 475.045 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 320.045 төгрөгийг гаргуулж, нэхэмжпэгч “******* *******" ХХК-д олгохоор, хариуцагч “******* ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48.710 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “******* *******” ХХК-иас улсын тэмэгтийн хураамжид 48.710 төгрөгийг гаргуулж, хариуцагч “******* ” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч “******* *******” ХХК -ийн захирал Ж.*******гийн давж заалдах гомдлын агуулга: Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтуудыг тал бүрээс нь, бодитойгоор харьцуулан судалсны үндсэн дээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтад нийцүүлэн “үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн” улмаас шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

2022 оны 02 сарын 24 ний өдрийн 00034 дугаартай шүүхийн шийдвэр гаргахдаа “Хөрөнгө эстимэйт" ХХК-ийн үнэлгээнд үндэслэн шийдвэр гаргасан шүүх бүрэлдэхүүн энэ удаа хэргийг дахин шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан Сүлд трак ХХК-аас гаргасан үнийн санал, “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн гаргасан үнэлгээг тус тус эргэлзээтэй нотлох баримт гэж үзэн нотлох баримтаар үнэлээгүй. Харин өмнө нь “Голд стандарт эстимэйнт” ХХК-ийн гаргасан эвдрэл, хохирлын үнэлгээний тайланг Сүлд транс ХХК-ийн үнийн саналд үндэслэн гаргасан, бодит байдалд нийцээгүй гэж үзэн нотлох баримтаар үнэлээгүй шүүх бүрэлдэхүүн энэ удаагийн шүүх хуралдаанд “Голд стандарт эстимэйнт” ХХК-ийн дүгнэлтийг автомашинд үзлэг хийж, бодит байдлыг харьцуулан үзэж, эвдрэл гэмтлийг тодорхойлж, хохирлын үнэлгээг гаргасан нь бусад шинжээчдийн дүгнэлтээс илүү бодитой гэж шүүхээс дүгнэж, тус үнэлгээнд үндэслэж, хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн зам тээврийн осол болсон цаг тухайд хийгдсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд Уг чирэгч толгойн доод хэсэгт замын шороон дээр шингэн зүйл асгаж урсан шингэсэн байдалтай, хурдны хайрцаг доошоо мултарч унасан, мотор доошоо унаж чулак дээр тогтсон, кабины оройн салхи зүсэгч хойшоо унаж автомашины рам дээр тогтсон, буруу талын хойд дугуй хагарч (буудсан), хойд талын хоёр дугуйны крыло хонхойж орсон, рам хойноосоо урагш чихэгдэж хугарсан байдалтай байв, Уг чирэгч толгойн зүүн хажуу талд зам дээр машины гэрлийн хүрээ маягийн цагаан өнгийн хугарсан эд анги, гэрлийн шилний хагархай байсныг шинжээч гэрэл зургаар бэхжүүлэв...” гэж нэхэмжлэгч компанийн тээврийн хэрэгсэлд учирсан нийт 6 төрлийн эвдрэл гэмтлийг хэргийн газрын үзлэгээр тогтоосон байна. Гэтэл Голд стандарт эстимэйт” ХХК-ийн гаргасан хохирлын үнэлгээ нь осол болсноос хойш 5 сарын дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хийгдсэн байх бөгөөд 24 нэр төрлийн эвдрэл гэмтлийн үнэлгээг тогтоосон нь 5 сарын өмнөх ослын улмаас үүссэн эвдрэл гэж үзэх үндэслэлгүй байна. Осол болсноос хойш 5 сарын хугацаанд тухайн тээврийн хэрэгсэл нь анх осол болсон байдлаараа хадгалаастай байсан гэхэд эргэлзээтэй, мөн Улаанбаатар хот руу тээвэрлэх явцад автомашины эд анги нь гулзайх, хугарах, лап тасрах, сэнж хагарах, арьс хагарах гэх мэт эвдрэл гэмтэл учрах бүрэн боломжтой байгаа юм. 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гарсан 1346 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр мөргөлтийн улмаас хөдөлгүүрийн болт тайлагдаж хөдөлгүүр, хурдны хайрцаг доош унах боломжгүй. Тухайн автомашиныг хойноос нь мөргөсний улмаас хурдны хайрцаг, хөдөлгүүр албадан /хүчээр/ эргэж зам дээр мөр үүсгэхгүйгээр шилжилт хийх боломжгүй...” гэж дүгнэсэн нь “Голд стандарт эстимэйт” ХХК-с гаргасан хохирлын үнэлгээгээр тогтоосон зарим эд анги жишээлбэл хөдөлгүүрийн сэнс, хурдны хайрцагны арьс, чулакны гадна арьс, тэвш, кабины баруун далбаа зэрэг эд ангийн эвдрэл нь ослоос өмнө эвдэрсэн байх боломжтой юм.

“Голд стандарт эстимэйт” ХХК-ийн гаргасан хохирлын үнэлгээгээр шууд зардлын дүн 32,419,000 төгрөг, эд анги задлах болон солих зардалд 8,500,000 төгрөг, нийт 40,919,000 төгрөгийн хохирлын үнэлгээ тогтоосон. Гэтэл тухайн тээврийн хэрэгсэл нь 1996 онд үйлдвэрлэгдсэн, 2014 онд буюу ашиглаад 18 жилийн дараа Монгол Улсад орж ирэхдээ Гаалийн мэдүүлгээр 9,185,000 төгрөгөөр үнэлэгдэж татвар төлөгдсөн, 826,000 км явсан, ******* арвижих ХХК-руу шилжихийн өмнө 2016 онд 10,000,000 төгрөгөөр үнэлэгдэн 5,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгсэл нь Монгол улсын хилээр орж ирэхдээ буюу нэхэмжлэгч “******* арвижих” ХХК худалдан авах үед 9,0 сая төгрөгийн зах зээлийн үнэ ханштай байсан бөгөөд үүнээс хойш 4 жил ашиглаж, эвдэрсний дараа тухайн тээврийн хэрэгслийг засаж сайжруулах сэлбэгийн үнэ ханш нь тээврийн хэрэгслийнхээ үнээс 4-5 дахин өндөр үнээр үнэлэгдэж байгаа нь ойлгомжгүй байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлд эд хөрөнгийн элэгдэл хорогдлыг тооцох аргачлалыг хуульчилсан бөгөөд тус хуульд заасны дагуу машин механизмын элэгдэл, хорогдлыг 1 /нэг/ жилд 10% байхаар хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл машин, механизм нь 10 жил ашиглагдаад үнэгүй болохоор байтал үйлдвэрлэснээс хойш 22 жил ашигласан автомашины үнэ ханш шинжээчийн дүгнэлтээр өссөн явдал нь зах зээлийн бодит үнэ ханштай нийцээгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, компанийн жолооч ын шүүхэд гаргасан мэдүүлэг, тайлбар болон бусад баримтаар хохирол учирсан гэх ........... ӨМҮ дугаартай тээврийн хэрэгсэл нь 2018.05.26-нд анх эвдрээд явах боломжгүй болсон тул осол болдог газарт 4-5 хоног эвдэрсэн зогсож байсан талаар тодорхой тайлбар мэдүүлэг өгсөн. Мөн энэ талаар талууд маргаагүй тул уг автомашин осол болохоос өмнө эвдэрч, явах боломжгүй болсон нь тодорхой. Осол болсны дараа нэхэмжлэгч компани нь Улаанбаатар хотын СХДүүргийн 20-р хороонд байрлах “СүлдТранс” ХХК-д өөрсдийн машинд ОСЛЫН ӨМНӨ БОЛОН ДАРАА УЧИРСАН эвдрэл гэмтлийг бүгдийг жагсааж бичээд үнийн санал авсан байдаг. /147-р хуудас/ Энэ баримтыг ашиглаад хэрэг бүртгэлийн шатанд мөрдөн байцаагч нь “Хөрөнгө эстимэйт” ХХК -ийг 2018 оны 06 сарын 19 -нд үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолд “Сүлд Транс” ХХК-ийн үнийн саналыг хавсаргав” гэж бичсэнээс үзэхэд хохирлын үнэлгээг тогтоохдоо эвдэрсэн машиныг огт үзэж, хараагүй, ослын өмнөх эвдрэл, ослын дараах эвдрэл гэмтлийг ялгаж салгаж үнэлгээндээ тусгаагүй болох нь тогтоогдож байгаа. Үүний дараа 2018 оны 11 сарын 07 ны өдөр “Голд стандарт эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгосон бөгөөд энэхүү шинжээчийн дүгнэлтэд дурдсан эвдэрсэн эд ангийн жагсаалт болон дараалал нь “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн гаргасан үнэлгээний жагсаалт дараалалтай яг адилхан байгаа нь энэ 2 үнэлгээний тайлан нь ялгаагүй Сүлд трак ХХК-ийн захиалгын хуудсыг үндэслэж гаргасан болох нь тогтоогдож байна. Гэтэл шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ “Голд стандарт эстимэйт” ХХК-с гаргасан хохирлын үнэлгээнд тусгагдсан эд ангиудын эвдрэл нь тухайн Зам тээврийн ослоос болж, үүссэн гэж дүгнэсэн нь бодит үнэнд нийцээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, ослын өмнө тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг ослын улмаас учирсан эвдрэл гэмтэлд тооцон манай компаниас хохирлыг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогчийн үүргийг хуульчилсан ба нэхэмжлэгч талаас өөрсдийн тээврийн хэрэгсэлд , тухайн ослын улмаас учирсан эвдрэл гэмтлийг эргэлзээгүй байдлаар тогтоосон баримтуудыг гаргаж өгч чадаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь өөрсдийн тээврийн хэрэгслийн Зам тээврийн осол болохын өмнөх гэмтлийн талаар шүүхэд үнэн зөв мэдүүлээгүй, ослын өмнөх эвдрэл гэмтэл, ослын дараах эвдрэл гэмтлийг ялгаж салгаж нэхэмжлэлдээ дурдаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотлоогүй байтал Анхан шатны шүүхээс Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 166.2-т шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна....” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Даваажаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед эвлэрлийн асуудал яригдсан. Хариуцагчийн зүгээс гэм буруугийн асуудал дээр маргаантай байсан учраас үнэлгээний хувьд маргаантай байсан болохоор тухайн үед засуулах, эвлэрэх боломж бол байгаагүй. Тухайн автомашин маань энэ хэргээс хойш 5 жилийн хугацаанд хадгалаад ашиглах боломжгүй болсон учраас сэлбэгэнд худалдсан. Тиймээс одоо засах боломжгүй гэв.

Хариуцагч “******* *******” ХХК-ийн захирал Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үзлэг хийгээгүй байна хөрөнгийн үнэлгээ шаардлагын дагуу үнэлээгүй байна гэж үзээд байгаа гэв.

 

 Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх “Голд стандарт эстимэйт” ХХК-ийн дүгнэлтээр автомашинд үзлэг хийж бодит байдлыг харьцуулан үзэж, эвдрэл гэмтлийг тодорхойлж, хохирлын үнэлгээг гаргасан нь бусад шинжээчийн дүгнэлтээс илүү бодитой гэж шүүхээс дүгнэж тус үндэслэл үнэлгээнд үндэслэж хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч “*******-*******” ХХК нь хариуцагч “******* *******” ХХК-д холбогдуулан зам тээврийн ослын улмаас автомашинд учирсан эвдрэл хохиролд 40 919 000 төгрөг, гэм хор арилгасны зардалд 22 500 000 төгрөг нийт 63 419 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч тухайн ослын улмаас өөрийн эзэмшлийн автомашинд учирсан хохиролд 2 110 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан байна.

 

3. Талууд “*******-*******” ХХК-ийн эзэмшлийн ...... ӨМҮ улсын дугаартай Scania маркийн автомашиныг араас нь мөргөсөн үйлдэлд “*******-*******” ХХК-ийн жолооч гэм буруутай эсэх, уг үйлдлийн улмаас учирсан гэмтэл, хохирлын хэмжээ зэрэгт маргажээ.

 

4. Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “******* *******” ХХК-иас 32 419 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгч “*******-*******”-иас 2 110 000 төгрөг гаргуулан хариуцагчид олгохоор, нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагаас 31 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч “******* *******” ХХК-ийн захирал Ж.******* нь “...шүүх хэргийг дахин шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан үнэлгээг нотлох баримтаар үнэлэлгүй, “Голд стандарт эстимэйнт” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэж, хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ “Голд стандарт эстимэйт” ХХК-с гаргасан хохирлын үнэлгээнд тусгагдсан эд ангиудын эвдрэл нь тухайн зам тээврийн ослоос болж үүссэн гэж дүгнэсэн нь бодит үнэнд нийцээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, ослын өмнө тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг ослын улмаас учирсан эвдрэл гэмтэлд тооцон манай компаниас хохирлыг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг...” хүссэн гомдлыг давж заалдах журмаар гаргажээ.

 

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн зөрчил гаргаагүй байна.

7. 2018 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө Өмнө******* аймгийн ******* сумаас “*******” ХК-ийн уурхайн чиглэлийн замд М.ын жолоодож явсан “Scania” маркийн ......... ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Э.*******н жолоодож явсан “Хово” маркийн ....... ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөлдөж зам тээврийн осол гарсан, М. нь “******* *******” ХХК-ийн ажилтан, “Scania” маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тус компанийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй Э.******* нь “******* *******” ХХК-ийн ажилтан, “Хово” маркийн ........ ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тус компанийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох тухайд зохигч талууд маргаагүй үйл баримт тогтоогдсон гэж анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болсон зохицуулалтыг баримтлаагүй хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

8. Анхан шатны шүүх хариуцагчаас гэм хорын хохиролд 32 419 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ гэм хорын хохирлыг гэм буруутай этгээд арилгах үүргийг зохицуулсан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай байна.

9. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч нь орчин тойрондоо аюултай эд зүйлийн өмчлөгчийн хувьд гэм буруутай эсэхээс үл хамаарч бусдад учруулсан хохирлыг хариуцах үүрэгтэй байдаг ба тэрээр өөрийн тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн, эсвэл тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон аль ч тохиолдолд өмчлөгч бусдад учирсан гэм хорыг хариуцна.

10. Өмнө******* аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 37 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгэнэлтээр “Scania маркийн 22-72 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ын нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дахь хэсэгт 2.3 дахь заасан Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. 2.3.а “...хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно...” гэсэн заалтыг зөрчсөн”,  “Howo маркийн ....... ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Эрдэнэцэцэгийн ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..." гэсэн заалтыг мөн дүрмийн 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. 2.5.в “...зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж ...осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтныг иртэл хүлээнэ...” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэжээ. /2-р хавтаст хэргийн 129-130-р тал/

11. Зам тээврийн ослыг Э.******* гаргасан нь тогтоогдсон боловч М. нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба ....... ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь жолоочид бүрэн бус тээврийн хэрэгслээ шилжүүлэн өгч, болгоомжгүй хандсан байх тул тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хувьд хохирлын зарим хэсгийг өөрөө хариуцах нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт нийцнэ. Түүнчлэн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 229.2 дахь хэсэгт зааснаар үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй ба гэм хорын хэмжээг тодорхойлохдоо гэм хор учирсан нөхцөл байдлыг харгалзан үзэхээр заасан.

12. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас гэм хорын хохирол 32 419 000 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна. Шүүх “...Scania маркийн ........ ӨМҮ улсын дугаартай автомашинд үзлэг хийж гаргасан ШУТИС-ийн МехТС-ийн тээврийн салбарын багш шинжээчдийн багийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 12/39 дугаартай “Техникийн шинжээчийн дүгнэлт”, шинжээчдийн багаар хийлгүүлсэн “Голд стандарт эстимэйт” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 11897352/1577 дугаартай Автомашины техникийн үнэлгээний тайлан, “Хово” маркийн 3....... ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж гаргасан “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 110/.... дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг шүүх нотлох баримтаар үнэлсэн. Учир нь шинжилгээний обьект болох автомашинд үзлэг хийж, бодит байдлыг харьцуулан үзэж, эвдрэл гэмтлийг тодорхойлж, хохирлын үнэлгээг гаргасан нь шинжээчдийн бусад дүгнэлтээс илүү бодитой, тухайн үеийн нөхцөл байдалд илүү нийцсэн...” гэж үзжээ.

13. Тухайн хэргийг шийдвэрлэсэн Өмнө******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 203/МА2022/000.. дугаар магадлалд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нэг үндэслэлээ шинжээч томилох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй хэргийг шийдвэрлэсэн гэж заасан байна. /2-р хавтаст хэргийн 79-р тал /

Анхан шатны шүүх нь хэргийг дахин шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг анхаарч үзээгүй өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн байгааг магадлалд заасан зөрчлийг зөвтгөөгүй гэж үзнэ. 

 

14. Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас хариуцагч “******* *******” ХХК-ийн өмчлөлийн автомашинд эвдрэл, гэмтэл гарсан нь шалтгаант холбоотой байх тул давж заалдах шатны шүүх хохирлын хэмжээг тооцохдоо 1-р хавтаст хэргийн 14-р талд авагдсан Голд стандарт Эстимэйт ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралтаар тогтоогдсон хохирол 32 419 000 төгрөгний 50 хувь буюу 16 209 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

15. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “ араас мөргөсөн тээврийн хэрэгслийн буруу гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй. /3-р хавтаст хэргийн 19-р тал/

Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнө******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 144/ШШ2023/00.... дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499.4, 510.1 дэх хэсэг” гэснийг “Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 499.4, 510.1, 514.1 дэх хэсэг” гэж өөрчилж, “гэм хорын хохиролд 32 419 000 төгрөг” гэснийг “16 209 500 төгрөг” гэж,  2 дахь заалтын “хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 320 045 төгрөг гаргуулж” гэснийг “238 996 төгрөг” гэж тус тус өөрчилж шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320 045 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Л.УГТАХБАЯР

                              ШҮҮГЧИД                                      Х.ГЭРЭЛМАА

                                                                                          З.ТҮВШИНТӨГС