Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 92

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга А.Уламбаяр,                            

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч С.Санжаажамц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Э-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 00000 2064 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн С.Э, 1994 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, шүдний техникч мэргэжилтэй, “Бумаасанаа” ХХК-д шүдний эмнэлэгт техникч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 36б-76 тоотод оршин суух, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, 

Шүүгдэгч С.Эн нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Моника” зочид буудалд үйлчлүүлж байхдаа ангийн найз Э.Тожилсүрэнг эхнэр Э.Баасансүрэнтэй хардаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч С.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, Хохирогчийн хохирол төлбөрт 1.000.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Э.Тожилсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Нэг мэдсэн чинь эмч нар ирчихсэн надад оёдол тавиад байх шиг байсан. Цус нөжиндөө хутгалдчихсан байсан. Баруун чихний дээд талд сэтэрсэн, зүүн гарны эрхий ядам хуруу хоёрын хооронд мах тасраад сэтэрсэн, баруун гарын булчин 1-2 удаа зүсэгдсэн байсан. Эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг өгсөн. Цаашид эм тарианы мөнгийг гаргаж өгье гэж хэлсэн”... гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 15-17 дугаар хуудас/

Гэрч Э.Баасансүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...Манай нөхөр гаднаас орж ирээд орон дээр унтаж байсан залууг зодоод тэгээд цагдааг буудлын хүн дуудаад, цагдаа хурдан орж ирээд салгаад намайг нөхрийг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №18321 дугаартай дүгнэлт:

  1. Э.Тожилсүрэнгийн биед зүүн гарын тархи доргилт, баруун чих, хүзүү, баруун мөр, бугалга, шуу, зүүн тохой, шуунд шарх, зүүн хацар, чихний дэлбэн, хүзүү, баруун гар, зүүн шуунд шалбаралт, зүүн бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Дээрхи гэмтлүүд нь мохоо болон мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.  

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой /Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/ Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-29/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-30/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч С.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Моника” зочид буудалд үйлчлүүлж байхдаа ангийн найз Э.Тожилсүрэнг эхнэр Э.Баасансүрэнтэй хардаж улмаар зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч С.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Э.Тожилсүрэнд шүүгдэгчийн зүгээс эмчилгээний зардалд 1 сая төгрөгийг төлж барагдуулсан болно.

Хохирогч Э.Тожилсүрэн нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүгдэгч С.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Э-ыг 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.Энхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1 сая төгрөг төлсөн болохыг тус тус дурьдсугай.

4. Хохирогч Э.Тожилсүрэн нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.Э-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР