Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2016/00956

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-өндөр сум Зээл баг 1-1-100 тоотод оршин суух, Муж овгийн Сандуйжавын Отгонцэцэг /ФВ75061200/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-12-44 тоотод оршин суух Уурхайчин овгийн Гомбын Ууганбаатар /ФМ66080810/-т холбогдох

 “Зээлийн гэрээний үүрэг 602 140 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Отгонцэцэг, хариуцагч Г.Ууганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Отгонцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Ууганбаатар нь 2016 оны 03 дугаар сарын 09-ны өдөр С.Отгонцэцэг надтай зээлийн гэрээ хийж 476 000 төгрөгийг өдрийн 0.5%-ийн хүүтэй барьцаагүй цаад хугацаа нь 2016 оны 05 дугаар сарын 01-нд дууссан байхаар зээлж авсан боловч энэ хугацаанд нэг ч удаа төлбөрийг хийлгүй явж, удаа дараа би өөрөө утас руу нь залгахад өгнө мөнгө хөөцөлдөж байгаа гэсэн боловч сүүлдээ миний утас ярьж болохгүй байна гээд утсаа авч ярихаа больж залилан хуурах үйлдэл хийж намайг сэтгэл санаа, цаг хугацаа, эдийн засгаар хохируулж байна. Иймд Г.Ууганбаатараас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 476 000 төгрөг 53 хоногийн хүү 126 140 төгрөгийн хамт бүгд 602 140 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Ууганбаатар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Гомбо овогтой Ууганбаатар нь иргэн С.Отгонцэцэгээс 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр найз Энхцэцэгээр дамжуулан итгэлцэлээр /зээлийн гэрээ хийгээгүй/ 600 000 төгрөг авсан нь үнэн. Тухайн үед вакум цонхны үйлдвэр ажиллуулсан боловч бүтэлгүйтэн энэ хүнээс авсан мөнгөө тодорхой хугацаанд удааж байгаад 2 удаагийн төлөлтөөр 2015 оны 12 дугаар сарын 22-нд цалингийн зээлээ авч бүрэн барагдуулсан болно. С.Отгонцэцэг нь ажил үйлчилгээгээ 0.5% буюу сарын 15%-аар бус 0.2%-0.3% буюу сарын 6%-9%-аар явуулдаг учир би тооцоогоо 0.2%-аар бодон 2015 оны 12 сарын 22-ны өдөр дансанд нь хийж тооцоогүй болсон. 2016 онд энэ хүнтэй ямар ч тооцоо байхгүй болно. Харин буруу зөрүү бодсон байж болох 27 000 өгөхөд татгалзах зүйлгүй. Энэ хүний нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг ямар учиртай нэхэж байгааг ойлгохгүй байна. Одоо энэ хүнтэй би ямар ч тооцоогүй болно гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Отгонцэцэг нь хариуцагч Г.Ууганбаатарт холбогдуулан “зээлийн гэрээний үүрэг 602 140 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Отгонцэцэг нь Г.Ууганбаатарт 2015 оны 04 дүгээр сарын 08-нд 600 000 төгрөг зээлүүлсэн талаар болон, Г.Ууганбаатар нь С.Отгонцэцэгт 2015 оны 08 дугаар сарын 05-нд 300 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 22-нд 450 000 төгрөгийг өгсөн талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульчилжээ.  

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан. 

Анх буюу 2015.04.08-нд 600 000 төгрөгийг зээлэхдээ талууд хүү тохиролцсон боловч бичгийн гэрээ байгуулаагүй талаар зохигчид тайлбарласан бөгөөд нийт 750 000 төгрөгийг нэхэмжлэгчид Г.Ууганбаатар нь  буцааж төлсөн болох нь нотлогдож байна.

Тиймээс 600 000 төгрөг төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байх ба 2016.03.09-ны өдрийн 476 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж үзнэ. Уг гэрээний дагуу Г.Ууганбаатарт 476 000 төгрөг шилжиж очоогүй болох нь мөн нотлогдсон.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж хуульд заасан.      

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг хэргийн 4 дүгээр хуудас дахь 2016.03.09-ны өдрийн 476 000 төгрөгийн зээлийн гэрээнд үндэслэж байгаа бөгөөд энэ гэрээний дагуу 476 000 төгрөг хариуцагчид шилжиж очоогүй байна.     

Иймд С.Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй Г.Ууганбаатарт холбогдох 602 140 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар улсын орлогод оруулсан 18 720 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Ууганбаатараас 602 140 төгрөг гаргуулах С.Отгонцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 18 720 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.  

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА