Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 85

 

У.Х-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Х-, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 76 дугаар магадлалтай, У.Х-т холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Булаг багийн 33-7 тоотод оршин суудаг,

1. Орхон аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар ялыг хойшлуулсан,

2. Мөн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулж, 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

3. Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ял оногдуулсан,

4. Мөн шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дугаар зүйл, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ял оногдуулж, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

5. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 22-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 04 сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

6. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Х овогт У-н Х-.

У.Х- нь 2018 оны 06 дугаар сарын 06-наас 2019 оны 11 дүгээр сарын хооронд Орхон аймгийн нутаг дэвсгэрт 8 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарын орон байр, агуулах саванд нэвтэрч, эд зүйлийг хулгайлан авч нийт 6,832,400 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 10 дугаар сарын 25-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-15 дугаар байрны урд талын авто зогсоол дээр байсан иргэн Т.А-ын эзэмшлийн 34-33 ОРО дугаартай “Тоёота Платз” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч У.Х-ыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

У.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж, мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12 жил 1 сарын хугацаагаар тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жил 1 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Х-аас 6,580,900 төгрөг гаргуулж, хохирогч нарт хуваан олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...5.6 дугаар зүйлийн 4 дэх...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Х-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч У.Х- гаргасан гомдолдоо “...Миний бие 2018.07.22-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Орхон аймгийн цагдаагийн газраас яллагдагчаар татагдан цагдан хоригдсон. Шалгагдаж байгаад 2019.09.16-нд хувийн батлан даалтанд гарсан ч өөрийн тэнэг үйлдлээс болж давтан гэмт хэрэг хийж 2019.12.24-нд 3 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдсан. Орхон аймгийн цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч Ч.Бат-Амар намайг зодож, хэл амаар доромжилж хийгээгүй хэргийг хүчээр тулгасан. Уг 5 үйлдлийг үйлдэгдэхэд би Улаанбаатар хотод ажил хийж байсан. Энэ талаар Мөнхтулга байцаагч, мөн өөрийн өмгөөлөгч Р.Бямбажавд хэлсэн боловч шалгаж өгөөгүй бөгөөд хэрэг прокурорт шилжиж яллах дүгнэлт үйлдэх үед ял хүндрүүлэн сонсгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар ял сонсгосон. Гэмт хэрэг тус бүрт ял оногдуулан нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох хуулийн заалт байгаа хэдий ч миний хувьд шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэгт дахин ял шийтгэж нэмж нэгтгэх тохиолдолд эрх зүйн байдал илт дордож эдлэх хорих ялын хэмжээ өндөр тогтоогдох болоод байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үүзээгүй.

Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэж байгаа тохиолдолд хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг тогтоох ёстой. Мөн амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь хулгайлах хугацааны хувьд урт хугацаа хамааруулна гэж ойлгох ёстой тиймээс миний хувьд хулгайлах гэмт хэргийг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь тогтоогдоогүй байна гэж үзэж байна.

Хэрэв хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж тооцохоор бол байнга үйлдэж байсан эхний 13 үйлдлийг нь 1 шийдэж, дараа нь миний үлдсэн 4 үйлдлийг тусад нь шийдэх нь үндэслэлгүй бөгөөд миний эрх зүйн байдал илтэд дордохоор байна.

...Анхан болон давж заалдах шатны шүүх нь зөвхөн үйлдлийн тоонд дүгнэлт хийсэн болохоос биш яг энэ үйлдлийг хийсэн үгүй гэдэгт дүгнэлт хийсэнгүй гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашигтай байдлаар хэргийг минь шийдвэрлэж өгнө үү.

Мөн мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан гэж үзэж байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж миний хийсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нь “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй” гэж маргадаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд урьд дандаа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэж байсан ба 8 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон.

Хулгайлах гэмт хэргийг 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийн тоо, давтамж, шүүгдэгч У.Х-ын хувийн зан үйлдэлд хэвшил болж тогтсон хандлага, гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж буй нөхцөл байдлыг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч У.Х-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

У.Х- нь 2018 оны 06 дугаар сарын 06-наас 2019 оны 11 дүгээр сарын хооронд Орхон аймгийн нутаг дэвсгэрт 8 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарын орон байр, агуулах саванд нэвтэрч, эд зүйлийг хулгайлан авч нийт 6,832,400 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2019 оны 10 дугаар сарын 25-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-15 дугаар байрны урд талын авто зогсоол дээр байсан иргэн Т.А-ын эзэмшлийн 34-33 ОРО дугаартай “Тоёота Платз” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд У.Х-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийг зөв зүйлчилсэн байна.

Шүүгдэгч У.Х- нь хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгоогүй гэж маргадаг боловч тэрээр хулгайн гэмт хэрэгт олон удаа ял шийтгүүлсэн, мөн ийм хэрэгт холбогдон шалгагдаж байх явцдаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга, амьдралын замнал, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, хэргийн тоо, үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсэний дагуу хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамааруулан зүйлчилснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нийтлэг зарчмыг удирдлага болгон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсныг өөрчлөх эсхүл няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэж өгнө үү, эсхүл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 76 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч У.Х-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                          ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                          ШҮҮГЧ                                                        С.БАТДЭЛГЭР

                                                                                                                              Б.БАТЦЭРЭН

                                                                                                                              Ч.ХОСБАЯР

              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН