Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 178

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй  

Хариуцагч: Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчид холбогдох

“Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/142 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э*******, Д.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б*******, Ч.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э*******, өмгөөлөгч Д.О******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/142 тоог захирамжийг хүлээн авч, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дах заалтад “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно”...гэж заасны дагуу манай компаниас 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 364 тоот бичгээр чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.А*******д хандан гомдол гаргасан болно. Түүний хариуд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 01/279 албан бичгээр хариу өгсөн. 

Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалт “...захирамжилсан шийдвэр гаргадаг засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтад “...Дээд шатны захиргааны байгууллага байхгүй бол...шийдвэрийг мэдэгдсэнэзс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана...” гэж заасныг тус тус үндэслэн дараах шаардлага бүхий нэхэмжлэлээ шүүхэд гаргаж байна. 

“*******” ХХК нь Алтанбулаг чөлөөт бүсийн газарт 2014 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн А/335 дугаар захирамжаар барилгын материалын үйлдвэрлэл эрхлэхээр 7000 м.кв газрыг гэрээ хийж, эзэмших эрхтэй болсон. Харин Алтанбулаг чөлөөт бүсийн захирагч П.Т******* 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/28 дугаар захирамж гарган дээрх “*******” ХХК-ийн эзэмшиж байсан газар эзэмшүүлэх болон хөрөнгө оруулалтын гэрээг цуцалсан болно.

Манай компаниас 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Т*******т хүсэлт гаргаж Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/28 тоот тушаалыг өөрчлөн “*******” ХХК-ийн газар эзэмших болон хөрөнгө оруулалтын гэрээг сэргээж өгөхийг хүссэн. Үүний хариуд Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч П.М******* 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дугаар А/103 тоот захирамж гарган “*******” ХХК-ийн Алтанбулаг чөлөөт бүсэд газарт эзэмшиж байсан 157 дугаар захирамжийг сэргээж, газрыг дахин эзэмшүүлсэн болно.

Алтанбулаг чөлөөт бүсийн захирагч солигдож, Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.А******* манай компанийн тус бүсэд газар эзэмшиж байсан 157 дугаар захирамжийг ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болгож, А/142 тоот “*******” ХХК-ийн газар эзэмшүүлэх болон хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах тухай” захирамж гаргасан болно. Уг захирамж нь “*******” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, төрийн байгууллага албан тушаалтны эрх мэдлээ хууль бусаар ашиглаж байгаа үйлдэл юм. Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.А*******ын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар А/142 тоот захирамжаар “2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/103 дугаартай эрх сэргээсэн захирамжийн дагуу танай компани нь газар эзэмших болон хөрөнгө оруулалтын гэрээг байгуулаагүй, гэрээний хавсралт материалуудыг бүрдүүлээгүй, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01/191 дугаартай албан мэдэгдлийн дагуу арга хэмжээ авч ажлаагүй тул....танай байгууллагын тус чөлөөт бүсэд газар эзэмшүүлсэн А/103 тоот захирамжийг хүчингүй болгосонд тооцсугай” гэсэн болно.

“*******” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/103 тоот дугаартай захирамжийн дагуу чөлөөт бүсэд газар эзэмших эрхээ сэргээлгэн авсан ба тогтоол гарсан даруйд газар эзэмшүүлэгчээс тавьсан материал бүрдүүлэх болон бусад шаардлагыг цаг тухай бүрд нь биелүүлсээр ирсэн.

Бид чөлөөт бүсийн захирагч солигдох болгонд биечлэн очиж уулзан хамтын ажиллагаа, батлагдсан ерөнхий төлөвлөгөө, өөрсдийн хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцдог байсан. Алтанбулаг чөлөөт бүсийн захирагч 4 удаа солигдож, солигдох болгондоо материал шаарддаг уламжлалын дагуу өнөөгийн үүрэг гүйцэтгэгч Ж.А*******  2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 01/191 тоот албан мэдэгдэл ирүүлсэн болно.

Уг албан мэдэгдэлд хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулах мөн жагсаалтын дагуу бүртгэлтэй холбоотой материалуудыг бүрдүүлэхийг мэдэгдсэн болно.  Үүний дагуу манай компани холбогдох шаардлагыг бүрэн биелүүлэн, холбогдох материалын хамт 2016 оны 10 дугаар сарын 15-ны дотор гэснийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 323 тоот албан бичгээр жагсаалт гарган 66 хуудас материалын хамт, бие төлөөлөгчөөр дамжуулан үүрэг гүйцэтгэгчид хүргүүлсэн байхад чөлөөт бүсийн захирагч цаг хугацаанд материалаа бүрдүүлж өгөөгүй гэх тушаал гаргаж байгаа нь бодит үнэнд нийцээгүй, хууль зүйн хувьд үндэслэлгүй шийдвэр байна.

Харин газар эзэмшүүлэх болон хөрөнгө оруулалтын гэрээг ерөнхий менежер Х.Б*******г гадаадаас ирэхээр нь шинэчлэн хийх тул та бүхэнтэй эргэн холбогдож гэрээг хийнэ хэмээн мэдэгдсэн боловч бидэнтэй огт холбогдоогүй байж газар эзэмших болон хөрөнгө оруулалтын гэрээг хийгээгүй гэх үндэслэлээр манай газар эзэмших захирамжийг хүчингүй болгож байгаа үндэслэл нь бид нарын буруутай ажиллагаа биш юм.

Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн А/142 тоот захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д “Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.3-т “Захиргааны захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл заалтыг тодорхой заана”, 40.4-д “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргасан шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэж заасныг тус тус зөрчсөн утга, агуулга, үндэслэлийн хувьд бодит үнэнд нийцээгүй, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдсан илт хууль бус захиргааны акт гарсан болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.А*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У*******, Х.Б******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК нь анх 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүсэлт гаргаж чөлөөт бүсэд 70000 м.кв газар эзэмшиж эхэлсэн бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 14/264 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ, 278 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан бөгөөд 14/264 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээний 2.4-т 2015 оны 3 дугаар улиралд багтаан бэлтгэл ажил, барилгын зураг төсөл, барилга угсралтын ажил зэргийг тодорхой шатанд эхлүүлэх тухай гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.

Мөн гэрээний 2.5-д “Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс эхлээд нэг жилийн хугацаанд гэрээнд заасан үе шатны хөрөнгө оруулаагүй буюу үйл ажиллагаа эхлээгүй...” зэрэг гэрээний заалтуудыг тус тус зөрчсөн. Үйл ажиллагаа эхлүүлэх талаар удаа дараа буюу 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 01/116, мөн 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01/175 дугаартай албан бичгүүдээр мэдэгдэл хүргүүлж байсан билээ. Энэхүү мэдэгдлийг хүргүүлснээс хойш 6 сарын хугацаа өнгөрөхөд мэдэгдлийн дагуу тодорхой, гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу ажил зохион байгуулаагүй тул 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр А/28 дугаартай захирамжаар “Газар эзэмшүүлэх болон хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах тухай” шийдвэрийг гаргасан.

2016 оны 07 дугаар сард захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч П.М******* хууль бусаар буюу “Чөлөөт бүсийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын 22 дугаар зүйлийн 22.4-т зааснаар “Газар эзэмших, ашиглах эрхийг төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны аль нэгэн хэлбэрийг ашиглан олгоно” гэж заасны дагуу төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны аль нэгэн хэлбэрийг сонголгүй шууд “******* ХХК”-ний газар эзэмших эрхийг сэргээсэн А/103 дугаартай захирамжийг гаргасан. Энэхүү захирамж нь илт хууль бус шийдвэр юм. 

Гэвч бид энэхүү байгууллагад боломж олгон газар эзэмших эрхийг сэргээснээс хойш буюу манай байгууллагаас 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01/191 тоот мэдэгдэл хүргүүлэх хүртэл “*******” ХХК шинэчлэн найруулсан “Чөлөөт бүсийн тухай хууль”-ийн дагуу газар эзэмшүүлэх болон хөрөнгө оруулалтын гэрээг шинэчилж байгуулаагүй мөн холбогдох бусад материалыг шинэчилж гаргаж өгөөгүй. 

Манай байгууллагаас хүргүүлсэн 01/191 тоот албан бичигт дурьдсаны дагуу 2016 оны 10 дугаар сарын 15-ны дотор ирүүлсэн 66 хуудас бүхий материалыг ирүүлсэн. Үүнд “Албан хүсэлт, газрын төлбөрийн хуваарь /хуучин буюу 2014 оныхоор/, кадастрын зураг хийлгэсэн баримт /2014 оны 12 дугаар сарын 31-нд хийлгэж байсан хуучин/, хөрөнгө оруулалтын төсөл /Стандарт шаардлага хангаагүй/, бизнес төлөвлөгөө /Стандарт шаардлага хангаагүй/, барилгын эскиз зураг /2014 онд гаргаж байсан хуучин/, компанийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, захирлын иргэний үнэмлэхийн хуулбар, санхүүгийн сүүлийн нэг жилийн тайлан, чөлөөт бүсийн бүртгэлийн гэрчилгээ /2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шинэчлэн батлагдсан Чөлөөт бүсийн тухай хуульд зааснаар чөлөөт бүс гэх тодотгол бүхий хуулийн этгээдийн шинэ гэрчилгээтэй болох/ хуучин гэрчилгээ/ зэргийг ирүүлсэн.

Энэхүү ирүүлсэн 66 хуудас бүхий баримт бичиг нь стандарт, шаардлагад нийцээгүй буюу 2013 онд батлагдаж мөрдөгдөж буй MNS ISO 21500 стандартын “Төслийн удирдлага арга зүйн заавар”-ын дагуу төсөл, төлөвлөгөө нь боловсруулагдаагүй, мөн газар эзэмших эрх нь шинээр үүсэж байгаа тул бүх материалыг дахин шинээр бүрдүүлэх шаардлагатай.

Мөн дээрх материалаас гадна газар эзэмшүүлэх гэрээнд заагдсан гэрээний салшгүй хэсэг болох газрын байршил, хэмжээ, хил хязгаар, заагийг тодорхой харуулсан кадастрын зураг, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн байдал, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшигчид тус газрыг хүлээлгэж өгсөн акт, газрын төлөв, байдал, чанарын хянан баталгааг Монгол улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу хийлгүүлж баталгаажуулсан баримт, бүсэд хөрөнгө оруулах хэмжээ, үе шат зэргийг харуулсан тухайн хуулийн этгээдийн удирдлагын гарын үсэг, тамга тэмдэг бүхий хөрөнгө оруулалтын санал, газрын төлбөрийг төлөх үе шатыг харуулсан хүснэгт зэрэг материалуудын бүрдэл дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болдог бөгөөд эдгээр баримтуудыг гаргаж өгөөгүй. 

Иймд нэхэмжлэгч нь 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр эрх сэргээсэн захирамж гарсан боловч газар эзэмшүүлэх болон хөрөнгө оруулалтын гэрээг шинэчилж байгуулаагүй, газар эзэмшүүлэх болон хөрөнгө оруулалтын гэрээнд заасан хавсаргах баримт бичгүүдийг дутуу бүрдүүлсэн, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01/191 тоот албан бичгийн дагуу арга хэмжээ авч ажилласан боловч холбогдох баримт бичиг нь стандарт шаардлагад нийцээгүй, 2014 оны хуучин материалаас канондож ирсэн зэрэг үндэслэлүүд тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Шүүх нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчид холбогдуулан “Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/142 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 

Анх “*******” ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/335, А/336 дугаар захирамжуудаар  “*******” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, газар эзэмших эрхийг баталгаажуулан, гэрчилгээ олгохоор шийдвэрлэж, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 278 дугаар хөрөнгө оруулалтын гэрээ , 14/264 дүгээр газар эзэмшүүлэх гэрээ   байгуулжээ.   

Үүний дараа Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/28 дугаар захирамж  гарч “*******” ХХК-ийн хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх гэрээг цуцалж, бүртгэлийн болон газар эзэмшүүлэх гэрчилгээг хүчингүй болгосон байх бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/103 дугаар захирамжаар  “*******” ХХК-ийн хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх эрхийг сэргээсэн байна.  

Гэтэл Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.А******* 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/142 дугаар газар эзэмшүүлэх болон хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах тухай захирамж   гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч уг захирамжийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөгдөгдсөн гэж үзэн хүчингүй болгуулахаар тус шүүхэд ханджээ.  

Хариуцагч уг захирамжийг гаргахдаа Чөлөөт бүсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, 8.7.1, 8.7.6 дахь хэсэгт заасныг үндэслэн “2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/103 дугаар захирамжийн дагуу газар эзэмших болон хөрөнгө оруулалтын гэрээг байгуулаагүй, гэрээний хавсралт материалуудыг бүрдүүлээгүй, газар эзэмшүүлэгчээс газар эзэмшихтэй холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлээгүй, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01/191 дүгээр албан мэдэгдлийн дагуу арга хэмжээ авч ажиллаагүй” гэсэн үндэслэлээр 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/103 дугаар захирамжийг хүчингүй болгожээ.  

Хэрэгт авагдсан 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/103 дугаар захирамжийг шинжлэн судалж үзвэл “*******” ХХК-ийн хөрөнгө оруулалтын болон газар эзэмшүүлэх эрхийг сэргээсэн нь  газар эзэмших эрх зүйн харилцааг тухайн өдрөөс эхлэн шинээр үүгэжээ.   

Чөлөөт бүсийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 12.5.1, 12.5.2-т заасан нөхцөл байдал үүссэн аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгоно”, 22.7 дахь хэсэгт “Чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Газрын тухай хуулиар зохицуулна” гэж заажээ. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг мөн заасан байна. 

Гэтэл хариуцагч маргаан бүхий захиргааны акт болох 2016  оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/142 дугаар захирамжийг гаргахдаа Чөлөөт бүсийн тухай хууль болон Газрын тухай хуульд заагаагүй үндэслэлээр “*******” ХХК-д газар эзэмшүүлсэн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/103 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь дээрх хуулийн заалтуудыг зөрчжээ. 

Өөрөөр хэлбэл Чөлөөт бүсийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсгийн 12.5.1, 12.5.2 дахь заалтад “Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, чөлөөт бүс дэх хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд гэрээ, дүрэмд заасан үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээг эхлүүлээгүй, үйл ажиллагаагаа эхлүүлсэн боловч дараалсан 12 сараас дээш хугацаагаар үйл ажиллагаа нь өөрөөс хамаарах шалтгаанаар тасалдсан, зогссон” зэрэг тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор заасан.

Гэтэл хариуцагч захиргааны байгууллага 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/103 дугаар захирамж гарахаас өмнө бий болсон үйл явдал буюу 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 1 жил тухайн газарт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, үйл ажиллагаа явуулаагүй гэж “*******” ХХК-ийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.  

Учир нь дээр дурдсанчлан “*******” ХХК-д Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/335, А/336 дугаар захирамжуудаар газар эзэмшүүлэх эрх олгосныг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/28 дугаар захирамжаар хүчингүй болгосон байх бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/103 дугаар захирамжаар нэхэмжлэгчтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, газар эзэмшүүлэх эрхийн харилцааг шинээр үүсгэсэн байх тул үүнтэй холбоотой хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.  

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийг Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй гэх боловч хэрэгт авагдсан 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 01/116, 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01/175, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01/191 дүгээр мэдэгдлүүдээс  үзвэл хариуцагч уг ажиллагааг хийжээ. 

Иймд Чөлөөт бүсийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, 22 дугаар зүйлийн 22.6, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “*******” ХХК төрийн байгууллагын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, ирүүлсэн материалд огноо, нэр буруу бичсэн, баримт бичгийн стандартыг хангаагүй, төслийн материалаа бүрэн гүйцэт гаргаж өгөөгүй зэрэг буруутай үйлдэл байгааг тэмдэглэх нь зүйтэй. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чөлөөт бүсийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, 22 дугаар зүйлийн 22.6, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “*******” ХХК-ийн газар эзэмшүүлэх болон хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах тухай А/142 дугаар захирамжийг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанаас 70200 төгрөгийг гаргуулж, “*******” ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ                           Л.ӨЛЗИЙЖАРГАЛ