Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2019/0312

 

Ч.О-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, Д.Б, хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, гуравдагч этгээд Ц.М, түүний өмгөөлөгч Б.С нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, Ч.О-ын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 24 дүгээр зүйлийн 24.2, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 222 дугаар захирамжийг үндэслэн Ц.М-д хууль бусаар олгосон 3061 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгон, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас дахин шинэ акт гарах хүртэл Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаар захирамжийн Ө.Г-т холбогдох хэсэг, Ц.М-ын газар өмчлөх эрхийн 00048...... дугаарын гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн Г-200300...... дугаар бүртгэлийг тус тус 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд газар эзэмших, өмчлөх эрх үүссэн шалтгаан нөхцөлийг бодитоор судлан тогтоон улмаар тухайн газарт тэдгээрийн хэн аль нь хууль ёсоор газар эзэмших өмчлөх эрхтэй эсэх талаар нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах замаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргахгүй бол Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаар захирамжийн Ө.Г-т холбогдох хэсэг, Ц.М-ын газар өмчлөх эрхийн 00048.... дугаарын гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн Г-200300.... дугаар бүртгэл тус тус хүчингүй болохыг дурджээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.С давж заалдах гомдолдоо: “... Шүүхийн шийдвэр бүхэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийг бүхэлд нь зөрчиж ойлгомжгүй, ач холбогдолгүй, тодорхойгүй дүгнэлт хийсэн тухай:

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт “... Газрын албаны чиг үүрэг бөгөөд шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байх тул газар эзэмших эрх үүссэн эсэх зэрэг хэргийн тодорхой бус нөхцөл байдлуудыг хариуцагч өөрийн эрх хэмжээний хүрээнд шинжлэн судалж тодруулсны үндсэн дээр дахин шинэ акт гаргах хуулиар тогтоосон бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой, эдгээр судлах нөхцөл байдлын цар хүрээ шүүхээс илүү хариуцагчид хадгалагдаж байна. ...”  гэж дүгнэхдээ захиргааны актыг түдгэлзүүлэх үндэслэлийн талаар хэргийн оролцогчдод ойлгомжтой, тодорхой хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэргийн нөхцөл байдлын талаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд чухам ямар нөхцөл байдлыг хэрхэн тодруулах шаардлагатай гэж шүүх үзсэн нь ойлгомжгүй, шинэ акт гаргах хэрэгцээ шаардлага яагаад би болсон гэж үзсэн тухайгаа дүгнэлт хийгээгүй байна.

“Нэхэмжлэгч Ч.О, гуравдагч этгээд Ц.М нарын бодитоор амьдарч эзэмших, өмчлөх эрхээ хэрэгжүүлж байсан газрын байршлыг кадастрын зурагт бодит байршлаар нь хэмжилт хийж бүртгээгүй, газрын хэмжээ болон хилийн заагийг зөв тодорхойлоогүйгээс тухайн айлын амьдарч байсан байршлаас зөрүүтэй, ямар хэмжээгээр давхцалтай болох болон маргаан бүхий газрын хэмжээг яаж тодорхойлж олгосныг дүгнэх боломжгүй. ...”  гэж дүгнэж буй нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэхэд яг ямар үндэслэлээр хамааралтай болох нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий захиргааны актыг шүүх хянаж байгаа тохиолдолд нэгэнт олгогдсон газар эзэмших болон өмчлөх эрхийг олж авсан гуравдагч этгээдийн эрхийг төрийн байгуулага, албан тушаалтны хуулиар олгогдсон эрх үүрэгтэй холбогдуулан дүгнэлт хийх замаар /байршлыг кадастрын зурагт бодит байршлаар нь хэмжилт хийх, газрын хэмжээ болон хилийн заагийг зөв тодорхойлох зэрэг төрийн захиргааны байгууллагын үүрэг юм/ хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа нь анхан шатны шүүх маргааны зүйл, нэхэмжлэлийн шаардлагыг ойлгоогүй, эсвэл нэхэмжлэгчийн ямар нэгэн нөлөөнд автаж хэт нэг талыг барьсан хууль бус шийдвэр гаргасан байх үндэслэлтэй гэсэн хардлагыг төрүүлж байна.

Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийн заалтын хэрэглэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг буруу хэрэглэсэн тухай:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг анхан шатны шүүх хэрэглэх хууль зүйн урьдчилсан нөхцөл бүрдээгүй байна. 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн хуулийн заалтыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн байна. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас тодорхой харагдаж байна.

Мөн анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийн заалт болох Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27, 31 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийг хэрэглээгүй.

Иймд шүүх давж заалдах гомдлыг минь хүлээн авч Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:”, 106.3.1-т “захиргааны акт ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”,  106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх”, 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус хуульчилжээ.

Хэрэг маргааныг шүүх шийдвэрлээд гаргах боломжтой шийдвэрийн төрлийг зааж хуульчилсан дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл шүүх тухайн захиргааны акт хууль бус, тус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдсон гэсэн хоёр нөхцөл зэрэг хангагдсан тохиолдолд шүүх маргаан бүхий актыг хүчингүй болгохоор байх бөгөөд харин хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн, тэрхүү нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тохиолдолд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал маргаан бүхий актыг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх боломжтой байна.

       Түүнчлэн шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргах үүрэгтэй.

Нэхэмжлэгчээс “Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 222 дугаар захирамжийг үндэслэн Ц.М-д хууль бусаар олгосон 3061 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаар захирамжийн Ө.Г-т холбогдох хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн Ц.М-д олгосон газар өмчлөх эрхийн Г-200300.... дугаар бүртгэл, 00048.... дугаарын гэрчилгээг тус тус хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, “... Дархан сумын 8 дугаар багийн Манхантолгой 2 дугаар гудамжны 03 тоотод /хуучин хаягаар 13 тоот/ хашаа бүхий газрыг 2008 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэн О.Ц, Д.Н нараас худалдаж авсан, тухайн газрыг кадастрын зурагтай нь хамт надад өгсөн, миний бие 2017 онд цахилгааны шугам татах шаардлагатай болж холбогдох байгууллагад хандахад газрынхаа гэрчилгээг аваад ир гэсний дагуу 445 м.кв гэж кадастрын зургаа гаргуулж, хүсэлтээ гаргаж гэрчилгээгээ авсан” гэж тайлбарлан маргасан байна.

Анхан шатны шүүх “Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 222 дугаар захирамжийг үндэслэн Ц.М-д хууль бусаар олгосон 3061 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 78 дугаар захирамжийн Ө.Г-т холбогдох хэсэг, Ц.М-ын газар өмчлөх эрхийн 00048.... дугаарын гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн Г-200300.... дугаар бүртгэлийг тус тус 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх шаардлагатай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны акт үндэслэлтэй эсэхийг хянаж, шийдвэр гаргахаар хуульчлагдсаны дагуу энэхүү маргааны тухайд нэхэмжлэгчээс гуравдагч этгээдэд олгосон газар эзэмшил, өмчлөлийн талаар маргахдаа өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол маргаж буй шийдвэрийн улмаас хэрхэн хөндөгдөж, зөрчигдөж буй талаар нэхэмжлэлдээ дурдаагүй буюу тэрээр 2008 онд хашаа газрыг бусдаас худалдан авсан өнөөг хүртэл амьдарч байгаа гэж тайлбарлах боловч газар эзэмших эрх үүсээгүй, газар эзэмших эрх үүсээгүй байхад түүнд 2017 онд шууд газар өмчлөх эрх олгогдсон, мөн өөрийн эзэмшин амьдарч буй хэмжээгээр  буюу 445 м.кв газар өмчлөн авах талаар хүсэлт гаргасан, түүний өмчлөлийн газартай гуравдагч этгээдийн өмчлөлийн газар давхцалгүй, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан давж заалдах шатны шүүх “хууль ёсны эрх хамгаалагдах” зарчмын хүрээнд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газар эзэмших, өмчлөх эрхтэй холбоотой маргааны үйл баримтуудыг он цагийн хувьд дараалуулан авч үзвэл нэхэмжлэгч Ч.О-д Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/400 дүгээр захирамж[1]-аар Манхантолгой 2-3Б тоот хаягт байрлах 445 м.кв талбай бүхий газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэж, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000430.... дугаар гэрчилгээ олгож, улсын бүртгэлийн Г-200300.... дугаарт[2] бүртгэсэн байна.

Харин гуравдагч этгээд Ц.М-д Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 222 дугаар захирамж[3]-ийг үндэслэн ДА3061 дугаартай гэрчилгээ[4]-ээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, Хуримын ордны арын толгойд 1500 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших гэрээ байгуулжээ. Улмаар Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаар захирамж[5]-аар Ө.Г-т 8 дугаар багийн Манхантолгой 2-3 тоот 1695 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэж, 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 20 жилийн хугацаатайгаар 1677 м.кв газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон 2017 оны 08 дугаар сарын 10-ний өдөр Ө.Г-т нэгж талбарын 450690.... дугаартай, 1695 м.кв газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00047.... дугаар гэрчилгээ олгож, эрхийн улсын бүртгэлийн Г-200300....[6] дугаарт бүртгэсэн байна.

Үүний дараа Дархан сумын 8 дугаар багийн 2-3 тоот хашаа гэр бүлийн зориулалттай 1695 м.кв талбай бүхий газрыг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ[7]-ээр Ц.М-д олгосон тул  Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс дээрх газар өмчлөх эрхийг 2018 оны 05 дугаар сарын 02-ний өдөр улсын бүртгэл[8]-ийн Г-200300.... дугаарт бүртгэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

Нэг.  “Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 222 дугаар захирамжийг үндэслэн Ц.М-д хууль бусаар олгосон 3061 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс “Дархан сумын Засаг даргын 1997 оны 222 дугаар захирамжаар Ц.М, Ө.Г нарт газар эзэмших эрх олгоогүй, өөр асуудлыг шийдвэрлэсэн байхад 3061 дүгээр газар эзэмших гэрчилгээг тус 222 дугаар захирамжийг үндэслэн олгосон нь хууль бус” гэсэн үндэслэлээр, хариуцагч  нар “... 222 дугаар захирамж нь маргаж буй иргэдийн газартай огт хамааралгүй, өөр асуудлыг шийдвэрлэсэн, уг захирамжийг үндэслэн Ц.М-д гэрээ, гэрчилгээ олгосон нь хууль бус болсон байна” гэх тайлбар гарган тус тус маргажээ.

Маргаан бүхий ДА3061[9] дугаартай гэрчилгээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 222 дугаар захирамжийг үндэслэн Ц.М-д Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, Хуримын ордны арын толгойд 1500 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших гэрээ[10] байгуулжээ.

Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 222 дугаар захирамж[11]-аар Дархан сумын Засаг даргын 1996 оны 43 дугаар захирамжийн хүчингүй болгож, сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх “Т” ХЭАА-д граж, засварын газарт 0.2 газар газар, 6 дугаар хорооллын 54 машины нэгдсэн граж барих 0.1 га газрын зөвшөөрлийг олгосон болохоос гуравдагч этгээд Ц.М-д 1500 м.кв газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлээгүй, ДА3061 дүгээр газар эзэмших гэрчилгээг олгохдоо огт хамааралгүй захирамжийн дугаарыг гэрчилгээнд бичсэн болох нь тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх Ц.М-ын газар эзэмших эрхийн хугацаа 2004 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон, Ц.М-аас Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах ...” гэж зааснаар газар эзэмших хугацаа сунгуулах хүсэлтээ, шаардагдах баримтын хамт гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн “нэгэнт Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1-д зааснаар Ц.М-ын газар эзэмших эрх дуусгавар болсон байх тул ... ДА3061 дугаарын газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй” гэх дүгнэлтийг хийсэн байх бөгөөд шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг эс зөвшөөрч хэргийн оролцогч нараас давж заалдах гомдол гаргаж, маргаагүй байх тул энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Нөгөөтэйгүүр, нэгэнт үйлчлэл нь зогссон буюу Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрх нь дуусгавар болсон газар эзэмших эрхийн гэрчилгээг шүүх хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд гуравдагч этгээд Ц.М нь уг маргаан бүхий газрыг ДА3061 дугаар гэрчилгээний үндсэн дээр өмчилж аваагүй, иргэн Ө.Г /нас барсан/-ийн өмчилж байсан газрыг өвлөх эрхийн гэрчилгээний үндсэн дээр шилжүүлж авсан байх тул гуравдагч этгээдийн газар өмчлөх эрхийг буруутгах үндэслэлгүй, тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.

Хоёр. “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаар захирамжийн Ө.Г-т холбогдох хэсэг, Ц.М-ын газар өмчлөх эрхийн 00048.... дугаарын гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн Г-200300.... дугаар бүртгэлийг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэргийн оролцогч нарын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ч.О нь хашаа бүхий газрыг иргэн Д.Н, О.Ц нараас худалдан авсан гэх боловч газар эзэмших эрхийг шилжүүлэх талаар ямар нэгэн хэлцэл хийсэн гэж маргаагүй байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2008 оны 251 дүгээр захирамжаар Д.Н-т газар эзэмших эрх үүссэн гэх боловч захирамжийн хавсралт байхгүйн[12] улмаас түүнд нэхэмжлэгчийн амьдарч буй газрыг эзэмших эрх үүссэн байсан гэж дүгнэх боломжгүй, нэхэмжлэгч Ч.О-д 2008 оноос 2017 оныг хүртэлх хугацаанд газар эзэмших, өмчлөх талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гарч байгаагүй, тэрээр 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 445 м.кв газрыг өмчлөх хүсэлт[13] гаргасан, Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/400 дугаар захирамжаар хүсэлтэд дурдсан хэмжээгээр нь буюу 445 м.кв талбай бүхий газрыг түүнд өмчлүүлэхээр шийдвэрлэж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00043.... дугаар гэрчилгээ олгож, уг газрыг улсын бүртгэлийн Г-200300....[14] дугаарт бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 31.2-т “Нотлох баримт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, ... үзлэг, ... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчийн өмчлөлийн 445 м.кв газар нь гуравдагч этгээдийн өмчлөлийн  газартай давхцалгүй болох нь хэргийн оролцогч нарын тайлбар, Дархан-Уул аймгийн Дархан сумын газрын даамал Ө.М-ийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Хариу өгөх мэдэгдэл”[15] болон анхан шатны шүүхийн шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн маргаан бүхий газрын үзлэгийн тэмдэглэл[16], хавсралт зургууд[17]-аар тус тус тогтоогдож байхаас гадна нэхэмжлэгч Ч.О нь өөрийн өмчлөлийн 445 м.кв газраас хэтрүүлэн гуравдагч этгээдийн өмчлөлийн 49 м.кв газарт давхцуулан гаражин барилгын өргөтгөл барьж, барилгын суурийг 8 м.кв илүү барьж, гуравдагч  этгээдийн өмчлөлийн нийт 57 м.кв газарт өргөтгөл суурь цутгасантай хэргийн оролцогчид маргаагүй байна.

Түүнчлэн, хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “Дархан сумын 8 дугаар багийн 2-3 тоот хашаа гэр бүлийн зориулалттай 1695 м.кв талбай бүхий газрыг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээр Ц.М-д олгосныг үндэслэн газар өмчлөх эрхийг 2018 оны 05 дугаар сарын 02-ний өдөр Г-200300.... дугаарын улсын бүртгэлд бүртгэн, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Ц.М-д олгосны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байна.

Хэдийгээр хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл гуравдагч этгээдийн газар өмчлөх хүсэлт, аймгийн Засаг даргын 2010 оны 78 дугаар захирамж, кадастрын зураг зэрэгт газрын хэмжээг өөр өөрөөр заасан байх боловч аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас шүүхэд 2019 оны 62 дугаар албан бичгээр “иргэн Д.Н нарын эзэмшлийн гэх нэгж талбарын газрын бүртгэл мэдээллийн санд байхгүй” талаар мэдээлэл ирүүлсэн, нэхэмжлэгч анхнаасаа газар эзэмших эрх бүхий этгээдээс газар эзэмших эрхийг нь шилжүүлэн авах талаар ямар нэгэн хэлцэл хийгээгүй, 10 жил орчим газар эзэмших, өмчлөх эрхгүй атлаа газрыг эзэмшиж ашиглаж байсан, түүний өөрийнх нь хүсэлтийн дагуу  газар өмчлөх эрх олгогдсон, хэргийн оролцогчид хууль ёсоор өмчилж буй газар давхацсан талаар маргаагүй энэ тохиолдолд шүүх “газрын хил заагийг зөв тодорхойлоогүй, ямар хэмжээтэй болохыг тодорхойлж олгосныг дүгнэх боломжгүй, газар эзэмших эрх үүссэн эсэх зэрэг хэргийн тодорхой бус байдлыг хариуцагч шинжлэн судалж тодруулах шаардлагатай” гэж үзэж дахин шинэ акт гартал маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэл хангагдсанаар түүний эрх хэрхэн сэргэх талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ огт дурдаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар баримт нотолгоог зааж, тайлбар гаргаж маргаагүй байх тул шүүх нэхэмжлэгчийн маргаагүй үндэслэлийг эрж хайх, энэ талаар шийдвэр гаргах үүрэггүй тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1, 21 дүгээр зүйлийн 21.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.2, 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.О-ын “Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 222 дугаар захирамжийг үндэслэн Ц.М-д хууль бусаар олгосон 3061 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 78 дугаар захирамжийн Ө.Г-т холбогдох хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн Ц.М-д олгосон газар өмчлөх эрхийн Г-200300.... дугаар бүртгэл, 00048.... дугаарын гэрчилгээг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3, 4, 5 заалтын дугаарыг 2, 3, 4 болгон тус тус өөрчилж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ

                               ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ

 


[1] 1ХХ-ийн 123 дугаар хуудас

[2] 1ХХ-ийн 16 дугаар хуудас

[3] 1ХХ-ийн 61 дүгээр хуудас

[4]  1ХХ-ийн 155 дугаар хуудасны ар тал

[5] 1ХХ-ийн 68 дугаар хуудас

[6] 1ХХ-ийн 74 дугаар хуудас

[7] 1ХХ-ийн 76 дугаар хуудас

[8] 1ХХ-ийн 79 дүгээр хуудас

[9] 1ХХ-ийн 155 дугаар хуудасны ар тал

[10] 1ХХ-ийн 154 дүгээр хуудасны ар тал

[11] 1ХХ-ийн 61 дүгээр хуудас

[12] 1ХХ-ийн 42 хуудас /Аймгийн ЗДТГ-ын албан бичиг/

[13] 1ХХ-ийн 121 дүгээр хуудас

[14] 1ХХ-ийн 16, 126 дугаар хуудас

[15] 1ХХ-ийн 41 дүгээр хуудас

[16] 1ХХ-ийн 103-105

[17] 1ХХ-ийн 106, 107 дугаар хуудас