Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 002

 

Ж.Цэндмаагийн нэхэмжлэлтэй

                       иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 221 дугаартай шийдвэртэй,

Ж.Цэндмаагийн нэхэмжлэлтэй Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Бүрэн дунд сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч П.Ган-Очирын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

        Хариуцагчийн  өмгөөлөгч П.Ган-Очир

Нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Цэндмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1989 онд Улсын багшийн дээд сургуулийг төгсөж ирээд Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны бүрэн дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж эхэлсэн. 1999 оноос 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дунд ангийн сургалтын менежерээр ажиллаж байсан. Аудитын газрын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн БУААГ-2015/05/-на-17/101 албан тоотыг биелүүлж байна гээд, Хялганат тосгоны захирагч захирамж гаргасныг үндэслэн намайг 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс монгол хэлний багшаар ажиллуулах тушаал гаргасан.Уг тушаалыг хууль бус гэж үзэн, урьд ажиллаж байсан сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл шүүхэд гаргаж, анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан. Сургуулийн захирал Ц.Цолмонбаатар нь уг шүүхийн шийдвэрийг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр биелүүлж сургалтын менежерийн ажилд эгүүлэн авсан боловч 2 хоноод буцаагаад ажлаас халсан. Шалтгаанаа тайлбарлахдаа “шүүхийн шийдвэрийг хүндэтгэж ажилд авах тушаалыг гаргасан, би таньтай ажиллаж чадахгүй, урьд нь таныг монгол хэлний багшаар дуугай ажиллаад яв гэхэд шүүхэд хандаж маргалдаад байсан учир энэ удаа ямар ч ажил өгч чадахгүй, би захирал байгаа цагт таньтай ажиллахгүй” гэсэн тайлбар өгсөн. Намайг хууль бусаар ажлаас үндэслэлгүйгээр халсан үзэж байгаа тул Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн дунд ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр сургалтын менежерээр ажилд авснаас хойшхи сарын дундаж цалин болох 1101996 төгрөг,  мөн урьд ажиллаж байсан сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд монгол хэлний багшаар ажиллаж байсан цалингийн зөрүү 1545132 төгрөг, нийт 2647128 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Цэндмаа нь 1999 оноос 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны бүрэн дунд сургуульд дунд ангийн сургалтын менежерээр ажиллаж байсан ба түүнийг 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ажлаас нь халж 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс Монгол хэл, уран зохиолын багшаар томилсон тушаал гарсан. Тэрээр уг тушаалыг эс зөвшөөрч Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 367 дугаар шийдвэрээр Ж.Цэндмааг дунд ангийн сургалтын менежерийн ажилд нь эгүүлэн тогтоосон. Давж залдах болон хяналтын шатны шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталснаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Гэтэл хариуцагч нь Ж.Цэндмааг 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр сургалтын менежерийн ажилд нь эгүүлэн тогтоож, 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр ажлаас нь чөлөөлж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн дүр эсгэсэн. Ажлаас чөлөөлсөн тушаалдаа ажлын байрны тодорхойлолтонд тавигдах шаардлага хангаагүй, ёс зүйн ноцтой зөрчлүүдийг гаргасан гэжээ. Мөн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 06-09-024/03 албан шаардлага гэж яриад байна.  3 шатны шүүхийн шийдвэрт Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг дүгнэсэн байгаа. Үүнийг дахин үндэслэж тушаал гаргасан. Ажилтан мэргэжил, ур чадварын хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэг нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй. 2014 онд хүүхдийн дүнг өсгөж тавьсан гэж тайлбар гаргасан байна лээ.  Менежер дүн бичдэг хүн биш. Хяналт тавиагүй гэдгээр хариуцлага хүлээсэн Үүндээ 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр арга хэмжээ авагдсан. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хариуцлага тооцсон. Хариуцагч нь хамтран ажиллах багаа бүрдүүлсэн, энэ баг таньтай хамт ажиллахгүй гэж хэлдэг. 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн Ж.Цэндмааг дунд ангийнсургалтын менежерийн ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй тул түүнийг ажилд нь эргүүлэн тогтоож, 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулж өгнө үү. Мөн Ж.Цэндмааг 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс Монгол хэл, уран зохиолын багшаар ажиллуулах тушаал гаргасан ба шүүхийн шийдвэрээр түүнийг сургалтын менежерийн ажилд нь эгүүлэн тогтоосон тул цалингийн зөрүү 1545132 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирал Ц.Цолмонбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Аудитын газраас шалгалт ирж үүний дагуу манай сургуульд Ж.Цэндмаатай холбоотой хэд, хэдэн зөрчил илэрч Аудитын газрын хариуцлага тооцох акт, албан шаардлагууд ирсэн. Тосгоны захирагчийн зүгээс Ж.Цэндмааг захирлын ажил, сургалтын менежерийг хамт гүйцэтгэх чадваргүй гэж үзээд Монгол хэл, уран зохиолын багшаар томилсон.  Үүнийг Ж.Цэндмаа эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Ж.Цэндмааг сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоох 3 шатны шүүхийн шийдвэр гарч түүнийг 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр дунд ангийн сургалтын менежерийн ажилд нь эгүүлэн томилсон. Гэвч Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 351 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтад Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолт “үлгэрчилсэн загвар”-т заасны дагуу ажлын байрны тодорхойлолтонд бакалаврын боловсролтой байхыг шаардсан ба Мэргэжлийн хяналтын газрын байцаагч н.Хишигсүрэнгийн зөвлөмжийн дагуу 2015 оны 09 дүгээр сард бүх ажлын байрны тодорхойлолтоо шинэчилсэн. Би Ж.Цэндмааг ажилд авахдаа та бакалаврын боловсролгүй юм чинь Монгол хэлний багшийн ажлыг хийх санал тавихад тэрээр зөвшөөрөөгүй. Мөн тэрээр ёс зүйн ноцтой зөрчлүүдийг гаргаж байсан тул Багшийн ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам зэргийг үндэслэж ажлаас чөлөөлсөн.

Ажлаас чөлөөлсөн тушаалд баримтлаагүй ч Ж.Цэндмааг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 221 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Цэндмааг Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Бүрэн дунд сургуулийн дунд ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн зөрүү нийт 4090147 /дөрвөн сая ерөн мянга нэг зуун дөчин долоо/ төгрөгийг Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны бүрэн дунд сургуулиас гаргуулж нэхэмжлэгч Ж.Цэндмаад олгож, илүү нэхэмжилсэн цалингийн зөрүү 131261 / нэг зуун гучин нэгэн мянга  хоёр зуун жаран нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Ж.Цэндмаагийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн нягтлан бодогчид үүрэг болгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 80392 /наян мянга гурван зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг гаргуулан Төрийн санд оруулахаар тус тус шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн өмгөөлөгч П.Ган-Очир нь давж заалдах гомдолдоо: “... Ж.Цэндмаа нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй болсон нь салбар буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны комисс гэж боловсролын байгууллагад байдаггүй болно.

 

Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 2.7-д “Сургуулийн захирлын шийдвэр ганцаарчилсан хэлбэртэй байх бөгөөд шаардлагатай тохиолдолд сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж болно.

Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 351 дугаар тушаалын 3 дугаар хавсралтыг нотлох баримтаар үзүүлсээр байтал шүүх авч хэлэлцээгүй.

Нотлох баримтыг хангалттай гаргаж өгсөөр байтал шүүх авч хэлэлцээгүй, эсрэгээр нь нотлох баримтыг гаргаж өгөөгүй гэж тогтоолд дурьдсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                           ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ж.Цэндмаа нь Булган аймгийн Хялганат тосгоны бүрэн дунд сургуульд холбогдуулж дунд ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор, цалингийн зөрүү гаргуулах нэхэмжлэл бүхий шаардлага гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч  Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1143 дугаар тогтоолыг хүлээн авч Булган аймгийн Хялганат тосгоны Бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 2 дугаар сарын 15-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар Ж.Цэндмааг тус сургуулийн дунд ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, 2 дугаар сарын 17-ний өдөр Б/14 дугаар тушаалаар тухайн ажлаас нь чөлөөлсөн байна.  

Ж.Цэндмааг ажлаас чөлөөлөхдөө Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2007 оны 351 дүгээр тушаалын 3 дугаар хавсралт, 2007 оны 41 дүгээр тушаалын 2,3 дахь заалт, хөдөлмөрийн дотоод журмын 10,11 дэх заалтуудыг баримтлсан нь Булган аймгийн Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захиралын 2016 оны 2 дугаар сарын 17-ний өдрийн Б/14 дугаар тушаал нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Ж.Цэндмаа нь 1 өдөр сургалтын менежерээр ажиллахдаа  хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар ёс зүйн ямар ноцтой зөрчил гаргасан болон мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон талаар ямар нэгэн нотлох баримт авагдаагүй, баклаварын боловсролгүй гэх шалтгаан нь ажил олгогчоос ажилтаныг мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй тул хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2- т заасан үндэслэл тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох талаар давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх турай хуулийн   167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ний өдрийн 221 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-т  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьсугай.

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ё.БЯМБАЦЭРЭН

                                 ШҮҮГЧ                                                           С.УРАНЧИМЭГ

                                                                                                       М.ХҮРЭЛБААТАР