Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 07

 

 

 

А.Баянжаргалд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

                                     Прокурор    А.Намдаг

                                     Өмгөөлөгч   Р.Шүрхүү

                                     Ялтан А.Баянжаргал

                                     Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолд ялтны гаргасан давж заалдах гомдлоор, А.Баянжаргалд холбогдох эрүүгийн 201615000302 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Богд суманд 1988 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 29 настай, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 3, эмээ, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг, 114 дүгээр гудамж, 13 тоотод түр оршин суух, хувиараа таксинд явдаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Цоохор овогт Адъяасүрэнгийн Баянжаргал /Регистрийн дугаар ЙД88083019/

А.Баянжаргал нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хүнс барааны захын баруун зам дээр 54-75 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.3,   2 дугаар бүлгийн 2.5а-д заасныг зөрчиж 24-59 УНК улсын дугаартай иргэн Л.Гандолгорын жолоодож явсан “Тоёота хайлукс” маркийн  авто машиныг мөргөн осол гарган, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  

Анхан шатны шүүх, А.Баянжаргалыг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар А.Баянжаргалыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар А.Баянжаргалд оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, А.Баянжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, хохирогч Ж.Жаргалсайханд 195000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD-ийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар А.Баянжаргалын эзэмшлийн 54-75 ӨВЗ улсын дугаартай, “Мустанг-5” маркийн мотоциклийг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгон А.Баянжаргалд буцаан олгож, А.Баянжаргалд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнийг цагдан хорьж, шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Баянжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

                                                                              

Ялтан А.Баянжаргал гаргасан давж заалдах гомдолдоо:

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 15 дугаартай шийтгэх тогтоолд гомдол гаргаж байна. Миний бие нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр аймгийн захын баруун талд мотоцикльтой явж байгаад Л.Гандолгорын унаж явсан машиныг шүргэж зугтаасан хэрэгт холбогдсон. Би тухайн үед уг машиныг мөргөснөө мэдээгүй учраас хэргээ хүлээгээгүй юм. Мотоцикльтой явж байгаад машин мөргөвөл мотоцикль ойчихгүй байна гэж байхгүй гэж бодсон юм. Энэ байдлаараа шүүх хуралдаанд мэдүүлсэн.

Нэгэнт шүүх намайг гэм буруутай байна гэж үзсэн тул би гэм буруугаа хүлээж байна. Би аав, ээжээсээ эрт өнчирч эмээтэйгээ үлдсэн, эмээ маань 85 настай, хагас харвалттай, миний асаргаанд байдаг. Намайг шоронд орсноос хойш сэтгэл санаагаар унаж, хоол нойрноосоо гарч, хэвтэрт орж, өдөр хоногоо хүлээх байдалтай байна.

Иймд миний хувийн байдал болон бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзэж,  анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү... гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Намдаг гаргасан дүгнэлтдээ:

А.Баянжаргалд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна... гэв

ХЯНАВАЛ

А.Баянжаргал нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн “Арвайхээр” сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах  Хүнс барааны захын баруун зам дээр 54-75 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.3, 2 дугаар бүлгийн 2.5а-д заасныг зөрчиж  иргэн Л.Гандолгорын жолоодож явсан 24-59 УНК улсын дугаартай “Тоёота хайлукс” маркийн  авто машиныг мөргөн осол гаргаж, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан

хохирогч Ж.Жаргалсайханы “...Би тухайн үед Улаанбаатар хотод ажилтай явж байсан юм. Улаанбаатар хот руу явахаасаа өмнө бэр охин Л.Гандолгорт автомашиныхаа түлхүүрийг үлдээчихээд явчихсан байсан. Ингээд Улаанбаатар хотод байж байхад Л.Гандолгор над руу утсаар яриад “би захын хажууд явж байсан чинь мотоцикльтой хүн урдуур орж ирээд автомашины чинь урд талын гуперыг гэмтээчихсэн” гэж хэлж байсан...” /хх-ийн 19х/ гэсэн,

гэрч Л.Гандолгорын “...2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хадам аав Жаргалсайханы 54-59 УНК улсын дугаартай “Хайлукс” маркийн авто машинтай Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг, захын баруун талаас хөдлөөд гэртээ харихаар явж байхад буюу захын ертөнцийн зүгээр баруун талын баруун тийшээ салсан уулзвар өнгөрөөд явж байхад эсрэг талын урсгалаас нэг мотоцикльтой хүн гарч ирээд автомашины баруун гар талын урд талын гуперыг мөргөчихөөд шууд хөдлөөд явчихсан...” /хх-ийн 20х/ гэсэн мэдүүлгүүд,

“...Шинжилгээнд ирүүлсэн камерын бичлэг оношлогооны шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн камерын бичлэгт 24-59 УНК дугаартай тээврийн хэрэгслийг 54-75 ӨВЗ улсын дугаартай мотоцикль зүүн урд тал хэсгээр мөргөсөн байна...” гэсэн Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31х/,

 “...Уг камерын бичлэгт 13 цаг 44 минут 32 секундын цагт замын баруун тал хэсгээр 24-59 УНК улсын дугаартай “Хайлукс” маркийн автомашин явж 41 секундын цагт зогсох үйлдэл хийж байгаа нь харагдаж байна. Уг тээврийн хэрэгслийн зүүн тал хэсгээс 13 цаг 44 минут 38 секундын цагт мотоцикль гарч, 13 цаг 44 минут 41 секундын цагт мөргөж зогсох үйлдэл хийж байгаа мэт харагдаж байна...” гэсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8х/,

“...Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, Хүнс бараан захын баруун талд засмал дээр 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, 54-75 ӨВЗ улсын дугаартай марк тодорхойгүй мотоциклийн жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5в заалт /Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх/ гэснийг зөрчсөн гэж үзэж актыг тогтоов...” гэсэн техникийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 95 дугаартай дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл,  зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 6-7х/, схем зураг /хх-6-7/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий болжээ.

А.Баянжаргалд холбогдох хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх хуульд заагдсан нөхцөл журмын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зөв зүйлчилсэн, анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.

Харин анхан шатны шүүхээс А.Баянжаргалд оногдуулсан хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохироогүй хүнд байх тул түүнд А.Баянжаргалд оногдуулсан хорих ялыг баривчлах ял болгон хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

А.Баянжаргал нь анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх явцад гэм буруугаа хүлээгээгүй, давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо ...нэгэнт шүүх намайг гэм буруутай байна гэж үзсэн тул би гэм буруугаа хүлээж байна... гэснээс харахад үйлдсэн хэрэгтээ гэм буруугаа хүлээхгүй, чин санаанаасаа гэмшээгүй байх тул түүний оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзан өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.     

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн  315.1.4-т заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтын “1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй”  гэснийг “3 /гурван/ сар 10 /арав/  хоногийн  хугацаагаар баривчлах  ялаар шийтгэсүгэй” гэж

3 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар А.Баянжаргалд  оногдуулсан 3 сар 10 хоногийн  хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, А.Баянжаргалын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ,

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                  ШҮҮГЧИД                                        Т. ДАВААСҮРЭН

                                                                            М.МӨНХДАВАА