| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0115/Э |
| Дугаар | 135 |
| Огноо | 2019-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Н.Анармаа,
улсын яллагч И.Ариунсанаа,
шүүгдэгч Т.Д, түүний өмгөөлөгч Л.Бурмаа,
шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.С, Т.Д нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0888 12185 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Г.С, 1984 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа худалдаа эрхэлдэг гэх, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-672 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Монгол улсын иргэн Т.Д, 1982 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Архангай суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа худалдаа эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 104-55 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Т.Д нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны төвд Г.С-тай маргалдаж, улмаар түүний үсийг гараараа зулгааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.С нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны төвд Т.Д-тэй маргалдаж, улмаар түүний үсийг гараараа зулгааж, хүзүүг нь маажих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Т.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би худалдааны төвд шинээр худалдагчааар ажилллаж эхлээд 3 хоноход Т.Саруултуяа намайг гадуурхаж эхлэсэн. С үйлчлүүлэгчдэд “наад авгайгаас ногоо битгий аваарай, шинээр энд зогссон шүү, Хятад ногоо Монгол ногоогоо ялгаж мэддэггүй” гэж үйлчлүүлэгчийг надаас холдуулж байсан. Би С-д “Би ногоогоо “Баялаг жимс” ХХК-аас авдаг” гэдгээ хэлсэн. Миний лангуун дээр байнга ирж хэрүүл маргаан хийдэг байсан. Би энэ хүний лангуун дээр очиж хэрүүл хийгээд байх зав зай байдаггүй. Тухайн өдөр худалдааны төвд ногооны өдөрлөг зохион байгуулж байсан. Монгол улаан лооль зарж байхад наадах чинь Монгол ногоо биш Хятад гэж үйлчлүүлэгчийг хөөж миний лангуун дээр хэрүүл хийгээд байхаар нь чи явчих би ногоогоо зарах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхэд явахгүй байхаар нь баруун гар талын мөр рүү нь түлхсэн, явахгүй байхаар нь зарах гэж байсан улаан лоольноос 1 ширхэгийг аваад зүүн мөр рүү нь шидэхэд гэнэт толгойноос зулгаагаад хүзүүнээс маажсан. Тэгээд би зөрүүлээд үснээс нь зулгаасан. Зодуулсны дараагаар толгой өвдөөд шарх таталдаад ажил төрлөө хийж болохгүй маш хэцүү байсан. Гэмтлийн эмнэлэг дээр үзүүлэх гэтэл маш их дараалалтай байсан учраас үзүүлж чадаагүй” гэв.
Шүүгдэгч Г.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Энэ хэрэг 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болсон. Дарьсүрэн эгч Хятад ногоог Монгол ногоо гэж хүмүүсийг хууран зараад байхаар нь битгий хуурч зараад бай үнэнээр нь зар гэж хэлэхэд өөдөөс дайран толгой руу 2-3 удаа цохиж өшиглөөд үсдэж авсан. Тэгээд салгах гэж байгаад хүзүүг нь маажсанаа сүүлд мэдсэн. Би өөрийнхөө биеийг хамгаалах гэж байгаад хүзүүг нь маажсан болохоос биш санаатайгаар зодоогүй” гэв.
Хохирогч Т.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...С удаа өөр сортын помидор авчраад наад хүн чинь Хятад ногоо зардаг авгай шүү гээд байхаар нь тэсвэр алдаад Саруултуяа руу дуугүй болоод өгөөч гээд ууттай помидороо шидсэн. Тэгээд С чи цаашаа явчих гээд гараараа түлхэхэд явахгүй байсан. Намайг муу авгай чинь давраад байгаарай, Хятад помидороо Монгол гэж дайраад байсан. Миний үйлчлүүлэгч хэнээс юу авахаа мэдэж байна, цаашаа явчих гэхэд явахгүй байсан. Тэгээд би маргалдаж байгаад С-г цаашаа яв гээд мөр рүү нь түлхэхэд миний хүзүүг самардаж маажсан. Тэгээд би яагаад хүний хүзүү маажиж байгаа юм гээд үснээс нь зулгаасан. С миний үснээс зулгаасан. Тэгээд харилцан бие, биенийхээ үснээс зулгаасан. Хамт ажилладаг хүмүүс ирээд салгасан …” гэх мэдүүлэг. /хх 18/,
Хохирогч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 13-14-ний өдрийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны төвд ногоо зарж байсан Д эгчид би Монгол ногоог Монголоор нь Хятад ногоог Хятадаар нь зар гэж хэлсэн. тэгтэл Д эгч битгий хуцаад бай энэ чинь Монгол гэж хэлээд гараараа цохиж, өшиглөөд үсдээд татаад байсан. Би Д эгчийг бас үсдэж авсан. Үсдэх гэж байгаад хүзүүнд нь маажсан байсан. Тэгээд хүмүүс цагдаа дуудсан байсан. Д толгой цохиж, өшиглөж үсдсэн...” гэх мэдүүлэг. /хх 22/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1295 тоот дүгнэлтэд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13037 тоот дүгнэлтэд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Д нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны төвд Г.С-тай маргалдаж, улмаар түүний үсийг гараараа зулгааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь,
шүүгдэгч Г.С нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны төвд Т.Д-тэй маргалдаж, улмаар түүний үсийг гараараа зулгааж, хүзүүг нь маажих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг,
шүүгдэгч Г.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Д нь хохирогч Г.С-д учруулсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхэд гарсан эмчилгээний зардал болох 128,300 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлэгт төлж барагдуулсан тул бусдад төлбөргүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Г.С-аас хохирогч Т.Д-д учруулсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхэд гарсан хохирол болох 449.650 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгч Т.Д, Г.С нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан тэдгээрт хуульд заасан торгох ялыг ялгамжтай оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэг, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд шүүгдэгч нар нь торгуулийн ялыг төлөх нь зүйтэй гэж үзсэн учир шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг,
Т.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.С-г 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял,
Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Д-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.С, Т.Д нар цагдан хоригдсон хоноггүй, Т.Д төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.С-аас 449.650/ дөрвөн зуун дөчин есөн мянга зургаан зуун тавин/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Д-д олгосугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.С, Т.Д нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР