Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 213/МА2023/00019

 

 

*******ы нэхэмжлэлтэй

*******. *******  нарт холбогдох

иргэний хэргийн тухай

                                                          

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 131/ШШ2023/00210 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлд 45.500.000 төгрөг, хүү 26.200.000 төгрөг, алданги 21.986.900 төгрөг нийт 93.686.900 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Л.Бор, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Бүжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хашчимэг нарын анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Жаргалсайханы Найдандорж болон түүний ээж Сааралын Сарантуяа нар нь 2018 оны 5 дугаар сараас эхлэн ******* надаас хүүтэйгээр мөнгө зээлж авдаг байсан. Надаас энэ 2 хүн зээл авах эхэн үедээ үндсэн зээл болон хүүг цаг тухайд нь өгч миний итгэлийг олж авсан. Би энэ 2 хүнд итгээд өмнө нь авсан зээл болон хүүгийн үлдэгдэлтэй байсан ч түүн дээр нь нэмээд зээл гарган өгч байсан юм. Ингээд нийт зээлийн үлдэгдэл 50,000,000 төгрөг болж 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр төлбөр барагдуулах хэлцлийг *******, *******, ******* нар хийж нотариатаар батлуулсан юм. Үүнээс 10,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн бөгөөд үлдэгдэл 40,000,000 төгрөг болсон. Мөн *******, ******* нар 5,500,000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зээлсэн. Ингээд үлдэгдэл 45,500,000 төгрөг болсон юм. *******, ******* нар 2020 оны 04 дүгээр сараас хойш хүү болон үндсэн зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Дараа нь ******* 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ******* надтай уулзаж зээлийн гэрээгээ сунгасан. Энэ гэрээнд 2020 оны 4, 5, 6 дугаар сарын хүү 12,550,000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 28-ний өдрийн дотор төлнө. Хэрэв үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2 хувийн алданги төлнө. Үндсэн зээлийн 45,500,000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл сарын 10 хувийн хүүтэйгээр төлнө. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд өдрийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцож гэрээг ******* өөрийн гараар бичиж, түүнийг нотариатаар баталгаажуулсан. Дээрх гэрээг нотариатаар батлуулах үед ээж *******тай утсаар ярьсан бөгөөд тэрээр би хөдөө ажлаар явж байна, *******той тохироод гэрээгээ хийчих, би татгалзахгүй гэж хэлсэн юм. Энэ үед миний хажууд Ө.Хашчимэг байсан. ******* 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр энэ гэрээг хийж, надад хадгалуулсан байсан Toyota Prius-30 автомашинаа аваад явсан юм. Иймд *******, ******* нар нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул 45,500,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 26,200,000 төгрөг, алданги 21,986,900 төгрөг буюу нийт 93,686,900 төгрөг гаргуулах...

Манайхаас анх шүүхэд гаргасан тайлбарт данснаас шилжүүлсэн мөнгө 132,000,000 төгрөг байна. Үүнд бэлнээр өгсөн 34,000,000 төгрөг болж нийтдээ 166,000,000 төгрөг болсон юм. Үүнээс үндсэн зээлийн үлдэгдэл 45,500,000 төгрөг үлдсэн гэж нэхэмжлэл гаргасан. Шинжээчийн дүгнэлттэй танилцахад гүйлгээний утга дээр зээлийн хүү болон төлөлт гэсэн утга байгаагүй, учир нь зээл болон хүүг тооцоолох боломжгүй гэж дурдсан байсан. Мөнгийг шилжүүлэхэд дараа нь банкнаас зээл хөөцөлдөхөд хүндрэлтэй болж зээл олгогддоггүй талаар хэлсэн учраас гүйлгээний утгыг нэр бичиж оруулдаг байсан. Шинжээчийн дүгнэлтэд 45,500,000 төгрөг гэдгийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан хэдий ч хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрч гэрээнд өөрийн гарын үсгийг зурсан. Зээлийн гол зорилго нь уурын зуухандаа засвар хийх зориулалттай гэж хэлж байсан. ******* нь өөрийн биеэр нэг удаа бэлнээр 4,000,000 төгрөгийг өгсөн байдаг. Цемент үнэ гэсэн гүйлгээний утгатай 15,000,000 мөнгийг зээлэхдээ блок авах зорилгоор зээлж уурын зуухандаа өргөтгөл хийсэн байдаг. Мөн хариуцагч нар зээлийн гэрээний үлдэгдэл 50,000,000 төгрөг гээд гарын үсэг зурсан гэрээ, бичлэг байхад нэхэмжлэлийн шаардлага нотлогдон гэж үзэж байна. Товлогдсон хурал болгон дээр өөр зүйлс ярьж байна. Зээлийн гэрээний үндсэн төлбөрт 45,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг нь ******* маш сайн мэдэж байгаа өөрийн биеэр гарын үсэг зурж баталгаажуулсан зээлийн гэрээ байна. Мөн Ө.Хашбилэгтэй 45,500,000 төгрөгийг хэрхэн яаж төлөх талаар ярьсан бичлэг нь зээлийн үлдэгдэл 45,500,000 төгрөг байсныг нотлох баримт болно. Зээлийн хүү, эргэн төлөлтийг дансаар авдаг байсан. Нэг удаа 4,000,000 төгрөгийг өгснийг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс өөр бэлэн төлөлтийг хариуцагч талаас хийж байгаагүй. 30,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Банкны хуулга тулгаж зээлүүлсэн мөнгөний жагсаалтанд 2018 оны 05 сарын 26 ны өдөр 5244073350 дугаар данснаас *******ийн 5103046873 дугаар дансанд 1,820,000 төгрөг шилжүүлсэн гэж андуурч бичсэн байсан. Энэ мөнгө бол *******ид хамааралгүй юм. Би зээлийн гэрээний санхүүжилтийг өөрийн хамаатны эгчээс гуйж авдаг байсан. Хашчулуун нь ББСБ байгуулж, барьцаалан зээлдүүлэх байнгын үйл ажиллагаа явуулж, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаагүй. Энэ хүмүүсийн гуйлтаар л их хэмжээний мөнгө итгэж өгч байсан. Бидний дунд иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа байсан. Энэ хүмүүсээс болж бид одоо санхүүгийн хүнд байдалд орсон байгаа. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч Хашчулууныг хөгжлийн бэрхшээлтэй хүн мэтээр, биднийг өндөр хүүтэй мөнгө зээлж хүүлж байсан мэтээр ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 10,000,000 төлөөд приус автомашинаа барьцаанаас чөлөөлсөн зүйл байхгүй. Мөнгө зээлэх үедээ машинаа буцааж авъя гадуур ажил хөөцөлдөх гээд машингүй хэцүү байна гэж гуйсаар байгаад авсан. Энэ хэргээс болж 3 жил шүүх дээр дуудагдаж, цаг хугацаа, эд хөрөнгөөрөө хохирч байгаа тул хэргийг нотлох баримтын хүрээнд шуурхай шийдвэрлэж өгнө үү..гэжээ.

Хариуцагч *******. ******* нарын анхан шатны шүүхэд. итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудын агуулга:

2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 115,420,000 төгрөгийг дансаар авч 156,599,000 төгрөг болгон төлсөн. Илүү төлсөн дүн 41,179,000 төгрөг. Үүнээс дансаар буюу бэлэн бус шилжүүлгээр төлсөн 109,800,000 төгрөг, бэлнээр 47,298,500 төгрөг төлсөн.

2019 оныг 2 тусад нь задалж харуулъя, яагаад гэвэл нэхэмжлээд байгаа 45,500,000 төгрөгөөс 40,000,000 төгрөгийг тодруулбал, 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөгийг авсан. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 30,000,000 төгрөгийн үлдэгдэл 20,000,000 төгрөг байгаа гэж Ө.Хашбилэг надад ам тооцоо хэлж байсан. Мөнгө гэж хэлсэн үед шаардуулахгүй төлөөд байгаарай гэж хэлсэн. Хүү гэж тодорхой яриагүй. Энэ үед нарийн тооцоо хийгээгүй учир 30,000,000 төгрөгөөс хэд нь төлөгдсөнийг сайн мэдэхгүй байсан. Гэтэл дансны хуулганаас төлсөн мөнгийг тооцоход 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 30,000,000 төгрөг бусад мөнгө нийлээд нийт 54,750,000 төгрөг авч 47,346,500 төгрөгийг төлж /-7,223,500/ төгрөг дутуу тооцоо гарч байна. Энэ нь нэг ёсондоо 30,000,000 төгрөгөөс төлөгдөөгүй үлдэгдэл юм.

2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөгийг авсан өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 38,100,000 төгрөгийг төлсөн. Үүний 18,700,000 төгрөг нь дансаар, 19,400,000 төгрөг нь бэлэн мөнгөөр төлөгдөж. Нийт 18,100,000 төгрөг илүү төлөгдсөн байна.

2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 26,800,000 төгрөгийг дансаар авч 40,200,000 төгрөг төлснийг 27,900,000 төгрөгийг дансаар төлсөн. 12,300,000 төгрөгийг бэлэн мөнгөөр нийт 13,400,000 төгрөгийг илүү төлсөн.

2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 12,500,000 төгрөгийг дансаар авч 48,200,000 төгрөг төлснөөс 28,700,000 төгрөгийг дансаар бэлэн бусаар, 19,500,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Нийт 35,700,000 төгрөг илүү төлсөн.

Эдгээр тооцооллыг нийт дүнгээр нь авч 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нийт 127,920,000 төгрөг авч 204,799,000 төгрөг төлсөн. Үүний 138,500,000 төгрөгийг дансаар, 66,798,500 төгрөгийг бэлнээр төлсөн нь нийт 76,798,500 төгрөгийг үндсэн зээл дээр нэмэгдүүлэн төлсөн байгаа нь *******, Хашбилэг нарт учруулсан хохирол байхгүй харин ч нийтдээ 76,879,000 төгрөгийн цэвэр ашиг олсон байна.

Мөн *******, Ө.Хашбилэг нар нь банк бус санхүүгийн байгууллага биш байтлаа их хэмжээний өндөр хүүтэй мөнгө зээлдүүлж, зээлийн хүү нь зах зээлийн ханшнаас 2 дахин хүүгээр мөнгө хүүлж бусдыг хохироож байна. Хуулиар хориглоогүй ажил үйлчилгээг зөвшөөрөлгүй явуулж байгаа нь тусгай зөвшөөрлийн тухай хуулийг ч зөрчиж байна.

Авсан мөнгийг хэлсэн ёсоор шаардсан тухай бүрд хэлсэн хэмжээгээр төлж байсан. Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 10 хувийн хүүтэйгээр төлөхөөр нөхөн гэрээ хийснийг бид хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

******* нь бэлэн мөнгөөр авсан мөнгөндөө хүлээн авсан тухай баримт бүртгэл хөдөлдөггүй, мөн төлсөн мөнгөний тооцоонд огт оруулаагүй байгаа нь санаатай зүйл юм аа.

Бид 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс өмнө хүү төлөх нь тодорхой бус хуваарь тооцоолол байхгүй учир тэдний шаардсанаар төлж байсан.

Бид дээрх мөнгийг төлөхдөө өөрсдийн бүх орлогоо мөн дээр нь хүмүүсээс мөнгө зээлж төлж байсаар эцэстээ төлбөрийн чадваргүй болоод зогсохгүй их хэмжээний мөнгөний өрөнд орж шүүхийн шийдвэр гарч *******ийн өмчлөлд байсан Прадо 120 суудлын жийп автомашинаа 20,000,000 төгрөгт хураалгасан. Мөн одоо нэлээн их хэмжээний өглөг шүүхийн шийдвэр гарсан байгаа нь зээлдэгчийн эрхийг маш дордуулсан. Дээрх байдал нь бид үндсэн зээл гэх 45,500,000 төгрөг, хүү 26,200,000 төгрөг, алданги 21,986,900 төгрөг нийт 93,686,900 төгрөгийг төлөх үндэслэлгүй болно. Зээлийн төлөлтөд 76,879,000 төгрөгийг илүү төлсөн...

Бид нэгэндээ зээлсэн болон эргэн төлсөн мөнгөний 2018, 2019, 2020 онуудын түүврийг гаргасан байгаа. Харин нэхэмжлэгч талд эргэн төлөлтийг бэлэн мөнгөөр өгч байсан. Тэдгээр төлөлтийн журналууд болон бүртгэлийг гаргуулах талаар манайхаас хэлж байсан. Мөн нэхэмжлэгч талаас *******ид 30,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн тухай ярьж байна. Гэтэл 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төрийн банкнаас зээл авч Ө.Хашбилэгт өнөөх мөнгийг өгөөгүй байдаг. Дансны хуулганы ард өөрийнхөн тэмдэглэл байдаг. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хэлцэл гэх бичгийг машинаа суллаж өгөхдөө бэлнээр өгсөн тэр мөнгийг дурдаж ярихгүй байна. Бидний хувьд хүнээс мөнгө зээлсэн ч түүнийгээ төлж чадахгүй луйвардаж байгаа юм шиг бодож нэхэмжлэгч тал ярьж байна. Цемент үнэ гэсэн гүйлгээний утгатай 15,000,000 мөнгийг зээлэхдээ блок авах зорилгоор зээлж уурын зуухандаа өргөтгөл хийсэн байдаг гэж хэлж байна. Гэхдээ тухайн үед нэхэмжлэгч тал блок хийж байгаагүй, манайх уурын зуухны засварын ажил хийгээгүй байсан. 2019 оны 9, 10 дугаар сараас өргөтгөл хийсэн. Өөр газраас блок худалдан авч байгаад сүүлд 500,000 төгрөгийн блокийн мөнгийг нь төлж Өлзийжаргал гэх ааваас нь худалдан авсан байдаг. Хууль бус гарын үсэгтэй гэрээ гаргаж ирж биднийг мэхэлж луйвар явуулж байна. Миний өөрийн гаргасан дүгнэлт Аудитын байгууллагаас гаргасан дүгнэлттэй таарч байгаа. Зээлийн төлбөрөө хийхдээ Ө.Хашчимэг, Ө.Хашбилэг нарт аль алинд шууд мөнгийг өгдөг байсан. Бэлнээр өгч байсан мөнгийг нотолж өгөхгүй байна. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүчээр гарын үсэг зуруулсан. Мөн он сарыг нь тодорхой санахгүй байгаа ч гэсэн хэлцэл хийсэн болгож шүүхэд баримт өгсөн байна. Хүчин төгөлдөр гэрээнд үндэслэж төлбөр мөнгөний асуудал яригдаж гүйлгээ хийгдэх ёстой. Миний хувьд зөвшөөрөөгүй гэрээний дансны хуулганы баримтыг шүүхэд гарган өгсөн. Төлбөр тооцоо нийлье гэхээр харилцан ярилцаж тооцоо нийлдэггүй. Бэлэн мөнгөөр өгсөн дансны тооцоо журналаа гаргаад өг гэхээр гаргаж ирдэггүй. 20,000,0000 төгрөгийг авснаас хойш нийтдээ 31,700,000 төгрөгийн зээл авч өмнөх зээлийн үлдэгдэлтэй нийлээд 51,300,000 төгрөг төлсөн байна. 12 дугаар сарын 31-ний өдрийн 10,000,000 төгрөгийн зээл авч буцааж бэлэн мөнгөөр төлсөн. 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 02 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөгийн *******оос *******д бэлэн төлж барьцаа prius-30 маркийн авто машиныг хоёр талаасаа тооцоо нийлэхгүйгээр гарын үсэг зуруулж авсан байдаг. Энэ 10,000,000 төгрөг нь бидний ярьж буй бэлэн төлсөн мөнгө юм. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөгийг төлсөн. Мөн 02 дугаар сарын сүүлээр уурын зуухны халаалтынхаа орлогыг авч нэхэмжлэгчийн гэрт өөрийн биеэр очиж 5,500,000 төгрөг өгсөн. Гэхдээ би он сарын санахгүй байна. *******ы эхнэр төрөөд эмнэлгээс гардаг өдөр байсан. Хоол унд зөөгөөд завгүй байгаа тул Ө.Хашбилэгийнд үлдээчих гээд аваачиж өгсөн. Ө.Хашчимэг өөрөө бас тэр гэрт сууж байсан. 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр *******ы дансанд 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Дахин 2,000,000 төгрөг өгсөн. ******* тооцоо санхүүгийн асуудалд муу учраас зээлийн мөнгө өгсөн хэр нь хүүгийн хамт төлөөд илүү мөнгө өгч байсан. Ингээд сар болгон 5,000,000 төгрөг хүүгүйгээр авч байсан. Мөн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөгийг Нармандах машиныг барьцаанд тавиулж *******оос авхуулсан юм. 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг өгсөн байна. 04 дүгээр сарын 16-ны өдөр 7,700,000 төгрөг, 04 дүгээр сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөгийг дансаар төлсөн байна. Нийтдээ 2020 онд 12,500,000 төгрөгийг зээлж авч 47,200,000 төгрөгийг буцаан төлсөн байна. Үүн дээр 34,700,000 төгрөгийг хүү болгон төлсөн байна. 2019 онд 98,270,000 төгрөгийг зээлж авч эргүүлээд 115,100,000 төгрөг болгон төлж, 12,330,000 төгрөгийн хүү төлсөн байна. 2018 онд 21,230,000 төгрөгийг зээллэн авч 29,050,500 төгрөг буцаан төлж, 8,420,000 төгрөгийн хүү төлсөн байна. Ийм төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн байхад он сар төлбөр мөнгийг зөрүүтэй тайлбарлан ярьж байна. Мөн дутуу өгөөгүй үлдсэн хүүд давхар хүү тооцон авч байна. Үүнийг мөнгө хүүлэх гэж ярих байх. Хэрвээ гэрээний хугацаа дууссан гэж байгаа бол албан ёсны сунгалтын гэрээ хийгдэх ёстой. Эдгээрээс тооцоолон үзэхэд нийтдээ 54,000,000 төгрөгийн хүү төлсөн байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Анхан шатны шүүх: 1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 д заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэг 16,700,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 76,986,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 626,385 /зургаан зуун хорин зургаан мянга гурван зуун наян тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 241,450 /хоёр зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.4., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар шинжээчийн зардал 1,120,000 /нэг сая нэг зуун хорин мянга/ төгрөгөөс нэхэмжлэгч *******аас 560,000 /таван зуун жаран мянга/, хариуцагч *******, ******* нараас 560,000 /таван зуун жаран мянга/ тус тус гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Төрийн сан банк дахь 100900012005 дугаартай дансанд төлүүлж, шийдвэрлэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга:

... ******* нь Ө.Хашчимэг, Ө.Хашбилэг  нараас 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 27-ний өдрийг хүртэл 23 удаагийн үйлдлээр 112 сая төгрөгийг *******гийн дансаар дамжуулж 1 удаа 2019 оны 6 дугаар сарын 25-нд 20 сая өгрөг нийт 24 удаагийн үйлдлээр 132 төгрөг авч 185 500 000 төгрөг төлсөн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 13.5-д ******* 2019 оны 4 дүгээр сарын 08-нд төрийн банкнаас бэлэн мөнгөөр авч Хашбилэгт бэлэн мөнгөөр өгсөн 30.000.000 төгрөг төрийн банкны  хуулгыг нотлох баримтаар тооцоход нэхэмжлэгч О.Хашчулуун, Ө.Хашбилэг нарт 155.500.000 төгрөгийг нотлох баримттайгаар төлсөн нь ХААН банкны дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож буйг шүүх тухайн шийдвэрийн 12-т түүвэрлэхдээ дутуу түүвэрлэж тооцооны алдаа гаргаж орхигдуулсан нь биднийг дахин 30.700.000 төгрөг давхар хохироож байна. Тооцоооллыг хүснэгтээр болон түүврээр харуулав.

 

Огноо

Нийт авсан зээл

Нийт төлсөн

2023.03.09ны дугаар 131/ШШ2023/00210 шийдвэрт

Төлсөн: банкны хуулгаар нотлогдож буй

2018 он

8 удаа

21 230 000

12 удаа

26 400 000

9 900 000

26 500 000

2019 он

14 удаа

98 270 000

36 удаа

115 100 000

70 900 000

85 100 000

2020 он

2 удаа

12 500 000

12 удаа

44 000 000

31 400 000

44 000 000

 дүн

24

132 000 000

62

185 500 000

124 800 000

155 500 000

 

Шүүхийн шийдвэрийн 12-т төлсөн мөнгөний түүврийг тулган шалгаж үзэхэд дараах төлсөн мөнгө түүвэрт ороогүй байна. Үүнд:

 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Хашбилэгийн 5244073349 дансанд 3000.000 төгрөг,

2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Хашбилэгийн 5244073349 дансанд 3000.000 төгрөг,

2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Хашбилэгийн 5244073349 дансанд 600.000 төгрөг,

2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хашчулууны 5244111650 дансанд 500.000 төгрөг,

2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Хашбилэгийн 5244073349 дансанд 3000.000 төгрөг,

2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хашбилэгийн 5244073349 дансанд 1000.000 төгрөг,

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хашбилэгийн 5244111650 дансанд 10.000.000 төгрөг,

2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Хашбилэгийн 5244111650 дансанд 800.000 төгрөг, бүгд 30 700 000 төгрөгийн төлөлтийг огт тооцоогүй байна. Эдгээр нотлох баримтууд нь ХААН банкны  дансны хуулгаар хэрэгт бүрэн авагдсан байгаа болно.

Иймд Сум дундын иргэний хэргийн анхан шатны 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 131/ШШ2023/00210 дугаартай шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч гомдол гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Анхан шатны шүүхээс *******ы нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу үнэлсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. нэг хэсэг нотлох баримтыг үнэлэхгүй гэж шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан боловч ямар үндэслэлээр үнэлэхгүй байгаа үндэслэлээ тодорхой заагаагүй, гаргасан нэхэмжлэлийн хүрээнээс давсан буюу сөрөг нэхэмжлэл гаргаагүй асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэж гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн тухай Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 21 дүгээр тогтоолын 2.2.Хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн талаар дүгнэлт өгөх үүрэгтэй ба хариуцагчаас гарсан шаардлагыг сөрөг нэхэмжлэл гэж үзсэн тохиолдолд түүний талаар мөн дүгнэсэн байвал зохино. Шүүхэд гаргаагүй шаардлага, үндэслэлийн талаар шүүх дүгнэлт хийх эрхгүйн зэрэгцээ шаардлагын үндэслэл, зүйлээс өөр үндэслэл, зүйлийг шийдвэрлэх, шаардлагын хэмжээнээс илүү хэмжээгээр шийдвэр гаргах эрх шүүхэд байхгүй болно.

Хэргийн оролцогчид шаардлага гаргаагүй асуудлаар шүүх зөвхөн хуульд заасан үндэслэлээр дүгнэлт хийх эрхтэй.

Шүүхийн дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх, хэрэгт цугларсан баримтаар хангалттай бүрэн тогтоогдсон үйл баримтыг тогтоогдоогүй гэж үзэх нь шийдвэрийн үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж буй явдал мөн.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шийдвэрийн үндэслэл болж буй баримт болон тэдгээрийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэн өөрийн хууль зүйн дүгнэлт бүхий үнэлгээг шийдвэртээ тусгаснаар шүүхээс гарч буй эрхийн актын үндэслэлийг тодорхойлно гэсэн заалтууд зөрчигдсөн гэж үзэж байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шийдвэрийн үндэслэл болж буй баримт болон тэдгээрийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэн өөрийн хууль зүйн дүгнэлт бүхий үнэлгээг шийдвэртээ тусгаснаар шүүхээс гарч буй эрхийн актын үндэслэлийг тодорхойлно.

 

2.2.1.Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх гэдэг нь нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлыг, эрүүгийн гэмт хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан, нөхцөлийг тогтооход ач холбогдолтой бөгөөд шалтгаант холбоотой байх шинжийг илэрхийлнэ гэжээ.

Дараахи үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нь 2020.02.06-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаад дүгнэлт хийгээгүй төдийгүй шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14 дэх хэсэгт энэ баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж, зээлийн гэрээ гэж тооцоогүй гэж заасан.

Талууд тооцоо нийлсний дагуу зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээг 50 сая төгрөг гэж хүлээн зөвшөөрч төлбөр барагдуулах гэрээ байгуулж нотариатаар батлуулсан байгаа. Шүүхээс энэ гэрээг нотлох баримтаар үнэлэхгүй байгаа үндэслэлээ заагаагүй нь хууль зөрчиж байна. Нэхэмжлэгчийн зүгээс энэ гэрээний дагуу мөнгөө нэхэмжилж байгаа гэдгийг анх гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхэд гаргасан тайлбар бүртээ хэлсэн. Энэ гэрээг шүүхэд зээлийн гэрээ гэж тайлбарлаагүй болно. Ингээд өмнө авсан зээлийн үлдэгдэл тооцоод, гэрээгээр хүлээсэн хугацаанд мөнгөө төлөхгүй бол иргэний хуульд заасан үүргийн биелэлтийг хангуулах тухай арга хэмжээг авна гэсний дагуу алданги тооцож нэхэмжилсэн байгаа.

Шүүх 2020.02.06-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг нотлох баримтаар үнэлэх үүрэгтэй байсан. Энэ төлбөр барагдуулах гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ бөгөөд хариуцагч тал үлдэгдэл төлбөрийг хэмжээний талаар л маргаж тайлбар өгдөг болно. Хариуцагчийн зүгээс үлдэгдэл төлбөртэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг удаа дараа өгдөг атал яг хэдэн төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг тодорхойлсон тооцоолол өгөөгүй байгаад шүүх дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Хоёр. Шүүхээс дараахи баримтыг нэг талыг барьж үнэлсэн гэж гомдолтой байна. 15 сая төгрөгийг Найдандорж өөрөө цементийн үнэ гэж шилжүүлсэн боловч бид үүний 10 сая нь зээл, түүний хүүгийн эргэн төлөлт юм гэдгийг хүлээн зөвшөөрч тайлбарласан. Шүүхэд гэрчилсэн гэрчийн мэдүүлгээр Найдандорж нь “ Өөрийн эзэмшлийн уурын зуухны өргөтгөлийг хийхийн тулд Хашбилэгийн ааваас цемент, блок худалдаж аваад түүгээрээ өргөтгөлөө барьсан гэдэг нь тогтоогдсон. Хэрвээ Найдандорж өөр мөнгө төлж цемент блок авсан бол үүнийгээ шүүхэд өгч тухайн мэдүүлгүүд үндэслэлгүй болохыг батлах байсан гэж үзэж байна.

Хариуцагчийн 15 сая төлбөрийн баримт болон Ө.Хашбилэг, Ю.Өлзийжаргал нарын гэрчүүдийн мэдүүлгээр нийт төлсөн 15 сая төгрөгийн 5 сая нь барилгын материалын үнэ гэдэг тогтоогдсон байхад бүх мөнгийг зээлийн эргэн төлөлт гэж тооцсон нь үндэслэлгүй юм. Гэрчүүд 5 сая төгрөг нь барилгын материалын үнэ гэж мэдүүлж байхад зээлийн эргэн төлөлт гэж үзэх үндэслэл байхгүй юм.

Шүүх гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв биш, эргэлзээтэй гэж үзсэн бол энэ талаар нарийвчлан дүгнэх үүрэгтэй байсан. Энэ нь Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа дахь гэрчийн мэдүүлэг үнэлэх тухай зөвлөмжийг биелүүлээгүй гэж үзэхэд хүргэж байна.

Гурав. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14-т талуудын хооронд байгуулсан нийт 12 гэрээг зээлийн гэрээ гэж тооцоогүй гэж заасан нь хууль зөрчсөн. Шүүхээс эдгээр гэрээг ямар үндэслэлээр зээлийн гэрээ биш гэж үзсэн үндэслэлээ заах үүрэгтэй байсан гэж үзэж байна.

Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худал мэдүүлж, өөрийнхөө гарын үсгийг хүртэл би зураагүй гэж маргасан. Шүүхийн шинжилгээний байгууллагаар гарын үсэг нь үнэн зөв болох нь тогтоогдсон.

Нэхэмжлэгч тал эдгээр гэрээг “Хариуцагч мөнгө яаралтай зээлүүлээч, хүүг нь төлнө, дараа очоод гэрээ байгуулж гарын үсэг зурна гэж гуйсны дагуу мөнгөө шилжүүлээд дараа нь гэрээгээ байгуулсан” гэж тайлбарласан байгаа. Ингэж мөнгө шилжүүлсэн нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.Иргэний эрх зүйн харилцаа дараах үндэслэлээр үүснэ. 8.1.1.хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл гэсэн заалтуудтай нийцэж байгаа.

Мөн ИХ-ийн 43 дугаар зүйлд Хэлцэл хийсэн гэж үзэх зохицуулалт байна.

43.2.    Бичгээр хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ.

43.2.1.талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан гэжээ. Хариуцагч нь мөнгө зээлсэн болохоо хүлээн зөвшөөрч тухайн авсан мөнгө, түүний хүү төлөх хэмжээг тооцон гэрээ байгуулж гарын үсэг зурсан нь энэ заалттай нийцэж байна.

43.3.    Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэжээ. Талууд утсаар харилцсаны дараа хүссэн зээлийн хэмжээнд тохирох мөнгийг шилжүүлсэн, хариуцагч зээлсэн мөнгөө хүүгийн хамт шилжүүлсэн нь энэ хуулийн заалтад нийцэж байгаа болно.

Хэрвээ нэхэмжлэгч тал зээлийн гэрээ байгуулсан атал мөнгийг хариуцагч талд шилжүүлээгүй бол шаардах эрх үүсэхгүй юм. Хариуцагчид шилжүүлсэн мөнгө бүхий дансны хуулгыг шүүхээс нотлох баримтаар нэг бүрчлэн хэлэлцэж, үнэлсэн байна.

Талуудын байгуулсан гэрээнүүд хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдох, хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн ямар нэгэн шинжийг агуулаагүй байхад шүүх аливаа үндэслэл заахгүйгээр үнэлэхгүй орхисон нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд эдгээр зээлийн гэрээнүүдийг ИХ-ийн 196, 198,199 дүгээр зүйлүүдэд заасны дагуу гэрээ байгуулсанд тооцох.зээлийн гэрээ гэж тайлбарлах зэрэг үндэслэл тогтоогдсон гэж үзэж байна.

Мөн үндэслэх хэсгийн 14-т талуудын байгуулсан зээлийн гэрээнээс үүдэлтэй үүрэг хүлээсэн, үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэрэглэсэн тооцооны баримтыг үйлдэж, нотариатаар батлуулсан төлбөр барагдуулах нэг талын хүлээсэн үүрэг бүхий 2 гэрээг шүүхээс үнэлээгүй гэж заасан нь хууль зөрчиж байна.

Иргэний хуулийн 187 дугаар зүйл. Үүрэг үүсэх үндэслэл

187.1 .Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ.

187.2.Гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд энэ хуулийн 186 дугаар зүйлд заасан үүрэг үүсч болно гэж заасан байна.

Талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, тооцоолсон дүнгээ тусгаад, гарын үсгээ зурж, нотариатаар орж уг төлбөр тооцооны үүрэг хүлээсэн гэрээг батлуулсан байгаа нь үүргийн гүйцэтгэлийг хангах хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Харин хариуцагч тал нөгөө л заль мэхээ хэрэглэж нотариатыг буруутгасан байгаа.

*******, ******* нар нь бидний ах, дүү төрөл садан биш тул би ямар нэгэн хэмжээний мөнгийг хүү төлбөр авахгүй шилжүүлж хэрэглүүлэхгүй юм. Тухайн үед миний зүгээс мөнгө зээлүүлж, хүүгийн ашиг олохын тулд өөрийнхөө ах дүү нараас хүртэл мөнгө түр зээлж шилжүүлж байсан. Үүнийг ч хариуцагч нар мэдэж, зээлсэн мөнгө, түүний хүүг буцаан шилжүүлж байсан.

Зээлүүлсэн мөнгөө нэхэхээр би гарын үсэг зураагүй гэж худлаа маргаж, хэтэрхий өндөр хүүтэй зээл өгч байсан гэж үндэслэлгүй буруутгаж, нотариат худлаа баталсан гэж гүтгэж, төрийн албан хаагч зээл өгсөн г.м арга заль хэрэглэж байгаа хариуцагчийн тайлбар бүр нь талуудын хооронд зээл, түүний хүүг төлөх үүргийн харилцаа үүссэн болохыг нотолж байна.

Бидний хооронд үүссэн харилцааг нотолсон бүх баримт хэрэгт авагдаж нэг мөр шүүхийг шийдвэрт тусгагдсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Зээлийн гэрээний үүргийн 93 686 900 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч *******ы  нэхэмжлэлтэй, хариуцагч *******, *******,  нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд  нь хяналаа.

Нэхэмжлэгч ******* нь  хариуцагч  *******, ******* нарт холбогдуулан  гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлийн үлдэгдэл 45 500 000, үндсэн зээлийн хүү 26 200 000, алданги 21 986 900 буюу нийт 93 686 900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөгүй,  харин давж заалдах шатны шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа 83 005 000 төгрөг болгож  багасгасан байна.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн үлдэгдэл байхгүй, төлбөр барагдуулах гэрээг хүчээр хийсэн, зээлийг илүү төлсөн гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэг 16 700 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 76 986 900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч тал “ ... шүүх ...30 700 000 төгрөгийн төлөлтийг огт тооцоогүй, ...шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү “ гэж давж заалдах гомдол гаргасан,  нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй ч нэхэмжлэлийн шаардлага буюу зээлийн гэрээний үүргийн 83.005 000 төгрөгийг хариуцагч нараас   гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү хэмээн тайлбарлажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2020.06.12-ны “Гэрээ”, 2020.02.06-.ны “ Төлбөр барагдуулах хэлцэл “гэх баримтуудыг үнэлэлгүй нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд авч өгөлцсөн бүх зээлийг хүү тооцох үндэслэлтэй, үндэслэлгүйгээр нь тооцож шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь шүүх нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийх үүрэгтэй, хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад шүүхэд  гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийх эрхгүй байна.  

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан  зээлийн гэрээний харилцаа нь олон удаагийн шинжтэй давтан хийгдсэн, нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдтэй гэх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй зэргийг зөв анхаарсан боловч  түүнийг үндэслэн иргэд хоорондын зээл гэж  дүгнэсэн нь буруу байна.  Учир нь зээлийн үйл ажиллагааг орлого олох хэлбэрээр тогтмол эрхэлж байгаа этгээд зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байхаар Аж  ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т заасан байна. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль нь  2001 оны 02 дугаар сарын 01-ний өдөр .батлагдсан ба 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөр хүчингүй болсон ч нэхэмжлэгч ,хариуцагч нарын хоорондын зээлийн харилцаа хэрэгжиж байх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байжээ.

 Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан зээлийн бүх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

Хэргийн материалаас үзэхэд 3 удаа шинжээчийн дүгнэлт гаргасан байх бөгөөд 1дэх  буюу 2022.12.07-ны өдрийн дүгнэлт /2-р х.х 185-191/-ээр зээлдүүлэгч нь 132 сая  төгрөг шилжүүлсэн, зээлдэгч 125,9 сая  төгрөг төлсөн, 2 дахь буюу 2022.02 08 өдрийн дүгнэлт /2-р х.х. 226-229/-ээр нэхэмжлэгч тал хэдэн төгрөгийн зээл өгснийг тогтоох боломжгүй байгааг болон “ ... хариуцагчийн “үлдэгдэлд дахин нэгтгэж гэрээ хийдэг” гэх асуудал батлагдаж байна” гэснийг дурьдаж, хариуцагч 125,9 сая төгрөг төлсөн, 3 дахь буюу 2022.07.29-ний өдрийн 102 дугаар дүгнэлт/ 3-р х.х. 68-74/-ээр нэхэмжлэгч нь “... 22 удаагийн гүйлгээгээр  94 000 000 ....”машины мөнгө “ гэх гүйлгээгээр 30 000 000 ... нийт 23 удаагийн гүйлгээгээр 124 000 000 төгрөгийг шилжүүлсэн ...”,  хариуцагч нь 48 удаагийн гүйлгээгээр 112 600 000... “цементийн үнэ “ гэх гүйлгээгээр 15 000 000 ...нийт 49 удаагийн гүйлгээгээр 127 600 000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх тус тус дүгнэлтүүд, хариуцагчийн нэхэмжлэгчид илүү мөнгө төлсөн гэх тайлбар, тооцоолол зэргийг үндэслэн хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан мөнгийг бүрэн төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Давж заалдах шатны шүүхээс  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул  хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241450 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулахыг дурьдах нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар  зүйлийн 167. 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

 1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 131/ШШ2023/00210 дугаар  шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3-д заасныг баримтлан хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241450 төгрөгийг шүүгчийн захирамжаар төвлөрсөн төсвийн сангаас буцаан гаргаж, хариуцагч *******д олгохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан  анхан болон давж заалдах шатны шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар  давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол  гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Г.ТЭГШСУУРЬ

ШҮҮЧИД Т.ДАВААСҮРЭН

Ц.ОЮУН-ЭРДЭНЭ