Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 150

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Н.Анармаа,                           

улсын яллагч М.Үүрийнтуяа,

шүүгдэгч Д.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 0000 00060 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Д.Б, 1988 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Түвшин Центиуран” ХХК-д хамгаалалтын ахлах ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамтаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 6 дугаар гудамж 162 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “OK” нэртэй бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Ганжаргалын толгойн тус газар нь пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.Б нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн” гэв.

Хохирогч Г.Ганжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 26-ны Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Американ дэнжийн зүүн талд байрлах пабад орсон. Ороод Энхмэнд, Баяр-Эрдэнэ, Бааска бид дөрөв пиво захиалж уусан. ... Тэгээд сууж байтал Бааска нь миний өөдөөс пивоны шилийг шидсэн. ... Миний зүүн нүдний дээд тал язарсан. Гэмтлийн эмнэлэгт оёдол тавиулсан байгаа. ... Дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Баасандорж пивоны шил шидэж гэмтээсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол байхгүй...” гэх мэдүүлэг. /хх 4-7/,

Гэрч Б.Баяр-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн нутагт байрлах пабад өөрийн багын найз Ганжаргал, Энхмэнд нарын хамт суусан. Энхмэнд, Бааска гэх залуу дагуулж ирсэн байсан. Бид дөрвүүлээ 2 шил пиво хувааж уусан. Би Энхмэндийн хамт 00-ын өрөөнд байж байхад Ганжаргал толгойгоо хагалсан гэж хэлсэн. ... Маргааш өглөө нь Ганжаргал руу залгаж асуухад толгойдоо 6 оёдол тавиулсан, Бааска гэх залуу миний толгой хэсэгт пивоны шилээр цохисон гэж байсан...” гэх мэдүүлэг. /хх 12-14/,

Гэрч Н.Энхмэнд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бид дөрөв архи ууж байхад ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй байж байсан. Баяр-Эрдэнэ бид хоёр 00-ын өрөө рүү хамт яваад буцаад ирэхэд Ганжаргал суудал дээрээ доошоо хараад суусан толгойноос нь цус гараад шалан дээр дусч байсан. Би Бааскаг цохисон гэж бодоод Бааскатай маргалдаж зуурсан. ... Би Ганжаргалаас юу болсон талаар асуухад Бааска чинь намайг цохисон гэж байсан. ... Бид хоёрыг орж ирэхэд Ганжаргалыг цусаа гоожуулаад байж байхыг харсан...” гэх мэдүүлэг. /хх 15-16/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №709 дугаартай дүгнэлт:

1. Г.Ганжаргалын биед зүүн хөмсөг шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-дзааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг болон хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх 9/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 19/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 18/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “OK” нэртэй бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Ганжаргалын толгойн тус газар нь пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б нь хохирогчид хохирол төлбөрт 1 сая төгрөгийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэг, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд шүүгдэгч нар нь торгуулийн ялыг төлөх нь зүйтэй гэж үзсэн учир шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Б-ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР