Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2016/00875/И |
Дугаар | 142/ШШ2016/00949 |
Огноо | 2016-07-04 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 142/ШШ2016/00949
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-5-35 тоотод оршин суух, Боржигон овгийн Гүрдоржийн Энхцэцэг /ГН81082921/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг баруун задгай 15-9А тоотод оршин суух Онгод тайж овгийн Санжаажавын Биндэръяа /ФЖ79021305/-т холбогдох
“476 800 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Энхцэцэг, хариуцагч С.Биндэръяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Энхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Биндэръяа нь 2015 оны 10 сарын 27-нд 380 000 төгрөг 12 хувийн хүүтэй авсан. 12 сарын 10-нд 100 000 төгрөг өгсөн. Үүнээс хойш сарын хүүгээ ч өгөхгүй худлаа ярьсаар өдийг хүрлээ. Утсаар ярих гэтэл ер утсаа авахгүй байсан. Иймд үндсэн мөнгө 380 000 төгрөг хүү 90 800 төгрөг нийт 476 800 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гэрээ хийгээгүй, хүүгээ 12 хувь болгосон. Надад нийтдээ 413 000 төгрөг өгсөн гэжээ.
Хариуцагч С.Биндэръяа шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Бидэръяа би Энхцэцэгээс 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 380 000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 12 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийг 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өгөх байсан боловч тухайн үед ээлжийн амралтаа авсан байсан тул өгч чадаагүй юм. Энхцэцэгтэй ярьж тохиролцоод 2015 оны 09 дүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн өдөрт 20 000 төгрөг өгч байхаар тохиролцож, 9 дүгээр сарын 19-ыг хүртэл 8 удаа өдөр бүр 20 000 төгрөг өгч нийтдээ 160 000 төгрөг өгсөн юм. Түүнээс хойш мөнгө өгч чадаагүй байж байгаад 2015 оны 10 дугаар сарын 27-нд 100 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 10-нд 100 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 27-нд 53 000 төгрөгийг Энхцэцэгийн Хаан банкин дахь 509463604 дансанд шилжүүлж өгсөн. Энхцэцэгт нийтдээ 413 000 төгрөг төлсөн учраас түүний нэхэмжилсэн 476 800 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Энхцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Энхцэцэг нь хариуцагч С.Биндэръяад холбогдуулан “зээлийн гэрээний үүрэг 476 800 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Г.Энхцэцэг нь хариуцагч С.Биндэрьяад 380 000 төгрөг төгрөгийг зээлүүлсэн талаар талууд маргаагүй. С.Биндэрьяа 2015.09.11-нээс 18-ны хооронд нийт 160 000 төгрөг, 10 дугаар сарын 27-нд нөхрийнхөө 5120022851 данснаас 100 000 төгрөг, 12 дугаар сарын 10-нд 100 000 төгрөг, 2016.01.27-нд 53 000 төгрөг Г.Энхцэцэгт өгсөн гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн.
Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульд заажээ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-д “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэсэн байна.
Нэхэмжлэгч Г.Энхцэцэг, хариуцагч С.Биндэрьяад 380 000 төгрөг зээлүүлээд 413 000 төгрөг буцаан авсан болох нь нотлогдож байх ба талуудын хооронд хүү тогтоосон талаар бичгийн гэрээ байгуулагдаагүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон.
Иймд Г.Энхцэцэгийн зээлүүлсэн 380 000 төгрөгийг С.Биндэръяа нь 413 000 төгрөг болгон төлсөн байх тул Г.Энхцэцэг нь С.Биндэрьяагаас үндсэн мөнгө, хүү 476 800 төгрөг нэхэмжилж буй нь үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-д заасныг баримтлан хариуцагч С.Биндэръяагаас 476 800 төгрөг гаргуулах Г.Энхцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 954 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА