Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 160

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Н.Анармаа,                           

улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0148 32105  дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Э.О, 1986 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Эрт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, гагнуурчин мэргэжилтэй, “Монгол 33” И март дэлгүүрийн барьж буй барилгын компанид арматурчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Сүхбаатар аймаг Баруун-Урт сум, 2 дугаар баг, тээвэрчид 6 дугаар гудамж 6 тоотод оршин суух хаягтай, одоо Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн 1-9 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 

Шүүгдэгч Э.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн хуучин эцсийн гудамжинд иргэн П.Цоодолтой үл ялих зүйлээр маргалдан гарыг нь шилээр зүсэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.Баасандорж нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч П.Цоодол мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 15-ны орой ажлаасаа 22 цагийн орчим тараад Отгонбаатарын эзэмшлийн приус-20 маркийн саарал өнгийн машиныг түүний эхнэр Дулмаа бариад бариад бид Улиастайн хуучин эцсийн гудамжинд машин дотор нь О түүний ажлын газрын нэг залуугийн хамт бид гурав хамт 2.5 литрийн Нийслэл пиво нэг ширхгийг уугаад уугаад хамт явсан залууг нь буулгаад бид буцаад явж байхдаа... миний Самсунг Эс-6 маркийн цагаан өнгийн гар утсыг 40.000 төгрөгний барьцаанд тавиад ... 2.5 литрийн хоёр ширхэг Нийслэл пиво аваад тэдний хашааны гадна зогсоод... Отгонбаатар бид хоёр хувааж ууцгаасан. .. О эхнэрээ хардаад муудалцаад гичий, нохой гээд дуудаад байхаар нь би чи эмэгтэй хүнийг ингэж болохгүй гэсэн чинь пиво уусан аягаа хагалаад чамд хамаагүй гэж хэлээд баруун гарын шууг зүссэн. Тэгээд эмнэлэг явъя гэсэн чинь Дулмаа та хоёр согтуу юм чинь яах гэсэн юм гээд яваагүй. Сүүлдээ үүр цайтал бид машин дотор нь байж байгаад өглөө нь ботаникийн эцсийн автобусны буудлын эмийн сангаас авчин намдаах эм аваад О-ын гэрт байж байгаад орой нь гэмтлийн эмнэлэг орж, 9 оёдол тавиулсан... 12 дугаар сарын 21-ний өдөр ажлаасаа гараад Өвөрхангай явсан. Тэнд очоод оёдол нь задраад аймгийн эмнэлэгт хагалгаанд орж судас залгуулсан. Хоёр судас тасарсан байсан... Пиво ууж байсан аягаа машины хаалга онгойлгож байгаад газар цохиж хагалаад хагархайгаар нь миний зүүн гарын шууг нэг удаа л зүссэн...” гэх мэдүүлэг. /хх 26-27/,

“... О эхнэрээ хүнтэй хардаад хэрэлдээд байсан. Тэгээд би чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм гэхэд Отгонбаатар миний өөдөөс чи Номиотой явж байгаад нөхрөөс нь салгаа биз дээ гэхээр нь би тэгээгүй тэр чинь өөрөө л нөхрөөсөө салсан гэхэд манай ажлынхан бүгд мэдэж байгаа гээд хэрэлдээд бид хоёр барьцалдаж авсан чинь О машины хаалга онгойлгоод стикан хагалаад миний зүүн гар руу цохиход нойт оргиод явсан...” гэх мэдүүлэг /хх 28/,

Гэрч У.Дулмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай машинд Цоодол нэрийг нь мэдэхгүй гурван залуугийн хамт суугаад намайг гэр рүү дөхүүлээд өгөөч гэхээр нь би тэр гэрвэн залууг Улиастайн эцэст хүргэж өгсөн. Тэд замаасаа 2.5 литрийн нэг Боргио пиво аваад Улиастайн хуучин эцсийн тэнд гудамжинд уугаад гурван залуу нь үлдээд Цоодол манай нөхөр хоёр хамт манай гэр рүү явж байхдаа Цоодол тэр хоёр дахин пиво аваад манай гэрийн гадаа ууж байгаад хоорондоо маргалдаад зодолсон. ... Аяганы хагархайгаар баруун гарын шуу хэсэгт нь зүссэн байсан. Чухам яаж зүссэнийг би хараагүй... Би гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн чинь Цоодол би согтуу эмнэлэг орохгүй чи өөрөө боогоод өг гэж хэлээд зүсэгдсэн хэсэг дээр нь шар өнгийн даавуугаар боолт хийж өгсөн...” гэх мэдүүлэг /хх 29-30/,

Яллагдагч Э.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр миний эзэмшлийн приус-20 маркийн 34-19 СҮА улсын дугаартай автомашинд манай эхнэр У.Дулмаа, хамт ажилладаг н.Цоодол, н.Ганзориг, н.Тулгаа гэдэг хүмүүс суугаад замдаа баарнаас нэг шил 0.75 литрийн хараа архи, нэг ширхэг 2.5 литрийн боргио пиво аваад Улиастайн эцсийн ойролцоо гудамжинд машин дотор ууж дуусгаад Ганзориг, Тулгаа хоёр буугаад, Цоодол, манай эхнэр Дулмаа бид гурав хөдлөөд манай гэр рүү явсан... Цоодол гар утсаа ломбарданд тавиад дүүргийн тэндээс нэг ширхэг 2.5 литрийн боргио пиво аваад түүнийгээ уучихаад дахин нэг ширхэг 2.5 литрийн боргио пиво авч Жанжин төвийн хажууд байх “Сансар” худалдааны төвийн тэнд ууцгаасан. Тэгээд Цоодол бид хоёр нэг эмэгтэйг ярьж байгаад түүнээсээ болж муудалцаад хоорондоо зодолдсон. Би ууж байсан стиканаа хагалаад Цоодолын зүүн гарыг нь зүсчихсэн юм... Тэгээд өглөө нь архи гараад ухаан ороход Цоодолын гар нь зүсэгдсэн байхаар нь эмнэлэг орж боолт хийлгэсэн” /хх 45-46/, “Зүүн гарын шууны эр хэсгийг нь арав гаруй см урт зүссэн байсан ...” гэх мэдүүлэг. /хх 31/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №419 дугаартай дүгнэлт:

  1. П.Цоодолын биед зүүн шууны зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. 4 Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-дзааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

гэсэн дүгнэлт /хх 37/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 38/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 41/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн хуучин эцсийн гудамжинд иргэн П.Цоодолтой үл ялих зүйлээр маргалдан гарыг нь шилээр зүсэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Э.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэг, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд шүүгдэгч нар нь торгуулийн ялыг төлөх нь зүйтэй гэж үзсэн учир шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Э.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.О-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.О хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР