Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2016/00744/И |
Дугаар | 142/ШШ2016/00947 |
Огноо | 2016-07-04 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 142/ШШ2016/00947
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-2-27 тоотод оршин суух, Боржигон овгийн Мягмарын Сумъяажав /ФА75042703/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зээл баг 3-173 тоотод оршин суух, Боржигон овгийн Санжаажамцын Жаргал /ГБ64082414-д холбогдох
“2 880 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч М.Сумъяажав нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Жаргал нь 2015.06.15-ны өдөр надаас 1 800 000 төгрөгийг нэг сарын хугацаатай сарын 10%-ийн хүүтэй зээлдэж аваад зээл авсан өдрөөсөө хойш нэг ч төгрөгийн тооцоо хийхгүй намайг хохироосоор байна. Бид 2-н хооронд хийсэн зээлийн гэрээнд алданги тооцохоор заасан байгаа бөгөөд үндсэн төлбөр 1 800 000 төгрөг зээлийн хүү 180 000 төгрөг алданги 900 000 төгрөг нийт 2 880 000 төгрөг гаргуулан авах болно. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж хүү алданги нэхэмжлэхгүй 1 800 000 төгрөгөө л гаргуулж авна гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: С.Жаргал нь М.Сумъяажаваас 2015 онд 1 800 000 төгрөг зээлж аваагүй, харин 2013 оны 01 сард 900 000 төгрөг зээлж аваад виза картаар буцаан төлсөн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх зохигчидын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Сумъяажав нь хариуцагч С.Жаргалд холбогдуулан “зээлийн гэрээний үүрэг 2 088 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1 800 000 төгрөг болгон бууруулсан.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, шүүх хуралдааны мэдэгдэлд гарын үсэг зурсан байх ба хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
Хариуцагч С.Жаргал нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзсэн.
С.Жаргал нь М.Сумьяажаваас 900 000 төгрөгийг зээлж авсан талаар маргаагүй байх бөгөөд, нэхэмжлэгч 900 000 төгрөгийнхөө зээлийн гэрээг дүгнээд 2015.06.15-ны өдөр 1 800 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан гэсэн тайлбарыг хариуцагч үгүйсгэж няцаагаагүй, уг гэрээн дээрх гарын үсгийн талаар маргаагүй зөвшөөрсөн.
Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба ”зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульчилжээ.
Зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө гаргах цуглуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй, өөрийнхөө гаргаж буй тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй, уг тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд оролцоогүй байна.
Иймд хариуцагч С.Жаргалаас 1 800 000 төгрөгийг гаргуулж М.Сумъяажавт олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэж шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу гаргууллаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасныг баримтлан С.Жаргалаас 1 800 000 төгрөг гаргуулан М.Сумъяажавт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 61 030 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 43 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА