Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 202/МА2023/00029

 

                                                         

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 137/ШШ2023/00198 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Од холбогдох,

Гэрээний үүрэгт 14,340,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Оын давж заалдсан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О /зайнаас цахимаар/, хариуцагч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “...Манай А компани нь Замын-Үүдийн оршин суугч, иргэн Отай 2021 оны 09 сарын 30-ны өдөр Зочид буудлын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан Замын-Үүдэд байрлах *** зочид буудал-д өөрийн компанийн жолооч ажилтнуудыг байрлуулан, хоол авч төлбөр төлөхөөр тохиролцсон. Бид 2021 оны 10 сарын 06-ны өдөр өөрийн 52 жолоочийн 14 хоногийн хоолны төлбөрт нэг хүний 40,000 төгрөгөөр тооцон, нийт 29,120,000 төгрөгийг Оы дансанд шилжүүлсэн. Бид 2021 оны 10 сарын 04-10-ны өдрүүдэд нийт 11,920,000 төгрөгийн үйлчилгээ авсан, хил хаагдсаны улмаас цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж, Замын-Үүд боомтоос нийт жолооч нараа буцаан татсан бөгөөд, урьдчилан төлсөн 29,120,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 14,340,000 төгрөгийг бид ашиглаагүй, энэ мөнгөн дүнгээр үйлчилгээ авч чадаагүй юм. Бид үлдэгдэл мөнгөө авах хүсэлтэй байгаа талаар удаа дараа албан хүсэлт өгч, утсаар ярьсан бөгөөд, О  одоог  хүртэл  төлөөгүй,  удахгүй

төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн билээ. Иймд хариуцагч Оаас 14,340,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч Оы татгалзал, тайлбар, үндэслэлийн агуулга: “... 14,340,000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Тус компани шаардлагын дагуу 55 хүнийг хүлээн авах хооллоход маш их бэлтгэл мөнгө зарцуулж бэлдсэн боловч манай буруугаас болоогүй өөрсдийн зөвшөөрөл, үйл ажиллагаанаас болж буцсан. Манай хувьд хохиролтой үлдсэн тул төлөх мөнгө ч байхгүй учир зөвшөөрөхгүй” гэжээ.  

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 227 дугаар зүйлийн 227.2 -т зааснаар нэхэмжлэгч А ХХК-нийн нэхэмжлэлтэй Од холбогдох гэрээний урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 14,340,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Оын давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...шүүхээс Иргэний хуулийн 343-358 дугаар зүйлд зааснаар байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-г , “Эд хөрөнгө хөлслөх гэрээ”-ний эрх зүйн харилцаа үүссэн гэсэн нь үндэслэлгүй. “А” ХХК-ний хувьд Оаас гэрээний дагуу Замын-Үүд суманд байрлах “***” нэртэй зочид буудалд ажилтнуудаа байрлуулах зорилгоор тухайн зочид буудлыг болон доторх эд хөрөнгө, хогшлыг өөрсдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх талаар огт тохиролцоо хийгээгүй, шилжүүлж аваагүй.  “Ажил гүйцэтгэх гэрээний”- ний 1.2-т “А” тал буюу “***” зочид буудлын зүгээс 1.2.1.1-д Зочид буудлын өрөөний үйлчилгээ үзүүлэх, 1.2.1.2-т хоолны үйлчилгээ үзүүлэх талаар тусгасан.  “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу хариуцагч Оы зүгээс өөрийн түрээслэн ажиллуулж байсан “***” зочид буудалд “А” ХХК-ний ажилтнуудыг байрлуулан үйлчилгээ үзүүлэн байрласан хүмүүсийн өрөө тасалгааг бэлтгэж үйлчлэх болон хоол хийж өгөх зэргээр ажил гүйцэтгэсэн байхад “А” ХХК нь “***” зочид буудлыг тодорхой хугацаанд өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өөрсдөө ажилтнуудаа байрлуулах ажлыг гүйцэтгэсэн, цай, хоолыг хийж өгч байсан мэтээр үйл баримтад илтэд буруу дүгнэлт хийж, хуулийг буруу хэрэглэсэн учир шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Өы давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Манайх ажилчдаа байрлуулсан байсан. Төрийн байгууллагаас манай ажилчдыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс гар гэсэн шаардлага тавьсан. Тэгээд цагдаа нар ирж гаргасан” гэв.

6.  Хариуцагч Оы давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “... Надад буруу байхгүй. Би 24 ортой зочид буудлаа 50 жолооч 5 техникийн ажилчдад нь би хүчин чадлаа 2 дахин ихэсгэж, 3 хоногийн дотор маш их хөрөнгө босгож бэлдсэн. Тэгээд 7 хоног дээр ажилчдыг цагдаа нар ирээд албадан гаргасан. Тэгээд зөвшөөрлөө аваад буцаж ирнэ гэсэн. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн  221.2 дахь хэсэгт заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал талуудын гэрээний 11.1 дэх хэсэгт тусгасан. Гэвч нэхэмжлэгч тал гэнэтийн байдлын улмаас буюу төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийн улмаас Отай гэрээ байгуулсан гэрээний хугацаандаа хэрэгжүүлж чадаагүй гэж шүүх дүгнэсэн. Тэгэхээр би эд хөрөнгө хөлсгөх гэрээ гэж гэж бодож байна” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч Оын давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд  дараах үндэслэлээр гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэлээ. 

1. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Од холбогдуулан зочид буудлын үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу төлсөн 29,120,000 төгрөгөөс, 1,920,000 төгрөгийн үйлчилгээ авсан, хил хаагдсаны улмаас цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсон учир бидний ашиглаагүй, үйлчилгээ авч чадаагүй, үлдэгдэл төлбөр 14,340,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх 2/ байна.

Хариуцагч О нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...14,340,000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй, 55 хүнийг хүлээн авах, хооллоход маш их бэлтгэл мөнгө зарцуулж бэлдсэн, манай буруугаас болоогүй, миний хувьд хохиролтой үлдсэн тул төлөх мөнгө ч байхгүй” /хх 53/ гэжээ.

2. Анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 227 дугаар зүйлийн 227.2-т заасныг хэрэглэж, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй Од холбогдох гэрээний урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 14,340,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн.

Энэхүү  шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч “...анхан шатны шүүх үйл баримтад илтэд буруу дүгнэлт хийж, хуулийг буруу хэрэглэсэн учир шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ. 

3. Анхан шатны шүүх хэрэг, маргааны үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн  гүйцэд нотлогдож тогтоогдоогүй байгааг анхаараагүй ба энэ нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1, 168.1.1-т заасан шийдвэрийг өөрчлөх боломжгүй үндэслэлд хамаарна гэж үзлээ.

Тодруулбал анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө хөлслөх”  гэрээ байгуулсан гэж дүгнэж,  “...талуудын хооронд ямар нэгэн ажил гүйцэтгэх ямар ч тохиролцоо байгаагүй” гэж тэдгээрийн хооронд байгуулагдсан 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн  “Зочид буудлын үйлчилгээ үзүүлэх” гэрээ /хх 6/-г үгүйсгэхдээ хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй, дүгнэлт нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байна.  

Иргэний хуульд зааснаар “Үүргийн гүйцэтгэлд саад болох нөхцөл байдал” бий болсон буюу мөн хуулийн 219, 220, 221 дүгээр зүйлүүдэд зааснаар гэрээний аль нэг тал үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн нөхцөлд талууд гэрээнээс татгалзаж, гэрээг цуцалж болно.

Ингэхдээ талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг бүрэн гүйцэд тодорхойлж, тогтоох нь зүйтэй бөгөөд “Эд хөрөнгө хөлслөх”, “Ажил гүйцэтгэх” гэрээний аль алины гэрээ цуцлах, дуусгавар болох болон гэрээ дуусгавар болсны үр дагаврыг тооцох нөхцөл байдал өөр өөр учир үүнийг тодорхойлохын тулд зохигчийн шаардлага, татгалзалтай холбоотой тайлбарыг холбогдох нотлох баримтын хамт бүрэн, гүйцэд анхаарч, хэргийг шийдвэрлэхдээ тэдгээрийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуульд заасан “Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон үүргийн харилцаа”-ны нөхцөл шаардлагын талаар хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийх нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэх юм.

4. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээ /хх 10/-ний 10.2, 11.1-д заасан үндэслэл буюу гэрээг цуцлах, дуусгавар болгох  үндэслэлүүд нь хэрэгт нотлох баримтаар бүрэн гүйцэд, хангалттай хэмжээнд нотлогдож, тогтоогдоогүй байх ба эдгээр нөхцөл байдалтай холбоотой зохигчийн шүүхэд гаргасан тайлбарууд бодит үнэнд нийцсэн эсэхийг дүгнэх нь хэргийг шийдвэрлэхэд буюу маргааны үйл баримтанд хамааралтай, ач холбогдолтой гэж үзнэ.

Түүнчлэн гэрээ цуцлагдсан нөхцөл байдалд нэхэмжлэгч буруутай эсэх тухайлбал нэхэмжлэгч байгууллагын ажилчдыг тухайн зочид буудлаас төрийн байгууллага албадан гаргасан гэх нөхцөл байдалд гэрээний талууд буруутай эсэх буюу төрийн байгууллага албадан гаргасан тохиолдолд ямар үндэслэлээр гаргасан, энэ тохиолдолд талуудын гэрээнд заасан гэрээ цуцлах аль үндэслэл, нөхцөлд хамаарахыг тодорхойлох боломжгүй, энэхүү нөхцөл байдал тогтоогдсонгүй.

5. Мөн хариуцагч Оы татгалзал нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон хуульд заасан ямар үндэслэл, нөхцөл байдалд нийцэж байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож, тогтоогдоогүй байх ба анхан шатны шүүх, талуудын хооронд байгуулагдсан гэрээний аль нөхцөлөөр болон хуулийн ямар шаардлагад нийцүүлэн, аль нотлох баримтад үндэслэн, гэрээний урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 14,340,000 төгрөгийг хариуцагчид үлдээж, шийдвэрлэснээ нотлох баримтад үндэслэн, тодорхойлоогүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнээгүй байна.  

Иймд эдгээр дурдсан үндэслэлээр маргааны үйл баримтад эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байх тул давж заалдах гомдлыг ханган, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг  дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Давж заалдах гомдлыг хангасан учир нэхэмжлэгч “А” ХХК-ийн гомдол гаргахад урьдчилан төлсөн, улсын тэмдэгтийн хураамж болох 229,750 төгрөгийг түүнд буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт нийцнэ.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 137/ШШ2023/00198 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Оын давж заалдсан гомдлыг хангасугай.

2.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                                     ШҮҮГЧИД                                     О.ОДНЯМАА

 

                                                                                                       Н.БОЛОРМАА